У.Хүрэлсүх 3 минут хүрэхгүй үг хэлэхдээ 56 удаа ширээ тогшиж, "одоо, би, Орос, төр, ард түмэн" гэх үгсийг олон давтав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар холбогдох сайд нар, хууль сахиулах байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзсан талаарх бичлэгийг өөрийн цахим хуудаст байршуулсан. Тус бичлэг 3 минут 27 секунд үргэлжилж байна. Үүний 2 минут 40 секундэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ганцаар ярьж, үүрэг чиглэл өгч байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр ширээг 56 удаа тогшлоо. Нийт 420 орчим үг хэлснээс "одоо, би, Оросын, төр, ард түмэн" гэх үгсийг хамгийн олон давтаж хэлэв.
Тодруулбал, 25 удаа "одоо", долоон удаа "би", таван удаа "Оросын" таван удаа "төр", таван удаа "ард түмний" гэх үгийг ашиглан ярьсан байна.
Уулзалтын бичлэгийн утгачлан сийрүүлснээ хүргэе.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бензин, шатахууны асуудлаар хэдэн зүйл хэлье.
Нэгдүгээрт, би Киргиз Улсад Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзсан. Уулзалтад холбогдох албан тушаалтнууд бүгд оролцсон. Өмнө нь ч бид уулзаж байсан. Оросын Ерөнхийлөгчтэй уулзах бүрдээ шатахууныг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх асуудлыг гол сэдвийн нэг болгож ярьдгийг та бүхэн мэдэж байгаа.
Оросын тал энэ чиглэлд нэлээд хичээл зүтгэл гаргаж байна. Өөрсдийн дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол анд нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж, шатахууныг тасалдуулахгүй нийлүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Хэлсэн үгээ ч биелүүлж байгаа. Мэдээж зарим үед тодорхой хэмжээний тасалдал гарсныг үгүйсгэхгүй. Энэ нь Оросын дотоод асуудалтай холбоотой байсан.
Хоёр улсын төрийн тэргүүний хооронд яригдсан шатахууны асуудал зохих түвшинд хэрэгжиж байгаа. Засгийн газар ч араас нь хөөцөлдөж, хүч чармайлт гаргаж ажиллаж байна. Гэхдээ дээд түвшинд бид тохиролцсон. Нийлүүлэлт нэмэгдэж эхэлснийг та бүхэн өөрсдөө харж байгаа. Шаардлага тавьж, Оросын Ерөнхийлөгчтэй дахин ярилцахад би бэлэн байна.
Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэж, иргэдийн хүндрэлийг ашиглан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна. Энэ талаар тагнуулын байгууллагаас надад мэдээлэл өгсөн. Шатахууны асуудлаар дамжуулан улс төр хийж, төр, ард түмнийг хагаралдуулах гэж буй зарим нөхөд нэг ёсондоо манай ард түмний зовлон дээр дөрөөлж байна. Ийм ажиллагаа явуулахыг оролдож буй тухай мэдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирсэн учраас би өнөөдөр энэ асуудлыг хөндөж байна.
Хаана хууль бусаар шатахууныг гацааж, улс төрийн зорилгоор түгээлтэд саад учруулж байна вэ. Яагаад төр засаг, ард түмний хооронд хагарал үүсгэж, улс орныг тогтворгүй байдал руу түлхэж байна вэ. Үүнийг хэн зохион байгуулж байгааг тусгай албад олж тогтоо. Та нарт үүний бүх боломж, бололцоо бий.
Дахин хэлэхэд, дэлхий нийтээрээ амьдрал хүнд байна. Өрхийн орлогыг хамгаалж, ард иргэдийнхээ амьдралд тус дэм болох хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ талаар шийдэмгий байр сууриа илэрхийлсэн. Үүнд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна" гэв.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.