ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

Б.Бямбаа: Уран зураг ямар гайхалтайг сурагчдад улам мэдрүүлэхийн тулд шохойгоор зурж заадаг

Уран зургийн багш, зураач, чөлөөт уран бүтээлч Б.Бямбаатай 2020 оны есдүгээр сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

Багш бүрийн хичээлээ заах арга барил ондоо. Самбар дээр шохойгоор зураг зуран, хичээлээ чин сэтгэлээсээ, маш сонирхолтой зааж буй нэгэн багшийн бичлэг цахим орчинд тавигдсан нь олны сонирхлыг татан, хүндлэлийг нь хүлээсээр буй. Түүнийг Батбаатарын Бямбаа гэдэг. Уран зургийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж буй тэрбээр зураач, чөлөөт уран бүтээлч. Уран зургийн бүх бүтээлээ огт харандаа хэрэглэхгүйгээр зурдаг нь түүний гол онцлог. Б.Бямбаа багштай ярилцлаа.

https://www.facebook.com/1878502462412247/videos/240831037339733

ШАВЬ МААНЬ МИНИЙ БИЧЛЭГИЙГ САНААНДГҮЙ БАЙХАД ХИЙЧИХСЭН БАЙНА ЛЭЭ

-Самбар дээр шохойгоор зурж, зургийн хичээл орж буй бичлэг тань олны сонирхлыг их татаж байна. Та уран зургийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм билээ. Хичээлээ ингэж заасаар өдий хүрсэн үү?

-Тэгсэн. Би уран зургийн багшаар 2013 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа. Ажилласан газар бүртээ ийм арга барилаар, ингэж заасаар өдий хүрлээ. Би зураач, уран бүтээлч хүн. Уран зурагт, урлагт үнэхээр хайртай, дуртай. Мэддэг, чаддагаа хүүхдүүдэд зааж, сургахын тулд багшлах болсон юм. Монгол Улсад урлагийг хүлээж авах түвшин харилцан адилгүй байна. Тэгэхийн тулд яах ёстой вэ. Ерөөсөө залгамж халаагаа бэлдэх, урлагаар дамжуулах хүүхдүүдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх чухал юм билээ.

Зургийн хичээлийг заахдаа хэвшил болсон хөтөлбөрийн дагуу, илүү бүтээлчээр олон улсын жишигт хүрсэн шинэлэг арга барилуудыг шингээж яагаад болохгүй гэж. Практик, дадлага, туршлага гээд бүх зүйл нэг удаагийн хичээлийн 40 минутад багтсан сонирхолтой байдлаар заая гэж бодсон. Орчин үед Project Based Learning гэх сургалтын арга барилыг их ярих болсон. Энэ нь багш зөвхөн заах биш хүүхдийн оролцоог зайлшгүй оруулж дээр нь хүүхдүүдээс өөрсдөөр нь шийдлийг гаргуулж, амьдралд хэрэглэх арга барилыг эзэмшүүлэхэд энэ арга чиглэгддэг. Хичээлээ ингэж заах санаа төрсөн минь тэндээс эхлэлтэй. Сурагчид, хүүхдүүд миний хичээлд их дуртай. Шавь нараараа бахархдаг.

-Сурагчидтай харилцан ярингаа шууд самбар дээр зурдаг болохоор илүү ойлгомжтой, сонирхолтой. Хүмүүсийн сонирхлыг ингэж татна гэж төсөөлсөн үү?

-Ёстой тэгж бодоогүй, төсөөлөөгүй. Би дөрөвдүгээр ангийн хүүхдүүдэд хичээл орж байхад нэг сурагч санамсаргүй байхад бичлэг хийсэн юм билээ. Би мэдээгүй. Хичээлийн дараа надад үзүүлэхэд нь “Хичээл дээр утсаа оролдож болохгүй. Гэхдээ энэ бичлэгээ гэртээ үзээд, хичээлээ сайн давтаарай” гэсэн. “За, нэгэнт бичлэг хийсэн бол одоо яах вэ” гээд өөрийнхөө пэйж хуудсанд нийтэлсэн юм. Хүмүүсийн сонирхлыг ингэж татна гэж ер төсөөлөөгүй. Хүмүүс над руу өдөр, шөнөгүй залгаад, их сонирхож байна. “Хаана багшилдаг вэ, сургалт явуулдаг уу” гэсэн асуулт их ирсээр байгаа.

