НИЙГЭМ

Ж.Тэмүүжин: “Хамт живчихвэл яана аа” гэж бодоогүй, шууд л гол руу үсэрсэн

Энэ жилийн наадам гэрэл гэгээтэй, эерэг сайхан мэдээллүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Монголчууд эрийн гурван наадмаа үзэж, хуушуураа идээд завгүй байх хооронд хэд хэдэн сонирхолтой зүйл болж өнгөрсний нэг нь Ж.Тэмүүжин хүүгийн баатарлаг үйл. Тэрэлжийн голд бяцхан хүү осолдож, гарч чадахгүй сарваганаж байхад нь зоригтойгоор шумбан орж, эсэн мэнд гарган аав ээжийнх нь магнайг хагартал баярлуулж чадсан Ж.Тэмүүжин хүүтэй бид товчхон ярилцлаа.

Долоодугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн орчимд хүү, ах дүү нартайгаа хамт Тэрэлж голын ойролцоо тоглож, наадаж байжээ. Харин 13:00 цагийн орчимд мөнөөх үйл явдал болсон бөгөөд, тус голын 2-3 метр гүнтэй хэсэгт есөн настай хүү осолдсон байна. Аав ээж нь болон бусад хүмүүс хүүг аврах завдалгүй, сандралдаж байх хооронд Ж.Тэмүүжин хүү ус руу шумбан ороод, түүнийг сугадан гаргаж иржээ. Тэрбээр бидэнтэй ийм яриа өрнүүлсэн юм.

-ХҮҮГИЙН ЭЭЖ НЬ УЙЛЖ, НАМАЙГ ТЭВРЭЭД БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛСЭН-

-Сайн байна уу? Наадмын үеэр голд живэх гэж байсан хүүг аварсан үйлдэл тань сошиал орчинд их түглээ шүү дээ. Тухайн үед наадмаа тэмдэглэж байв уу?

-Сайн байна уу? Манай зуслангийн байшин Тэрэлж голын ойролцоо байдаг болохоор бид ах дүү нараараа тэнд сэлж, тоглох их дуртай л даа. Тэр өдөр наадам нэг их тэмдэглээгүй, ээж маань гэртээ хоол хийж байх хооронд бид нар халууцсан учраас голд орж сэрүүцэж байсан юм.

Яваандаа би уйдаад, жараахай барихаар голын эрэг дээр сууж байтал дээд эргийн хоёр талаар хүмүүс гүйлдээд, “Авраарай, авраарай” гэж орилолдоод эхэлсэн. Хартал нэг хүүхэд усан дээр хөвчихсөн, ус залгиж огиод, ярьж чадахгүй сонин дуу авиа гаргаад байж байсан.

-Хүүг аврахаар ус руу шумбасан чамаас өөр хүн байсан уу? Усанд орохоосоо өмнө Би ч гэсэн хамт живчихвэл яана аа гэж санаа зовсон уу?

-Усанд сэлж чаддаг хүн байхгүй байсан байх, надаас өөр аврах гэж оролдсон хүн байгаагүй. Би бол “Хамт живчихвэл яана аа” гэж бодоогүй. Зүгээр шууд л аврах хэрэгтэйгээ мэдрээд, гол руу үсэрсэн.

-Есөн настай хүү байсан гэсэн. Яаж гаргаж авсан бэ? Сандарч түгшсэн үү?

-Тэр хүүхэд ус залгиад, ямар ч үг хэлж чадахгүй болчихсон байсан. Дээрээс нь биеэ маш их чангалсан байсан. Биеэ чангалчхаар улам хүнд болоод гаргахад төвөгтэй байв. Гэхдээ туранхай хүүхэд байсан болохоор гайгүй гаргаад ирсэн.

Би багаасаа сэлж сурсан, сайн сэлдэг болохоор энэ явдалд хэрэг болсон байх. Яагаад ч юм ийм нөхцөл байдалд “Сандарч болохгүй, тайван бай” гэсэн үгийг тархи маань өөрөө өөртөө шивнээд байдаг. Тийм болохоор сандраагүй, сугадаж өргөөд гаргасан.

