Монголын гар дээр суниалтын аварга Б.Норжмаа: 70 тухалж болдоггүй нас. Өөрийнхөө төлөө өглөө гар дээр 50 суниачих хэрэгтэй
Өглөө бүр гар дээрээ 50 удаа суниалт хийж, долоо хоногт нэг өдөр ууланд алхах нь түүний амьдралын дадал болон тогтжээ. Орос хэлний багш мэргэжлээр ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан цагаас эхлэн Б.Норжмаа огт зүгээр суугаагүй аж. 10 гаруй үхэр сааж, 100 гаруй бог хүртэл маллаж амьдарсан байна.
Видео үзэх бол:
Харин хожим Улаанбаатар хотод ирж суурьшиж, улмаар өөрийгөө завгүй байлгах арга хайж ууланд алхдаг болж. Тэрбээр долоо хоног бүрийн бямба гарагт ууланд гарна. Ингэхдээ дунджаар 8-12 километр замыг туулдаг, энэ аялалдаа маш их дуртай аж. Б.Норжмаа өнгөрсөн тавдугаар сард голын эрэг даган алхаж яваад н.Ганбаатар багштай танилцаж улмаар гар дээр суниалтын спортоор хичээлж эхэлсэн байна. Тэрбээр ердөө зургаан сарын турш уйггүй бэлтгэл хийж анхны тэмцээндээ орж дүүргийн аварга болжээ.
Түүний дараагийн тэмцээн саяхан Улаанбаатар хотод зохиогдсон Монгол Улсын гар дээр суниалтын аварга шалгаруулах тэмцээн байв. Тус тэмцээнээс Б.Норжмаа гурван алтан медаль өвөртөлж иржээ. Түүний хувьд амралттай суниалтын төрлийн 70 наснаас дээш ангилалд 100 удаа суниаж улсын аварга болжээ. Мөн багийн болон ганцаарчилсан төрөлд тус бүр аварга болжээ. Өдгөө 78 настай ч Монгол Улсын аварга болж, өглөө бүр гар дээр 50 удаа суниалт хийж, хүн хөгширч биш хөшиж үхдэгийн тод жишээ болж буй түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Монголчуудыг гар дээр суниалтын спорт аварна. Эмэгтэй хүн эрүүл байж гэмээн эрүүл хүүхэд төрнө. Хүүхэд чийрэг, саруул байж л эх орон эрүүл оршино-

-Та их яс сайтай хүн шиг санагдлаа. Аль нутаг юм бэ?
-Би Говь-Алтай аймгийн уугуул хүн. Орос хэлний багш болоод томилолтоор нутаг заалгуулан хэсэж амьдарсан даа. Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгуудад багшилж байсан. Ер нь сониуч хүн болоод ч тэр үү орос хэлээр ургамал судална. Түүнийгээ хайж хээрээр их явна. Ингэж байгаад л эх байгальд "амьтай" болсон байх гэж санадаг. 35 настай байсан санагдана хүүхдээ дагуулаад л ой модоор алхана. Тэр цагаас хойш ууланд алхах дадал маань суусан. Би зургаан хүүхэд өсгөсөн. Тэднийгээ эрүүл байлгахын тулд дагуулаад ой модоор их явна. Ой, модны агаар үнэхээр тансаг. Ёстой нөгөө уушги баярлаж, сэтгэл цадна.
-Хэзээ хотод ирж суурьшсан бэ. Уул, модонд дуртай хүн хотыг, хүн ихтэй бөглүү газрыг хүсээд байхгүй л байх. Хэр удаан дассан бэ?
-Тэтгэвэрт суухаасаа хэдэн жилийн өмнө хотод ирж багшлах болсон. Ажил мэргэжлийн шаардлагаар ирсэн л дээ. Тэтгэвэртээ суугаад хөгшинтэйгөө хамт мал дээр гарсан. Хүүхдүүдээ их сургуульд сургахын тулд тэр шүү дээ. 100 гаруй бог малтай, долоон үнээ саагаад амьдарсан. Хүүхдүүддээ их сургууль төгсгөж аваад л хот суурин бараадсан даа. Ирээд эхлээд хийх ажилгүй жаахан тухгүй, нэг зүйл олж хийж үзмээр санагдаад зүгээр суудаггүй байлаа. Өглөө 06 цагийн үед машин тэрэг хөдөлгөөнд орохоос урьдаж сэлбэ гол дагаад жаахан алхдаг юм. Орж ирээд хүүхдүүдийнхээ хоол цайг хийхэд яг таарна. 30 минут орчим алхчхаад орж ирдэг. Гадаа хүйтэрчихээр зарим өдөр гарч чадалгүй өнжинө. Ихэнхдээ л гардаг даа. Тэгж л өөрийгөө завгүй байлгаж байна даа.
-Ууланд алхах өнөө хоббигоо яаж байна. Тогтмол гарч чадаж байна уу?
