Гадаад мэдээДЭЛХИЙ

Пак Чан Вук: Найруулагч хэт өнгөц биш, өөрийнхөө хэв маягийг олох хэрэгтэй

БНСУ-ын алдарт найруулагчид болон Пак Чан Вук, Бун Жун Хо нар 2023 онд “Decision to Leave” кино нээлтээ хийхээс өмнө асуулт хариулт бүхий форматтай ярилцлага хийж байжээ. Тэрхүү яриаг орчуулж хүргэе.

Пак Чан Вук

Пак Чан Вук Ази төдийгүй дэлхийд алдартай кино найруулагч, эх зохиол бичигч, продюсер юм. Тэрбээр гэмт хэрэг, оньс, триллер хэв маягийг хослуулж хийсэн өвөрмөц кинонуудаараа алдартай. Түүний хамгийн алдартай гурван кино нь “Өшөө авалтын трилоги” гэгддэг Sympathy for Mr.Vengeance (2002), Oldboy (2003), Lady Vengeance (2005) юм. Энэ трилогийн дэлхий дахинаа хамгийн танигдсан бүтээл бол Oldboy (2003). Oldboy нь 21-р зууны шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор ордог бүтээл юм. Тэрбээр сүүлд “No Other Choice” нэртэй кино гаргасан. Тэрхүү кино Оскарын наадмын шалгаруулалтад албан ёсоор орох болсон байгаа.

Бун Жун Хо

Бун Жун Хо нь дэлхий дахинд алдартай найруулагч. Тэрбээр 2019 онд гаргасан Parasite киногоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Оскараас Шилдэг киноны шагналыг авсан анхны англи хэл дээрх бус кино болж түүх бүтээсэн. Тэр Parasite-аас гадна Memories of Murder (2003), The Host (2006), Snowpiercer (2013) гэх мэт кинонуудаараа алдартай. Бун Жун Хо хамгийн сүүлд Роберт Паттинсон, Марк Руффало, Стивен Юн зэрэг жүжигчид дүр бүтээсэн Mickey 17 киног найруулсан билээ.

Бун Жун Хо: Тантай анх уулзсанаас хойш бараг 27 жил өнгөрчээ. Кино урлагийн салбарт та намайг анх ажилд авч байсан. Миний бичсэн богино хэмжээний киноны эх зохиолыг хараад хамт эх зохиол бичих санал тавьсан. Тэр үеээс хойш урт хугацаа өнгөрчээ. Тантай шинэ киноны тань талаар ярилцаж байгаа нь нэр төрийн хэрэг. “Decision to Leave” нэртэй таны шинэ кино бол хүндхэн хайр дурлалын тухай кино.

Миний хувьд бол ер нь зориглож ордоггүй нэг төрөл, бүс нутаг учраас киног тань үзэж байхдаа хүртэл нэг л сүрдмээр санагдсан. Харин та бол үнэндээ хайр дурлалын түүхийг олон удаа өгүүлсэн билээ. “The Handmaiden, “Thrist” хоёр хоёул гал ассан хайр дурлалын талаар кино байсан. “I’m a Cyborg, But That’s OK” бас “Oldboy” ч гэсэн. Өшөө авалтын трилогид байдаг “Oldboy, “Mr.Vengeance”-ийн түүх ч мөн хайртай холбоотой.  

Тийм болохоор таны байр сууринаас харвал сэдэв нь танил, амар байсан байх. Гэхдээ энэ бүтээлээр хайрын түүхийг үнэхээр эцсийн цэг хүртэл нь үзүүлэхийг хүссэн юм шиг, тийм хүсэл, сэдэл эхнээсээ байсан юм болов уу гэж бодож байна. Энэ кино төслийг эхлүүлэхдээ та ямар зорилготой байсан бэ? Эх зохиолч Чон Согёнтэй киноны талаар анх ярихдаа үнэхээр тийм хүсэл, зорилготой байсан уу?

Пак Чан Вук: Үнэндээ зохиолч Чон Сог Ёнтой анх ярихдаа тийм том хүсэл байгаагүй. Зүгээр л “Би нэг удаа Солонгос хэл дээр кино хиймээр байна. Солонгос хэлээр дахиж ажилламаар байна” гэсэн бодол байсан юм. Тухай үед би The Little Drummer Girl цуврал дээр ажиллаж байсан. Цувралын зургаан ангины зураг авалтыг би өөрөө хийсэн юм. Их урт хугацаа шаардагдсан. Кино зураг авалтын дараа би гэрээ санах болсноос гадна англи хэл хүндрэлтэй санагдаж байсан юм. Тийм учраас солонгос хэл дээр кино хийхийг хүссэн. Бас би телевизийн цуврал биш харин бүрэн хэмжээний кино хиймээр байсан. Тийм зүйл л хүссэн юм.

Бун Жун Хо: Кино урлаг сонирхогч болон найруулагч болгон л классик уран бүтээл бүтээх мөрөөдөлтэй байдаг. Классик уран бүтээл туурвина гэсэн бодолтойгоор та төсөл дээрээ ажилласан уу?

Пак Чан Вук: Энэ асуултад хоёр байдлаар хариулж болно. Ямар ч найруулагчийн хувьд “сонгодог” бүтээл хийх хүсэл, мөрөөдөл байдаг. Ирээдүйд миний кино классикуудын нэг болоосой гэж хүссэн. Он жилүүдийн явцад миний киног хүмүүс үзэж байвал сайхан байна. Бүх найруулагч л гэж хүсдэг байх. Миний хувьд ч гэсэн адил. Тийм амжилтад хүрэхийн тулд сайн кино хийх хэрэгтэй. Гэхдээ киног чадварлаг, сайнаар хийнэ гэдэг нь ихээхэн хийсвэр ойлголт хэдий ч трэнд дагалгүй найруулагч өөрийн гэсэн арга барилдаа үнэнч байх нь чухал гэж би бодсон.

Зүгээр л трэнд, моодноос хамаарахгүй, хамгийн үндсэн шаардлагыг хангасан байх. Түүнээс илүүгүй дутуугүй. Би ийм л дүгнэлтэд хүрсэн. Өөрийнхөө киног классикуудын нэг болоосой гэж хүссэн л дээ. Гэхдээ энэ нь өмнөх классикуудын хэв маяг, эх зохиолыг дуурайхыг хүссэн гэсэн үг биш. Классик гэгддэг кинонууд өргөн цар хүрээ хамарсан жанртай байдаг. Маш олон өөр хэв маягтай кинонууд. Зүгээр л классик гэх ганц ангилалд багтаахад хэцүү. Тийм учраас өөр хүний уран бүтээлийг дуурайж, хуулбарлах нь зөв арга биш. Найруулагч өөрийнхөө хэв маягийг нээж олж, ингэхдээ хэт өнгөц биш хэв маягийг олох хэрэгтэй. Ирээдүйд хүмүүс үзээд ойлгож, мэдрэх хэв маяг.

Эх сурвалж: MUBI

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button