Д.Энхжаргал: Эдийн засагт “хар хун”-гийн үзэгдэл тохиолдоод байна

Дэлхийн дэвжээнд Монголыг таниулсан банкирыг бид энэ удаагийнхаа ярилцлагын зочин хойморт урилаа. Энэ хүн бол Д.Энхжаргал. Тэрээр Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банканд зөвлөхөөр, “Оюутолгой” компанийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан намтартай. Түүнийг банк, санхүүгийн салбарынхан “банкны Энхжаргал” гэдгээр нь андахгүй. Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад эх орондоо ирсэн Д.Энхжаргал сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн санхүүгийн эрхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, олон улсын санхүүгийн шинжээч, зөвлөх Д.Энхжаргалтай олон нийтэд санхүүгийн боловсрол, коронавирусийн цар тахлын үеийн Монголын эдийн засаг, манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон асуудал зэргээр ярилцлаа.

-ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ДАВЛАГАА, НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ХАР ХУНГИЙН ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДООД БАЙНА-
-Коронавирусийн халдварын цар тахалтай холбогдуулан дэлхийн эдийн засаг хүндхэн байна. Манайд ч ялгаагүй. Эдийн засагч хүний хувьд манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн гэж дүгнэж байна вэ?
-Эдийн засаг, санхүүгийн салбарт эрчимтэй, том давлагаатай нөлөө үзүүлж буй ховор үзэгдлийг эрсдэлийн судлаач нар “хар хун” гэж нэрлээд байна. “Хар хун” гэж ямар үзэгдлийг хэлээд байна вэ гэвэл коронавирусийн дэгдэлт болно гэж хэн ч төсөөлөөгүй, хүлээгдээгүй байтал гэв гэнэт гарчихсан. Гэнэт гарсан энэ үзэгдэл асар их хэмжээний хохирол ганц хот, ганц улс, ганц тивийг биш дэлхий нийтийг дайрсан эл үзэгдлийг хэлж байгаа юм. Хар хунгийн үзэгдлээс сэргийлэх эрсдэлийн бодлого байх ёстой. Эрсдэлийн бодлого зөвхөн улс оронд, Засгийн газарт, ААН-д, компанид биш хувь хүнд ч байх ёстой. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг маш хурдан үнэлж дүгнээд дагаад хувьсах, хөрвөх чадвартай иргэд болж төлөвших нь чухал.
-Тухайлбал?
-Та дээл оёдог байлаа гэж бодъё. Коронавирусийн дэгдэлтийн улмаас хүмүүст санхүүгийн асуудал тулгарна. Ингээд хүмүүс дээл худалдаж авахаас илүү мөнгөө хэмнээд хуучин хувцсаа цэвэрлээд өмсөхийг бодно шүү дээ. Түүний оронд амны хаалт худалдаж авахыг илүүд үзнэ. Үүнийг маш овжин ажиглаж дээл оёдог оёдолчин маск оёж болох юм. Үүнийг л хөрвөх чадвар гээд байгаа юм. Түүнчлэн нэг чухал зүйл нь цар тахлын хаалттай нөхцөлд өрхийн аж ахуй эрхлэх хэрэгтэй. Гэрийнхээ гадаа, хашаандаа ногоо тарих гэх мэт. Өрхийн санхүүгийн боловсрол гэдэгт зөв амьдрах, зөв хэрэглээг ашиглах, зөв хооллоход анхаарах хэрэгтэй. Судалгаанаас харахад иргэдийн дийлэнх нь эрүүл мэнддээ маш их зарлага гаргачихсан байдаг. Яагаад гэвэл сахар, давс, архи хэргэлсэнтэй шууд холбогддог. Хорт зуршилтай байна гэсэн үг. Хорт зуршлаа байхгүй болгосноор эрүүл байна. Бие эрүүл байвал эмнэлэгт зарцуулах зардал хэмнэгдэнэ. Ингэж хэмнэгдсэн мөнгө чинь эргээд гэр бүлийнхний хүсэл мөрөөдөлд, гоё зорилтод зарцуулагдана шүү дээ.
-Аль салбарт илүү нөлөөлж байгаа вэ?