-Гарна. Орхиж чадахгүй шүү дээ. Тогтмол гардаг хүмүүс бий. Ихэнх нь надаас дүү 30-40 насны хүмүүс байдаг. Намайг бүгд эмээ гэж дуудна, их хөөрхөн Би тэр хэдийнхээ хайр хүндлэл дунд ёстой бялхана шүү дээ. Бид нар долоо хоног бүрийн бямба гараг бүрийн 07 цагаас СТӨ-ний үүдэнд цуглаад уул руугаа явна. 10-30 километр газар алхана шүү. Манай хэд намайг хүлээнэ, ядарч байна уу эмээ гэж үргэлж санаа тавина. Орой гэрт хүргэж өгнө. Талархаад ханашгүй.
-Хэзээнээс гар суниалтын спорт руу оров. Саяхан болсон УАШТ-ээс та гурван алтан медаль зүүлээ шүү дээ?
-Гол дагаад алхаж байгаад н.Ганбаатар гэж хүнтэй танилцлаа. Хожим тэр хүн маань миний багш, гар дээр суниалтын спортыг хөгжүүлж яваа хүн. Намайг гар дээр суниалт сонирхоод хийгээд үз гэж урьсан юм. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлж гар дээр суниаж эхэлсэн юм байна. Эхэндээ бага багаар дасгасан. Одоо бол өглөө бүр гар дээр 50 удаа суниадаг. Давтамж нь ойр 2-3 удаа хийдэг.
-Үргэлж дасгал хийх мэдээж эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байж таарна. Танд ямар нэгэн хууч өвчин, зовуурь бий юу?
-Нас 70 даваад ирэхээр хөл, гар гээд эрхтнүүд эхнээсээ илэгдээд эхэлдэг юм байна. Энэ бол хорвоогийн жам. Хүн бүхэн адил цаг хугацаанд дарлуулна шүү дээ. Гэхдээ би хөгшин болсон гээд л гэртээ суух огт биш. Тэмцэх хэрэгтэй, тууштай зүтгэх, түүнээсээ урам авах, амжилтад хүрэх гээд л амьдрал баялаг, баян шүү дээ. Би өглөө бүр сэрээд 50 удаа гар дээрээ суниагаад сунгалтын дасгалууд хийнэ. Өдөрт гурван удаа үүнийгээ огт таслахгүй. Сүүдээ хүн бүр дадчихдаг юм байна лээ. Хүн гэдэг амьтан ер нь амархан дасдаг санагддаг. Одоо бол намайг зовоох, шаналгах өвчин алга. 78 хүрсэн ч амьдралын идэвхтэй, аз жаргалтай хамгийн чухал нь эрүүл байна. Үүний нууц бол маш энгийн дасгал хөдөлгөөн.
-Анх ядрах үе байсан уу. Хүн өөрийгөө ялж, дийлэх хамгийн хэцүү байдаг шүү дээ. Та хэр тэмцэл өрнүүлсэн бэ?
-Мэдээж ядарна. Амар зүйл амьдралд маш цөөн шүү дээ. Гэхдээ хүн бага багаар өөртөө дадал болгож чадвал юуг ч хийх юм байна лээ. 70 гарсан би нэг өглөө босоод гар дээрээ 50 удаа суниаж чадахгүй нь ойлгомжтой. Ингэхийн тулд өдөр бүр бага багаар тасралтгүй хичээх л хэрэгтэй. Удалгүй 50 суниах бол асуудал биш болно.
-Гар дээр суниалтын УАШТ таны хоёр дахь тэмцээн байсан гэж сонслоо. Гурван алтан медаль зүүлээ, бахархмаар амжилт шүү дээ?
-Одоогийн хүүхдүүд мундаг болсон байна. Долоон наснаасаа эхэлж гар дээрээ суниаж байна, цаана чинь. Улсын аваргын хамгийн залуу нь долоо, ахмад нь 79 настай хүн байна лээ. Спорт үнэхээр гайхалтай гэдгийг тэндээс харж болно. Тэнд нэг ч илүүдэл жинтэй, биеэ гамгүй эдэлсэн хүн байхгүй. Бүгд өөрсдийн цаг, амьдралын хэв маягийг тохируулж чаддаг хүмүүс өрсөлдөж байна. Орон нутгаас ч олон тамирчин ирж оролцсон. Нийт 2,000 гаруй тамирчин өрсөлдсөн гэж би сонссон. Гурван төрөлд ороод алтан медаль авсан.
-Сүүлийн жилүүдэд гар дээр суниалт манай улсад маш сайн хөгжиж байна. Энэ спортын давуу тал нь юу юм. Нийтийн биеийн тамир манайд дутагдалтай байгаа санагддаг?
-Гайхалтай сайхан спорт. Монгол Улсад заавал хөгжих хэрэгтэй. Хүний тэсвэр тэвчээрийг маш сайн шалгадаг спорт. Энэ спортоор манай эмэгтэйчүүд их хичээллэвэл сайн гэж боддог. Гэртээ л хүссэн цагтаа гар дээрээ суниачихна шүү дээ. Эмэгтэй хүн эрүүл саруул байж эрүүл хүүхэд төрнө. Эрүүл хүүхэд төрж байж Монгол Улс эрүүл, хүчирхэг болно. Ганцхан спорт л энэ бүхнийг бий болгож чадна гэхээр ямар гайхалтай вэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.