ШҮҮХИЙН ТОВ: Г.Загдаа, Э.Бат-Үүл, Г.Хурц нарыг энэ сард шүүнэ

Г.ЗАГДАА, Г.АМАРСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 23-НД БОЛНО
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.
Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 28-НД БОЛНО
Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 10 цагт товлосон боловч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 28-НД БОЛНО
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон боловч өмгөөлөгчдийн шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүгдэгч О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.