Гадаад мэдээ

Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж л чадна

Доналд Трамп Роберт Лайтхайзерыг АНУ-ын худалдааны төлөөлөгчөөр сонгохоо мэдэгдсэн. Лайтхайзер бол Трамп өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь БНХАУ, АНУ-ын худалдааны дайныг хэрэгжүүлсэн хүн. Түүнээс гадна БНХАУ-ыг шүүмжилж ирсэн Марко Рубио, Майк Уолз гэх мэт хүмүүсийг тэр засгийн газрын чухал байршлуудад томилох төлөвтэй байгаа.

Бээжин тэдгээр хүмүүсийн томилгоонд сэтгэл дундуур байгаа нь мэдээж. Санхүүгийн зах зээл ч үүнтэй санал нэг байгаа бололтой. Трамп сонгуульд ялснаас хойш юанийн ханш ам.долларын эсрэг 2 хувиар буурсан байна. Хэрэв Трамп БНХАУ-ын бараануудад 60 хувийн гаалийн татвар ногдуулна гэснээ хэрэгжүүлбэл энэ бууралт үргэлжлэх магадлалтай. 

Ямар ч хэмжээний нэмэлт татвар дэлхийн хамгийн том экспортлогч орон болох БНХАУ-ын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна, Трампын худалдаа, татварын бодлого нь инфляцыг ихэсгэж магадгүй тул АНУ-ын хүүг өндөр байлгаж, ам.долларын ханшийг чангаруулах юм. Трамп БНХАУ-ын эсрэг авсан анхны гаалийн татварын арга хэмжээ 2018 онд юанийн ханшийг ам.долларын эсрэг 5 хувиар бууруулсан. 

Энэ явдал давтагдах нь Хятадын эдийн засгийн төлөвлөгчдөд толгойны өвчин болно. Ялангуяа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсаа санхүүгийн хүчирхэг гүрэн болгохын тулд юанийн ханшийг бат тогтвортой байлгахыг эн тэргүүний зорилт болгосон байгаа энэ үед. Валютын сулрал нь дефляцыг даамжруулж, эдийн засгийн өсөлт удааширч буй үед хэрэглэгчдийн эрэлтэд сөргөөр нөлөөлөх аюултай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Бээжингийн тэвчих дээд хязгаар бол 1 ам.доллар 8 юаньтай тэнцэх аж.  

Бодлого боловсруулагчдад авч болох хэд хэдэн арга бий. Тухайлбал, юанийн ханшийн төв утгыг өөрчилж ам.долларын эсрэг 2 хувь чангаруулж эсвэл сурлуулж болно. Энэ арга хэмжээг юанийн ханш бууралтыг сааруулахад байнга ашигладаг. Мөн эрх баригчид төрийн өмчит банкнуудад юань худалдан авч, ам.доллар худалдахыг тушааж болно. Дээрээс нь ам.долларын зээл олгох хязгаарыг ихэсгэж, арилжааны талбаруудыг валютын ханшийг тодорхой босгоос доош унагаахгүй байх чиглэл өгөх боломжтой. 

Хэдийгээр юанийн ханшийг хатуу хянагддаг ч гэсэн зах зээлийн дарамтад өртөмтгий хэвээр байгаа юм. Дээр дурдсан арга хэмжээнүүд нь сүүлийн жилүүдэд валютын хэлбэлзлийг зөвхөн удаашруулах боломжтой байснаас биш, бүрэн зогсоож эсвэл буцааж өсгөж чадаагүй. 

Өөр нэг арга бол БНХАУ 3.26 их наяд ам.долларын гадаад валютын нөөцөө ашиглах юм. Гэвч 2015 онд төв банкны зүгээс ханшийг хэт унагаахгүй байх оролдлого нь 1 их наяд ам.долларын нөөцөө зарцуулахад хүргэж байсан. Үүний дараа төв банкны мэргэжилтнүүдийг нөөцөө илт ашиглахаас зайлсхийдэг болсон юм.

Иймд БНХАУ-ын эрх баригчид юанийн ханшийг тодорхой нэг цэгээс доош унахаас зайлсхийхийг хүсэж болох ч бодлого боловсруулагчид ханш уналтыг зогсоох хангалттай хэрэгсэлгүй байх магадлалтай.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 19, 2024 13:44

Да дада да

Холбоотой мэдээ

Back to top button