Top StoriesЯрилцлага

Х.Номингэрэл: Авлигатай тэмцэх олон ажил "бай"-гаа онохгүй байна

Эрх зүйч, судлаач Х.Номингэрэлтэй Монгол Улс авлигын индексээр түүхэн доод оноо авсантай холбогдуулан ярилцлаа. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил авлигын асуудлыг хөндөн судлаад буй.

-“Авлигын төсөөллийн индекс 2023”-т Монгол Улс 33 оноогоор 121 дүгээрт эрэмбэлэгдэж, түүхэн доод оноо авлаа. Бидний гажуудал, алдаа хаанаа байна гэж харж байна вэ?

-Бид авлигын асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь олон төрлийн судалгаагаар гарсаар байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хууль тогтоомжуудыг батлаад авлигыг таслан зогсооё, багасгая гэсэн ажлууд хийж байгаа. Эдгээр нь нийгэмд соёл болтлоо нэвччихсэн авлига рүү гүнзгий орж чадахгүй байна. Бодит байдал дээр авлигатай тэмцэж буй засгийн тэмцэл иргэдийн итгэлийг төрүүлэхгүй байна.

Маш олон судалгааны дүгнэлтийг задлаад харахад авлига Монголд өргөн хүрээгээр тархсан шинжтэй гэх үнэлгээг өгсөөр л байна. Энэ бол хоосон төсөөлөл биш. Бид авлигатай тэмцэх гээд олон ажил хийгээд байгаа ч "бай"-гаа олохгүй байгааг уг индекс харуулж байна.

-Уг судалгааны дүн ямар нэг байдлаар өрөөсгөл байх боломжтой юу?

-Авлигын индексийг гаргахад тулгуурласан судалгаа бүрийг нарийн арга зүйт системээр тодорхойлдог. Олон улсын эрх зүйт ёсны индекс гэхэд дотроо 5-6 үзүүлэлтээр салдаг. Ардчиллын үнэлгээг хоёр жил тутамд гаргадаг юм. Эдгээрийг авлигалын суурь үзүүлэлтэд оруулдаг. Мөн хэвлэлийн эрх чөлөө, эдийн засгийн эрсдэлийн үнэлгээ ч багтдаг. Энэ бүхий л судалгаа бүгд буруу хийгдэх боломжгүй. Аливаа судалгаанд алдааны магадлал гэж бий. Гэхдээ олон улсын судалгаа нь алдааны магадлал бараг байдаггүйгээрээ давуу талтай. Маш олон судалгааны үр дүнгүүд нэгтгэгдэж гардаг учраас тус судалгааг бодитой үзүүлэлт гэж хүлээж авах бүрэн боломжтой.

-Авлига их байгаагаас үүдэн ардчилал эрчимтэй ухарч байгаа долоон орны нэг болжээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Ардчилал авлига хоёр хоорондоо шууд хамааралтай. Нэгт, Ардчилсан төрийн тогтолцооны үндсэн суурь нь төр засагт иргэдийн дуу хоолой хүсэл эрмэлзэлд тулгуурлаж иргэддээ хэрэгтэй зүйл хийх байдаг. Иргэд үүнд оролцох учраас гарч буй бодлого шийдвэр, төсөв хуваарилалт бүгд тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Гэтэл авлига гэдэг нь системийн ялзрал гэдэг утгатай. Тэр системийн ялзрал ардчиллын үйл явцад итгэх итгэлийг үгүй хийдэг. Сүүлд гарсан үзүүлэлтээр ухарсан нь иргэдийн оролцоо багассанаас үүдсэн. Иргэд оролцохгүй бол гарч байгаа шийдвэрүүдэд итгэхгүй. Хангалттай түвшинд дуу хоолойгоо хүргэсэн байдал нь сүүлийн найман жилийн төрийн шийдвэрт байгаагүй гэхэд болохоор байна. Хууль тогтоомж, захиргааны ерөнхий хууль, нийтийн сонсголын хууль, иргэдийн нийтийн хурал зэргийг зөвхөн сонгуулиар хязгаарлахгүй асар олон оролцооны боломжуудын олгосон байдаг. Тэр системүүдээ төр засаг бүх түвшинд ажиллуулахаа больсон.