-Зүгээр нэг “За, тийм юм зураарай” гээд өнгөрөх бус ингэж заахын гол давуу тал юу вэ?

-Уран зургийн багш нар хичээлээ яаж заадгийг хүн бүхэн мэднэ. Надад, чамд яаж заадаг байлаа даа. Би нэгдүгээр ангид орсныгоо тод санадаг. “12 өнгийн харандаагаар дуртай юмаа зур” гээд л орхичихдог. Тэгж заах нь урлагийн мөн чанарыг хүүхдүүдэд тултал нь мэдрүүлж, ойлгуулж чадахгүй. Урлаг, уран бүтээлч, зураач гэдэг өөрөө ямар агуу билээ.

Дэлхийн хүүхдүүд уран зургийн боловсролыг яаж авдаг билээ. Монгол хүүхдүүд тэднээс яагаад хоцрох ёстой гэж. Багш  болгоны арга барил өөр тул жаахан сэтгэл гаргахад л хүүхдүүдийн хандлага, хүлээж авч байгаа хариу үйлдлийг харж болно.

БАГШ НАР ХЭРЭГЛЭДЭГ ЭНГИЙН ШОХОЙГООР ЗУРДАГ

-Та хичээлээ заахдаа ямар шохой хэрэглэдэг вэ?

-Би уран зургийн мэргэжлийн шохой хэрэглэдэггүй. Зүгээр л багш нар хичээлээ заахдаа хэрэглэдэг, энгийн шохойг ашигладаг. Хамгийн олондоо тав, гурван өнгийн шохойгоор л зурдаг. Багшийн цагаан шохой, самбар хүүхдүүдийн хувьд ямар чухал вэ, юу ч хийх, бүтээх боломжтой орон зай шүү гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Магадгүй хүүхдүүд ингэж орсон хичээлийг насан туршдаа мартахгүй байх.

Зургийн хичээл хүүхдэд онол, практик, дадлагын төрөл бүрийн чадварыг төлөвшүүлэх учиртай. Огт мэдэхгүй зүйлийг хүүхдэд хэчнээн ойлгомжтой тайлбарлалаа ч бодитоор зурж үзүүлэхээс илүү ойлгомжтой байж чадахгүй. Яг самбар дээр зурахынхаа өмнө эхлээд төсөөлдөг. “За, бүгдээрээ юу зурахаа төсөөлье. Бүгдээрээ нүдээ аниарай” гэдэг. Дараа нь “Юу, юу төсөөлөв” гэж асуудаг. “Далай, сар” гээд энд, тэндээс бүгд шулганадаг. Тэгээд л хүүхдүүдийнхээ, өөрийнхөө төсөөллийг “амилуулдаг”. Би хичээлийнхээ эхний 10 минутад самбарт зургаа зураад, бэлэн болгох учиртай. Яах ийхийн зуурт нэг мэдэх нь ээ хичээлийн цаг дуусчихсан байдаг шүү.

-Хичээл дээр зурах зүйлээ өмнө нь төлөвлөдөг үү. Тухайн үеийн мэдрэмжээрээ шууд зурангаа хичээлээ заадаг уу?

-Би өнөөг хүртэлх хугацаанд бага багаар туршлага хуримтлуулаад явж байна. Заах арга барилын зөндөө олон ном мэднэ. Тэдгээрээс би авахыг нь л авдаг. Түүнийхээ дагуу зарим хичээлээ бэлддэг. Заримыг нь тэгдэггүй. Яагаад гэвэл тэгэх шаардлагагүй байдаг. Сурсан, судалсан мэдлэг, Тайваньд уран зургийн чиглэлээр магистрт сурсан маань энд хэрэг болдог гэх үү дээ. Мэдээж хичээлийнхээ ерөнхий төлөвлөгөөг гаргадаг. Харин зурах зүйлээ урьдчилан ер боддоггүй. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ, төсөөллөөрөө шууд зурдаг. Тэгж зурах сурагчдад төдийгүй надад сонирхолтой байдаг. Би  хичээлээ заахдаа зургаа нуруугаараа хаадаггүй. Тэгэхгүйн тулд хажуугаас нь зурдаг. Яагаад гэвэл хүүхдүүд миний зурахыг харж байгаа учраас юм шүү дээ.

