Үйлдвэрлэгч: Жилд 30 сая дэвтэр үйлдвэрлэж дотоодын зах зээлээ 95 хувь хангадаг "Улаанбаатар Принт" ХХК
"Улаанбаатар Принт" ХХК 1997 онд үүсэн байгуулагдсан 27 жилийн түүхтэй. Анх сурагчийн 12 хуудастай дэвтэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ компани өнөөдөр сурагчийн дэвтрийг зургаан төрлөөр үйлдвэрлэдэг болж өргөжжээ. Мөн зургийн дэвтэр, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан дасгал ажлын дэвтэр, оюутан залуучуудад зориулсан "Оюутан" дэвтэр, А4 дэвтэр гэх мэт нийт 54 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Монгол улсын дэвтрийн зах зээлийг бүрэн хангаж буй энэ компани одоо хэвлэлийн салбарын ууган үйлдвэрүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тэд анхны хүний нөөцөө 20 дахин тэлж "Улаанбаатар Принт" үйлдвэрийн бүтээгдэхүүн, "Double A" брэндийн бүтээгдэхүүн нийлсэн 140 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот, 21 аймагт гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгчид нийлүүлж байна.
Иймд бид тэдний үйлдвэрийг зорилоо. Энэ хэсэгт "Улаанбаатар Принт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Дөлгөөний яриаг хүргэж байна.
-Бид 2016 онд дотоодын зах зээлийн 60 хувийг хангадаг байсан бол одоо 95 хувийг дангаар хангаж байна-

-Улаанбаатар Принт ХХК анх дэвтэр үйлдвэрлэх болсон шалтгаан юу байсан бол гэдгээд яриагаа эхэлье?
-1997 онд буюу тухайн цаг үед сурагчдын хэрэглэж байсан дэвтэр 100 хувь импортынх байсан гэж хэлж болно. Бидний сайн мэдэх одоо ч зах зээл дээр байгаа 12 хуудастай орос ногоон дэвтрийг сурагчид маань хэрэглэдэг байсан. Тиймээс сурагчийн 12 хуудастай дэвтрээр импортыг нөхсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг зорилгоор үйлдвэрээ үүсгэн байгуулаад анх 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр гараанаас гарсан. Үүнээс хойш буюу өдгөө 27 жилийн дараа Монгол Улсын сурагчийн дэвтрийн зах зээлийн 95 хувийг дангаараа ханган ажиллаж байна. Бидний импортын дэвтрийг халж гарсан бүтээгдэхүүн маань энэ. Анхны хувилбараас мэдээж өнгө төрх, материал, нэмэлт мэдээллүүд зэрэг зүйлс дээр технологийн шинэчлэлүүд тасралтгүй хийгдээд явж байгаа. Гэхдээ анхны төрхөө алдалгүй хадгалсаар өдийг хүрч байна.
-Анх арвуулаа байсан гэлээ. Одоо хэр олуул болж өргөжөөд байна вэ?
-Одоогийн байдлаар бид 200 гаруй ажилтантай. Дэвтрийн үйлдвэрлэл дотроо 54 өөр нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Шугамын хэмжээ, дэвтрийн зузаан, хавтасны өнгө зэрэгт анхаарч цаашлаад мэргэжлийн сурагчдад зориулсан нот, ханзны болон зөв бичих дадлыг суулгах зорилготой дасгал ажлын дэвтэр зэргийг үйлдвэрлэж байна.
-Үйлдвэрлэлийн төрөл нэмэгдсээр байгааг цаг үетэй холбоотой гэж ойлгож байна?
-Цаг үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай холбоотой. Дээрээс нь бид 27 жилийн түүхийн хугацаанд бүтээгдэхүүнүүдийн чанар дээр тасралтгүй сайжруулалт хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор бага багаар импортын бараа бүтээгдэхүүнийг дэвтрийн зах зээлээс халж эхэлж байгаа гэсэн үг. Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2021 оноос хойш бид зургийн болон шугам зургийн гэх мэт мэргэжлийн хичээлийн дэвтрүүд үйлдвэрлэх замаар нэр төрлөө нэмж байгаа.
2016 онд "Улаанбаатар Принт" компани дэвтрийн үйлдвэрлэлээрээ дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг хангаж ажилладаг байсан. Үүнээс хойш үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжид дахин сайжруулалт хийгээд бүрэн автомат болгосон. Мөн бүтээгдэхүүний гол түүхий эд болох цаасан дээр маш их ач холбогдол өгч, анхаарч сайжруулалт хийж байгаа.
Гол тэлэлт хийсэн шалтгаан нь чанартай бүтээгдэхүүн хэрэглээнд дадал болсонтой холбоотой.