Хоёрт, мэдээлэл авах эрх хумигдсан. Албаны нууц гэдэг байдлаар халхавч хийж шинэ нууцын төрөл үүсгэж, мэдээллийг өгөхгүй байна. Үүнээс үүдэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ухралт гарч байгаа. Үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэж буй иргэд ковидоос хойш айдастай боллоо. Бид одоо ч жагсаал цуглаан хийхдээ зөвшөөрөл авахаас өөр аргагүй нөхцөлд амьдарч байна. Жагсаал цуглаан хийх нь бидний шууд эдлэх эрх шүү дээ. Энэ мэт ардчиллын эрх, оролцооны эрхүүд хязгаарлагдсан учраас ардчиллын үнэлгээ Монголд суларч байгаа юм. Ардчиллын үнэлгээ сулрахаар иргэд оролцож, хяналт тавиагүй систем үүснэ. Үүнийг дагаад авлигын эрсдэл дагаад өснө. Авлигын эрсдэл өсчихөөр төрийн гаргаж байгаа шийдвэр болон нөөцүүд олон нийтэд бус тодорхой бүлэгт ашигтайгаар хуваарилагдана. Ардчилал авлига хоёрын шууд холбоо энд гарч байдаг. Манайд яг ийм үзэгдэл сүүлийн найман жил нотлогдохуйц байдлаар явлаа.

-Таны хэлж байгаагаар авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй ажил байгаа олохгүй байгаа юм байна. Тэгвэл хэрхэх нь зүй вэ?

-Би хуулийн салбарын судлаачийн хувьд, сайн хууль Монголд бий гэж хэлнэ. Үндсэн хуулиа хэдийгээр засварлаад явж байгаа ч үндсэн ардчиллын системүүдийг тогтолцооны хувьд баталгаажуулсан. Ардчилсан улс оронд байдаг бүхий л хууль, байгууллагууд манайд бий. Гол нь тэр бүх систем иргэнд амьдралаа дээшлүүлэхэд нэмэр болж байх учиртай. Гэтэл авлига, ардчилал, эдийн засаг, тэгш бус байдлын үзүүлэлт зэрэг нийгмийг тэр аяар нь үнэлдэг бүхий л үзүүлэлтээрээ ухарч байна. Тэгэхээр систем үр дүнгүй байгааг илэрхийлж байна. Системийн хувьд бодсон ч хувь хүний хувьд бодсон ч цаасан дээр бичээд таамаглачихсан хууль яагаад хэрэгждэггүй. Зөв хууль баталж байхад хүмүүс яагаад эсэргүүцэж байна вэ, юун дээр алдаа гаргаж вэ, менежмент үү, боловсрол уу гэх мэтээр гүнзгий судлахаар соёлын шинжтэй зүйл рүү орж харах хэрэгтэй.

Бидний хуулийн систем гээд цаасан дээр бичсэн тогтолцооны нөгөө талд асуудлыг авилгаар шийддэг алтернатив /зэрэгцээ/ систем үүссэн. Яг л матрикст байгаа юм шиг хуулийн системтэй параллель ертөнцөд авлигын тогтолцоо бий.

Ганцхан хуулийн салбарт бус бүхий л салбарын авлига “Танил тал”-аас үүддэг. Хамаатандаа туслах, найздаа, ах дүүдээ туслах нэрээр үүнийг хийдэг. Гэвч туслах гэдэг ойлголт сайн санааны үндсэн дээр үйлддэг. Танил талын хүрээнд улс төр, хуульт ёсны дор авлигажих, нийтийн эрх ашгийг уландаа гишгэх замаар хүнд тусалбал нийгмээ гажуудуулж, тэр аяар нь хорлож байдаг уршигтай. Тэгэхээр бидний юуг зөв, буруу гэх үнэлгээ рүү орохоор энэ бол соёлын түвшний асуудал болж байгаа юм.

Авлигыг бид засварлахдаа хуулийн түвшний ажил хийхээс гадна урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн соёлын түвшний ажиллагаа руу орох хэрэгтэй байна. Хүүхдүүдэд бага байхаас нь үзэж байгаа киногоор нь дамжуулан мессеж өгөх хэрэгтэй. Бусад орны жишиг, жижиг видеонууд соёлын ажлууд ихээр хийж, нийтийн соёлын өөр тийш нь эргүүлэхийг оролдоод байна. Бид соёлын түвшний ажил руу орох хэрэгтэй.

-Авлигыг сууриар нь засъя гэвэл эдийн засгийн бүтцээ эргүүлэх харах учиртай-

- Соёлын түвшний ажил руу орсноор авлигыг сууриар нь засах боломжтой юу?