Би зургаа ихэвчлэн гадаадын хүмүүст худалддаг, захиалгаар зураг зурдаг. Бүтээлийнхээ орлогоос тодорхой хувийг хүүхдүүдэд, сайн үйлсэд хандивладаг. Чөлөөт цагаараа ууланд алхах дуртай. Манай алхалтын клубт ШУТИС-ийн багш, доктор Ц.Энхчимэг бий. Тэрбээр нийгмийн хүрээнд олон төсөл хэрэгжүүлдэг. Бид хамтраад хүүхдүүдийн сайн сайхны төлөө, сайн үйлсийн аянд нэгдээд олон ажил хийгээд байгаа.

Сүүлд л гэхэд “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд дижитал 3D виктор орчинд нүдний шил зүүж үзүүлэн, нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Хүүхдүүд ямар их сонирхсон гээч, тэдний хувьд 3D нүдний шилээр саран дээр байгаа мэт, яг ууланд бугыг гараараа барьж байгаа мэт дээш доош харж, яг нисэж буй мэт мэдрэмж авна гээд бод доо. Гадаадад бол олон үзэсгэлэн яармагт хүүхдүүдэд энэ мэт танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ технологийг их үзүүлдэг шүү дээ. Тэдний хувьд энэ маш сонирхолтой бас хэзээ ч төсөөлж байгаагүй ертөнцийг үзүүлж чадсан. Хүүхдүүдэд шинэ мөрөөдөл, ирээдүйг нь маш томоор гэрэлтүүлэх гэрэл гэгээ болж өгч байгаа гэж бодож байна.

-Самбарт шохойгоор зуран, сонирхолтой аргаар хичээлээ заадаг танаас өөр уран зургийн багш бий юү?

-Шууд байдаг, байхгүй гээд хэлэх боломжгүй байх. Учир нь би мэдэхгүй байж болно шүү дээ. Ер нь долоон жил багшлахдаа ингэж заадаг өөр багш би үзээгүй.

-Уран зургийн багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Багш мэргэжил үнэхээр сайхан. Бурхан багш гэдэг шүү дээ. Тийм болохоор багш хүн хичээлээ чин сэтгэлээсээ зааж, хүүхдэд өгөх учиртай боловсролыг бүх талаар нь бүрэн дүүрэн олгох нь чухал. Урлаг гэдэг хэчнээн агуу зүйл билээ. Ийм агуу зүйлийг хүүхдүүдэд мэдрүүлж, сурган, урлагаар дамжуулж төлөвшүүлж буйгаараа бахархдаг.

-Танаар хүүхдэдээ уран зураг заалгах, шавь болгох хүсэлтэй эцэг, эхчүүд олон байгаа нь анзаарагдсан. Шинээр хүүхдүүд авах боломж бий юү?

-Боломжтой. Би ер нь ганцаарчилсан сургалтдаа таван хүүхэд л авдаг. Мэргэшүүлсэн сургалт бол өөр. Тиймээс хүүхэд бүхэнтэй тулж ажиллахын тулд ийм цөөхөн хүүхдэд заадаг юм шүү. Би ганцаарчилсан сургалтаа хагас сайн өдөр заадаг. Уран бүтээлч хүний хувьд надад баримталдаг хэд хэдэн зарчим бий.

“ТҮРҮҮ МАГНАЙ” ЗУРГАА ЛЮКСЕМБУРГИЙН УРАЛДААНД СОЙСОН

-Тэдгээрээсээ сонирхуулахгүй юу?

-Би хэзээ ч өнгө, мөнгөний төлөө зураг зурдаггүй. Энэ уяачийн морийг зурчихвал худалдаад авчих болов уу, намайг ивээн тэтгэх болов уу гэж боддоггүй. Надад таалагдсан, зурахыг хүссэн зүйлээ л би зурдаг. Хоёулангийнх нь ард байгаа энэ морийг би 2018 онд наадмын үеэр харсан. Их халуун өдөр явж байгаад энэ морийг анх харсан юм. Тухайн үед би утсаараа зургийг нь авсан юм. Тэгээд өнгөрсөн жил зурсан юм. Нэр нь “Түрүү магнай”. Харандаа огт хэрэглэхгүйгээр зурсан. Самбар дээр шохойгоор шууд зурдаг шигээ тосон будгаар шууд л зурдаг.

