Х.Нямбаатар: Үндсэн хуулийн зөвхөн 39.1 дэх заалтыг хөндөнө, өөр хүрээний ҮХНӨ огт яригдаагүй

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор хуралдсан бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон юм.
МАН-ын бүлгийн хуралдаанаар яригдсан асуудлууд болон ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг УИХ-аас гадна УДШ органик болон ердийн хуулиудад тайлбар гаргах замаар хуваалцдаг. Мөн ҮХЦ-ийг органик болон ердийн хуулиудын үйлчлэлийг зогсоох замаар энэ эрх мэдлийг хуваалцдаг гэж үздэг.
Харин ҮХЦ нь Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгож байсан кэйс 1992 оноос хойших хугацаанд гарч байгаагүй. Түүхэнд анх удаа болсон кэйс гэсэн үг.
Үүнтэй холбоотой асуудлыг МАН-ын бүлэг ярилцлаа.
Улмаар, ҮХНӨ хийх эрх нь бага ард түмэн буюу УИХ-д хадгалагддаг учраас ҮХЦ-ээс тодруулга бичиг авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ тодруулгад үндэслэж, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон.
Өөрөөр хэлбэл: Үндсэн хуулийг ердийн хуультай адилтгаж болохгүй тул Үндсэн хуулийн НЭМЭЛТ өөрчлөлт хийх бус, ӨӨРЧЛӨЛТ оруулах шаардлагатай гэж үзлээ.
Иргэд буруу мэдээлэлтэй байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж болохгүй, тэмцэнэ зэргээр ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. ҮХЦ-ийн дүгнэлт нь: Үндсэн хуулийн 39.1-т заасан хоёр дахь өгүүлбэр Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна буюу тус заалтыг л хүчингүй болгох агуулга явж байгаа. Асуудал үүнийг л тойрно. Өөр агуулгаар ҮХНӨ яригдахгүй.
ҮХНӨ хийх эрх бүхий субъектын гаргасан саналыг ҮХЦ-ээс УИХ-д уламжилсан тохиолдолд бид Үндсэн хуулийн 68.1 дэх заалтыг анх удаа хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Үүнд ҮХНӨ хийх журмын тухай хууль хэрэгжихгүй. Ийм замаар дээр дурдсан Үндсэн хуулийн зөвхөн 39.1 дэх заалтын хоёр дахь өгүүлбэрийг хүчингүй болгож байж дараагийн асуудлууд яригдана.
Ямар нэг тогтолцоо өөрчлөх, гишүүдийн тоо нэмэх агуулгатай асуудал яригдахгүй” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene 1 duraara nohor garchee