-Авлигатай тэмцэнэ гэхээр хэсэг хүмүүст ял өгөөд л өндөрлүүлээд байх биш юм. Шударга ёсны үүднээс ял шийтгэл байх ёстой. Харин сууриар нь засъя гэвэл эдийн засгийн бүтцээ эргүүлэх харах учиртай. Учир нь авлига гэдэг ерөөсөө л мөнгөний тухай асуудал шүү дээ. 1990 онд хувьчлал хийсэн ч өнгөрсөн найман жилд уул уурхайд суурилсан шинэ баялгууд ихээр бий болоход буцаагаад төрд төвлөрүүлэх явц эрчимжлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгж гэх загвараар төрд буцаад хөрөнгө төвлөрлөөр хөрөнгийн хуваарилалт дээр авлига ихэслээ. Тэр хөрөнгийг дагаж ямар улс төрийн шийдвэр гаргах зэрэг нь цэвэр төрөөс хамаардаг. Ингэхээр  бүхэлдээ л төр өөрийгөө авлигын өндөр эрсдэл рүү хөрөнгө төвлөрүүлэх замаар буюу эдийн засгийн бүтцэд өөрөө гол тоглогч нь болох замаар авлигын эрсдэлийг нэмж байгаа. Төрд мөнгийг шийдвэрлэх эрх мэдэл байх тусмаа л улс орны авлигын эрсэл нэмэгддэг талтай.

Авлигыг бууруулахад тодорхой нэг газраас эхлэх ёстой. Ийм өндөр түвшинд байна гээд гацаад зогсохгүй шүү дээ. Ял шийтгэлийн бодлогоос гадна урьдчилан сэргийлэх маш олон арга хэмжээ байгаа. Төрийн албан хаагчдыг ёс зүйд чиглэсэн, нийцэлд суурилсан, эрсдэлийн үнэлгээ хийх, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй.

Нэгт, төрийн албаны удирдлага руу чиглэж, ёс зүйтэй манлайлалд чиглэх, хоёрт, хууль тогтоомжид нийцэхийн тулд ямар шат дамжлагаар явж, хэрхэн шаглах вэ гэх аргачлал байдаг бол гуравт, эрсдэлийн менежментийг урьдчилан гаргах байдаг. Дөрөвт, иргэдэд мэдээлэл өгөх, оролцон тулгуурлах арга бий. Энэ мэт дөрвөн янзын арга зүй байдаг. Үүнийг манай улс бүгдийг нь бүх салбарт хийж байгаа ч системтэйгээр харах шаардлагатай.

-Хоёр янзын авлига бүхий л авлигынхаа суурь болж буйг ярианы эхэн үед хөндлөө. Үүнийг илүү дэлгэрүүлбэл?

-Нийгэмд байгаа шат шатны бүх салбарт авлига байгаа нь тодорхой байна. Үүнийг цэгцлэхийн тулд хоёр том салбарт анхаарах хэрэгтэй. Нэгт, улс төрийн хүрээний авлига орж байна. Монголд болж байгаа асар олон төрийн алба, албан тушаалын наймаа, чадваргүй хүмүүсийн томилгоо, дээд түвшний авлига нь бодлогын авлигад хамрагдана. Энэ нь зүгээр нэг чиг үүргээ гүйцэтгэхийн тулд иргэнээс нэхэж буй мөнгөний тухай биш тодорхой улс төрийн хүрээнд өндөр түвшний хөрөнгүүдийг хуваарилах замаар улс төрийн ашиг олдог тухай асуудал юм. Тухайлбал, хувьцааны хуваарилалтаас гадна 2020 оны сонгуулийн өмнөх ковидын дэмжлэг нэрээр 300 мянган төгрөг иргэн бүрт хуваарилсан асуудал тод жишээ болж үлдлээ. Үүнийг цар тахал нэрээр зөвтгөөд байгаа боловч улс төрийн ашиг олох нь тодорхой, нөлөөтэй шийдвэр юм. Энэ мэт алхмыг бид бодлогын авлига гэж нэрлэдэг. Төрийн бодлого мэт боловч улс төрийн ашиг олох нь цаанаа тодорхой байдаг. Энэ зүйл бусад салбарынхаа авлигын суурь болоод байгаа юм.

