УЛС ТӨР

Нэг дороос | Монгол Улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Г.Занданшатарын ЗГ танилцууллаа, хэн юу гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг бүхий илтгэл танилцуулав. Мөн түүний тэргүүлж буй танхимын сайд нар салбартай нь холбогдсон бүхий л асуултуудад хариулт өглөө.

Шууд дамжуулалтыг дараах холбоосоор үзэх боломжтой

НЭМЭЛТ: 19:50 ЦАГ

ЭМДС дээр үүссэн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө,

ЭМДС дээр шалгалт хийсэн. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ажиллаж чадаагүй. Төлөвлөлт, зохион байгуулалтгүй, хяналтгүй болчихсон байснаас олон асуудал үүсээд байсан байна гэдгийг олон баримтаар тогтоосон. Бага зэргийн эрүүл мэндийн асуудал гарсныг зардлыг нь өсгөөд ЭМДС-гаас мөнгө авсныг илрүүлж тогтоосон.

Яавал энэ сангийн мөнгийг уралдаж авах вэ гэдэг асуудал эмнэлэг, сувилалууд дээр гарсан байсныг тогтоосон. Ёроолгүй савнаас хутгаж байгаа юм шиг асуудал үүсээд байсныг бид засаж ажиллаж байна. Нэг иргэн гэхэд 300 гаруй саяар эмнэлгийн үйлчилгээ авсан гээд биччихсэн. Нэг иргэн 60 гаруй сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан жишээ байгаа дээр эмийн сангууд ажилласан уу, ямар нөхцөл үүссэн гэдгийг тогтооно. 8 удаа архины хордлого тайлууж 8 сая төгрөг зарцуулсан зэрэг олон эмнэлгүүд дээр зөрчил асуудал гарсныг хуулийн байгууллагуудад шилжүүлсэн байгаа.

Цаашид Эрүүл мэндийн даатгалын газар дээр маш чухал тогтолцооны ажлуудыг хийнэ. Өнгөрсөн долоо хоногт тус газрын даргыг томилсон учраас тодорхой үр дүнгүүд гарна. Уг нь бид өвдөхөөс урьдчилан сэргийлэх ёстой болохоос өвдөөдөх, өвдсөний дараа нь эмчилье гэж яриад өндөр зардлаар эмчлээд байж болохгүй.

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө,

1990 онд бид татварын шинэ тогтолцоонд орсноос хойш 4 дэхь удаагийн татварын багц шинэчлэлийг эхлүүллээ. Илүү өргөн цар хүрээтэй шинэчлэл эхлүүлж байгаагаараа өмнөхөөсөө онцлог. ААНОАТ, НӨАТ, ХАОАТ гээд гурван гол татвараас эхлээд явж байгаа. Энэ жилийн төсвийн тоогоор харвал 3-4 их наядын татварын ачааллыг бууруулахаар болсон. Эдгээр шинэчлэлүүдийг нэг төсөв дээр шууд хийх боломжгүй учир 2-3 жилийн дотор хийх юм.

Төсөв өргөн барихтай зэрэгцээд цаашид хийх багц өөрчлөлтүүдээ бид олон нийтэд хүргэсэн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотойгоор хэлэхэд, 2022 оноос хойш эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гүйцэтгэлд суурилсан үнэлгээ рүү орсон. Олон улсын жишигт суурилсан зөв тогтолцоо учир бид үүнээсээ ухарч болохгүй. Эрүүл мэндийн даатгалын их наяд 2.4 их наяд буюу 2 дахин нэмэгдсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ харин энэ хэмжээнд хүртлээ нэмэгдэж, сайжирсан уу. Цаашид олон улсын жишгийн дагуу нийгмийн хэв шинжтэй тусламж үйлчилгээг л санхүүжүүлнэ. Хувь хүний шүдний өвчлөл ч гэдэг юм уу иймэрхүү өвчлөлийг бид бусдын татвараас санхүүжүүлдэг байж болохгүй. 2026 онд салбарын эрс шинэчлэлт хийнэ гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа.

