НИЙГЭМ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ: Хөшигийн хөндийд анхны нисэх онгоц газардлаа

-“ЧИНГИС ХААН”-ТАЙ НЭГ ЖАРНЫГ ҮДЖЭЭ-

Нэг л мэдэхэд бид “Чингис хаан” нисэх онгоцны буудалтайгаа хамт бүтэн жарныг элээжээ. Монгол хилийн дээсийг “агаараар” алхан гарах бүртээ Буянт-Ухаа руу жолоо мушгиж, “олон улсын” тодотголтой улсдаа ганц “Чингис хаан”-ыг зорьдог өдрүүд одоо ч үргэлжлэн буй. Тэртээ 1957 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Буянт Ухаа” нэртэйгээр буурал буудал маань байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш он цаг улиран халирахын хэрээр хөгжлийн салхи үлээж, зорьж зорчдог харь орны тоо өсөн нэмэгдсээр шинэ нисэх онгоцны буудал барих асуудал яригдах шаардлага эрхгүй тулгарсан. Яригдаж ч эхэлсэн. Өнөөдөр бид хэдийнэ Хөшигийн хөндийн цоо шинэ нисэх буудлаар зорчиход бэлэн болжээ.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын барьж байгуулах санхүүгийн тооцоо, үндэслэл 2006 онд хийгдсэн. 2008 онд зээлийн хэлэлцээр хийгдэж, 2009-2011 оны хооронд барилгын зураг төслийг боловсруулан баталсан. Ийнхүү 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажил явагдаж дуусан, энэ жилд нисэх буудлын менежментийг концессийн гэрээгээр шилжүүллээ. Гэрээнд тусгасны дагуу 10 сарын дотор нисэх буудлын үндсэн үйл ажиллагаа явагдаж эхлэх учиртай.

Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцны буудалтай холбосон, Монголын түүхэндэх анхны хурдны замын эхний зорчигчид болж Төв аймгийн нутаг, Хөшигийн хөндий рүү хэвлэлийнхэн хөдөллөө. Ард иргэдийн сураг төдийхнөөр сонсч ирсэн шинэ нисэх буудал номин ногоон өнгөөр дүнхийж, гаднаасаа орчин үеийн бүтээн байгуулалт, өндөр стандарт ханхлуулж байв. Энд өчигдөр /2019.07.05/ концессийн гэрээ үзэглэх ёслол болж өнгөрсөн.

-ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ КОНЦЕССООР ШИЛЖҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛОВ-

Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийтдээ 55.4 тэрбум иений хөрөнгөөр Хөшигийн хөндийн нисэх буудал босчээ. Угтаа шинэ нисэх онгоцны буудлын албан ёсны нэр “Олон улсын Чингис Хаан нисэх онгоцны буудал”. Монгол талаас:

-Монгол Улсын Сангийн яам

-Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам

-Иргэний нисэхийн ерөнхий газар ажиллаж, Япон талаас Японы Олон Улсын хамтын ажиллаганы байгууллага хамтран түншлэж, нүсэр байгууллага, том бодлого, тулхтай шийдэл биеллээ олсон нь энэ.

Иргэд концессийн гэрээ үзэглэх ёслолыг “Шинэ нисэх буудлын нээлт” хэмээн андуурч ойлгох явдал түгээмэл байна. Нисэх буудлын үндсэн үйл ажиллагаа хэзээнээс албан ёсоор явагдаж эхлэх нь тодорхойгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Концессийн гэрээнд нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл үзэглэсэн юм.

Шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, үйлчилгээний соёлыг нутагшуулан нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой хэмээн үзэж буй. Концесс эзэмшигчдэд Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас:  агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулна гэж гэрээнд заасан байна.

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

-У.ХҮРЭЛСҮХ: ОДОО ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН СЕРТИФИКАТЫГ АВАХ АЖИЛ ҮЛДСЭН-

Шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлэх ёслолд Монгол, Япон талын төрийн зүтгэлтнүүд оролцлоо. МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Зам тээвэр, хөгжлийн сайд М.Энх-Амгалан , Япон улсаас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар нээлтийн үг хэлсэн юм. Үүнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх,

“Өнөөдөр баяр наадмынхаа өмнө шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад хүлээн авч байна. Менежментийн гэрээгээ байгуулчихлаа. Энэ бол Монгол улсын нэгэн түүхэн үйл явдал болж байна гэж бодож байна. Шинэ нисэх онгоцны буудлын ажил нэлээдгүй сунжирсныг та бүхэн мэдэж байгаа. Долоо, найман жил ярьсны эцэст өнөөдөр ашиглалтад орж байгаа нь их сайхан байна. Өнгөрсөн жил Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчилж, хоёр орны ерөнхий сайд нарын зөвлөгөөн хийх үеэр энэ нисэх онгоцны буудлын асуудлыг ярьж, гацаатай байгаа асуудлыг хурдасгах тал дээр тохирсон. Шинэ нисэх онгоцны буудал маань Монгол улсад асар их ач холбогдолтой. Өргөн уудам нутагтай улс орноо дэлхийд нээлттэй болгоё гэвэл агаарын тээврийг хөгжүүлэх ёстой. Өнөөдөр манай агаарын тээвэр жилдээ нэг сая хүнийг хүлээн авч байгаа. Энэ буудал ашиглалтад орсноор гурван сая зорчигчдыг хүлээж авах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнээс цааш бидэнд хийх ажил байгаа. Олон улсын иргэний нисэхийн сертификатыг авах ёстой. Аюулгүй нисэх дадлага сургуулилтууд хийгдэнэ. Мэргэжилтнүүдээ бэлтгэнэ” хэмээн сэтгүүлчдэд тайлбар өглөө.

-ХӨШИГИЙН ХӨНДИЙД АНХНЫ НИСЭХ ОНГОЦ ГАЗАРДЛАА-

Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай хэмээж буй шинэ нисэх онгоцны буудал бидний агаарын тээврээр хүлээж авдаг зорчигчдын тоог гурав дахин нэмэгдүүлнэ. Цаашид өргөтгөлийн ажил хийгдвэл энэ тоо таван саяд хүрэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм.

Ийнхүү ёслолын арга хэмжээний хүрээнд, шинэ нисэх буудлын шалгах нислэг үйлдэгдэж, Хөшигийн хөндийд анхны нисэх онгоц газардлаа. МИАТ ТӨХК-ийн BOEING 737-800 хөлөг газардах талбайд бууж, солонгорч харагдах усан хөшгийн доогуур урагшилсаар байраа эзлэв. Хөлгийн ахмад Б.Амарсанаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, рапорт мэдэгдлийг ёслол төгөлдөр гүйцэтгэв.

Хүчин чадал хүрэлцээгүй, зай талбай жижигтэй, агаарын бохирдол ихтэй бүсэд оршдог гэхчлэн“Ахмад Чингис Хаан” муучлуулах болсон нь үнэн. Улсын шинжтэй бүхий л нислэгийн ачааллыг дангаараа хариуцаж байсан учир арга ч үгүй. Харин шинэ залуу нисэх онгоцны буудал ийнхүү ашиглалтад ороход бэлэн болоод буй нь сайн мэдээ, сайхан үйл явдал. Гадаад бодлого, аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд сайн нисэх онгоцны буудалтай байх нь нэн тэргүүний шаардлага. Бид урагшилсаар.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: М.ТЭНГИС, А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button