-Би одоохондоо гайгүй гэж дүгнэж чадахгүй. Учир нь БНХАУ-ын эдийн засаг 6 хувиар өсдөг байсан бол өнөөдөр 2, 3 хувь өсгөхийн төлөө зүтгэж байна. Итали улсын эдийн засаг хасах руу орсон. Мөн Монгол улсын эдийн засаг ч нилээн доошлох магадлалтай болчихлоо. Ядаж нэг, хоёр хувийн өсөлттэй болгохын төлөө чармайх хэрэгтэй. Энэ үед гадаад улс орнуудын хараат бус дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, мал аж ахуй, газар тариалангаа илүү хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Нэмээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээ экспортолж чадвал хямралыг давна гэж найдаж байгаа. Өмнөд хөршийн эдийн засаг сэргээд ирвэл түүхий эдээ гаргах гэх мэтээр шат дараатайгаар хөдлөх ёстой юм. Сая нүүрс тээврийн жолооч нарыг өмнөд хөрш рүү тээвэрт гаргахаар бэлтгэж байх хооронд Австрали улс Хятад руу нүүрсээ гаргаж, хэрэгцээг нь хангаад ашигтай ажиллачихлаа. Энэ нь эрсдэлийн удирдлага бүх түвшинд хэрэгтэйг харуулсан явдал болсон. Эрсдлээ тооцож, бэлтгэлтэй байдаг улсууд хямралыг давуу тал болгож ашиглаж байгаа юм.

-ЭМЗЭГ НӨХЦӨЛД ИРГЭДДЭЭ ШААРДЛАГАТАЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ-
-Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянгаар, тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, ноолуурын урамшууллыг 20 мянгаар нэмэгдүүлж бэлэн мөнгө олгох шийдвэрүүд гаргасныг хэр бодитой шийдвэр гэж дүгнэж байна вэ?
-Коронавирусийн халдварын энэ үед хүний эрүүл мэнд нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Төр засаг нь иргэдийнхээ эрүүл мэндийг нэн түрүүнд анхаарах ёстой. Гэтэл халдварт цар тахлын үед эрүүл байхын тулд иргэд нь гэртээ байж ажил хийх боломж бололцоо нь хумигдсан. Орлого зогсож, санхүүгийн хүндрэлд орсон. Ийм эмзэг нөхцөлд иргэддээ шаардлагатай дэмжлэг олгож байгааг нь зөв гэж харж байгаа. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс авах вэ гэдэгт олон хүн эргэлзэж байгаа нь мэдээж. Өнгөрсөн гурван жилийн турш төр засаг нь эдийн засгийнхаа суурийг сайн бэхжүүлж чадсан, ирээдүйн өв сандаа хуримтлал бий болгож чадсан гэж ойлгож байна. Тэрхүү мөнгийг яг л ийм хүнд үед ашиглах гэж хуримтлуулсан байх. Зориулалтаар нь ашиглаж байгаа. Нөгөө талд ААН, бизнес эрхлэгчдийн орлого хаагдаж, хүнд нөхцөлд орж байна. Коронавирусийг хяналтдаа авсан энэ үед үйлчилгээний байгууллагуудаа үе шаттайгаар, эмх замбараатайгаар нээх шаардлага бий. Сая хотын дарга баар, цэнгээний газрын цагийг шөнийн 00 цаг хүртэл сунгасан. Тухайн шийдвэр нь иргэдийг олноор нь цугларуулж эрсдэлд оруулсан.
-Нөгөө талаар энэ хүнд нөхцөлд “банкуудыг мөнгөжүүл, тэгж байж хямралаас гарна” гээд банкны салбарын зарим хүмүүс байр сууриа илэрхийлсэн нь хэр зөв үйлдэл вэ?