-Хүрэн халзан морины зураг өнгөрсөн жил ёстой шуугиулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ зургийг таныг зурсныг мэдээгүй явсан юм. Учир нь хэн зурсан нь тодорхойгүй зураг яваад байсан юм л даа.

-Өнгөрсөн жил зурсны дараа дүү маань “Ах, аа энэ зурагных нь зургийг аваад фэйсбүүкт тавьчих уу” гэсэн. Би “Тэг, тэг” л гээд өнгөрсөн. Үнэндээ тийм олон хүний сонирхлыг татна гэж төсөөлөөгүй. Хэдэн мянган хүн шэйрлээд, “Зураач нь хэн бэ. Энэ хэн гэдэг уяачийн хүлэг вэ” гэж их асуусан байна лээ.

-Энэ хүлгийн эзнийг нь та мэдэх үү?

-Мэдэхгүй. Яагаад гэвэл надад зүгээр л таалагдсан учраас би зурсан юм. Монгол хүн хүлгийнхээ хүчинд дэлхийн талыг эзэлсэн, морин эрдэнэ гэж дээдэлдэг шүү дээ.

-Тэгэхээр хүлгийг нь ингэж зурсныг уяач нь мэдээгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Ямар нэгэн хүн “Миний хүлгийг зурж” гэж холбогдоогүй. Худалдаж авах хүсэлтэй хүмүүс л олон удаа холбогдсон.

-Одоо ер нь хэн нэгэн авахыг хүсвэл худалдах уу?

-Боломжгүй. Учир нь би монгол адуугаа дэлхийд сурталчлахын тулд дэлхийн хэмжээний том уралдаанд энэ бүтээлийг сойчихсон байгаа. Люксембургийн уралдаанд “Түрүү магнай”-гаас гадна 10 гаруй бүтээлээ илгээсэн. Тэр уралдааны дүн гартал энэ бүтээлээ худалдах боломжгүй байгаа.

Б.ЧОГСОМ, Ц.ЦЭГМЭД БАГШИЙНХАА ШАВЬ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ

-Та багаасаа зурах сонирхолтой, авьяастай байв уу. Ер нь зурах эрдмийг хэнээр заалгав?

-Би  багадаа зав л гарвал зурдаг, зургийн хичээлдээ дуртай хүүхэд байв. Цэцэрлэгт байхдаа багшдаа лууван зурж өгснөө тод санадаг. Яг л бодит мэт зурж гээд багш магтаж билээ. Намайг авьяастай хүүхэд байна гээд нэг хүн ээжид харандаа бэлэглэсэн гэнэ лээ. Зураач болсон минь тэр бүхнээс эхлэлтэй. Өдий зэрэгтэй яваа маань ачит багш нартай минь салшгүй холбоотой. Би Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд багш нарын шавь. Хоёр багшдаа их баярладаг.

-Зураач бүхний арга барил ондоо. Та ямар арга барилтай вэ?

-Би уран зургийн бүх бүтээлээ огт харандаа хэрэглэхгүй зурдаг. Шууд л тосон будгаар буддаг гэсэн үг. Ер нь зурахдаа улаан, шар, цэнхэр өнгийг ашигладаг. Ийм үндсэн гурван өнгөнөөс бүтээл маань үүсдэг. Мэдээж зарим үед туслах өнгөнүүд ашигладаг. Бийрийн үзүүрээр хүн хэзээ ч харж, төсөөлж ч байгаагүй зүйлийг бүтээх зураач хүний жаргал. Одоогоор би 100 гаруй уран бүтээлтэй. Зургаа тосон будгаар зурдаг. Тайваниас материалаа би авдаг. Би хамгийн сайн материал дээр, зотондоо будгаа маш сайн шингээдэг. Зурагны араас нь хэчнээн хүчтэй дарсан ч будаг нь хагарахгүй.

-Та ихэвчлэн юу зурах дуртай вэ. Онцолж зурдаг зүйл бий юү?

-Бий, бий. Бодит амьдралаас зурах сэдвээ авдаг. Хэтэрхий бодитой, фото юм шиг зурдаг нь миний давуу тал.

БҮТЭЭЛИЙГ МИНЬ ХҮМҮҮС “ФОТО ЗУРАГ ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ИХ ЭРГЭЛЗДЭГ, ГАЙХДАГ

-Уран бүтээлийг нь хүмүүс хараад “Зурсан зураг уу, фото юу” гэж хэр эргэлздэг вэ?