Видео холбоос:


НЭМЭЛТ: 19:45 ЦАГ

Ипотекийн зээлэнд 37 мянган иргэн хүсэлтээ өгч, 1-2 жил хүлээж байна. Орон сууцны банк байгуулах асуудлаар яам ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө,

Өнгөрсөн 2013 оноос хойш ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн. Нийт 129 мянган зээлдэгч энэ зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт арилжааны банкууд дээр хүлээгдээд байж байна. Хүлээгдэж байгаа тооцооллоор 2-3 жилийн дараа орон сууцанд хамрагдах нөхцөл байгаа. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг байгуулж. Орон сууцжуулалтын банк байгуулж, хууль эрх зүйн орчинг бий болгож, өнгөрсөн хугацаанд эрэлтийг хангасан зээл л орсон. Тиймээс ажлын хэсэг эрэлт гэлтгүй нийлүүлэлтийг хангасан чиглэлээр ажиллаж, энэ онд үр дүнгээ танилцуулна. Орон сууцны анхдагч хуулийг мөн санаачилж байгаа гэдгийг дуулгамаар байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө,

Эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх үү гэж байна. Өртөгт нь хүргэх үү гэж асууж байх шиг байна. Бүрэн эрх нь уг нь Эрчим хүчний зохицуулах хороонд бий. Би өмнөөс нь хариулах боломжгүй.

Эрчим хүчний хараат байдлаас гарах байх гэж найдаж байна. Энэ 5 жилийн төлөвлөгөөнд 15.9 их наядын төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүд эрчим хүчний салбарт тавигдсан. Улаанбаатар хотын хоёр тал руу 2 гВт дамжуулах, түгээх сүлжээний өртгөтгөлийн төслийг төсөвт оруулаагүйг УИХ-ын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар Эдийн засаг, хөгжлийн сайдтай ярилцаж тохирлоо. Ингэхээр 22 их наядын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийнэ. Гол нь тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах асуудал бий. 2027 он гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна. Магадгүй 50 мВт чадлын дутагдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх чадлаар ажиллана гэдгийг хэлье.

Видео холбоос:


НЭМЭЛТ: 19:40 ЦАГ

Чанартай жуулчдыг нэмэгдүүлснээр 2026 онд 800 сая ам.долларыг олох юм байна гэж төлөвлөж байна

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө,

Бид цаашид Монголынхоо түүх соёлыг илтгэдэг Чингис хааны музейг олон улсад таниулж, сурталчилж байна. Бид өөрсдийн хэл соёлын дархлааг гадаад, дотоодгүй илүү хүчтэй байлгахад анхаарах нь зөв. Монголын соёлын өдөрлөгүүдийг зохион байгуулах, ялангуяа 10 мянгаас дээш монгол иргэн амьдарч буй улс орнуудад гаргахаар ажиллаж байна. Аялал жуулчалыг гадагшаа сурталчлах ёстой. Монгол улсад 720 мянган жуулчинг 2024 онд хүлээн авсан статистик тоо бий. Бид ирэх жилд сая гаруй жуулчин, тэр дундаа Монголд мөнгө зарцуулдаг чанартай жуулчин авах тал дээр анхаарах нь зүйтэй гэж харж байгаа.

Аялал жуулчлалын бодлогоо сайжруулах, тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх зэргээр индексийн байраа урагшлуулах шаардлагатай. 2024 онд аялал жуулчлалын салбараас эдийн засагт 630 сая ам.долларын орлого олсон байсан. рэх жилд энэ тоог 800 орчим сая ам.доллар болгож өсгөх боломжтой гэж харж байна. Аялал жуулчлалын салбарын олон талт үйлчилгээний газруудад нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төсвийн төсөлд тусгасан. Ингэснээр дотоодын зочид буудлууд илүү сайжрах тал дээр анхааран гэж үзэж байгаа.

Видео холбоос:


НЭМЭЛТ: 19:35 ЦАГ

Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын очерийг урагшлуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө

"Төрөлт буурах, гэр бүлийн салалт ихсэх шалтгаанууд яагаад гараад буйг судлахад санхүүгийн асуудал дээр тулж очдог гэх статистик байна. Тиймээс манай яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан. Олон улсын түвшинд энэхүү асуудлыг санхүүгийн хөшүүргэ буюу татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгдөг юм байна билээ.

Манай яамнаас боловсруулсан хуулийн төслөөс онцлох заалтыг танилцуулъя.