-Банкнаас авах зээлийн гол эх үүсвэр нь иргэдийн хадгаламж. Таны хадгаламж. Банк танд хадгаламжийн хүү төлж байгаа. Хадгаламжийн хүүг төлөх хугацааг хойшлуулаагүй. Харин зээл, зээлийн хүүг хойшлуулсан. Зээлийн хүү болон үндсэн төлбөр нь орж ирэхгүй байгаа энэ үед иргэд хадгаламжаа хүүтэй нь авъя гэхээр банк яаж өгөх вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр банкны салбарын эргэлдэж байгаа нийт хөрөнгийн 10 хувь нь эздийнх нь, 90 хувь нь хадгаламж эзэмшигч болоод харилцагчдын мөнгө байдаг. Тиймээс банкууд актив, пассивийн зөрүү алдагдал орчхоод байгаа. Зээл, зээлийн хүүгийн орлогыг хойшлуулсан тул банкууд орлогогүй болчхоод байдаг. Энэ хүндрэлийг нь шийдэлгүй зүгээр орхиж болохгүй. Банкууд хүнд байдалд орвол эдийн засгаа тэтгэж чадахгүй, эдийн засгаа тэтгэж чадахгүй бол нийгмээрээ хямралд орно. Тиймээс банк ч ААН учир банкийг дэмжих шаардлага байгаа. Иргэд үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нөгөө талд банкууд эрсдлээ зөв тооцож, эрсдэлийн сан байгуулбал хямралыг давж чадна.
-Зээл, зээлийн хүүг хойшлуулсан. Гэхдээ олон нийтийн дунд зээлийн хүүг бууруулах ёстой гэж “хүчээр шийдэх” асуудал юм шиг ойлголттой байгаад байх шиг?
-Улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харахад зээлийн хүүг тэглэхгүй байгаа. Банк, зээлдэгч хоёрын нэгэнт байгуулсан гэрээг төр дундаас нь зохицуулах, хүчингүй болгох боломжгүй. Ингэвэл хуулийг уландаа гишгэсэн асуудал болно. Дэлхийн бусад орнууд төлбөрийн дарамтуудыг хойшлуулах арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл зээлээ эргэн төлөх хугацааг хангалттай хэмжээгээр сунгаж өгч байгаа юм. Коронавирусийн дараа амьдрал үргэлжилнэ. Харин банкуудын цаашид гаргах зээл бага хүүтэй байх боломжтой. Одооноос банкууд хүүгээ бууруулаад эхэлчихсэн байна лээ.

-МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ АХИАД ЖААХАН БУУРУУЛАХ БОЛОМЖ БИЙ-
-Мөнгөний бодлогын хүүг 11-ээс 9 хувьд хүргэж буулгасан. Цаашид буурах боломжтой юу. Зарим эдийн засагчид энэ хүнд цаг үед 3-7 хувь болтол нь бууруулах боломжтой гэж яриад байгаа?
-Инфляцыг тодорхойлох үнийн сагсан дотор 121 бүтээгдэхүүн багтдаг. Инфляцийг тодорхойлдог гол хүчин зүйлүүдэд мах, сүү сүүн бүтээгдэхүүн, сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээний зүйлс багтдаг. Тансаг хэрэглээ буюу хувцасны худалдан авалт хумигдсан. Засгийн газраас мах, бензиний үнийг хяналтад байлгаж байна. Дэлхийн зах зээлд дээр бензиний үнэ буурсан тул инфляци тогтвортой, бага түвшинд байх болов уу гэж төсөөлөгдөж байгаа. Мөнгөний бодлогын 2020 оны үндсэн чиглэл, инфляцийн түвшин 8 байх болов уу. Бодлогын хүүг 11-9 болгож бууруулсан. Үүний зөрүү 3-5 хувь байх шинжтэй байна. Иймд дахиад багахан буулгахад гэмгүй байх гэж бодож байгаа шүү. Учир нь хаалттай байдлаас нээлттэй байдал рүү шилжих үед ААН-үүд, зогсонги байсан бизнесүүдээ эхлүүлэхэд зээлийн хүү бага, үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой.
-Санхүүгийн хямралын хүнд хэцүү үед иргэдийн олонх дийлэнх нь санхүүгээ яаж зохицуулах талаар ойлголтгүй байна. Наад захын ямар мэдлэгтэй байх ёстой юм бэ?