-Маш их эргэлздэг.  “Зүгээр л фото зураг байна шүү дээ. За, ингэж зурах боломжгүй” гэдэг ч юм уу. Яг үнэндээ би зурдаг. Монголын ард түмэн шүүгч нар. Хүмүүс нь бүтээлийг нь сонирхооод, худалдаад авч байна гэдэг нь өөрөө уран бүтээлчид өгч буй нэг үнэлгээ. Үзэсгэлэнгээ гаргая, олны өмнө гараад хурдан од болъё гэх амбиц надад байхгүй. Зүгээр л урландаа бүтээлээ зураад, хүүхдүүддээ хичээлээ заагаад явах л сайхан. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

-Хүмүүс хамгийн их эргэлздэг, гайхдаг бүтээлүүдийн нэг нь Улаанбаатарын зураг. Та энэ олон барилга байшин, машиныг зурахдаа мөн харандаа хэрэглэлгүй, хар зургийг нь гаргалгүй шууд тосон будгаар зурсан уу?

-Тэгсэн. Шууд л тосон будгаар, үндсэн гурван өнгөөрөө зурсан. Энэ зургийг зурах санаа надад 2018 онд төрсөн юм. Би тухайн үед “Peace tower”-ын 12 давхарт урлантай байв. Яг цонхоороо харж байгаад энэ зургийг зурсан. Улаанбаатар хот яг энэ цагт үнэхээр гоё харагддаг. Нар шингээд, өнгөний нягтаршил, хослол их өөр. Би яг энэ хэсгийг авсан 80-100 ширхэг зургийг нийлүүлээд зохиомжилж зурсан.

-Харандаагаар буруу зурвал баллуурдаад арилгаж болно. Тосон будгаар шууд зурахад жаахан л алдаа гаргавал энэ бүх хөдөлмөр талаар болох эрсдэлтэй. Ийм зургийг харандаа хэрэглэлгүй зурсан гээд төсөөлөхөд ч бэрх байна.

-Хүмүүс тэгж гайхдаг юм. Маш жижигхэн алдаа ч гаргаж болохгүй. Тосон будаг сарын дараа хатдаг. Байшингийн хананы шар өнгө байлаа гэхэд ганцхан удаа л түрхэнэ. Дахиж дээрээс нь давхарлах аргагүй. Тэгвэл хиртчихнэ. Нимгэн зурах тусмаа зураагүй, бодит юм шиг харагддаг.

-Энэ бүтээлээ үзэсгэлэнд дэлгэж байсан уу?

-Үгүй ээ, олонд дэлгэж байгаагүй. Энэ бүтээлээ мөн Люксембургийн уралдаанд сойчихсон байгаа.

МОНГОЛД БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАЖ БАЙГААГҮЙ

-Ойрын хугацаанд бие даасан үзэсгэлэн гаргах бодол бий юү?

-Байгаа. Люксембургийн уралдааны дүнгээс шалтгаалан Германд гарах байх гэж найдаж байна.

-Монголдоо үзэсгэлэнгээ дэлгэх үү?

-Хэд хэдэн хүн санал тавьсан. Бодож байгаа. Бэлдэж байгаад цомхон үзэсгэлэн гаргах бодол бий. Би оюутан байхдаа хамтарсан үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан. Монголдоо бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Тайваньд сурч байхдаа хоёр удаа үзэсгэлэн гаргасан. Уран бүтээлч, зураач хүний хувьд хамгийн чухал зүйл бол үзэсгэлэнгээ гаргах. Би үнэхээр их ач холбогдол өгдөг учраас гаргах гэж яарахгүй байгаа юм.

БҮТЭЭЛИЙНХЭЭ ОРЛОГООС ХҮҮХДҮҮДЭД, САЙН ҮЙЛСИЙН АЯНД ҮРГЭЛЖ ХАНДИВЛАДАГ

-Бүтээлийнхээ орлогоос хүүхдүүдэд, сайн үйлсийн аянд үргэлж хандивладаг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулна уу?