  • Нэг. Гэр бүлийн гишүүний аль нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлөх. Тухайлбал гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр зэрэг хөдөлмөр эрхлээд явж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татвараас нь чөлөөлөх.
  • Хоёр. Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын очерийг урагшлуулах.
  • Гурав. Эрүүл мэндийн багц даатгалыг санал болгоно гэх мэт олон заалтууд туссан.

НЭМЭЛТ: 19:25 ЦАГ

Үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө

"Монголын Хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь ажилладаг. Экспортын таван хувийг гаргаж, ДНБ-ний 24.5 хувийг үйлдвэрлэдэг. Энэ салбараа сэргээх технологийн шинэчлэл хийх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилтын хүрээнд хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.

Хүнсний хувьсгалын ажил явагдаж байгаа. 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 орчим нэр төрлийн бараа дотооддоо үйлдвэрлэгдэж хэрэглээнд нэвтэрсэн байгаа.

Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор цагаан алт хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 161 үйлдвэр ААН гэрээ байгуулан, шаардлагатай санхүүжилтийг авч, ажиллаж байна. Эхний үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа.

Иймд ирэх таван жилд ХХААХҮ салбар эрс шинэчлэл хийгдэж, хөгжил нэмэгдсэн, боловсруулах хүчин чадлаа 50 хувиар нэмсэн хөгжлийн жил байх болно. Нөгөө талаар үйлдвэрүүдээ хэрхэн зохицуулж байгаа талаар хэлье. Ховд, Эмээлт, Дархан гэсэн Үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн ажлууд явагдаж байгаа. Ховдын дэд бүтцийн асуудал 2026 онд бүрэн дуусна. Эмээлт Үйлдвэр технологийн паркийн ажлаар тус байршилд ажилладаг боловсруулах болон арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх дэд бүтцийн ажил Нийслэлийн төсөвт суусан, ажил үргэлжилж байна. Харин Дарханы хувьд хөнгөн бөгөөд хүнсний үйлдвэрийг нэгтгэсэн Үйлдвэр технологийн паркийн ажил хийгдэнэ.

Үйлдвэрээс гадна Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлж байгаа. 200 мянган га талбайг эргэлтэд оруулна. Мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах, нөгөө талаараа эрчимжсэн ААН тогтвортой хөгжүүлнэ. Мөн мал эмнэлгийн ажиллагааг дээшлүүлэх, лабораторийн түвшинг сайжруулах ажлыг ирэх таван жилд хийнэ.

Угтаа үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол тухайн улс орон хөгжихгүй. Иймд үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлнэ.


НЭМЭЛТ: 19:15 ЦАГ

Монголын хамгийн том металлургийн үйлдвэрийг байгуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө

"Үйлдвэрүүд ашиглалтад орно. Бидний хувьд бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй байгаа. 2026-2030 оны үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болох зорилго тавьсан байна. Одоогийн байдлаар 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57-ын үйл ажиллагаа зогссон байна. Иймд бид хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгцээ үүсэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг манай яамнаас боловсруулаад холбогдох яамдад хүргүүлсэн байгаа. АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал бий болгоно.

Нэгдүгээрт. Зэс хайлуулах үйлдвэр буюу уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэд үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, үйлдвэрийг төр хувийн хэвшлийн тусламжтайгаар барих зохицуулалттай.

Зэс хайлуулах үйлдвэрийн техник үндэслэлийн шаардлагыг АҮЭБЯ нэлээд удаан гацсан байсан зүйлийг найман сард шинэчилж баталлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт техникийн даалгаврыг Эрдэнэт үйлдвэрт өглөө. Одоо тендер нь зарлагдаад, Монгол улс жилдээ 560,000 тн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны цогцолбортой болно. Энэ ажил 2.6 жилийн хугацаанд хийгдэх төлөвлөгөөтэй.

Хоёрдугаарт. 1 сая тн төмөр хайлуулах чадалтай Дархан Сэлэнгийн бүс нутагт баригдах төмрийн үйлдвэрийг барина. Энэ төсөл "Эрдэнэс монгол" болон манай яам дээр яригдаж байна. Үүнийг ойрын үед зарлахаар бэлтгэж байна.

