
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулдаг цэгүүдийн талаас илүү хувь нь маш бага нөөцтэй, түлшгүй байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2026-2027 оны галлагааны улиралд шахмал түлшний нөөц, түгээлтэд тандалт судалгаа хийжээ. Судалгааны дүнг аравдугаар сарын 23-нд “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Энэ жилийн галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг нийт 427.4 мянган тонн шахмал түлшээр хангахаар төлөвлөжээ. Аравдугаар сарын 22-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байв.
Гэвч тандалт судалгаагаар түлш борлуулах 446 цэгийн 168 нь нөөцгүй, 80 цэг нь 1-50 ширхэг түлшний үлдэгдэлтэй байжээ. Өөрөөр хэлбэл, нийт борлуулалтын цэгийн 55.6 хувь нь түлшгүй эсвэл маш бага үлдэгдэлтэй байсныг судалгааны дүн харуулж байна.
Иймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэнд түлшний нөөцийг иргэдийн эрэлт, борлуулалтын цэгүүдийн ачаалалтай уялдуулан хуваарилах, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэл өгчээ.
Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарт “Хотула” аппликэйшны мэдээллийг dashboard.gov.mn системтэй нэгтгэх, түлшний нөөц, түгээлт, борлуулалтыг бодит цагт хянах боломж бүрдүүлэх, холбогдох мэдээллийг нээлттэй болгох үүрэг өгсөн байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар шахмал түлшний эрэлт, хэрэгцээг тасалдуулахгүй хангах чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болжээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.