Бурхан багшийн дүйчин өдөр: Гурван их үйл явдлыг дурсах өдөр

Жил бүрийн зуны эхэн сард тохиодог Бурхан багшийн дүйчин өдөр нь буддын шашинтнуудын хувьд хамгийн ариун, хүндэтгэлтэй өдөр бөгөөд Будда хэмээн алдаршсан Гаутама Сиддхартхагийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд хүрсэн гурван чухал үйл явдал нэгэн өдөр тохиосон гэдэгт үндэслэдэг. Энэ нь зөвхөн шашны зан үйл бус, хүн төрөлхтний ухамсар, энэрэл, нигүүлслийг дээдлэх сэтгэлийн баяр хэмээн үздэг бөгөөд Монголчуудын хувьд ч гүн хүндэтгэлтэй тэмдэглэдэг уламжлалтай.
Гурван их үйл явдлын ариун учир нь:
- Төрсөн нь - Махбодид илрэн мэндэлсэн эхлэл
- Будда буюу Бурхан багш нь МЭӨ 563 онд одоогийн Непал улсын Лумбини хотод хааны гэр бүлд мэндэлсэн гэж үздэг. Түүний төрсөн өдөр нь буддын шашны улирал буюу васар сарын шинийн 15-нд тохиодог. Энэхүү өдөр нь хүний махбодоор орчлонд мэндэлж, амьдралын зовлон, амар амгаланг өөрийн биеэр мэдэрч гэгээрэлд хүрэх эхний алхам тавигдсан мөч хэмээн хүндлэгддэг.
- Гэгээрсэн нь - Мэдлэгийн дээдэд хүрсэн агшин
- Сиддхартха 29 насандаа хаан ордноо орхиж, үнэний эрэлд гарсан. Тэрээр олон жил багш нарын шавь байж, эцэст нь Бодь модны дор 49 хоног бясалгасны үр дүнд гэгээрэлд хүрч Бурхан багш болсон. Энэ нь зовлонгийн уг сурвалж, учир шалтгаан, төгсгөх боломж, зам мөр буюу “Дөрвөн эрхэм үнэн”-ийг танин мэдэж, хүн төрөлхтөнд сургамж хайрлах чадвартай болсон торгон мөч байв.
- Нирваанд хүрсэн нь - Сэтгэлийн төгс амар амгалан
- Тэрээр 80 нас хүрээд шавь нартаа эцсийн сургаалиа айлдсаны дараа нирваанд орсон. Энэ нь буддын шашинд үхэл бус, сэтгэлийн бохирдлоос ангижирч, төгс төгөлдөр амар амгаланд хүрсэн гэж үздэг юм.


Монголчуудын дунд энэхүү өдрийн ач холбогдол:
Монголчууд энэхүү өдрийг бясалгал, буян хураах, өршөөл нигүүлсэл үзүүлэх ариун өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай. 2012 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас энэ өдрийг нийтийн амралтын өдөр болгон зарласан. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын төрийн зүгээс Буддын шашны уламжлал, соёл, зан үйлийг хүндэтгэх, ард түмний шашин шүтэх эрхийг дэмжих зорилготой гаргасан. Энэ өдөр сүм хийдүүдэд мөргөл үйлдэх, ном хурж уншуулах, маань унших, амьтанд туслах, хандив өргөх зэрэг буянтай үйлсийг өргөнөөр хийдэг билээ.
Буян арвижих, нүгэл арилах нигүүлсэл дүүрэн мөч:
Буддын шашинд Бурхан багшийн дүйчин өдөрт хийсэн буян арван мянгаар үржигдэнэ гэж үздэг. Тиймээс энэ өдрийг муу сэтгэлээс ангид, зөв бодол, сайн үйлсээр өнгөрүүлэх нь чухал хэмээн номлосоор иржээ. Ард иргэд энэ өдөр:
- Махнаас татгалзах
- Амьтанд туслах, суллах
- Мод тарих, байгальд ээлтэй үйл хийх
- Өршөөлийн сэтгэл гаргах, гомдлыг уучлах
зэргээр өөрийн үйлдлээрээ гэгээрэл, энэрэл, нигүүлслийг илэрхийлдэг байна.
Сэтгэлийн гэгээрлийг өдөр тутамдаа:
Бурхан багшийн дүйчин өдөр нь зөвхөн нэг өдрийн баяр биш. Энэ өдөр нь хүн өөрийн сэтгэлд гэрэл асаах, бусдыг хайрлах, уучлах, туслахын үнэ цэнийг ойлгох, дотоод амар амгаланг эрж хайхыг уриалдаг. Орчлонгийн үйлийн үрийн хуулийг танин мэдэж, буян нүглийн ялгааг ухамсарлан, амьдралыг илүү гэгээлэг болгох сургаал юм. Энэрэл, тэвчээр, оюун ухаан гурваар дотоод ертөнцөө гэрэлтүүлж чадвал, дэлхий өөрөө гэрэлд автдаг хэмээсэн Бурхан багшийн үгс өнөө цагийн хүн бүрт хамаатай билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.