Тайванийг хөтөлсөн ч Хятадыг гараасаа салгаагүй АНУ-ын “гурвалжин романс”

Тайвань болон БНХАУ-ын хооронд өрнөж буй улс төрийн асуудал одоохондоо ОХУ-Украин шиг нөхцөлд байдалд хүрээгүй. Гэсэн ч хоёр улс тус бүрдээ батлан хамгаалахын салбараа хөгжүүлж, бодлогоор дэмжиж, санхүүжилтийг нь нэмж буй зураглалаас харахад тус бүс нутагт дараагийн мөргөлдөөн үүсэх вий гэх эрсдэл дэлхий дахинаа геополитик судлаачдын дунд таамаглал дэвшүүлэх сэдэв болж буй.
Өмнө нь Хятад улсын заналхийлэл хийгээд түүний эсрэг Тайванийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж байсан. Тайванийн ерөнхийлөгч асан БНХАУ-д айлчилсан түүхэн явдал болсны дараагаар дээрх улсуудын хооронд өрнөх дайнаас сэргийлэх, зайлсхийх боломж байгаа эсэх нь бас л олон улс судлаачдын сонирхож буй сэдэв мөнөөсөө мөн.
-Тайваний ерөнхийлөгчдийн айлчлал-
Тайванийн ерөнхийлөгч асан Ма Инжэу өнгөрсөн долоо хоногт эх газрын Хятадад хийсэн айлчлалын үеэр гудамж бүрд хятад иргэд зогсож, түүнтэй уулзах боломжийг хүлээж буй дүр зураглалыг харуулсан. Зарим иргэд түүн рүү даллаж, зураг дарж, бичлэг ч хийж байв.
Товчхондоо уг айлчлал энхийг сахиулах Ма-гийн зорилго юм. Үүнийг батлах шиг тэрбээр айлчлалын үеэр энхтайвныг эрэлхийлж буйгаа дурдсан юм.
Гэвч нөгөө талд Тайванийн одоогийн ерөнхийлөгч Цай Инвэн АНУ руу айлчлал хийж, зочилсон хурцадмал байдлыг үүсгэсэн. Цай-гийн уг айлчлал нь Тайванийн иргэдийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал юм.
“АНУ Хятадыг турхирсаар байвал тэд гал нээнэ”
Тайванийн үндэсний их сургуулийн олон нийтийн санаа бодлыг судлах төвийн захирал Цо Чендонг "Бид тусгаар тогтносон үндэстэн. Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль нэгдүгээр сард болно. Цай-гийн айлчлал нь хөрөнгө оруулах боломжийг олгоно" хэмээжээ.
Гэвч дээрх айлчлал нь БНХАУ-ын "Нэг Хятад" бодлогыг зөрчиж буй үйл явдал хэмээн тус улс харж байгаа. Харин нөгөө утгаараа Тайванийн талд олон арван жилийн турш АНУ өндөр түвшний харилцаа тогтоохоос зайлсхийж байсныг нь өөрчлөх оролдлого нь уг айлчлал хэмээж буй.
Эдгээр үйл явдал болох үеэр Хятадын 10 сөнөөгч онгоц Тайванийн хоолойн хоёр эргийг заагласан голын шугамыг давсан билээ.
Хятадын Хятад даяарчлалын судалгааны төвийн дэд ерөнхийлөгч Виктор Гао "Хэрэв Цай АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзвал Хятадын онгоц Тайванийг дайран өнгөрөх нь гайхахаар зүйл биш гэж бодож байна. АНУ Хятадыг турхирсаар байвал тэд эцэстээ гал нээх болно" хэмээн Америкийн дуу хоолой радиод ярьжээ.
Хурцадмал байдал сүүлийн арван жилийн хамгийн дээд цэгт хүрч буй тул Ши Жиньпинийг 2027 он гэхэд Тайвань руу дайралт хийх магадлалтай хэмээн АНУ таамаглаж буй. Тэр дундаа Байдены засаг захиргаа Ши-г ойрын үед халдлага хийх төлөвлөгөө байхгүй гэдэгт итгэж байгаагаа мэдээлсэн юм.
Ийн тооцоолж үзвэл Хятадын довтлох эсэх нь АНУ болон Тайвань хэр харилцаа тогтоосноос хамаарна гэсэн үг. 1980-аад оны эхэн үеэс л энхтайвнаар нэгдэхийг санал болгож байсан Хятад өнөөдөр ч энэ аргаа орхиогүй бөгөөд дайн эхлүүлэхээр яарахгүй байгаа хэмээн Хятад судлаачид тооцоолж буй.
Нэг талдаа Цай-гийн айлчлал Тайвань АНУ-ыг өөрсдийн улс төрийн чухал түнш, хамтрагчаа болгох гэж байх магадлалтай үйл явдал байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талд Ма-гийн хийсэн айлчал улс төрийн шинжтэй биш ч ач холбогдлын бэлгэдэлтэй юм.
АНУ Хятадтай харилцах харилцаагаа таслаагүй. Мөн Тайванийг ч орхиогүй. Гурвалжин хайрын романс гэж ч нэрлэж болохуйц үл ойлгогдох хачин зураглал тэдний дунд ийн өрнөж буй.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.