ДЭЛХИЙНийгмийнУРЛАГ

Зурсан зургаараа эмэгтэйчүүдэд ёс зүйг сургасан уран бүтээлч

Португалийн зураач Паула Рего бол урлагт тэр бүр дүрслээд байдаггүй хүчтэй уур хилэн, айдас, хүчирхийлэл тэр тусмаа эмэгтэйчүүдийн эсрэг шударга бус байдлыг илчлэн харуулдаг уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд сэтгэл хөөрөл гэхээс илүү шаналлыг илэрхийлдэг.

Зарим зураг нь чимэглэлийн гэмээр харагдаж болох ч ажаад сайн харвал сэрдхийлгэм аймшигт дүр төрхийг ч буулгасан байх нь бий. Португали зураачийн зургуудыг ойлгохгүй, бүдүүлэг явдал гэх үзэх хүмүүс ч цөөнгүй. Гэвч энэхүү хурц дүрслэлээрээ тэрбээр зарим эмэгтэйчүүдийн ертөнцийг илүү сайхнаар өөрчилж чадсан юм.

“1950-иад оны үед олон нийт эмэгтэйчүүдийг уран бүтээлч байж чадахгүй гэдэгтэй санал нэг байсан. Бүсгүйчүүд зөвхөн уран бүтээлч нөхрийнхөө хамтрагч, дэмжигч нь байх ёстой гэдэг байлаа. Харин би тэдний нэг байхыг хүсээгүй. “Том хөвгүүдийн клуб”-т, биширдэг зураачидтай хамт ажиллахыг хүсдэг байв” хэмээн Паула ярив. Тэрбээр үнэхээр энэ зорилгодоо хүрч чаджээ. Тэрбээр хүндэлдэг зураачид болох Дэвид Хокни, Фрэнк Ауэрбах нарын хамтаар 1960 онд анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан юм.

Регогийн уран бүтээлийн олон сэжүүрийг түүний намтраас харж болно. Тэрбээр дарангуйлагч Антонио де Оливейра Салазар засгийн эрхийг авснаас хойш гурван жилийн дараа 1935 онд  Португалийн Лиссабонд төржээ. Амьдарч байсан нийгэм нь түүнд улс төрийн ойлголт, шударга бус байдал, хүчирхийлэл, ялангуяа эмэгтэйчүүдийн эсрэг үзлийн нөлөөг эрт таниулсан юм. Салазарын эрүүдэн шүүх, хууль бус цагдаагийн үйл ажиллагаа, шүүлгүйгээр цагдан хорих зэрэг хэрцгий дэглэм түүний уран бүтээлийн илэрхийлэл болох түгшүүр, уур хилэнг хурцалж өгсөн аж.

“Бүх зургийг зурахад зориг шаардагддаг.  Тиймээс уран бүтээлч бүр зоригтой.” - Паула Рего

Паула 15 настайдаа эрүүдэн шүүх тухай өөрийн төсөөлөл болсон “Байцаалт” (1950) зургийг зуржээ. Мөн тэрбээр 1960 онд Португалид амьдарч байхдаа Салазар эх орноороо бөөлжиж буйгаар зурсан байна. Та эрх баригчдын шийтгэлээс айхгүй байсан уу? гэхэд тэрбээр “Үгүй ээ, Яагаад гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ айдас огт мэдрээгүй” гэж хариулав. Паула өөрийг нь онцгой зоригтой байсан гэх санааг үгүйсгэж: “Зураг бүр зоригтой байдаг. Бүх уран бүтээлчид зоригтой байдаг” гэж хэлсэн юм.

Паула таныг тав тухгүй газрууд руу дагуулж явна. Энэ бол хайр, харгислал нэгэндээ хүрдэг хориотой газар юм - Елена Криппа

Паулаг “хориотой зураач” ч гэж нэрлэдэг. Тэрбээр “Би эмэгтэйчүүдэд шударга ёсыг тогтоохыг хичээдэг ... ядаж л зурган дээрээ ... эсвэл өшөөг нь авахыг ...” гэж хэлээд 1998 онд Португалид үр хөндөлтийг хуульчлах бүх нийтийн санал асуулга бүтэлгүйтэхэд “Гарчиггүй” гэх цуврал бүтээлүүдээ дэлгэж байжээ. Зургуудад эмэгтэй хүн нохой шиг архиран, дөрвөн хөллөсөн, бүсгүй даашинзаа өргөн хэвтсэн зэрэг хурц илэрхийлэл багтсан байв.

Үүнийхээ талаар тэрбээр “Цөхрөнгөө барсан эмэгтэйчүүдийн үргэлж л хийдэг заншил болсон хууль бус үр хөндөлтийн айдас, шаналал, аюулыг онцлон харуулахын тулд ийм алхам хийв. Энэ бүх зүйл дээр эмэгтэйчүүдийг л хариуцлага хүлээлгэх нь маш буруу юм” хэмээсэн юм.

Хууль бус үр хөндөлтийн дараах эмэгтэйчүүдийг дүрсэлсэн тус цуврал нь маш хүчтэй нөлөөтэй байсан тул олон нийтийн дунд хоёр дахь санал асуулга явуулахад нэлээдгүй нөлөөлсөн гэдэг. Үүний дараа Португалид үр хөндөлтийн талаар шинэ хууль батлагдсан.

Паулатай хамтран ажиллаж байсан уран бүтээлчид болон судлаачид түүнийг дараах байдлаар тодорхойлжээ.

  • “Паула ажлынхаа төлөө амьдардаг байсан. Тэр тухайн үеийн эмэгтэй уран бүтээлчийн хувьд  гайхалтай ховор бүтээлийг бүрэн дүүрэн, тууштай хийдэг уран бүтээлчдийн ангилалд багтдаг”. -Елена Криппа
  • “Паула Рего бол агуу бөгөөд дутуу үнэлэгдсэн зураач юм”. -Урлагийн түүх судлаач -Кэтрин Ламперт
  • “Тэр сөргөлдөөнтэй нүүр тулах, эсвэл “нэр төртэй аллага” хийж байгаагаас үл хамааран түүний амьдралын сорилтуудын талаар ойлголтоос юу ч мултардаггүй. Паула заримдаа цочирдом, сэтгэл хөдөлгөм байдаг. Гэхдээ энэ бол урлагийн нэг үүрэг юм”.  -Кэтрин Ламперт

Хэдхэн хоногийн өмнө Паула Регогийн нэртэй үзэсгэлэн Их Британид нээлтээ хийсэн. Энэ нь түүний уран бүтээлийн хамгийн том, өргөн цар хүрээтэй үзэсгэлэн юм. Тэнд 1950-иад оны дунд үеэс эхлээд өдийг хүртэлх түүний бүхий л карьерыг хамарсан нийт 100 уран бүтээл тавигджээ.

Зураач эмэгтэй энэ жил 86 нас хүрсэн. Одоогоор биеийн байдал нь муу байгаагийн улмаас үзэсгэлэнгийн бүх ажлыг түүний хүү Ник Виллинг хариуцаж байгаа аж. Түүний үзэсгэлэн энэ оны аравдугаар сарын 24-н хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: bbc.com

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button