НИЙГЭМНийгэм мэдээ

Тогооч Д.Бямбасүрэн: Кино багийн тогооч 30 өдөр 30 өөр хоол хийх ёстой

Монголын кино урлагийнхан түүнийг "хоолны Бямбаа эгч" гэх нэрээр нь сайн танина. Учир нь театрын дэлгэцнээ гарах ихэнх киноны төгсгөлийн уран бүтээлчдийн нэрс дунд ахлах тогооч Д.Бямбасүрэн гэх нэр дурайна. Үүнийг л харах, жүжигчин найруулагчид нь юуны төлөө сар гаруй зүтгэснийг үзэх, түүнд өөрийн хувь нэмрээ оруулснаа мэдрэх л түүнд асар их аз жаргалыг өгдөг ажээ.

"Хоолны Бямбаа" хэмээх энэ бүсгүй тогооч мэргэжлээр төгсөж, ОХУ-д ресторанд ажиллаж байгаад 2022 оноос эхлэн Монголд ирж киноны багт ахлах тогоочоор ажиллахаар болсон байна. Өдгөө тэрбээр 35 кино багт ахлах тогоочоор ажиллаад байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Кино уран бүтээлчид таныг "Хоолны Бямбаа эгч" гэдгээр андахгүй юм байна лээ. Олон кино багт тогоочоор ажилласан байх?

-Би Орост шарсан мах, хятад хоолны тогоочоор 12 жил ажилласан. Цар тахал гараад эх орондоо ирсэн. Ирээд хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад шарсан махаараа дагнаж хоолны газар дүүтэйгээ хамтарч байгуулаад ажиллаж үзсэн. Удалгүй түрээс, татвар гэх мэт хэцүү асуудлууд гарч үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ажилгүй байж байтал кино багт тогоочоор ажиллах зар хараад холбогдсон юм. Улмаар “Хотулун гүнж” гэдэг Монголын түүхэн уран сайхны кинонд ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш кино урлагийнхантай хамтран ажиллаж, өөрийнхөө тогоочийн мэргэжлээр явж байна.

-Нийт хэдэн кинонд тогоочоор ажилласнаа та тоолж үзсэн болов уу. Дөрвөн жилийн хугацаанд л кино багт тогооч хийсэн байна шүү дээ?

-“Тэгри Чину", “Нийслэл хүүхэн”, “Явуулын хүн Говьд”, Фантастик продакшны “Тусгаар тогтнол”, “Пагмадулам”, “Намайг” гэх мэт 35 уран бүтээлд ажилласан. Сайхан хамт олонтой, сайн уран бүтээлүүдэд тогоочоор ажилласандаа баярладаг юм.

-Та 35 уран бүтээлийг хийхэд гар бие оролцож явж. Кино бүтэх үйл явц, уран бүтээлчдийн жаргал, зовлонг маш сайн мэдэх байх?

-Киноны багаа харж байхад нэлээн хэцүү, хүнд хүчир ажил. Даарна, хөрнө. Натурын боорцог гээд боорцгоо их санадаг. Барилгын ажлаас ч, уул уурхайн ажлаас ч илүү хүнд ажил гэж надад санагддаг. Тэр хүмүүсийг сайхан амттай хоол, дээрээс нь хүүхдүүд маань сэтгэл хангалуун цадсан байвал миний ажил бүтсэн гэсэн үг. Ядарч байгаа улсуудыг гоё хоолоор хооллоно гэдэг чинь цаанаасаа л сайхан энерги байдаг. Би тэрэндээ их баяртай байдаг. Өдөр хоёрдугаар хоол гарна. Хоёрдугаар хоолоо бол хэзээ ч давтдаггүй. 30 өдөр байвал 30 өөр хоол өгөхийг л хүсдэг.

-Тогооч хүн мөнгөө үрж, үнэтэй сайхан хоол амталж турших хэрэгтэй-

-Киноны төсөв санхүү харилцан адилгүй. Ямар кино, ямар төсөвтэй байхаас шалтгаалаад материалаа зохицуулах хэрэг гардаг байх. Ихэвчлэн хөдөө, хээрээр хоноглож явдаг учраас ажиллах нөхцөл хүндрэлтэй байдаг уу?