Төрийн алба улс төрөөс ангид байх учиртай салбар боловч улс төрийн дэмжлэгтэйгээр томилогдох, халагдах асуудал байна. Улс төрөөс үл хамаарах төрийн албатай болж чадахгүй байна. Үйлчилгээний албад хүртэл сургуулийн захирлаас эхлээд томилогдож байх жишээтэй. Төрийн тусгай алба хүртэл улс төрөөс ангид байх ёстой ч цагдаа, хууль сахиулах салбарт улт төрийн хамаарал байсаар байна. Улс төрийн нөлөө төрийн албыг чадавхын зарчмаар ажиллах боломжийг нь хясдаг.

Бид сонгуулийн мөнгө хаанаас гардгийг одоо болтол сайн мэддэггүй. Маш их мөнгө гардаг. Албан ёсоор тайлагнадаг хандивын мөнгө зэргийг бол мэднэ. Бодит байдал дээр тайлагнасан мөнгөн дүнгээ давж байгаа нь тодорхой. Сонгуулийн бус үеийн тойрог усалгааны бэлэг сэлт, тэмцээн уралдаан зохиосны шагнал, гадаад руу явуулах нь бүгд цаанаа зардалтай. Тэгэхээр улс төрийн зах зээл дээр асар их хар мөнгө байна гэсэн үг. Энэ бол ямар нэг аргаар буюу хувь хүртэх, мөнгө угаар замаар олсон төрийн мөнгө байдаг. Улс төрийн салбарын авлига бусад бүхий л салбараа эвддэг, үүсгэгч нь байдаг. Тиймээс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр улс төрийн авлига руугаа чиглэнэ гэчихсэн л байсан.

-Харин дараагийн салбарын авлига нь...?

-Хоёр дахь анхаарах ёстой авлига бол хуулийн салбар дахь авлига байна. Хуулийн салбарын болон улс төрийн салбар дахь авлигын асуудал бүхий л авлигын суурь болоод байна. Энэ хоёр заваарчих л юм бол бусад дагах салбарууд нь задгайрдаг. Цэцэрлэгт хүүхдээ оруулахад өгсөн мөнгө, эмнэлгийн үйлчилгээний талархлын хүрээ зэрэг төрийн үйлчилгээг авахын тулд өгсөн авлигыг улс төрийн хүчин түүнийг хамгаалахгүй. Үүнийг нь хуулийн салбар шийдэж өгч чаддаг бол дороо алга болно. Хамгаалдаг өөр систем ажиллаад байна. Хоруу чанар нь улс төр, хуулийн салбартаа хамгийн өндөр юм.

Улс төрийн салбараас хүсэл зориг харагдах ёстой. Монгол Улсын үнэт зүйл нь хууль ёс, хүний эрх, авлигагүй ил тод байх тогтолцоо шүү гэдэг анхан шатанд намуудаас харагдах ёстой. Харин хуулийн салбараас шударга ёсыг сэргээн тогтоож чадна, хуулийг хэрэгжүүлнэ, чанд сахиулна, авлига байвал илрүүлж, таслан зогсоож чадна гэх дохионууд явж чадвал бусад салбарын авлигыг засах бүрэн боломжтой. Бүх авлигын судалгаагаар Монголын хамгийн өндөр авлигатай салбараар нэгт, улс төр хоёрт, хуулийн салбар гэж орж ирдэг. Энэ хоёр салбар нь топ авлигачтай байхад бусад салбарт авлига байх нь энгийн зүйл байхаас өөрцгүй.

-Авлига хүний зан үйлээс үүсэлтэй юү эсвэл тогтолцоо, системийн гажуудлаас үүдэлтэй байна уу. Авлигын эх яг юунаас байна гэж та харж байна вэ?

-Эрх зүйн шинэчлэлтүүдийг бид хийж ирсэн. Үүгээр тогтолцооны шинэчлэлт хийж, энэ тогтолцоонд буруу гарын хүн орж алдаа гаргавал тогтолцоо тэр хүнийг зайлуулчихна гэж найдаж тогтолцоо, эрх зүйн шинэчлэлтүүдийг хийдэг. Дэлхий даяар явж байгаа бүхий л шинэчлэлтүүд системийн түвшнийх байдаг. Гэхдээ нэгэнт манай улс шиг авлига энгийн түвшинд очиж, ямар ч зөв шийдвэр гаргасан үнэмшихээргүй түвшинд очсон бол соёлын түвшинд гүнзгий анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хувь хүний ухамсрын түвшинд анхаарахаас өөрцгүй болж байна гэсэн үг. Үүнийг хэн нэгэнд буруу өгөхөөс илүү тогтолцоо ажилладаггүй учраас аргагүй байдалд ирж байна л даа.