-Санхүүгийн боловсрол гэдэг нь өрх гэрийг яаж бие даасан, хараат бус, гэнэтийн хүндрэл тулгарахад даван туулах чадавх юм. Тэгэхээр энэ хүндрэлтэй энэ цаг үед ийш тийш явж зардал гаргахгүйгээр, хүмүүст ойртохгүйгээр, гэрээсээ үйлчилгээ авах аргыг илүү эрмэлзэх. Тухайлбал онлайн банкны үйлчилгээ нэвтэрчихсэн байна. Хэн санхүүгийн сахилга баттай байна, тэр хүн хуримтлал үүсгэж чаддаг. Хуримтлал үүсгэж, хэмнэж чадсан хүмүүс эрүүл байдаг. Манай монголчууд “тэрбумтан, саятан байж нарийллаа, харамлалаа” гэж ярьдаг, муулдаг. Баян хүмүүсийн амжилтын хамгийн наад захын нууцыг сонсоход хоолоо идэх хэмжээгээрээ захиалдаг, илүү гарлаа гэхэд савлаад аваад явж чаддаг хүмүүс байдаг. Хоолныхоо үлдэгдлийг савлаж авч явахаасаа огтхон ч ичих хэрэггүй. Энэ бол таны санхүүгийн сахилга батын наад захын энгийн жишээ.
-Өнөөгийн нийгэмд санхүүгийн боловсрол тун хомс олгогдог?
-Бид үр хүүхдэдээ наад зах нь хэрэглээний математик заах ёстой. Аливаа зүйлсийн үнэ яагаад үнэтэй байдаг вэ, мөнгө гэж юу вэ, яагаад заавал мөнгөөр эд зүйл худалдаж авах ёстой вэ зэрэг асуултад хариулт өгч мөнгөний үнэ цэнийг багаас нь ойлгуулах ёстой. Мөн багаасаа хэмнэлттэй, илүү минималист буюу цомхон авсаархан, цэгцтэй амьдарч сурахад нь анхаармаар байна. Хэн өнөөдөр хэмнэж, хуримтлал хийж сурсан хүн л илүү аз жаргалтай, мөрөөдлөө биелүүлж чаддаг болно.

-ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН, АЖИЛГҮЙ, АМЖИРГААНЫ ТҮВШИН МУУТАЙ ИРГЭДЭД ЦАХИМААР САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙГАА-
-“Хадгалж хэмнэж байж сайхан амьдарна” гэснээс өнөөдөр арай дөнгүүр амьдралтай нь хадгаламждаа мөнгөтөй, харин өнөө маргаашаа аргацааж хадгаламж манатай айлууд их байгаа гэж бодох юм. Хадгаламж үүсгэх гэдэг ойлголт манай нийгэмд одоо л нэвтэрч байх шиг?
-Өнөөдөр санхүү, банкны салбарын 70-80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Санхүүгийн мэргэжилтэй, боловсролтой эмэгтэйчүүд хамтраад нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд санхүүгийн боловсрол олгох сайн санааны үйл ажиллагааг санаачлаад байгаа. Ялангуяа алслагдмал хөдөө орон нутгийн, өрх толгойлсон, ажилгүй, амжиргааны түвшин муутай иргэдэд санхүүгийн боловсролыг хүртээмжтэй олгоё гэж зорьсон. Харамсалтай нь дэлхий даяар коронавирусийн цар тахал нүүрлэлээ. Заалны буюу танхимын хичээл оруулах боломжгүй болсон учир бид цахимаар сургалтуудаа хийгээд эхэлчихсэн.
Хоол хүнс хомс байлаа ч хүн бүр өнөөдөр хэмнэдэг зуршлыг өөртөө бий болгох хэрэгтэй байна. Социализмын үед эцэг эхчүүд үр хүүхдүүдээ “бага балчраасаа туйлын аж ахуйч, арвич хямгач, аливаа өмчийн эс ширхэг бүрийг нь алхам тутамдаа нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой шүү” гэж захиж сургаж ирсэн. Энэ үгийг өнөөдөр ч санаж сэрж явах нь зүйтэй. Та саятан биш ч гэсэн хэмнэх хэрэгтэй. Сургуулийн чинь ус дусалж байвал хааж сурах, цэцэрлэгийн чинь гэрэл асаалттай байвал унтрааж гарах гэх мэт наад захын ухамсартай байх. Хэн нэгний нэгэнт бүтээсэн баялгийг яаж арвижуулах вэ, яаж нэмэрлэх вэ, яаж зөв хүн байх вэ, хэрхэн эерэг хандлагатай байх вэ гэх алхам тутамдаа эргэцүүлэх хэрэгтэй.