Гуравдугаарт нефтийн үйлдвэртэй болно. Энэхүү үйлдвэр манай улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой. Биднийг ажлаа авч байхад энэхүү үйлдвэрийн явц 27 хувьтай байсан бол дөрвөн сарын дотор 50 хувьд хүргэлээ. Бүх тоног төхөөрөмжийн суурь дэд бүтэц хийгдэж дууссан. Том хэмжээний үйлдвэрүүдийн захиалга нь хийгдчихсэн байгаа.

Дээрх гурван үйлдвэр ирэх таван жилд ашиглалтад орно. Мөн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орно" хэмээсэн юм.

Видео холбоос:


НЭМЭЛТ 19: 00 ЦАГ

Намын даргын асуудлыг намын байран дээрээ ярина

Ерөнхий сайд Г.Занданшатар сэтгүүлчдийн асуултад дараах хариултуудыг өглөө,

  • Үйлдвэрлэлүүд ашиглалтад орно гэдгийг би хэлье.
  • Хувийн хэвлийг дэмжих багц хуулиуд өргөн барина.
  • Монгол Улс өнөөдөр 5 жилийн үндсэн төлөвлөгөөгөө боловсруулснаар үүнийхээ дагуу намууд нь мөрийн хөтөлбөртөө оруулж, харилцан уялдаатай явна.
  • Монгол Улс авлигын индексээр 114-т байгаа нь бахархаад байх зүйл биш. 10 жилийн өмнө Монгол Улс 72-рт жагсаж байсан. Одоо бид энэ индексийг сайжруулахын тулд бид АТГ болон холбогдох бүх газруудтай хамтран Ажлын хэсэг гарган ажиллаж байна.
  • Буцаад 72 руу ороход хүрч болохгүй холын юм биш. Бид Good Governance-ийн жишгийг авч ажиллаж байгаа.
  • Намын даргад өрсөлдөх үү гэдэг дээр өнөөдөр энд бид Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө ярьж байгаа. Намын даргын ажил бол тусдаа асуудал. Намын байран дээрээ ярина.
  • Оюу Толгойн асуудлаар бид маш амжилттай ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Яриа хэлэлцээр дуусаагүй байгаа учраас бид ахицтай, дэвшилттэй ажиллаж байгаа. Бүх л уул уурхайн асуудлууд дээр бид урагшлуулаад явж байгаа гэдгийг онцлон хэлье. Тодорхой үр дүн нь гарахаар хэлнэ.
  • Малчдын залгамж халааг нэмэгдүүлэхэд орлоготой холбоотой бодлогыг салбар яам нь хийж буй.
  • Ирэх оны төсвийн III хэлэлцүүлэг үндсэндээ 70 хувьтай байгаа.
  • Харбины гэрээтэй холбоотой асуудалд дээр гэхэд нэг талын хүсэлтээр цуцалж, ил болгож болдоггүй хаалт хийгдсэн байсан. Тэгэхээр энэ гэрээн дээр дипломат байдлаар ажиллана.
  • Ирэх жил боловсролын жил гэж зарласан учраас багш нарынхаа асуудлыг эхлээд шийдвэрлэсэн. Багш нарын цалинг нэмэгдүүлж ажиллах дээр анхаарсан гэдгийг хэлье.
  • 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгосон учраас энэ салбарынхны цалинг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
  • Эрүүл мэндийн салбарын төсөв 5 дахин нэмэгдсэн гэдгийг онцолж хэлмээр байна.

ШУУД 18:00 ЦАГ

Г.Занданшатар: Дундаж чинээлэг нийгмийг бүрэн цогцлоож, иргэн төвтэй шинэчлэл хийнэ

"Шинэ итгэл-Эрс шинэтгэл" нэртэй хөгжлийн төлөвлөгөө нь ирэх жилүүдэд Монгол Улс 30 жилийн алдаа онооноосоо сургамж авч, хөгжлийн дараагийн шатны шинэчлэлийн зам мөрөө нээх юм. Тогтвортой хөгжлийн утга учир нь Үндсэн хуулийн шаардлага гэж ойлгож болно.

Үндсэн хуулийн 27.1.5-д Хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасан байдаг. Засгийн газар солигдох болгонд бодлого нь өөрчлөгдөөд байдаг замбараагүй цикл нь бидний өнгөрсөн жилүүдийн алдаа байна гэж үзсэн учраас Үндсэн хуульдаа зааж өгсөн юм.