-Нийгэмд чамирхал болоод талцал давамгайлж байвал тэр нь авлигатай нийгмийн илэрхийлэмж мөн-

-Авлигатай нийгмийг хамгийн энгийнээр хэрхэн таних вэ?

-Яагаад зарим нийгэмд ганган гоё хувцас сонирхдог вэ, Төрийн албан хаагчид цалингаасаа давсан үнэтэй цүнх барих, үнэтэй хувцас хэрэглэл, байр, машин, 9911-тэй дугаар зэрэг нэг тийм нийгмийн анги давхаргыг харуулахуйц эд хэрэглэл, зэрэг зиндааг тодорхойлох зүйлс байгаад байвал энэ нь авлигатай нийгмийн дохио юм. Ямар нэгэн байдлаар хар зах зээл дээр мөнгө эргэж байгаа нь тодорхой байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэргийг илрүүлж чадахгүй байна. "9911-тэй дугаараас залгавал миний дуудлагыг авна" гэх мэтээр тодорхой хэмжээний боломжтой бүлгийн гэдгээ илэрхийлэх гээд байдаг. Төрийн үйлчилгээ, бизнес харилцаанд нөлөөгөө нотлохгүй бол хүн биш мэт үнэлэгдээд байна. Үүний цаана нөлөөтэй хүмүүст үйлчилдэг нийгэм байна гэх энгийн зураглал босдог. Уг нь хүн ёсныхоо хүрээнд бүх ажил явж байх ёстой атал эдийн засгийн хувьд нөлөөтэй бүлгийн илэрхийллийг нийгэм нэхээд байна.

-Нөгөө талаас хар масс гэж яригдаад юм бүхнийг үгүйсгэж, нийгэмд талцал үүсгэх зэрэг нь авлигаас үүдэлтэй иргэдийн итгэл итгэл алдагдсаны илрэл хэмээн дүгнэж болох уу?

-Яг тийм. Засаглалын гол суурь нь Монголын төрд иргэд итгэж байх ёстой асуудал шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө цагаан сарын барилдаанаар Ерөнхийлөгч орж ирэхэд “Үү” гэж бүүлсэн шүү дээ. Хувь хүнээсээ үл хамаарч Монголын төрд иргэд ингэж хандана гэдэг маш аюултай. Аль засаг эрх барьж байгаагаас хамаарч, нийт иргэдийн саналаар сонгогдсон ерөнхийлөгч нийт иргэддээ хүлээн зөвшөөрөгддөг, иргэдээрээ дэмжүүлдэг байх учиртай. Төр засаг надад үйлчилгээ үзүүлнэ, гадуур явж байхдаа аюулгүй гэдгээ мэдэрч, хуулийн систем намайг хамгаална гэдэг итгэл байх ёстой. Манайх тэр итгэлээрээ аюултай нийгмийг бодвол харьцангуй гайгүй. Биеийн айдсаас илүү хүн үүднээс нийгэмд зөвшөөрөгдөж, ажилтай амьдралтай энгийн сайхан амьдарна гэдэг итгэлүүд нь алдраад байна.

Энэ итгэл алдраад ирэхээр бодит байдал дээр аюулгүй байдлын итгэлүүд ихэснэ. Нийгмийн итгэлцлийн индекс зэргээр мөн ухраад байна.

-Авлига хамгийн их байгаа газар хууль тогтоомж их байдаг гэж та тодорхойлсон байдаг. Энэ яг ямар учиртай үг вэ?

-Авлига өргөн дэлгэр тархаад байх тусам шийдвэрлэхийн тулд бодлогын салбарт тодорхой. Үүнийг шийдвэрлэхийн тулд ахиад л шинэ хууль тогтоомж бичиж үздэг. Байгууллага байгуулж үзээд л удирдлага томилохдоо эндээс биш юм байна тэндээс томилж үзье гээд л явдаг. Бид институцын түвшний л юм яриад байгаа. Гэтэл алдаанууд нь тэрнээс гүнзгий менежментийн түвшинд асар их алдаа байна. Түрүүнд дурдсан тендерийн жишээн дээр иргэдийн төлөөллөөс оролцуулна гэчхээд зараа нийтэд тавьдаггүй. Яг ингээд л жижиг хүрээ рүү эрх мэдэл төвлөрч авлига бий болох нөхцөл бүрдэнэ. Хэрэгжилтийн менежментийн түвшинд дүрэм журам, доод түвшний хэм хэмжээнд алдаа гарч, улс төрийн хүсэл зориггүй албан хаагчидтай. Тэрнээс доошилбол боловсролгүй, чадваргүй албан хаагчтай гэх зэргээр гүнзгий авч үзнэ.

