ЦУОШГ: Нийслэл орчимд 8-15-ны өдрүүдэд лууль, шарилж цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй

Улаанбаатар хот орчимд лууль, шарилж төрлийн ургамал энэ сарын 8-15-ны өдрүүдэд цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байгаа тул ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүс түүнээс урьдчилан сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ургамлын цэцгийн тоос – Цаг уурын нөхцөл
Цэцэгт ургамлын тоосовчийн бөөгнөрлийг ургамлын тоос буюу эр бэлгийн эс гэнэ. Тоос хүртээгч шавжийг өөртөө татахын тулд цэцэгт ургамал олон жилийн хувьслын явцад маш амтлаг, тэжээллэг тоосыг гаргадаг. Ургамлын тоос, тоосонцрын харшил нь дэлхий даяар олон сая хүмүүст нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхий дээр 400 сая хүн харшлын ринит (Хамрын ханын салст үрэвсэх), 300 сая хүн Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчнөөр шаналж байна (Pawankar, R., 2014). Шарилжийн цэцгийн тоос нь агаарт хэдэн мянган миль зайд тээвэрлэгдэх боломжтой бөгөөд шарилж лууль ургадаггүй газарт хүртэл шинж тэмдэг үүсгэх боломжтой байдаг. Европт шарилжийн цэцгийн тоос 2050 он гэхэд дөрөв дахин өсөх магадлалтай байна
Агаараас ургамлын тоос уулын ойт хээрийн тойрогт судалсан дүнгээс үзэхэд, тус тойрогт агаарт тохиолдох ургамлын тоос улирал, сар, өдрөөр өөрчлөгдөж байв. Агаарт Sаliх (бургас), Рорulus (улиас), Веtulа (хус), Рinus, Ulmus зэрэг мод сөөг, Роасеае, Рinасеае, Веtilасеае, Sаliсасеае, Rаnunсulасеае, Роlygоnасеае, Ulmасеае, Рараvегасеае, Саrуорhуlасеае, Fаbасеае, Lеgyminасеае зэрэг овог төрлийн тоосны мөхлөгүүд тодорхойлогдож, Аrtеmisia, Сhепороdium, төрлийн тоос тодорхойлогдсон байна.
Мөн Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар нийт ургамлын тоосны 34,4%-ийг Аrtemisia, 15%-ийг Роасеае, 14%-ийг Chenороdium, 11%-ийг Рinus, 9,6%-ийг Рорulus, 7,5%-ийг Веtulа, 2,3%-ийг Larix, 0,1-1,0%-ийг Rаnunсulасeае, Роlygonасеае, Ulmасеае, Рараvегасеае, Саrуорhуlасеае, Fаbасеае, Legyminaсеае эзэлж байна.

Цаг агаарын нөхцөл байдал нь ургамлын цэцгийн тоос, түүний тархалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол оронд харшил үүсгэгч – агаар дахь ургамлын цэцгийн тоосны дэгдэж эхлэх, хамгийн их утгадаа хүрэх хугацааг урьдчилан мэдээлэх, тархалтыг зураглах нь ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад нэн чухал юм.
Иймээс энэ жилийн бодит цаг агаарын болон цаашдын цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурлан лууль, шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг олон хүн суурьшсан бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгуудын төвүүдээр гарган ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Лууль, шарилжийн төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тоймлон бичвэл:
- Завханы Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгийн Өлгий –д 7 дугаар сарын 20-ноос,
- Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, ГовьАлтайн Алтай, Ховдын Жаргалантад 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5 үед,
- Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төвийн Зуунмод, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатарт 8 дугаар сарын 8-наас 15-ны үед,
- Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 8 дугаар сарын 18-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.