-ААВ ЭЭЖ ХОЁР МААНЬ ХҮНД БУЯН БОЛЖ БАЙГААРАЙ ГЭЖ ЗАХИДАГ-

-Миний дүү өөрөө зүгээр үү? Тэр хүүгийн аав, ээж нь ойролцоо байсан уу?

-Би гарч ирээд жаахан даараад байсан. Бусдаар гайгүй. Тэр хүүхдийн аав, ээж хоёр бол эхнээсээ голын хоёр талаар дуу алдаж, гүйлдээд байсан хүмүүсийн нэг. Бид хоёрыг гарч ирсний дараа ээж нь уйлаад, надад маш их баярлалаа гэж хэлж, тэвэрч байсан.

-Чамд аав, ээж хоёр нь юу гэж хэлж, сургадаг вэ?

-Яахав, усанд живж байгаа хүнийг аварч байгаарай гэж хэлж байгаагүй л дээ. Гэхдээ ядарч яваа хүмүүс байвал ганц мянган төгрөг ч болсон хамаагүй өгчихөж байгаарай гэж захидаг юм. Би ч тийм хүмүүс тааралдвал, байгаа мөнгөнөөсөө өгдөг. Аав ээж хоёр хүнд буян болж байгаарай л гэж хэлдэг.

Тэмүүжин өрлөг гэдэг сургуулийн 9-р ангид суралцдаг юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн лицей шүү дээ. Гэнэтийн аюул осолд орсон хүмүүсийг авардаг хүн болъё гэж боддог уу?

-Хүн авардаг хүн болохгүй л дээ. Зүгээр цэрэг, цагдаагийн хүн болно. Хүүхэд байхад “Тусгай салаа” гээд кино гардаг байсан шүү дээ. Би тэр киног их үзэх дуртай. Тэндээс цэргийн хүн болох гоё санагддаг болсон. Тэгээд аав ээж хоёртоо энэ сургууль руу оръё л доо гэж ятгасаар байгаад 6-р ангидаа анх элсэж орсон.

-Миний дүүгийн ярилцлагыг одоо үе тэнгийн найз нар гэлтгүй зөндөө олон хүмүүс уншина. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

-Ер нь манай үеийнхэн гол усанд их анхаарал болгоомжгүй ордог л доо. Эцэг эхчүүд нь ч гэсэн хараа хяналт муу тавиад, өөрсдөө архи уугаад сууж байдаг. Хүүхдүүдээ гол усны дэргэд байхад нь сайн анхаар аа гэж хэлмээр байна.

Бас зун хүмүүс гал асаагаад хоол энэ тэр хийж иддэг дээ. Босохдоо галаа дутуу унтраачихдаг. Ган гачиг ихтэй байна, түймэр гарвал яана. Бас идэж уусан хогоо дандаа авч явахгүй орхино. Машинд нь хогоо аваад явах зай байгаа шүү дээ. Байгальдаа ээлтэй ханд л даа гэж хэлмээр байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

15 настай гэлтгүй хэвлүүхэн, шавилханаар дээрх бүгдийг Ж.Тэмүүжин хүү хуучилсан юм. Бид түүнтэй ярилцсаныхаа дараа хүүгийн ээж А.Уранчимэгтэй мөн товчхон хөөрөлдлөө.

-ХҮҮГИЙНХЭЭ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХӨНДЛӨГӨӨС ОРОЛЦОЖ, УНТРААХЫГ ХҮСДЭГГҮЙ-

-Хүү тань, Манай аав, ээж хоёр намайг хүнд буян болж байгаарай, ядарч яваа хүнд ганц мянган төгрөг ч болтугай өгчхөж байгаарай гэж захидаг хэмээн ярьж байна. Та хүүгээ ямар хүн болоосой гэж боддог вэ?