-Та бүхний санаачилсан сургалт цахим хэлбэрт шилжсэнээр алслагдмал орон нутгийн хүмүүст хүрэх болсон нь таатай юм. Сургалт нь эхэлсэн үү. Хичнээн цар хүрээг хамрах вэ?
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхантай хамтран тэдний чиг үүргийн хүрээнд бүх дүүрэг, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын салбаруудаар дамжуулан сургалтаа хүргэнэ. Мөн банкны бүх салбарууд, банкны холбоогоор дамжуулан видеогоо тараана. Тэгээхээр бүх аймгийнханд, бүх банкны харилцагч нарт хүрэх боломжтой.
-Хувь хүний санхүүгийн боловсролоос илүү өрх, гэр бүлийн санхүүгийн боловсрол хамгийн чухал юм шиг?
-Өрхийн санхүүгийн боловсролд хувь хүн ганцаараа гэхээсээ илүү өрхийн гишүүн бүр суралцах хэрэгтэй. Шууд төсвөө зохиогоод эхлэх биш хамт суугаад “бидний алсын хараа, хүсэл мөрөөдөл юу юм бэ” гэдгээ тус тусдаа бичнэ. Хүүхэд нь “би дэлхийн хамгийн мундаг сургуульд сурна” гэж бичиж болно шүү дээ. Тэрхүү хүссэн сургуульдаа очихын тулд мэдээж нэгдүгээрт онц сурах шаардлагатай. Дараа нь санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ. Дунд сургуулийн сурагч байлаа гэхэд хүссэн сургуульдаа орохын тулд одооноос хуримтлал үүсгэвэл сургуульд ортлоо тодорхой хэмжээний мөнгө цуглуулж чадах юм. Маргааш гэж хойш суулгүй, өдөр бүр бага багаар хэмнэж сурах нь чухал.

-ӨДӨРТ 1000 ТӨГРӨГ ХУРИМТУУЛСААР САРЫН ДАРАА САЯТАН БОЛОХ БОЛОМЖТОЙ-
-Өнөөдрөөс, маргаашаас хуримтлал үүсгэх зорилго тавьж байгаа хүмүүст мэдээлэл өгөх үүднээс хуримтлал хэрхэн үүсгэх вэ гэж асуух нь зөв байх?
-Та саятан болохыг хүсэж байвал 52 долоо хоног буюу нэг жилийн дараа 1.378.000 төгрөгийг хуримтлуулж чадна. Эхний долоо хоногт 1000 төгрөг хэмнээд хадгал. Та таксинд суудаг бол таксинаас татгалзаад эрүүл мэндээ бодоод явган явахад л та энэ мөнгийг хэмнэнэ. Энэ бол наад захын энгийн жишээ. Дэлгүүрт орох бүртээ бид 200 төгрөгийн тор авдаг. Таван удаа дэлгүүрт орохдоо тэр торноос татгалзсанаар та бас л 1000 төгрөг хэмнэж чадна. Гадуур хооллохын оронд гэртээ эрүүл хоол хийгээд аваад явах гэх мэт хэмнэж болох олон боломж бий. Ийм боломжуудыг байнга эрэлхийлэх хэрэгтэй. Боломж үргэлж байдаг. Ингэж явсаар 52 долоо хоногийн дараа 52 мянган төгрөг хэмнэсэн байх болно. Хэмнэж хадгалсан мөнгөө мөнгө болдоггүй зүйл буюу эд зүйлд зарцуулбал өсөхгүй. Иймд хуримтлуулсан мөнгөнийхөө 50-60 хувийг мөрөөдөлдөө зарцуулаад үлдсэнийг нь дахиад заавал авч үлдэх хэрэгтэй. Тэгээд л түүнийгээ өсдөг, үрждэг арвиждаг зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тийм боломж бий юу гэвэл бий.
-Тухайлбал орлогоо өсгөх, хэмнэх ямар боломжуудыг та нэрлэх вэ?
