Судалгаа: Хэт халалт нь тамхи татах, архи уухтай адилаар хөгшрөлтийг түргэсгэдэг

Дэлхийн гадаргуу тогтмол дулаарч буйтай зэрэгцэн бидний бие махбод агаарын өндөр температурыг даван туулах шаардлагатай болж байна. Тэгвэл нэгэн шинэ судалгаа хэт халалтад олон дахин өртөх нь биеийг архи тогтмол хэрэглэх эсвэл тамхи татахтай адил хэмжээнд хөгшрүүлдэг болохыг харуулжээ.
Хонконгийн их сургуулийн явуулсан тэрхүү судалгаанд 2008–2022 оны хооронд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 24,922 тайваньчуудын мэдээллийг ашигласан байна. Судлаачид оролцогчдын бүртгэлтэй хаяг дээр үндэслэн тэдгээр хүмүүс хэт халалтын давалгаанд хэдэн удаа өртсөн байх магадлалыг тооцоолж, тэдний эмнэлгийн үзлэгийн мэдээлэлтэй уялдуулсан аж.
Дүн шинжилгээний үр дүнд хэт халалтын давалгаанд илүү олон өртсөн хүмүүсийн биед биологийн хөгшрөлттэй холбоотой маркерийн оноо өндөр байгааг тогтоосон байна. Хугацааны хөгшрөлтөөс ялгаатай нь биологийн хөгшрөлт гэдэг нь эд эс, эрхтэн, эсийн үйл ажиллагааны хэмжүүр юм.
Оролцогчдыг хэт халалтад өртсөн байдлаар нь дөрвөн бүлэгт ангилсан байна. Нэг бүлгээс дараагийн бүлэг рүү ахих тутам хүмүүсийн биологийн насжилт 0.023–0.031 жилээр ахиж байжээ. Судлаачдын хэлж буйгаар хэт халалтад өртөх нь тамхи татах, архи уух, хооллолт, дасгал хөдөлгөөн хийх зэрэг биологийн хөгшрөлтөд нөлөөлдөг хүчин зүйлстэй ижил түвшний нөлөөлөлтэй байгааг үр дүн харуулжээ.

Эрдэмтэд “Өмнөх судалгаанууд хэт халалт өндөр настнуудад үзүүлдэг сөрөг нөлөөг онцолж, хөгшрөлт нь хэт халалтад ямар хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлдог чухал хүчин зүйл байж болохыг харуулсан” хэмээн нийтлэлдээ бичжээ.
Судлаачид нэмж “Хэт халалтын давлагаа болон хөгшрөлтийн хамаарлыг ойлгох нь хэт халалтын давлагаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлахад тусалж, уур амьсгалын өөрчлөлтөнд хүмүүсийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн байна.
Хөгшрөлт болон хэт халалтын давлагаа хоёрын хоорондын холбоо шинэ нээлт биш юм. Энэхүү судалгаа шууд шалтгаан-холбоог харуулж буй зүйл биш боловч олон жилийн хугацаанд томоохон бүлэг хүмүүсийг хамруулснаараа өмнөх олон судалгаанаас илүү давуу талтай юм.
Халуун нь бие махбодыг гэмтээдэг. Ирэх жилүүдэд дэлхийн дундаж температур өсөх төлөвтэй байгаа. Судалгаагаар өндөр настнууд, алслагдсан газар амьдардаг хүмүүс, биеийн хүчний ажил хийдэг ажилчид бусдаас илүү халуунд өртдөг болох нь тогтоогдсон.
Эрдэмтэд “Энэ судалгаа нь хүрээлэн буй орчны тэгш бус байдлыг шийдвэрлэх, хэт халалтын давлагаа эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөлөлд хүн амын дасан зохицох чадварыг сайжруулах бодлогын цаашдаа хөгжүүлэх шаардлагатайг тодотгож байна” гэж судлаачид онцолжээ.
2050 он гэхэд дэлхийн хүн амын 16 орчим хувь нь 65 ба түүнээс дээш настай байх төлөвтэй. Хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байгаа тул наслалтад нэмэгдэж буй жилүүдийг аль болох эрүүл саруул өнгөрүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй юм. Судлаачид “Энэхүү судалгаа нь дасан зохицох чадварыг бэхжүүлэх, хөгшрөлтийг удаашруулах, эрүүл хөгшрөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг онцолж байна” гэж бичжээ.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.