1.Бодлого, төлөвлөлтийн тогтолцооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл, аргачлал уялдаатай байна

2.Бодлого, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээний бүх шат нэгдмэл байна

3.Бүх байгууллага, үйл явц, мэдээллийн урсгал нэг зорилго, нэгш ойлголтоор уялдан ажиллана

Аргачлал нь,

  • Шинжлэх ухаанд тулгуурлаж, олон нийтийн санал бодолд нийцүүлэх
  • Төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаат ай байх
  • Үйл ажиллагаа, мэдээлэл, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой хэрэгжинэ хэмээн тусгасан.

Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш, хүрэх үр дүн нь тодорхой байхад төвлөрсөн. Ард түмэн шударга нийгэм, авлигагүй төрийг хүсэж байгаа учраас энэ хүсэлд нийцүүлж, чанартай эрүүл мэнд, чанартай боловсрол, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн хүсэл сонирхолд нийцүүлж, бодит байдлаас үнэн зөвийг эрэлхийлж, чиглэлээ алдахгүй юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн бодитойгоор дүгнэх ёстой гэдгийг бид голчилж байна.

Монгол Улсын гадаад өр 158 хувьд хүрч, худалдааны хамаарал 69.7 хувь, эдийн засгийн төрөлжилт 139 хувь, мөчлөг дагасан бодлого 22 жил үргэлжилж, түүхий эдийн хамаарал 93 хувь, эрчим хүчний хамаарал 24 хувь, түлш шатахууны хамаарал 100 хувь байна.

Иймээс Засгийн газар,

  • Хүний хөгжлийн шинэтгэл
  • Засаглал болон цахим шинэтгэл
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  • Татварын шинэчлэл
  • Цахим шинэчлэл
  • Ногоон хөгжил
  • Эрчим хүчний шинэчлэл
  • Бүсчилсэн хөгжлийн шинэчлэл
  • ХАА-н шинэчлэл
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл

Авлига болон баялгийн хулгайтай тэмцэх бодлого буюу төр бүх шатандаа ил тод, хүнд сурталгүй байвал эдийн засаг хөгжинө. Энэ хүрээнд төрийн чадавх, төрийн чадварын сорилт, системийн шинэ философи, давхар төрөөс чадварлаг төр рүү шилжих.

Засгийн газар цахим шинэтгэл буюу төрийн албанд хиймэл оюун ухааныг ашиглана. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр авлига, танил тал зэрэг нөхцөл бүрдэхгүй. ТӨК-иудад хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, ухаалаг, цахим засаглалыг нэвтрүүлнэ.

Эдийн засгийн бүтцийн шинэчлэл буюу уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг өөрчлөх. Технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх. Эдийн засгийн шинэтгэлийн боломжит оролцоог нэмэгдүүлнэ. Шинэ нээсэн ордыг ашиглаж, тендер зарлахаар ЗГ-аас шийдвэрлэсэн. Зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэр жилд 120 мянган тонн, 396 мянган тонн бензин үйлдвэрлэх нефтийн үйлдвэр 600 мянган тонн коксын үйлдвэр, Зөөвч овоо ураны төсөл, хил холболтын боомтын төслүүдийг хэрэгжүүлнэ.

Татварын бодлогын шинэтгэл буюу НӨАТ-ын буцаан олголт зэрэг өгөөжтэй бодлогуудыг Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлагийн рейтингээр Монгол Улс өрийн дарамтаа бууруулж чадлаа. Өмнө нь долоон ангилалтай байсан нь өнөөдөр зургаа болж, үнэлгээ сайжирсан байна. Энэ нь бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үг. Олон улс биднийг ийн үнэлж байна.

Стратегийн ордуудаа төрд авч, Үндэсний баялгийн сангаа хөгжүүлэхэд ажиллаж байгаа. Байгаль орчны ногоон хөгжлийг сайжруулах, бүсийн хөгжлийн шинэтгэл буюу бүх аймаг сумдад татварын хөгжлийн тэнцвэр, бүтцийн нэгдэл, орон нутгийн сэргэлтүүдийг хэрэгжүүлнэ.

Ядуурлыг хоёр дахин бууруулахаар ирэх 5 жилийн төлөвлөгөөнд оруулсан.

