Eurasianet: Олон жилийн турш хайхралгүй явсны дараа Төв Ази Монголтой хийх худалдааны боломжийг ухаарч байна

"Eurasianet" сайт "Олон жилийн турш хайхралгүй явсны дараа Төв Ази Монголтой хийх худалдааны боломжийг ухаарч байна" гарчигтай нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг оруулж хүргэе. Тус сайт танилцуулга дээрээ “Eurasianet бол Өмнөд Кавказ болон Төв Азийн талаарх мэдээ мэдээллийг хүргэдэг хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тухайн бүс нутагт болж буй хамгийн чухал үйл явдлуудыг газар дээрээс нь сурвалжилж, шүүмжлэлтэй, өргөн хүрээний өнцгөөс хүргэдэг” гэж бичжээ
Сүүлийн хэдэн жилд Төв Азийн орнууд хилийн маргааныг шийдвэрлэх, худалдааны холбоогоо сайжруулахад анхаарч ирсэн. Харин одоо тэд хүрээгээ тэлж, Төв Азийн соёл, түүхийн хувьд гүн ач холбогдол бүхий ч сүүлийн үед мартагдаад байсан Монгол Улсыг шинэ түншээр харж эхэлж байна.
Зургаадугаар сарын 24-25-нд Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төрийн айлчлал хийлээ. Энэ нь ЗХУ нуран унаснаас хойш Узбекистаны төрийн тэргүүн Монголд анхны удаа айлчилсан тохиолдол юм. Мирзиёев айлчлалыг “Найрсаг харилцаа, олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүхэн үйл явдал боллоо” хэмээн онцолсон юм.
Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчны хамгаалал, нэхмэл хувцас үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт худалдааны хамтын ажиллагааны суурийг тавих олон тохиролцоонд хүрсэн. Мөн Мирзиёев хэлэхдээ Узбекистан улс Улаанбаатарт худалдааны төв байгуулж, хоёр орны иж бүрэн түншлэлийн “бодит суурь” болгоно гэж мэдэгдсэн юм. Үүн дээр нэмээд энэ намраас эхлэн хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэхээр болсныг зарласан байна.
Монголд илүү анхаарал хандуулах болсон цорын ганц Төв Азийн улс Узбекистан биш. Зургаадугаар сарын эхээр Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов мөн Улаанбаатарт төрийн айлчлал хийсэн. Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ашхабадад хийсэн айлчлалын хариуд Бердымухамедов Монголд айлчилсан юм.
Бердымухамедовын айлчлал ёслол төдий өнгө аяс давамгайлсан. Гэхдээ хоёр улсын төлөөлөгчид 2026–2028 оны хооронд улс төрийн харилцаа, тээвэр логистик болон худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөрүүд боловсруулах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Туркменистаны "Golden Age" мэдээллийн сайтад Бердымухамедов нийтлэл оруулахдаа “Туркмен-Монголын харилцаа системжиж, харилцан ашигтай, тогтвортой түншлэл болон өргөжиж байна” гэсэн юм.
Төв Азийн орнууд болон монголчуудын соёлын холбоотой. XIII зуунд Евразийн эх газрыг байлдан дагуулсан явдал, нүүдэлчин уламжлал, Зөвлөлтийн үеийн социалист нөлөөлөл зэрэг олон зуун жилийн соёлын нийтлэг түүхтэй. Гэвч энэ хамтын түүх нь ЗХУ задарснаас хойших 30 жилд бодит дипломат хамтын ажиллагаа болон хөгжөөгүй юм.
Гэхдээ өнгөрсөн жил Монгол Улс “соёлын ойр төрөл” бүхий бүс нутгийн орнуудтай худалдааны харилцаа тогтоох санаачилга гаргасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн намар Туркменистанд, зургаадугаар сард Төв Азийн бусад орнуудад айлчилсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард Казахстаны Ерөнхийлөгч Токаев Монголд төрийн айлчлал хийсэн.
Зургаадугаар сарын 19-нд Улаанбаатарт болсон бүс нутгийн худалдааг хөгжүүлэхэд чиглэсэн форумын үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс Төв Азид өрнөж буй үйл явцыг гаднаас ажиглагч бус, идэвхтэй оролцогч нь болж байна” хэмээн мэдэгдсэн. Зүүн Азиас Европ руу чиглэсэн “Дундын коридор” нэртэй худалдааны сүлжээнд Монгол Улс чухал гүүр болж байгааг тэр онцолсон юм. Ойрын саруудад хийх ёстой гол зүйл бол зохицуулалтын орчныг уялдуулах замаар худалдааны “саад бэрхшээлийг” арилгах хэрэгтэй гэж Т.Доржханд хэлсэн байна.
Монгол Төв Азийн орнуудтай худалдаагаа өргөжүүлэхэд саад болдог зүйлүүдийн нэг бол газар зүй. Төв Азийн орнууд болон Монголын хооронд газрын шууд холбоо байхгүй. Монгол бол ОХУ болон БНХАУ-д бүрэн хүрээлэгдсэн далайд гарцгүй орон. Мирзиёев Улаанбаатарт айлчлахдаа үг хэлэхдээ энэ бэрхшээлүүдийг хүлээн зөвшөөрч, “Далайд гарцгүй орнуудын хувьд мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үр дүнтэй тээврийн гарцуудаа хамтран хөгжүүлэх” тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн юм.
Төв Ази болон Монголын хамтын ажиллагааг АНУ болон Европын Холбоо идэвхтэй дэмжиж байна. Зургаадугаар сарын 19-нд болсон бүс нутгийн форумын үеэр Монгол дахь АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Бүс нутгийн хамтын ажиллагаа бол стратегийн сонголт төдийгүй урт хугацааны хөгжил, цэцэглэлтийн зайлшгүй шаардлага” хэмээсэн. Тэр Монгол Улсыг “Төв Ази болон дэлхийн зах зээлийг холбох чухал гүүр” хэмээн тодорхойлсон.
Европын холбооны Монгол дахь төлөөлөгч Ина Марцулёните газарзүйн саадыг даван туулахын тулд бүс нутгийн удирдагчдыг цахим холбоог бэхжүүлэхэд анхаарахыг уриалав. Түүний хэлснээр ийм төрлийн холбоо нь газрын тээвэртэй дүйцэхүйц чухал юм. Мөн Европын холбооны “Copernicus” санаачилгын хүрээнд цахим хамтын ажиллагаанд туслах боломжтой гэв. Энэхүү хөтөлбөр нь хиймэл дагуулын дүрс ашиглан засгийн газруудыг газрын болон усны нөөцийг үр ашигтай ашиглах, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг үнэлэх, геологийн судалгаа хийх зэрэг олон чиглэлд дэмждэг.
Марцулёните мөн Европын Хөрөнгө Оруулалтын Банк Узбекистанд салбар нээхээр болсон тухай онцолсон юм. Тэрбээр үүнийг “маш чухал алхам” хэмээн нэрлэж, Монгол-Төв Азийн худалдааг хөгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг хурдасгах боломжтой гэж үзжээ.
Эх сурвалж: Eurasianet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.