Лундын их сургуулийн судлаачийн судалгаанд авлигатай улс байх тусмаа авлигын хууль тогтоомж нь их, хатуу чанд байдаг” гэсэн байдаг. Шийтгэлд голлоод байна. Шийтгэл бол авлигын эсрэг урьдчилан сэргийлэх арга арав гаруй арга хэрэгслийн нэг нь юм.

-Төр засаг урьдчилан сэргийлэх арга хэрэгслээс бүгдийг нь хийж байна. Хуулийг харвал бүх зүйлс шигтгэгдсэн. Гэтэл менежментийн түвшний ажлууддаа адил, удирдлагын түвшний ёс зүйн асуудал, сонирхлын зөрчлийг зохицуулах асуудал зэрэг дараа дараагийн шатны ажлууддаа орж чадахгүй хуулиа баталчхаад л санаа амраад байна. Хэрэгжилтийн асуудал дахиад л хөндөгдөж байна. Бодлого ч бай, хууль ч бай хэрэгжилт дээрээ алдаа гараад байна шүү дээ.

-Хэвлэлийн эрх чөлөөний ухралт бол авлига ялаад байгаагийн том илэрхийлэмж-

-Авлига хүний эрх хоёр хэрхэн уялддаг вэ?   

-Авлигатай газар хүний эрхийн баталгаа байхгүй. Яагаад гэвэл, хууль хүний эрхийг хамгаалдаг систем. Хууль зөрчигдөнө гэдэг хүний эрх хамгаалагдахгүй байна гэсэн үг. Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбарт орох ёстой мөнгө авлигын зарчмаар өөр тийш орсон л гэсэн үг. Нийгмийн үйлчилгээ хүртэх эрхүүд төрийн нөөцөөр, төсвөөр дамжиж хэрэгждэг. Сайн сургууль, сайн эмнэлэг эмч, хүрэлцээтэй байж л хэрэгждэг систем. Төсвийн авлига байгаа тохиолдол нийгмийн үйлчилгээ рүү хэзээ ч хангалттай түвшинд хөрөнгө оруулалт хийгдэхгүй.

Улс төрийн түвшний авлигыг улс төрийн эрхүүдээр дамжуулж илчилнэ. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөө байна. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах нь улс төрийн авлигыг багасгах үр нөлөөтэй арга хэрэгсэл гэсэн үг. Хэвлэлийн эрх чөлөө яагаад муудаад байна вэ гэвэл авлигад ялагдаад буюу авлига хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарж ялаад байна гэсэн үг. Ардчиллын систем яг л цагийн механизм шиг нэг нь эргэхэд дагаж эргэдэг буруу эргэвэл дагаад буруу эргэдэг систем юм. Үүний засварыг нэг ухаантай хүн эсвэл нэг нам хийхгүй. Хүн бүрийн зориг оролцоо чухал болчихлоо.

 Энэ гажуудлаас бид хэрхэн гарах гарц байна гэж харж байна вэ?

-Бодлогын, улс төрийн түвшинд хийх ёстой зүйлс бий. Хуулийн салбарын авлига чухал нөлөөтэй учраас хуулийн салбар өөрсдөө өөрийгөө цэвэрлэх шаардлага байна. Бидэнд мэргэжлийн холбоод гэсэн системүүд байна. Хуулийн хэрэгжилтийн түвшинд засварлах боломж зөндөө байна. Хуульч, өмгөөлөгчдийн холбоо байна. Хууль баталснаас үл хамааран мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, ёс зүйн дүрмүүдийг сахиж ажиллах, бие биедээ шаардлага тавихаас эхлэн өмгөөлөгч, прокурорууд биеэ хянах ёстой. Хоёрдугаар чухал хэсэг нь хэвлэл мэдээллийн салбар маш чухал байдаг. Нийгмийн болохгүй зүйлсийг илчилж, иргэдийн хяналтад болохгүй байгаа зүйлийг ил болгодог голлох салбар юм. Яг үнэнийг хэлэхэд хэвлэлийн салбарын өгч байгаа мэдээлэл дээр гаргаж л иргэд сонголт хийж байгаа. Тиймээс хэвлэлийн салбар зохион байгуулалттай мэдээлэл өгөөд байвал иргэд хуурамч мэдээлэлд автаж, буруу сонголт хийсээр л байна.