Дундаж чинээлэг нийгмийг бүрэн цогцлоон байгуулж иргэн төвтэй шинэчлэл хийж, чанартай хөгжлийн зүрх гэсэн агуулгаар боловсрол ба чадвар, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн цогц ойлголтыг хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт 5.5 дахин, боловсролын хөрөнгө оруулалт 2 дахин өслөө. Энэ бүхний цаана татварын цогц реформ эхэлж байна гэж харж болно. Далд эдийн засгийг ил болгож, татварын баазыг өргөтгөхөөр ажиллаж байна.

Төсвөө 2.2 их наядаар танаж чадсан. Хүний капиталын түүхэн дээд хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Эрүүл мэндийн салбарт 1.3 их наядыг төсөвлөсөн.

Үндэсний өрсөлдөх чадвартай байж бид экспортын чадвартай, жижиг төр том концепц гэсэн бодлогоор явах юм.

Таван жилийн дараах Монгол Улс тогтвортой хөгжил, баялагтаа эзэн Монгол, Үндэсний Монгол, Дэлхийн түвшний боловсролтой Монгол гэсэн ийм ирээдүйг бид харж байна.

Шинжлэх ухаан технологи буюу, хиймэл оюун ухааны шинэтгэл нь шинэ мэдлэг, шинэ үйлдвэрлэл, шинэ экспорт гэсэн зарчмаар буюу монголын залуучууд дэлхийн түшинд манлайлж чадна гэдгийг ойрын ирээдүйд харуулна.

Монгол Улсын нүүрсний экспорт 15 тэрбум байхад Солонгосын К поп гэхэд энэ хэмжээний орлогыг улсдаа оруулж байна. Тэгэхээр хүний хөгжлийг голчилсон бодлого руу тэмүүлнэ.

Засаглал ба цахим шинэтгэлийг хэрэгжүүлснээр авлигатай тэмцэхэд хиймэл оюун ухааныг ашиглана. Тухайлбал Эрдэнэт ТӨҮГ дээр гэхэд тендерийг хиймэл оюун ухаанаар явууллаа. Цаашид ТӨК-иудад нэвтрүүлнэ.

Орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг барьж байгуулан, агаарын бохирдол, Улаанбаатар хот, хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан цогц бодлого хэрэгжүүлнэ.

Бид зөв замдаа явж байна. Тоо баримт худал хэлэхгүй. 2025 оны эхний хагас жилд экспорт 5.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдал 10.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш тогтворжлоо. Валютын нөөц 6 тэрбум ам.доллар руу хүрч, унаж байсан төгрөгийн ханш тогтворжиж чадлаа. Төсөв 2025 оны 7-р сард 541 тэрбумын алдагдалтай байсан бол өнөөдрийн байдлаар 52 тэрбумын ашигтай гарсан.

Иймд бид зөв замдаа орж, ирэх 5 жилд хөгжлийн хурдны зам дээр гарч чадна гэж "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" гэсэн төлөвлөгөөгөө танилцуулж байна.

Редакциас ажилласан: Ц.ТАМИР, О.ОНОН, Г.ЗОЛБОО

Шууд дамжуулалтыг: П.УРНАА, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөнгөлөлтөөр даатг�##�аар олгодог эмийн үнийг ш�##�гах хэрэгтэй. ДААТГАЛААР олгодог эм их өндөр үнэтэй.

эдийн засагч
эдийн засагч

та өөрөө хүлээн зөвшөөрөгдөх чанараа тодруулахын тулд шинэчлэлтийн шийдвэр гаргаж эхлэхгүй бол хэцүү... жнь: тэтгэвэр, цлианг нэмэгдүүлэх, ОТ-н өрийг бууруулах хэлэлцээрт эс мэдсэн дүр гаргаж болохгүй бх аа..........за тгд бод . юун 5 жил хэд хонох чинь тодорхойгүй нөхцөлд бгаад бгаам биш үү дээ хө

Зочинүнэн
Зочинүнэн

Тэнгэрийн юм ярьсан �########�нууд бардам ам ш�##�дан гуяа...35 жил ингэж хуцлаа яг юу өөрчлөгдсөн юм...улс нь уруудлаа иргэд нь ядуурлаа...28 оны сонгууль мөрөөдөж улилдсан л�##�арууд...шархадны сэтгэцийнхэн ч та нарт итгэхгүй байх шүү!!!!

Холбоотой мэдээ

Back to top button