-Дэвтрийн экспортоо Төв Азийн орнуудаас эхэлнэ-

-Дотоодын зах зээлийн 95 хувийг дангаараа хангаж байгаа гэдэг өндөр үзүүлэлт. Жишээлбэл 95 хувийг хангана гэхээр жилд хэдэн ширхэг дэвтэр үйлдвэрлэдэг гэсэн үг вэ?
-Монгол Улсын зах зээлийг жилд 30 орчим сая ширхэг дэвтэр гэж үздэг. 2024 оны байдлаар нийт 900 мянга орчим сурагч, оюутнууд дэвтэр хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ зах зээл дээр одоо ч импортын дэвтэр байсаар байгаа. Гэхдээ манайх шиг чанартай дэвтэр гаднаас орж ирдэггүй.
Яагаад чанарыг ингэж онцлоод байна вэ гэвэл бидний хувьд дэвтэр гэдэг зүйлийг зүгээр нэг хичээл бичээд хаядаг цаас гэхээс илүү өөр түвшинд авч үздэг. Тодруулбал, дэвтрийг бид боловсролыг дэмжих хэрэгсэл гэж үздэг. Тэгэхээр дэвтэр ашиглахад чанартай, эдэлгээтэй, бичсэн бал нь гартай наалдаад, ард урдаа давхарлагдахгүй байх ёстой. Тиймээс эдгээр дээр анхаардаг. Мөн дэвтрийн шугамын өнгийг бууралттай өнгөөр татдаг. Энэ нь удаан хугацаанд хараад суусан ч хүүхдийн хараанд муугаар нөлөөлөхгүй. Дээрээс нь дэвтэр дээрээ бичихэд хүүхдийн гар зууралдахгүй, гулгамтгай цаасаар үйлдвэрлэдэг.
Хүүхдүүд дэвтрийн хуудсаа өдөрт маш олон удаа эргүүлдэг. Цаасны түүхий эд бол мод. Тиймээс муу боловсруулалтаас үүдэж, чанар алдагдаж маш их тоосонцрыг ялгаруулдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн тогтмол арьстай хүрэлцэж байгаа учир хүнсний бүтээгдэхүүнээс ялгаагүй. Иймд маш сайн анхаарч, сайжруулалт шинэчлэлүүдийг тасралтгүй хийж байх зайлшгүй шаардлага байсаар байдаг онцлогтой.
Видео:
-Чанарыг дагаад үнэ нэмэгдэж байгаа байх. Жишээлбэл 1997 онд ширхэг нь хэдээр зарагдаж байсан бэ?
-1997 онд яг хэдэн төгрөгөөр худалдаалагддаг байсныг тодорхой мэдэхгүй байна. Дэвтэр бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн биш. Хүн бүрд боловсрол тэгш хүртээмжтэй байх ёстой. Тэгэхээр боловсролыг дэмжиж байгаа суурь бүтээгдэхүүн өөрөө ямар ч амьдралтай хүн худалдаад авах боломжийн үнэтэй байх ёстой. Бидний хувьд дэвтрийнхээ үнийг зах зээл дээр тогтмол үнээр барих бодлогыг баримталдаг. Одоогоор сурагчийн дэвтэр нэг ширхэг нь 420 төгрөгийн үнэтэй. Хэдий бид сайн чанарын япон цаас ашиглаж байгаа ч бусад зардлуудыг хамгийн бага түвшинд байлгах замаар бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх дээр ач холбогдол өгч ажилладаг.
-Цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна. Магадгүй гадаадын зах зээл рүү гарвал бидэнд боломж байна уу?
-Нэгдүгээрт бид дотоодын зах зээлийн 95 хувийг хангаж байгаа нь 100 хувийг хангаж байгаа хэрэг биш. Гэхдээ 100 хувь хангахыг зорьж ажиллаж байгаа. Энэ нь зөвхөн тэр хэмжээгээрээ ашиг, орлого олох гэсэн санаа биш. Тухайн бүтээгдэхүүнд бид маш их ач холбогдол өгч, хөдөлмөр шингээж боловсрол болон эрүүл мэндийг дэмжих хэмжээнд хүртэл боловсруулсан учраас үүнийг маань монгол хүүхэд бүр хэрэглээсэй гэж хүсэж байгаа. Тиймээс 100 гэдэг тоо руу тасралтгүй зорьж байна.
