“Аэро Монголиа” ХХК-ийн зарим нислэгийн үйлчилгээг маргаашаас хязгаарлана

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-иас “Аэро Монголиа” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотойгоор үйлчилгээний хязгаарлалт тогтоохоор болжээ.
Тодруулбал, нисэх буудлын зүгээс төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой анхны албан мэдэгдлийг 2026 оны зургадугаар сард хүргүүлсэн байна. Улмаар хоёр компани харилцан зөвшилцөж, төлбөр барагдуулах хуваарь тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний хязгаарлалтыг түр хугацаанд түдгэлзүүлж байжээ.
Гэвч “Аэро Монголиа” ХХК гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэвээр байгаа тул энэ сарын 4-нөөс эхлэн тус компанийн дотоодын болон олон улсын захиалгат нислэгтэй холбоотой төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлахаар болсон байна.
Энэхүү хязгаарлалт нь агаарын хөлгийн буулт, хөөрөлт, хөөрөх буух зурвас болон нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн “Аэро Монголиа” ХХК-ийн захиалгат нислэгтэй холбоотой төлбөртэй үйлчилгээнд хамаарах аж.
Мөн тус компани өр төлбөрөө барагдуулж, үйлчилгээний хязгаарлалтыг цуцлах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд нисэх буудлын зүгээс хязгаарлалтыг цуцлах боломжтойг мэдэгджээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.