-Эхлээд хамтран ажиллах хүнтэйгээ уулзаад “Би ийм менюгээр ажиллана. Ер нь тэдэн төгрөг болох байх” гэж хэлнэ. Төсөв мөнгөнд нь бол оролцдоггүй л дээ. Цалингаа ярина, өдрөөр тооцоо хийнэ. Мах, хүнсний ногоогоо бол дээд зэрэглэлийнхийг авахыг хүсдэг. Яагаад гэвэл тэд өөрсдөө идэх учраас тэр шүү дээ. Урьд нь киноны тогооч гэхээр л хуучинсаг байсан юм болов уу. Тэр үеийн материал нь тийм байсан юм болов уу. Эд нарын ярьж байгаагаар бол будаатай хуурга, цуйван гэдэш хоёр хоол хийдэг байсан байгаа юм. Би бол үүний эсрэг байдаг. Өдөр бүр л шинэ содон жороор амттай баялаг хоол хийхийг хүсдэг. Кино натурын хоол гэдэг маш өөр. Дандаа байгалийн нөхцөлд, хээрээр явдаг нь үнэн. Тэр олон хүн бууз идэх хэцүү гэж боддог бол би хийдэг. Заавал бууз хийдэг шөл нь гоожсон, сайхан амттай том бууз, сайхан нийслэл салат тавиад. Би гоё хоол хийж байж манай хэд сэтгэл санаа өөдрөг сайхан уран бүтээлдээ хандана шүү дээ. Миний хүчээ өгөх нь хоолоо л сайн хийх юм даа.

-Гуч, дөчин хоног гэрээсээ хол байхаар бүгд гэрийн хоол санадаг байх. Олон хүний хоол амтгүй болчих гээд байдаг шүү дээ. Үүндээр жинхэнэ тогооч хүний ур ухаан гаргах уу?

-Цуйван гэдэг манай монголчуудад утга учиртай хоол. Бүх айл долоо хоногтоо заавал нэг цуйван идчихмээр байдаг. Хээрийн нөхцөлд бол бүр илүү санадаг. Тэгэхээр цуйвангаа яг монголоор нь, маш нямбай хийнэ. Өөрөө гараараа гурилаа элдээд, хайраад, нарийхан нарийхан хэрчиж, сайхан ногоотой, цадахаар цуйван хийж өгөхийг хүсдэг. Тэрэндээ ч хүрдэг. Орой нь сайхан сармистай монгол гурилтай шөл. Дандаа тийм өгвөл бас уйддаг. Тиймээс өдөр өдөрт нь л хоолны цэсээ өөр өөрөөр гаргадаг. Өдөрт 100 гаруй хүний хоол хийх тохиолдол байна. Ихэвчлэн хоёулаа юмуу гурвуулаа ажилладаг. Өглөө босоод л зүтгэсэн бол орой унтах хүртлээ шүд зууна. Тархинд ганцхан хоол л бодогдоно. “Маргааш хоолоо ингэж хийнэ, тийм зууш гаргана” гээд. Гэтэл “Ямар гоё хоол хийдэг юм, ямар сайхан боорцог вэ" гэх үгээр л урам хүч орно шүү дээ. Хүн сэтгэлийн амьтан юм хойно, залуустай бөөн эрч хүч л ажиллана.

-Ахлах тогоочоор ажилласан киногоор театрт үзэх сайхан мэдрэмж байх. Төгсгөлд нь уран бүтээлчийн нэр урсаад ахлах тогооч Д.Бямбасүрэн гээд гарах юм байдаг вэ?

-Яг чиний хэлснийг л үзэх гоё байдаг юм. Би хааяа кино нээлтэд ороод цуг алхчихна. Дуудуулаад алхах чинь гоё байдаг юм. Кино баг маань юуны төлөө өдөр шөнөгүй, даарч хөрөөд яваад байсан юм гэдгийг бодитоор нь үзнэ. Гайхалтай мэдрэмж.

-Сайхан хоол хийхийн нууц жор юу байдаг бол?

-Хоол хийх нь мэдээж сэтгэл, урлаг хоёр л доо. Гэхдээ сайхан хоолны хамгийн гол нууц нь амтлагаа. Тогооч хүн хоолны амтыг амсаж үзээгүй, үнэтэй хоол худалдаж аваад түүнээсээ кайф авч амталж үзээгүй мөртлөө тэр хоолыг хийнэ гэж ерөөсөө байхгүй. Дуурайж ч хийж чадахгүй. Тиймээс хамгийн гол нь амталгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button