Үнэн зөв мэдээлэл бол ардчиллын амин судас, цус нь, сонголт хийх үндэслэл нь юм. Тиймээс мэргэжлийн дундаа хуулийн салбар, хэвлэлийн салбар, иргэний нийгэм байдаг. Тиймээс иргэний нийгмээ дэмжиж, сайн дураараа мөнгө хөрөнгөгүй хүний эрхийг хамгаалахын төлөө, авлигаас урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллаж байгаа цөөн ч гэсэн хүмүүс жижигхэн ч гэсэн салбарлаад явж байгаа иргэний нийгэм мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл албан ёсны төрийн институцыг биш түүнийг хянадаг иргэний механизмыг чадавхжуулах хэрэгтэй гэсэн үг. Хийсээр байгаа ч төртэй өрсөлдөх түвшинд болж чадахгүй байна. Тэгэхээр миний хэлээд буй хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, мэргэжлийн холбоо, иргэдийн оролцооны механизм сайжраад ирвэл зөв зохистой мэдээлэл бий болж, хянах боломжууд үүснэ.

Мөн эрх мэдлийг төрөөс салгаж авах хэрэгтэй. Би л ганцаараа юу ч гаргасан болно гэдэг сэтгэлгээтэй төрийн албан хаагч хувьдаа ашигтай шийдвэр л гаргана шүү дээ. Намайг дэмжиж түшиж байгаа улс төрч маань хусагдах цагт би юмтай байх хэрэгтэй гэдэг үзэлтэй төрийн албан хаагч сонгуулийн өмнөх жилүүдэд ихээр ажиглагддаг.

Тэгэхээр системийн хувьд ч хувь хүний хувьд ч эрх мэдлийг төвлөрлийг байнга сааруулах хэрэгтэй. Мэргэжлийн ёс зүйг сахиулах, стандартыг хангуулах зэрэгт төр оролцох шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагууд дотоод ардчиллаараа хийх ёстой.

-Индекс олон улсад Монгол улсыг илэрхийлэх илэрхийлэмж болж чадах уу. Тухайлбал, хөрөнгө оруулалтын салбарт ямар нөлөөтэй вэ?

-Мэдээж энэ индекс ухарсан нь муу дохио. Хөрөнгө оруулалт маань найдваргүй, баталгаагүй юм байна, бизнест ямар ч төрлийн маргаан үүсэж болдог. Гол нь түүнийг хуулийн лагуу шийдвэрлүүлэхэд хэр боломжтой улс вэ гэдгийг харах нь хөрөнгө оруулагчдын гол асуудал байдаг. Учир нь хөрөнгө оруулалт хийх эсэхээ тухайн улсынхаа хуулийн системийг судалж байж орж ирдэг. Хуулийн систем нь найдваргүй, шүүх нь ажилладаггүй, хуулийн салбар нь хамгаалах чадваргүй байх юм бол хөрөнгө оруулагчийн зуртах шалтгаан болж байдаг. Хууль хэрэгждэг байх нь нийгмийг итгэлцлүүдийг сэргээдэг.

Хөрөнгө оруулагчид цэвэр итгэж орж ирдэг. Ирээдүйд ашиг олох ч юм уу үгүй ч юм уу эрсдэлтэй шийдвэр гаргаж буюу эдийн засгийн эрсдэл тооцож орж ирж байгаа. Хоёрдугаарт, хуувь зүйн болон хувь хүний эрсдэлүүд үүрч орж ирдэг. Бизнес орж ирээд ашиг олохгүй байвал тэр нь бизнесийн л асуудал. Гэтэл дээрэмдэх түвшинд тогтолцоотой байна гэдгийг авлигын индекс тэдэнд харуулж байдаг. Ганцхан эдийн засгийн үр ашиггүй байдалд очих юм байна биш хөрөнгө оруулагч өөрөө аюултай түвшинд очих, ялтан болгох ч эрсдэлтэйг тэдэнд харуулдаг голлох индекс юм. Хуулийн системд цагдаа, хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүх өмгөөллийн байгууллага бүгдийг нь хэлж байна.

-Авлигаас болж улс орнууд юугаар хохирч болдог вэ, авлигаас болж бид юунд хүрэх эрсдэлтэй вэ. Бид ер нь энэ хар нүхнээс гарч чадах уу?