-Би 2010 онд Тайваньд урилгаар очиж “Fine art” чиглэлээр сураад ирсэн.  Тэндээс ирснийхээ дараа ажлын гараагаа “Өнөр бүл” төвөөс эхлүүлсэн. Өнчин 100 гаруй хүүхэдтэй ажиллана. Тэдэнд маань зургийн хэрэгсэл авах мөнгө, боломж байхгүй. Цалингаа буухаар “Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд зургийн хэрэгсэл авч өгдөг байлаа. Тэнд ажиллах хугацаанд гурван хүүхдийг дээд сургуульд оруулсан. Хоёр нь СУИС-д, нэг нь ШУТИС-д. Хүүхэд гэдэг үнэхээр гэгээлэг ертөнц. Бидний ирээдүй шүү дээ. Тиймээс би боломж л гарвал хүүхдүүдэд туслахыг, сайн үйлсийн аянд нэгдэхийг эрхэмлэдэг.

-Цаашдаа ийм л зүйл хийх сэн, тийм сайн үйлсийн аян зохион байгуулах сан гээд зорьж яваа зүйл бий юү?

-Олон бий. Юуны түрүүнд өнчин, гадуур гуйлга яваа хүүхдүүдэд бүгдэд нь боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Бор дарсанд орчихсон, хүүхдээрээ гуйлга гуйлгуулдаг эцэг, эх бүхнийг ажлын байраар ханган нийгэмшүүлэх юм сан. Тэгвэл олон хүүхэд нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай алхахгүй. Олон гэр бүл ажилтай, орлоготой болно. Ер нь ШУТИС, БУХС-ийн багш Ц.Энхчимэг /Ph.D/ багштай хамтраад хийхээр төлөвлөсөн олон зүйл бий.

ӨНӨӨДӨР СУРАГЧДАДАА НАМРЫН ТУХАЙ ЗУРАГ ЗУРЖ ҮЗҮҮЛНЭ

-Маргааш (өнөөдөр) даваа гариг. Сурагчдадаа ямар хичээл орж, самбарт шохойгоор юу зурахаа төлөвлөсөн үү?

-Хичээлээ заах сан гэж би их догдолдог. Сурагчид маань “Багш аа, өнөөдөр та юу заах вэ. Самбар дээр юу зурах вэ” гэж шуугилдсаар угтахыг нь харах сайхан. Ерөнхийдөө одоо намрын улирал. Тиймээс маргааш самбар дээр шохойгоор намрын тухай зураг зурахаар ерөнхийд нь төлөвлөсөн. Яг юу, юуг зурахаа нарийн төлөвлөдөггүй. Тухайн үеийн мэдрэмжээрээ, хүүхдүүдтэй харилцан ярилцаж байгаад л зурчихдаг. Оюуны салбарт түгээж байгаа мэдээлэл тань улам дэлгэрч, монголын маань ирээдүй урлагаар бүхнийг харсан, хайраар бялхсан нийгмийн бүтээлцэх иргэд болно гэж итгэж байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2020 10:00

Гайх�##�тай зураач, мундаг багш. Баяр хүргэе!

Зочин
Зочин
9 сар 21, 2020 10:02

Зохисгүй үг хэллэг хязгаарлана гэчээд Гайх�##�тай гэдэг үгийг яагаад хязгаарлаад байгаан бэ. Админ аа. Монгол үгээ мэддэггүймүү

Сайн хүн
Сайн хүн
9 сар 21, 2020 15:13

Ийм сэтгэл сайхантай, хүүхдийн төлөө багш олон байх юм бол хүүхэд бүр онц сурна. Үнэхээр сэтгэл хөдөллөө. Ажил, амьдр�##�д нь өндөр амжилт хүсэн ерөөе

Зөв хүн
Зөв хүн
9 сар 22, 2020 12:22

үнэхээр авьяастай, зөв бодолтой сайхан зураач байна. Зураач гэхээр л уусан, идсэн этгээд юм ярьсан хүмүүс байдаг гэж төсөөлдөг байсан байх ихэнх нь. Улам том амжилтыг хүсье. Юу санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай

Зочин
Зочин
10 сар 7, 2020 13:34

Энэ хээр х�##�зан морины зургийг харахад дөнгөж барианд ороод амьсагаа нь дарагдаагүй бололтой зөв т�##�ын урд т�##�ын хөл нь сайн ажиглаж харахад гэмтсэн шиг харагдаж байна. Хүмүүс өөрийн сан�##�аа хэлнэ үү

irgen
irgen
12 сар 4, 2020 18:36

amjilt

Энэрэлт
Энэрэлт
1 сар 5, 2021 21:36

Үнэхээр мундаг багш юм байна Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button