Хоёрдугаарт, бизнес утгаараа цар хүрээгээ тэлж 200 гаруй ажилтныхаа амьдралын чанарыг дээшлүүлэх ёстой. Тиймээс бид дараагийн зорилго болох Дундад Ази руу анхаарлаа хандуулж байна. Дундад Азийн орнуудаар бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж ажилласан. Одоо хүртэл энэ орнуудын хүүхдүүд манай улсад 27 жилийн өмнө ашиглаж байсан дэвтрийг хэрэглэж байгаа. Мэдээж тэр дэвтрийн чанар дээр хэлэх зүйл байхгүй. Гэтэл бид чанараар хол давсан дэвтрийг эх орондоо үйлдвэрлэж чадаж байгаа. Ийм байхад яагаад тэр улсын хүүхдүүд энэ эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж гэдэг амбицтайгаар экспорт хийж эхлэхээр төлөвлөж байна. Цаашлаад дэлхий рүү ч гарах амбиц байж болно. Экспортын эхлэлээ бол Төв Азийн орнуудаас эхэлж байна.
-Зах зээлийг эзлэх боломж байна уу?
-Мэдээж бид тухайн зах зээл дээр очоод 95 хувийг нь эзэлнэ гэж зорьж ажиллахгүй байна. Тэнд манай бүтээгдэхүүн дунд болон түүнээс дээш түвшний худалдан авагчдад зориулагдана. Дэлхий нийт байгальд, хүнд ээлтэй бүтээгдэхүүн рүү зорьж байна. Эргээд боловсрол ямар чухал вэ гэдгийг ч эдгээр орнууд авч үзэж эхэлж байна. Иймд бидэнд бизнесийн боломж байгаа. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн хүчин чадал, хүний нөөцийн асуудал яригдах байх. Гэхдээ одоогийн нөөц боломжоороо гадаадын зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байна.
-Дотоодын зах зээлийн 95 хувийг хангадаг монгол дэвтрийг ингэж үйлдвэрлэдэг-
Жил ирэх тусам сурагчийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэвтрийн хэрэглээ ч нэмэгджээ. Мөн цаг үеэ дагаад загвар, өнгө төрх, чанар зэрэгт зайлшгүй анхаарч, хурдтай мэдэрч хэрэглэгчдийн санал, сэтгэгдэлд нийцүүлэх хандлага чухалд тооцогдож байна.
Энэ тухай тус компанийн Борлуулалтын албаны дарга Б.Билгүүн,

"Tухайн жилийн тренд сэдэв, хүүхдүүдийн түлхүү сонирхож байгаа зүйлүүд дээр судалгаа хийж үр дүнг бүтээгдэхүүндээ шингээдэг. Энэ хүрээнд эцэг эх сурагчдаас санал, асуулга авахаас гадна цахимаар тэдэнтэй харилцаа тогтоон ажилладаг. Тухайлбал дэвтрийн хавтасны зургийг зөвхөн дизайнер дангаар шийдэх биш хэрэглэгчдийнхээ санал болгосон зургууд дээр үндэслэж сонгодог учир манай дэвтрийг худалдан авах гол шалтгаануудын нэг нь энэ юм" гэлээ.
Энэ үйлдвэр анх 27 жилийн өмнө Монгол дэвтэр нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, зөвхөн сурагчийн дэвтэр үйлдвэрлэж эхэлсэн. Харин одоо гурван ээлжээр тус бүр 26 хүнтэйгээр ажилладаг. Нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй.
Дэвтэр үйлдвэрлэх процессын тухайд Үйлдвэрийн ерөнхий инженер Я.Ганбат,

"Өдөрт 130,000 орчим, жилд 30 сая ширхэг дэвтэр үйлдвэрлэдэг. Мөн хоногт 70,000 орчим сэтгүүл хийх хүчин чадалтай. Үйлдвэрлэлдээ Энэтхэг улсын бүрэн автомат тоног төхөөрөмж ашигладаг. Өөрөөр хэлбэл хүний оролцоо бага гэсэн үг.
Манайх захиалгат хэвлэл болон дэвтэр үйлдвэрлэл гэсэн хоёр тусдаа цехтэй. Захиалгат хэвлэл дээрээ дэвтрийнхээ хавтсыг хэвлэдэг. Өмнө нь дөрвөөс таван машин дамжиж байж дэвтэр бэлэн болдог байсан бол одоо дээр дурдсан ганц л машин энэ бүх ажлыг гүйцэтгэж байна. Тухайн машины дэргэд ердөө гуравхан хүн ажилладаг. Тодруулбал хажуугаас хавтас оруулах, дэвтрийг эцсийн бүтээгдэхүүн болоод гарч ирэхэд цэгцэлж, тоолж багцлахад л хүний оролцоо шаарддаг" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоцрогдсон муу дэвтэр хийдэг
Сайн дэвтэр