НийгмийнСПОРТ

ЭРГЭН ДУРСАХУЙ: Нэг аймгийн хүчтэнүүд түрүү булаалдсан түүхэн наадам

ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД

Төрийн наадмын түрүүг нэг нутгийн хоёр хүчтэн булаалдан, түүгээр ч үл барам нэг жил улсын аварга, улсын арслан цолтон өлгийдсөн тохиолдол хуруу дарам. Ийм ховор амжилтыг 2016 оны улсын наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нар үзүүлсэн юм. Түрүү бөхийн таамагт олон жил нэрлэгдэж, дээлийнхээ захыг мушгиулж байсан Ч.Санжаадамба тухайн үед улсын заан, уран хурц, дайчин барилдаант Р.Пүрэвдагва тухайн үед улсын начин цолтой байсан юм. Тийнхүү Ч.Санжаадамба Монгол Улсын 22 дахь аварга болсон бол Р.Пүрэвдагва улсын начин цолтойдоо төрийн наадамд үзүүрлэн, улсын арслан цолоор энгэрээ мялаан, наадамчин олноо баясгасан юм.

Улсын наадмын есийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь (одоогийн улсын аварга) улсын заан Ч.Санжаадамба (өнөөгийн улсын аварга), улсын начин Р.Пүрэвдагва (одоогийн улсын арслан) нар үлдээд байв. Эл даваанд Ч.Санжаадамба Г.Эрхэмбаярыг, Р.Пүрэвдагва Н.Батсуурийг давж, хоёулаа улсын арслан цолны болзол хангасан юм.

ДУУЛИАН МАРГААН, ДАГУУЛСАН БАРИЛДААН

2016 оны улсын наадмын хамгийн их дуулиан, маргаан дагуулсан барилдаан бол П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын өрсөлдөөн. П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагваас хаялцах барьц сонгосон ч ойролцоо унасан. Хөлийн цэцүүд хуралдаад хоёр бөхийн дахин барилдуулахаар болсон. Гэвч эл шийдвэрийг П.Бүрэнтөгс эсэргүүцэн, наадамчин олныг нэлээд чилээсэн. Ингээд тэд дахин барилдахад Р.Пүрэвдагва давж, улсын гарьд цолны болзол хангасан юм.

АВАРГА ЦОЛТОН АВАРГЫГ АМЛАВ

2016 оны улсын наадмын наймын даваанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, тухайн үед улсын арслан цол байсан Э.Оюунболд, Н.Батсуурь (одоогийн улсын аварга), улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба (одоогийн улсын аварга), улсын харцага Б.Пүрэвсайхан (өнөөгийн улсын заан), улсын начин Р.Пүрэвдагва (өнөөгийн улсын арслан) нар үлдээд байв. Эл даваанд С.Мөнхбат аварга шууд Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Аварга цолтон шууд аваргаа амласан нь тун ч содон амлалт. Улмаар П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагвыг, Н.Батсуурь Б.Пүрэвсайханыг амлан, Ч.Санжаадамба, Э.Оюунболд нар тунасан юм. Хэрвээ эл даваанд Увсын бөхчүүд бүгд давсан бол шөвгийн дөрөвт гурван ч хүчтэн нь үлдэх байв. Гэхдээ тэдний санаснаар болоогүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button