НИЙГЭМ

Б.Ганбат: Эрүүл мэндийн салбар улс төрчдийн тоглоом биш

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар, тус дүүргийн ЭМТ-ийн эмч, албан хаагчид хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл хийлээ. 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ирж, удирдлагыг нь солих шийдвэр гаргаснаа танилцуулжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 460 ЭМЧ, АЛБАН ХААГЧИД ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛД НЭГДЭЖ БАЙНА

Б.Ганбат: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн талаар эсэргүүцлээ илэрхийлэн, гарын үсгээ зурж, холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаагаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээллэж байна. Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа нарт тус дүүргийн дарга Батжаргалыг эргүүлэн ажилд нь томилж, эмнэлэгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, бидний шаардлагыг биелүүлж, хуулийн хугацаанд хариу өгөхийг шаардсан албан бичгээ хүргүүлж буйгаа мэдэгдье. Эрүүл мэндийн салбар улс төрчдийн тоглоом биш.

Б.Оюунбаяр: Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 460 эмч, албан хаагчид гарын үсэг зурж шударга ёсны төлөө тэмцэлд нэгдэж байгаа юм. Иймд эмч, эмнэлэгийн ажилчид улс төрчдийн тоглоом биш гэдгийг нийгэм, ард түмэнд сануулан хэлэхийг хүсч байна. Биднийг удирдаж Баянгол дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг хүлээн ажиллаж байсан Ө.Батжаргал дарга нь 1998 оноос төвд арга зүйч эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй, тасгийн эрхлэгч, орлогч даргаар ажиллаж байгаад 2013 оноос ЭМТ-ийн даргаар томилогдон тус төвд тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллаж ирснийг түүний хийсэн бүтээсэн, томоохон бүтээн байгуулалтууд бүрдүүлсэн баг хамт олон дүүргийн олон мянган иргэд нотолж байгаа. Баянгол дүүрэг ЭМ-ийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн дүүрэг болж чадсан.  2013-2019 оны хооронд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 14 эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 22 тасгийг шинээр зохион байгуулж ажиллаж байна. Хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60-аар нэмэгдүүлсэн. Иймээс ЭМ-ийн салбар улс төрчдийн тоглоом биш гэдгийг сануулан уг хэвлэлийн хурлыг хийж байна.

БАЯНГОЛ ЭМТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫСТАТИСТИК БОЛОН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД УЛСЫН ДУНДЖААС ДООГУУР БАЙДАГ

Н.Отгонцэцэг: Уг байгууллагад зургаа дах жилдээ яаралтай туслажийн эмчээр ажиллаж байгаа. Залуу эмч нарын төлөөлөл болж үзэл бодлоо илэрхийлж байна. Ө.Батжаргал дарга өөрийн ажиллаж байх хугацаандаа 240 эмч, мэргэжилтний ажлын байр шинээр бий болгож, 630 гаруй ажилчдын асуудлыг тухай бүрт нь авч хэлэлцдэг дарга байгаа. Баянгол нэгдсэн эмнэлэг хөнгөвчлөх болон химийн эмчилгээний тасгийг шинээр нээж, жилд 1500 хүнд эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Мэс заслын тасгийг нээснээр 3200 хүнд төлөвлөгөөт хагалгааг хийсэн. Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны мэс засал, тархины цус харвалтын мэс засал, дурангийн мэс засал, шулуун гэдэсний мэс засал зэрэг Дүүргийн эмнэлэгт хийгддэггүй гуравдахь шатлалын эмнэлэгт хийгддэг хагалгаанууд манай дүүргийн эмч нар хийж байна. Нарийн мэргэжлийн эмч болон сувилагчийн орон тоог нэмэгдүүлсэн.

Ийм хууль бус томилгоо явагдсанд манай хамт олон маш их бухимдалтай байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллага улс төрийн тоглоом биш. Баянгол ЭМТ-ийн үйл ажиллагааны статистик болон үндсэн үзүүлэлтүүд улсын дунджаас доогуур үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа.  Хэвийн явагдаж байгаа эрүүл мэндийн төвийн удирдлагыг сольж, үйл ажиллагаа доголдож байгаа асуудал цаашлаад ард түмний эрүүл мэндэд асар их хохиролтой. Цаашид ЭМБ-д улс төрийн томилгоо явагдаж байгаад манай хамт олон эсэргүүцэж байна.

С.Амарсайхан: Улсын наадмын эхний өдөр томилгоог явуулж, байгууллагын даргыг сольсонд манай хамт олон улс төрийн үйл ажиллагаатай холбоотой, улс төрийн шинж чанартай гэж үзэж байгаа юм. Ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн талаар мэдээлэл байхгүй. Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргаар “Ачтан” эмнэлэгт буюу хувийн хэвшилд ажиллаж байсан Ө.Балдандугар гэж хүн сонгогдсон” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button