-Би хүүгээ зөв хүн болоосой л гэж боддог. Хичээлдээ онц сур, хүнд тус болж яв гэж сургадаг. Манайх хоёр эрэгтэй хүүхэдтэй, Тэмүүжин маань айлын том юм. Тийм учраас аливаа зүйлийг аль болох зөв талаас нь хэлж, ойлгуулахыг бодож явдаг даа.

-Долоодугаар сарын 11-ний 13:00 цаг орчимд энэхүү үйл явдал болсон гэж байна. Тэр үед таныг гэртээ хоол хийж байсан гэсэн. Хүүгээ хүний амь аварсныг та мэдээд яаж хүлээж авсан бэ?

-Би гэртээ хоол ундаа хийгээд байж байлаа. Хүүхдүүд энэ Тэрэлжийн голоор их сэлж тоглодог юм. Манай хүү бүр багаасаа л сэлж сурсан, их сайн сэлдэг. Тэр үйл явдлаас “үсрээд” цагийн дараа л “Ийм юм боллоо” гээд ороод ирсэн. Би, “Яана аа, миний хүү өөрөө гайгүй юу? Ямар мундаг юм бэ?” гэж хэлээд л угтаж авсан. Бас нэг адилхан хүүхдийн амийг аварна гэдэг ээж хүний дотор их баяр хөөр төрсөн.

-Үүнээс удалгүй л хүмүүс сошиал орчинд байршуулаад эхэлсэн шүү дээ. Өнөөдрийг хүртэл нэлээд түгчихлээ.

-Харин тийм ээ. Эргэн тойронд нь байсан хүмүүсээс эхлээд л тэр даруй постлоод эхэлсэн байна лээ. Тэр 9 настай хүүгийн ээж манай хүүд бүр мөргөж ирээд л баярласнаа илэрхийлсэн гэсэн. Би ч үнэхээр ийм үйл явдал болж байгаа нь үнэн л юм чинь, өөрөө шэйрлээд, нүүр хуудсандаа энэ тухай бичсэн л дээ. Хэвлэлийн хүмүүс ч холбогдох гэж их ярьж байна. Нэг их цааргалж байгаа юм алга. “Ийм явдал болсон нь л үнэн юм чинь” гэж бодож байна.

-Хүү тань цэрэг, цагдаагийн хүн болохыг мөрөөддөг гэж ярьсан. Та хүүгээ ямар мэргэжилтэй болоосой гэж боддог юм бэ?

-2, 3-р ангиасаа л цэргийн хүн болъё, “Тэмүүжин өрлөг” сургууль руу оруулаад өгөөч гэж ярьж эхэлсэн юм. Спортод сайн, усанд сайн сэлдэг байсан. Юунд сонирхолтой, юунд дуртай байна түүгээрээ л амьдралынхаа утга учрыг хийж яваг дээ гэж боддог. Хөндлөнгөөс оролцож, хүсэл мөрөөдлийг нь унтраахыг хүсээд байдаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

Насанд хүрсэн хэн хүний зориглоогүй үйлдлийг хийхээр сэтгэл шулуудаж, нэгэн хүүгийн алтан амь, аав ээж хоёрынх нь бүтэн амьдралыг өөрийн гараар аварч чадсан Ж.Тэмүүжин хүү. “Одоо таны дараа дахиад зөндөө олон телевиз, сайтын сэтгүүлчид ирнэ гэсэн” хэмээн ярих тэрбээр бидэнтэй болсон явдлыг элдэв хачиргүй, гэнэн цагаахан сэтгэлээр хуучилсан нь энэ. Ер томчууд ч үгийг нь сонсоод нэгийг бодож, хоёрыг тунгаам тусч, ухаалаг хүү  бидэнд хүүхдүүддээ сайн анхаарал тавьж байхыг, байгаль орчиндоо ээлтэй хандахыг сургаж чадлаа.

М.ТЭНГИС

Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close