-Боломж байлгүй яахав. Нэгдүгээрт, банканд хийж хадгаламжийн хүүгээрээ орлого олж болно. Хоёрдугаарт, компаниудын хувьцааг аваад өсгөж болно. Хувьцаа авахдаа болгоомжлох нэг зүйл бий. Хувьцааны үнэ уначихвал оруулсан хөрөнгийн чинь үнэ уначихна. Тэгэхээр хувьцааг нь худалдаж авах компаниа маш сайн судалж, ирээдүй бий юу гэдгийг нь сайн харах нь чухал. Хүнс, мах, талх, гурил, будааны үйлдвэрүүдийн компанид хөрөнгө оруулах нь ашигтай. Хүний идэх хэрэгцээ хэзээ ч зогсохгүй. Тухайлбал, хувьцааг 100 төгрөгөөр худалдаж авлаа гэж бодъё. Хувьцааны үнэ 120 төгрөг болж өсвөл чи 20 төгрөгний ашиг олно. Мөн тухайн компани ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилна. Тэгэхээр хадгаламжаас зөвхөн хүү авдаг бол компанийн хувьцаа худалдаж авснаар үнийн зөрүүний ашиг, ногдол ашиг авдгаараа давуу талтай. Гуравдугаарт, валют худалдаж авч болно. Валют аваад банканд хадгалуулбал валютын үнийн зөрүүнээс нь болон хадгаламжийн хүүгээс нь ашиг олж болдог. Энэ мэтчилэн санхүүгийн зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Үүнд оролцох боломж бий. Би зөвхөн гуравхан төрлийн боломжийг нэрлэлээ. Бид “мөнгөө өсгөх ийм боломжууд байдаг юм шүү” гэдгийг иргэдэд ойлгуулах зорилготой. Та хичнээн бага орлоготой ч түүнээ хадгалж, хэмнэж, цомхон амьдарч сурах нь л хамгийн чухал.
-МАНАЙД ХАНГАЛТТАЙ САЙН ХУУЛИУД БИЙ. ТЭР НЬ ЖИРИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭЭД УЛС ДАМНАСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА-
-Эдийн засагч хүнтэй нэгэнт уулзсаных өнөөдрийн нэг гол сэдэв Монгол Улс саарал жагсаалтаас гараад хар жагсаалтад орсон явдал. Хар тамхины наймааны хэрээс хэтрэлт, банкууд нь мафижсан, улстөрчид нь авилгжсанаас гэж ойлгогдож байна?
-Бүртгэл хяналт сул газар авилга оршин тогтнож байдаг. Мөн хуулиа дээдэлдэггүй, мөрддөггүй газар л авилга байдаг. Тэгэхээр бүртгэл бас дахин бүртгэл чухал. Бүх зүйлээ сайн бүртгэлжүүлэх, хянах тогтолцоогоо бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн баталсан хуулиа хэрэгжүүлдэг баймаар байна. Манайд хангалттай сайн хуулиуд бий. Гагцхүү доод түвшний хүмүүст үйлчлээд, улс дамжсан гэмт хэрэг үйлдэгсдэд үйлчлэхгүй байгаад л гол гогцоо бий. Төрд тавих иргэдийн хараа хяналт маш чухал. Компаниудын засаглалд хараат бус мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг, эмэгтэйчүүдийг түлхүү оруулж ирмээр байгаа юм.
-Цаашдын хувь заяа хэрхэх бол. Ядаж байхад ОУВС-ийн хөтөлбөр дуусаж байдаг?
-ОУВС-ийн хөтөлбөр тавдугаар сарын сүүлээр дуусна. ФАТФ мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага газар дээр нь ирж танилцаж, үзнэ гээд байгаа юм билээ. Гэтэл одоо хилийн хоригтой, хаалттай үе нь таарчихлаа. Үүнээс үүдэж үнэлгээ хийх асуудал хойшлоод байгаа. Тэгэхлээр ФАТФ гэдэг байгууллага цахимжих ёстой гэж олон улсын шинжээч хүний хувьд үзэж байна. Тэгээд үнэлгээ хийдэг хүмүүсээ цахимаар хараат бус байдлаар шалгалтаа хийх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.

-ДАРААГИЙН ПАРЛАМЕНТАД УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЗӨВ ТӨСӨВ, ЗӨВ МӨНГӨНИЙ БОДЛОГО ЯВУУЛАХ ХҮМҮҮС ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-
-Дэлхийн дэвжээнд Монголыг таниулсан банкир гэдэг тодорхойлолт таныг дагадаг. Банкны салбарт ажиллаад хичнээн жил болж байна вэ?
