УРЛАГ

Контемпорари барималч А.Очирболдын ярилцлагаас ОНЦЛОХ НАЙМАН ЭШЛЭЛ

Өнөөдөр /2020.10.22/ контемпорари барималч, УГЗ А.Очирболдын сонирхолтой ярилцлага манай сайтад нийтлэгдсэн. Тус ярилцлагаас амьдрал, уран бүтээлийн тухай онцлох найман эшлэлийг түүвэр болгон хүргэж байна.

ОРШИЛ: Түүнийг “Ухамсар”-ын барималч гэвэл илүү ононо. Гангаар хийгдсэн нэг хувь нь Нью-Йоркод, НҮБ-ын гадна бий. Тэр ган учир салхиар дуу гаргана, нарны тусгал бүрээр өөр, өөр өнгөнд хувирна гэж байгаа. “Ухамсар”-ыг харахад л тэр хэр зэрэг өвөрмөц, бас өөрийн гэсэн ертөнцтэй, шийдмэг уран бүтээлч вэ гэдэг нь ойлгогдоно.

“Ухамсар” бол эр, эм гэж үл ялгагдах, хөөрч, жингүйдээд ч байх шиг харагдах ХҮНий дүрсийг метал утсаар сүлжиж хийсэн баримал. Сүлжээс бүр нь дахин давтагдахгүй. Тэндээс ямар ч дүрсийг олж үзэж болно. Холоос ажихад энэ сүлжээс нь ирвэлзэн жирвэлзээд ч байх шиг харагдаж, нэг тийм амьд, сүнслэг, хүний мөн чанарыг суга татаж гаргаж ирээд өлгөчихсөн мэт ухаанд бууна.

Өнгөрсөн зун нэжгээд “Ухамсар”-ыг говьд тавьсан. Энэ констелляцийг харахад элчилгүй цаг хугацаанд хорвоогийн тоосыг буруу, зөв хөдөлгөж, хандах зүгтээ тийчигнэсээр яваа өнгө өнгийн хүмүүсийн төрх эрхгүй сэтгэлд танигдаж, хоолой зангирах ч шиг болж билээ.

Ноднин “Норд-Арт 2019” гэдэг дэлхийн үзэсгэлэнд түүний “Дэгрээ” багц бүтээл гран при болсон. Түүнд нь “Ухамсар”-ын өнөөх жирвэлзэгч хүмүүс нэг том хийлсэн гүзээнд оюун ухаанаа багтаачихсан зогсож байгаа. Тэр нүүдэлчин ахуйн онцлогийг бүтээлдээ иймэрхүү, шинэ содон хэлбэрээр тусгахыг зорьдог контемпорари барималч юм. Энэ мэтчилэн түүний амжилт, бүтээл, дэлхийн тавцанд бүтээсэн нэр хүндийг нь нэг бүрчлэн тоочвол маш олон үг, үсэг шаардлагатай.

Бид “НҮБ-ын гадна таны бүтээл байршихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?” гэдэг ярилцлага хийхийг хүссэнгүй. Чөлөөтэй, хурдтай асуултуудыг түргэн сэлгэж, хувь хүнийг нь илүү төнхөхийг хичээв. Яриа аахар, шаахар хүрээнд эргэцсээр дуусаж мэдэх ч нэг бүрчлэн уншвал тэр сонин өгүүлбэрүүдээр сонирхолтой хариултууд өгсөн билээ.

1. “Хүн өөрөө маш мэдрэг амьтан юм билээ л дээ. Амьдарч буй цаг үе нь тэгж байгаа бол хүн өөрөө тийш явж л байдаг юм байна”

2. “Хүмүүс миний “Ухамсар”-ыг авдаг юм. Нэгийг зараад, тэр мөнгөөрөө гурав болгоод хийчихдэг юм”

3. “Эцэст нь явж явж уран бүтээлчийн өөрийн сэтгэл их чухал л даа. Сэтгэлээ гаргах сэтгэл зүй чухал”

4. “Урлаг, шинжлэх ухаан хоёроос бусад нь оргилд хүрээд зогсдог. Тэгэхээр надад шал дэмий, шальдар булдар зүйл бодох хэрэгцээ байдаггүй”

5. “Улс орны бахархал болж үлдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг л оргил бүтээл гэх байх. Харин хувь уран бүтээлч өөрөө үнэлж, цоллоод бол ямар ч нэмэргүй”

6. “Манай монголчууд малаа хүртэл өсгөхдөө тоог нь барьдаг байсан ард түмэн. Мянгат малчин гээд л хаагиад байвал өвс нь байхгүй болчихно”

7. “Багадаа гүзээ хийлээд хатааж байхыг нүдээрээ харж өссөн. Тийм болохоор энэ урлаг юм байна гэдгийг олж харсан”

8. “Хүн ер нь нас ахих тусмаа үндэс угсаа руугаа, өөрийнхөө гарал үүсэл рүү явдаг. Би улам л гүзээтэй шар тос руугаа явж байгаа”

Ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-22 17:51

агуу агуу

Холбоотой мэдээ

Back to top button