ТОДРУУЛГА: Афганистанд коронавирус туссан монгол цэргүүдийн гар утсыг хурааж авчээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан Х ээлжийн энхийг сахиулагчид COVID-19-ийн халдвар авч, улмаар эмчилгээгүй тусгаарлагдаж байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөд цацагдаад буй. Энэ тухай БХЯ-аас хэвлэлд өгсөн тодруулгадаа, "Нислэг хэзээ хийгдэх нь тодорхойгүй” гэх мэдээллийг өгөөд буй. Иймд бид тус улсад энхийг сахиулж буй зарим алба хаагчийн ар гэртэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
Тэд өөрсдийнхөө тухай нарийн мэдээлэл өгөхөөс татгалзан, нэрээ нууцлахыг хүссэн юм.
-БНХАУ АГААРЫН ХИЛЭЭ ХААСАН УЧРААС ЦЭРГИЙН ОНГОЦ НИСЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН-
-Гэр бүлийн хүн тань энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа COVID-19 халдвар авч тусгаарлагдсан хэмээх мэдээлэл цацагдаад буй. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-Манай гэр бүлийн гишүүн маань 2019 оны аравдугаар сард энхийг сахиулахаар Афганистан улсыг зорьсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ирэх байсан ч дэлхий нийтэд аюул учруулаад буй “COVID-19” халдвараас болоод хугацаа нь сунгагдсан юм. Солигдох ёстой ээлж нь тавдугаар сарын сүүлээр тэнд очсон.
Ингээд үүргээ хүлээлцсэний дараа зургаадугаар сарын 11-ний өдөр эх орон руугаа нисэх байсан ч БНХАУ агаарын хилээ хаасан учраас цэргийн онгоц нисэх боломжгүй болсон. Иймд тэднийг цэргийн нисэх онгоцны баазад байрлуулж байгаа гэсэн. Бараг сар шахам хугацаанд аюултай нөхцөл байдалд, дээр нь коронавирусийн халдвар авсан гэдгийг нь хэвлэлийн мэдээнээс сонсоод түгшиж л сууна.
-Х ээлжийн энхийг сахиулагчид одоо коронавирусын өндөр эрсдэлтэй баазад байрлаж байгаа юм байна. Нууц биш бол тэдэнтэй холбогдсон уу?
-Тиймээ. Коронавирусийн халдвар тархсан баазад байрлаж байгаа. Анх онгоцны буудалдаа хэд хоносон. Сүүлдээ Монголд ирэх хугацаа нь тодорхойгүй болж, улмаар баазынхаа хашаанд майханд байрлуулах болсон гэсэн. Гадаа буюу өндөр эрсдэлтэй орчинд гарч байж интернэтэд холбогдох боломжтой юм билээ. Тиймээс аль болох битгий гадагш гараарай, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай гэж захисаар байгаа тул байнга холбогдож чадахгүй байна. Эрсдэлтэй бааз учраас олноор нь хоол идүүлэхгүй, цаанаас нь зөөдөг л гэж сонссон. Эрсдэлтэй газар учраас дархлаагаа сайн дэмжинэ гээд өөртөө дархлаа дэмжих витамин авлаа гэж байсан.
-ЭРСДЭЛТЭЙ ОРЧИНД УДААН БАЙСНААС БОЛООД БҮГД ӨВЧИЛЧИХЛӨӨ-
-Халдвар авсан цэргүүдийн талаар мэдээлэл танд бий юу?
-Ямартай ч, тусгаарлагдан шинжилгээ авч байгаа л гэж сонссон. Хэрвээ анх нисэх байсан өдрөө л нисчихсэн бол тэдгээр цэргүүд юу гэж халдвар авах билээ дээ. Өмнөх цэргийн бааздаа зүгээр л байж байгаад эх орондоо ирэх байсан. Гэтэл эрсдэлтэй орчинд удаан байснаас болоод бүгд өвчилчихлөө. Энд байгаа батлан хамгаалах яам нь анхааралдаа авч ажиллаасай билээ л гэж горьдож сууна.