-Бид авлигын хууль тогтоомжийг боловсруулахдаа ижил гараанаас гарсан Европын улсуудаа хардаг. Балтын гурван орон, Польш зэрэг баруунтшаа байгаа улсуудын авлигын үзүүлэлтүүд багассан. Бидэнд нутгархдаг үзэл авлигад маш том нөлөөлж, Европын улсуудаас ялгаруулаад байна. Хязгаарлах ёстой сонирхлын зөрчлүүдийг тодорхойлсноор хэрэгжүүлэх л чухал байна.

Тэд эрх мэдлийн төвлөрлийг сааруулж чадсан. Эдийн засгийн болон шийдвэр гаргалтын эрх мэдлийг сааруулж, иргэний механизмуудаа сайжруулсан. Улс төрийн авлигуудаа маш бага түвшинд аваачих хэрэгтэй. Улс төрийн мөнгийг аль болох хяналтад оруулж, маш бага мөнгөөр сонгууль хийж чаддаг болсон цагтаа л авлига буурсан гэж харах боломжтой.

-Авлига их байна гэх мэдээлэл их байх тусам авлига ихэсдэг гэх. Энэ хэр үнэнд нийцтэй вэ?

- Хүчирхийлэл их байгаа мэдээлэл хүчирхийлэгчид сэдэл өгч энэ төрлийн гэмт хэрэг ихсэх суурь болдог. Яг үүнтэй ижил асуудал юм. Авлигыг шийдлээ гэдэг мэдээлэл өдөр бүр мэдээ гараад байвал авлига аймар их байгаа юм байна гэх ойлголт өгнө шүү дээ. Тиймээс чөтгөрийн тойрогт орчихдог. Мөн авлигыг мэдээлэхдээ хүний эрх мэт мэдрэмжтэй мэдээлэх ёстой байдаг.

-Авлига өгсөн авсан хоёуланд нь хэрэг үүсгэдгээс үүдэн авлигын хэрэг илрэхгүй байх шалтгаан болдог уу?

-Энэ асуудал манай Эрүүгийн хууль дээр олон жил яригдсан. Авлига өгсөн, авсан, зуучилсан гэх гурван этгээд бий. Энэ тохиолдолд хэнийг нь шийтгэх вэ гэдэг нь тохиолдол бүрт янз бүр байдаг. Эрүүгийн процессын хуулиар хамран ажиллах гэрч гэх  ойлголт бий болсон учраас тодорхой томоохон гэмт хэргүүдийг илрүүлэхийн тулд хэрэгт холбогдсон хүмүүстэй хэлцэл хийх зарчмаар гэмт хэргүүдийг илрүүлэх боломжтой болсон. Энэ хүрээнд авлигын гэмт хэргүүдийг хэрэгт холбогдсон этгүүдүүдийг бүгдийг нь хуулийн дээд хэмжээгээр шийтгэх бус илүү үр ашигтай байдлыг яаж бий болгох вэ гэдгийг харах ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, илүү өндөр дүнтэй, илүү тогтолцоог гажуудуулаад буй авлигыг илрүүлэх нь бидэнд чухал юм. Тиймээс ял “наймаалцах” зарчмаар илүү олон системийн шинжтэй гүнзгий авлигыг илрүүлэх боломж үүссэн.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2024 11:04

Дэндүү номын амьдр�##�аас хол ярьж цэцэрхжээ. Ийм яриа хэнд ч, юунд ч тус болохгүй нь ойлгомжтой. Бид хувьсг�##� хийх ёстой. Тэгээд л гүйцээ.

Зочин
Зочин
2 сар 13, 2024 11:18

Сонгууль дөхөхөөр хүн болгон зоригтой болно оо.
Бусад онуудад нь дув дуугүй, ингэхээ л болиоч ээ.

Зочин
Зочин
2 сар 13, 2024 14:04

За шадаа бадмаа. Х.Тэмүүжингийн ну а хүүхэн гуай, цаадахынхаа 3 хүүхдийг өнчрүүлчихээд өөрөөсөө ёс зүйг эхлээ авгай минь.

Зочин
Зочин
2 сар 13, 2024 14:05

Хэн дуртай нь өөртөө судлаач нэр өгдөг болжээ ккк. Ганц судлагааны өгүүлэл хэвлүүлж үзсэн үү

Зочин
Зочин
2 сар 13, 2024 14:14

Монгол бүх юм байгаа олдоггүй зөвхөн авилга ч биш

Холбоотой мэдээ

Back to top button