Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон. Тэдний шүүх хурал дөрөв дахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.
Эргэн сануулахад, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эл хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн 2024 оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Улмаар Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ.
Хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.