-Миний хувьд санхүү, банкны салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Хоёр дээд сургууль төгсөж, Английн хоёр их сургуульд докторын судалгааны ажил хийж байлаа. Монгол улсынхаа төрд буюу Төв банканд нягтлан бодогчоос нь эхлээд дэд ерөнхийлөгч, Лондон дахь төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. ХонгКонг, АНУ, ОХУ, Англи зэрэг олон улсад ажиллаж байсан санхүүгийн туршлага, мэдлэгээ эх орондоо гаргах хүсэлтэй явна. Ялангуяа банк санхүү эдийн засгийн хуулиудаа боловсруулахад гар бие оролцож байсан.
-Та бас улстөрд орохоор зэхэж байгаа. Өнөөгийн улстөрд мэргэжлийн эдийн засагч, хуульчдын орон зай дутагдалтай байгаа юм шиг санагддаг?
-Өнөөдөр зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлтийн эсрэг оролцох, ард иргэдээ санхүүгийн боловсролтой болгоход өөрийн мэдлэг чадвараа зориулахыг эрмэлзэж байна. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сунгаад оролцох хүсэлтээ МАН, НАМЭХ-д өгсөн. Намын хамт олон удирдлага шийдэх байх. Өнөөдрийн энэ парламентийн гишүүдийн 10 хувь нь эдийн засагч мэргэжилтэй юм билээ. Тиймээс ирэх парламентад Монгол Улсын эдийн засгийг зөв төсөв, зөв мөнгөний бодлогоор явуулах хүмүүс зайлшгүй байх шаардлагатай гэж бодож байна. Өнөөдөр коронавирусийн цар тахлын улмаас бид ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулчхаад байна. Энэ хөрөнгө богино хугацаанд хэрхэн нөхөх вэ, эдийн засгаа богино хугацаанд хэрхэн сэргээх вэ гэдэг асуудлууд тулгарна. Ийм ажлуудыг хийж байсан туршлагатай хүмүүс гарч, улс орныхоо эдийн засгийн, ард түмнийхээ амьдралыг өөд татаасай гэж бодож байна.
-Та банк санхүүгийн салбарын гурван удаагийн хүндрэлийг даван туулахад гар бие оролцсон хүн юм билээ шүү дээ?
-Тийм. Хүндрэлээс гарах ажлуудыг гардан гүйцэтгэж байсан хүний хувьд надад туршлага бий. Английн их сургуулиудад суралцаж байсан мэдлэгүүдээ ашиглах бололцоотой гэж өөрийгөө үнэлнэ.
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudlaa abgaishtee londond mongolin ofshirchdiin tuluul ajilj bsan nuhur
Ардчилсан замаар хөгжиж бгаа улсуудаас гадаадын банкууд өөртөө авж ажиллуулдаг юм.Өөрийнх нь улсад очиж ард түмэнийг нь шулахад ингэж урьдчилж бэлдсэн урвагч-шун�##�ын туламууд их хэрэг болдог юм
30 жил л хар шувуу дэвлээ. Өнөөдөр дөнгөж өндөгнөөсөө хагараад гарт�##� ийм байд�##�тай анх нүүр тулж байгаа юм шиг л аашилцгааж байна
Nudee aniad sohroor demjihees uur sanalgui baina
Амжилт хүсье. Төрд �######�шгүй хэрэгтэй хүний нэг байна.
Иймэрхүү боловсрол туршлагатай хэдэн чамбай эмэгтэй хэрэгтэй байгаам даа. Сарангэрэл сайд энэ цаг үёд эм -ийн сайд байгаа нь том завшаан шүү... одоо �##�т мөнгөний авдраа эмэгтэй хүнээр хамга�##�уул... Энхжарг�##�д баярл�##�аа... амжилт хүсьё.
Иймэрхүү хүмүүсийг дэмжээд гаргачихв�##� нөгөө намын дар�##�тад ороод өөх ч биш булчирхай ч биш болчихвий гэж айдаг болчихлоо. Дэмжинэ ээ.