УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэх Б.Пүрэвдагва

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж удирдлагаа өөрчилнө. Х.Нямбаатарыг Хотын дарга байх үед Нийслэлийн МАН-д хамгийн их санаархаж явсан Э.Бат-Амгалан өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдчихсэн. Одоогоор ганц Б.Пүрэвдагва өрсөхөө зарлачихсан яваа.

Эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргын санал хураалт явуулахад Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдэж байсан билээ. Өчигдөр Х.Нямбаатар МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралд цахимаар оролцож "НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгнө" гэдгээ мэдэгдсэн. Өнөөдрийн хуралдаанд ч мөн цахимаар оролцож, тайлангаа тавина.

Эрх баригч намын доторх 30|38 талын хүчний харилцаа нэгэнт Ерөнхийлөгч талдаа давамгай болсон тул Б.Пүрэвдагвад нийслэлийн МАН-ын даргын суудлыг шилжүүлэн өгөхөөс өөр гарц Х.Нямбаатарт үлдээгүй.

Намын хороог Б.Пүрэвдагва өөртөө авснаар нэг хэсэгтээ л Х.Нямбаатар тэнгэрээс бууж ирэхээ бүр больчхоод байсан тэр өндөрлөгт хүрнэ гэсэн үг. Дээрээс нь хотын МАН-ын бүтэц тэр чигтээ хагарсан талуудын хүчтэй хэсэгт шилжинэ. Энэ бүтцээр УИХ-д, НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулна. Нийслэлийн МАН-ын Бага хурал, тэргүүлэгчид, Удирдах зөвлөл зэрэг бүтэц бүрэн шинэчлэгдэнэ.

Халаасандаа намынхаа гуравны нэгтэй тэнцэх хүчийг хотын МАН-ын хорооны дарга атгачихдаг. Тэр ч утгаар нам доторх аливаа санал хураалтаар шийдэх үйл явц дунд хотын дарга хамгийн хүчтэй байр суурьтай. 

Нийслэлийн МАН-ын даргыг сонгох процесс хэрхэн явагддаг вэ?

  1. Удирдах зөвлөл чиглэл өгнө. Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид Удирдах зөвлөлийн чиглэлийг үндэслэн Бага хурлын товыг тогтооно. Төлөөлөгчийн тоог хурал болохоос 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална (11.4). Удирдах зөвлөл ингэж Бага хурлыг хуралдуулж эхлүүлэх эрхтэй ч даргын сонгуулийн үр дүнг шийддэггүй.
  2. Төлөөлөгч сонгоно. Бага хурлын төлөөлөгчдийг намын анхан шатны байгууллагууд сонгоно (11.3). Удахгүй болох Бага хуралд есөн дүүрэг, анхан шатны байгууллагын хурлаас 489 төлөөлөгч сонгогдсон гэж мэдээлжээ.
  3. Бага хурал хуралдана. Сонгогдсон төлөөлөгчдийн олонх оролцвол хуралдаан хүчинтэй (13.3). Хурал намын хорооны тайланг хэлэлцээд даргыг сонгоно (12.1.2, 12.1.6). Дүрмийн нийтлэг зарчмаар намын бүх шатны сонгуулийг чөлөөт өрсөлдөөнөөр явуулж, саналыг нууцаар хураана (1.5.3).
  4. Намын хороо, удирдлагаа бүрдүүлнэ. Бага хурал намын хорооны гишүүдийг нууц санал хураалтаар дараагийн Бага хурал хүртэл сонгоно (14.1). Дараа нь намын хорооны хурал дэд дарга нараа сонгоно (14.1.4). Мөн дарга, дэд даргыг оролцуулсан 13–23 хүний бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчдийг сонгоно (14.1.5).

Хотын даргаар томилогдсоноос хойших зургаан сард Б.Пүрэвдагва ямар томилгоонуудыг хийв

Б.Пүрэвдагва өнгөрсөн зургаан сард Хотын даргын эрх хэмжээгээрээ арван томилгоо хийсэн байна.

2026.06.06-нд Ч.Мэндбаярыг Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар,

2026.06.08-нд Г.Жаргалсайхан, Б.Сэмжидмаа, Л.Ариунтуяа нарыг төслийн менежеэрээр,

2026.06.09-нд Э.Энхтөрийг Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын даргаар,

2026.06.18-нд Б.Ганзоригийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар,

2026.06.22-нд М.Говьсайханг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар,

2026.06.23-нд А.Амартүвшинг агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар,

2026.06.23-нд Г.Жаргалсайханг Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдол хариуцсан орлогчоор,

2026.11.03-нд Д.Ундармааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар, З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон байна.


Нийслэлийн МАН-аа Б.Пүрэвдагва авдагаараа авах ч түүнийг Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол хүлээж байна

Нийслэлийн 2026 оны төсвийг 2025 оны арванхоёрдугаар сард батлахдаа зарлагын нийт хэмжээг ойролцоогоор 5.87 их наяд төгрөгөөр тооцож байв. Харин эхний тодотголоор зарлагын хэмжээг 6.50 орчим их наяд төгрөгт хүргэсэн байна.

Эхний тодотголоор хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг 5,385.8 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Орлогын энэхүү өсөлтийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн борлуулалтын орлоготой холбон тайлбарлаж байсан юм.

Үүний дараа зургадугаар сард нийслэлийн төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийжээ. Энэ удаа хөрөнгийн зардлаас 443.2 тэрбум төгрөг хэмнэж, орлогыг 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Хөрөнгийн зардлын хэмнэлт нь Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилттэй холбоотой байв.

Хотын удирдлага уг хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн тул энэ өөрчлөлтийг төсвийн нийт зардлыг шууд бууруулсан гэж ойлгох нь өрөөсгөл. Харин зарцуулах чиглэлийг өөрчилж, хөрөнгийг өөр хэрэгцээнд шилжүүлсэн гэж үзэх нь илүү оновчтой.

Ийм нөхцөлд нийслэлийн төсөвт дахин тодотгол хийж, хотхоны бага сургуулиудын үйл ажиллагаанд хөрөнгө хуваарилах боломж зарчмын хувьд байж болно. Гэхдээ төсвийн боломж байна гэдэг нь санхүүжилт олгох шийдвэр гарсан гэсэн үг биш. Ямар зардлыг бууруулах, ямар орлогоор нөхөх, санхүүжилтийг ямар байгууллагад, ямар шалгуураар олгох вэ гэдэг нь тодорхой байх ёстой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button