Сонгуулийн балгаар цэргүүддээ анхаарч, эх оронд нь татаж авахгүй байсаар өвдчихлөө. Мөн удахгүй улсын баяр наадам болно. Одоо л нэг тоймтой шийдвэр гаргахгүй бол цэргүүд хэзээ ирэх нь тодорхойгүй, хүлээж буй бидэнд ч түгшүүртэй байна.
-Эмчилгээ хийхгүй, ар гэрийнхэнтэй ч холбоо бариулахгүй утсыг нь хураасан гэх мэдээлэл бий. Танай гэр бүлийн гишүүн энэ талаар юм хэлсэн үү?
-Эмчилгээний талаар мэдэх юм алга. Ямартай ч тэдний утсыг нь хураасан гэсэн. Гэхдээ үүнийгээ тайлбарлахдаа "Эрсдэлтэй орчинд байгаа учир интернэт орох, тоглоом тоглох зэргээр гадаа гарахаас сэргийлсэн” гэсэн. Цаанаа ийм учиртай байсныг бид яаж мэдэх вэ.
-ИРЭХ ЁСТОЙ БАЙСАН ХУГАЦААНААСАА ГУРВАН САРААР СУНГАГДСАН Ч, ХЭЗЭЭ ИРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
-Хэзээ ирэх талаар мэдээлэл бий юу?
-Ирэх хагас сайн өдөр буюу энэ сарын 11-нд ирэх магадлалтай гэж байсан. Яг үнэнийг хэлэхэд магадлалтай гэж хэлсээр долоо, долоо хоногоор хойшилсоор нэг сар болж байна. Тэдний нисэх онгоц УОК-ын тусгай үүргийн онгоц биш, цэргийн онгоц болохоор агаарын хил ярвигтай байна гэж сонссон. Манай улс энхийг сахиулаад ирж буй цэргүүдийнхээ цалингийн 30 хувийг нь авдгаас хойш яагаад тэдэнд онгоц илгээж болохгүй гэж. Тэд ирэх байсан хугацаанаасаа гурван сараар сунгагдаад дахиад хэдий хугацаа өнгөрөхийг мэдэхгүй сууж байгаа шүү дээ.
Ийнхүү бид өөр нэгэн энхийг сахиулагчийн ар гэртэй холбогдож, тэнд нөхцөл байдал ямар байгаа тухай мэдээллийг авсан юм.
"Тэнд байгаа цэргүүд шинжилгээ өгөөд хуваагдаж, тусгаарлагдсан байгаа гэсэн. Ямартай ч үргэлж шинжилгээ өгч, зарим нь эдгэрч бусдадаа хоол унд зөөж байгаа гэж дуулсан. Одоо нэгэнт тусчихсан хүмүүсийг хурдан эх оронд нь ирүүлээд эмчилгээ хийлгүүлмээр л байна.
Ямартай ч надад "Санаа зоволтгүй, болно оо” гэж хэлсэн. Утсаа хураалгачихсан байгаа. Гэхдээ бодоход тэдгээр цэргүүд эдгэж байж л бүгд наашлах байх. Үймээнтэй газар олон удаагийн нислэг хийх боломжгүй болохоор өвчтэй хүмүүстэй бусад цэргүүдээ нисгэж эрсдэлд оруулахгүй байлгүй дээ. Надад өөр мэдэх, хэлэх юм алга. Энэ чинь нэг талаараа цэргийн нууц шүү дээ” гэв.
Энхийг сахиулагчдын ар гэрийнхний өгч буй мэдээллээр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсыг зорьсон цэргүүд коронавирусийн халдвар авсан, эх орондоо ирэх өдрийг хоног тоолон хүлээж буй гэх. Одоогоор цэрэг эрсийн биеийн байдал тогтвортой, зарим эдгэрсэн цэргүүд бусдадаа хоол ундыг нь дөхүүлж, тусалж байгаа гэнэ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huurhii heden tsergee hudur hajdee zasag...