"NewYork Street" рестораны менежер Шанто Ахмед: Мөрөөдлийнхөө төлөө энд ирсэн, гурван жилийн дараа биелүүлээд буцна
Бангладеш улсын иргэн Шанто Ахмед Монголд ажиллахаар ирээд долоон сар болж буй аж. Тэрбээр "NewYork street" ресторанд анх зөөгчөөр ажиллаж эхэлж байсан бол өдгөө менежер хүртлээ дэвшжээ. Түүнийг ажлынхан нь Шанто гэж дууддаг гэнэ. Өдгөө 23 настай Шанто ирсэн даруй монгол хэл сурахаар мэрийж, хичээж зүтгэсний үр дүнд долоон сарын хугацаанд чөлөөтэй ярьж сурсан байна.
Видео:
Тэрбээр Бангладеш улсдаа өөрийн ресторанаа нээх зорилго тавин гурван жилийн гэрээтэй Монголд ажиллахаар иржээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хичээж, хэл сурж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шанто, Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ. Хэр дасаж байна, монголчууд ямар санагдав?
-Би 2026 оны дөрөвдүгээр сард Монголд ирсэн. Одоо долоон сар болж байна. "NewYork Street" ресторанд ажилд зөөгчөөр ороод, олон ажил хийж үзсэн. Одоо бол менежерийн албан тушаалтай ажиллаж байна. Би өдөр бүр л сорилт, шинэ зүйлтэй нүүр тулдаг учир уйдах завгүй хичээдэг. Монголчууд бүгд маш их найрсаг санагдсан. Сайхан ард түмэн юм байна гэсэн ойлголтыг өгсөн.
-Анх зөөгчөөр ажилд ороод одоо менежер болсон байна. Маш их хичээл зүтгэл байсан байх?
-Би залуу хүн, ажлаа сайн хийж мундаг байх ёстой. Надад маш олон хүн итгэж найдаж байгаа болохоор чадахгүй гэж ухрах зам байгаагүй. Урагшлах л ганц зам байсан. Миний энэ хичээл зүтгэлийг манай ажлын дарга, удирдах албан тушаалтнууд дэмжиж, миний хөдөлмөрийг мэдэрч үнэлсэнд маш их баяртай байгаа.
-Та Монголд хэр удаан ажиллах вэ. Мэдээж хөдөлмөрийн гэрээ хийсэн байх. Бангладеш улсад байгаа гэр бүлээ санаж байна уу?
-Монголд гурван жил ажиллах гэрээ хийсэн. Энд надаас гадна 2000 гаруй Бангладеш улсын иргэн байгаа гэсэн мэдээллийг цахим хуудаснаас авсан. Надаас гадна манай ресторанд хоёр бангладеш иргэн ажилладаг. Гэр бүлээ мэдээж санаж байна. Гэхдээ би зорилготой ирсэн учраас шантрахгүй.

Гэрэл зургийг: О.Улсболд,
Зургийн тайлбар: "New York" рестораны Бангладеш ажилчид
-Яагаад Монголыг зорих болов. Зорилго байгаа гэж ярилаа, нууц биш бол юу вэ?
-Манай улсын цалин Монгол Улсаас бага байдаг. Бангладешт цалин $200-400 байдаг бол Монголд $600-800. Манай улсаас нэг дахин их цалинтай гэсэн үг. Тиймээс Монголыг зорьж ирсэн. Мэдээж ирж байгаа хүн бүр өөрийн гэсэн зорилготой байгаа шүү дээ. Миний зорилго бол Бангладеш улсад өөрийн гэсэн хоолны том ресторантай болох. Монголд сурсан зүйлээ эх орондоо очоод хийнэ.
-Долоон сар гэдэг хэл сурахад тийм ч их хугацаа биш шүү дээ. Та монгол хэлийг маш сайн сурсан байна. Нууц нь юу вэ?
-Нууц байхгүй. Би ажлаа сайн хийхийн тулд монгол хэлээр ярьж, ойлгодог байх хэрэгтэй. Учир нь би үйлчилгээний салбарт, цаг тутамд хүнтэй харилцаа үүсгэдэг ажил хийж байгаа. Тиймээс сайн ажиллахын тулд хэл сурах шаардлага үүссэн. Интернэтээс үгнүүдээ хараад хичээж л байна. Мэдэхгүй үг гарвал ажлын хамтрагч Гэрлээгээс асуудаг. Гэрлээ бол миний монгол хэлний багш.
-Монголд дасахгүй, хэцүү зүйл байна уу?
-Монголчууд бүгдээрээ гоё. Сайхан найрсаг ард түмэн. Гадаа жаахан хүйтэн байна. Монголын өвлийг давах бас нэгэн сорилттой тулсан. Даваад л гарна даа.
-Ямар хоолонд дуртай вэ. Танай рестораны хамгийн амттай хоол юу байна?
-Монголын сүүтэй цайтай цуйван ёстой сайхан. Гуляш, нарийн мах, цуйван, нимгэн төмстэй хуурга, байцаатай хуурга, хуушуур, таван цулын хуушуур гэх мэт хоолнууд манайд гарч байна. Би сүүтэй цайтай цуйванд дуртай.
-Манай Шанто бол маш хөдөлмөрч, тууштай зорилготой хүн-

Долоон сарын хугацаанд зөөгчөөс менежер болсон Шантогийн талаар “Top Cuisine” ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Золгэрэл “Монголд үйлчилгээний салбарт ажилчдаа зааж сургаад гаршуулж дуусахад ажилтан ажлаасаа гарах тохиолдол маш их. Ихэвчлэн оюутан, залуус ажилладаг болохоор тэр байх л даа. Энэ асуудлыг шийдэхийн тулд гадаадаас ажиллах хүч авч байна. Гадаад ажилчид тогтвор суурьшилтай, мэдсэн сурснаа илүү чанаржуулж, хариуцлагатай ажилладаг нь давуу тал болдог. Тэдний нэг нь манай рестораны менежер Шанто. Маш хөдөлмөрч өөрийн гэсэн зорилготой хүн" гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.