Ярилцлага

А.Очирболд: Би улам л гүзээтэй шар тос руугаа явж байгаа

“Андлалын өргөө” цогцолборыг буулгаж, суурин дээр нь “Тэнгэрийн андлал” хөшөөг бариад байна. Тус хөшөө МУУСГЗ А.Очирболдын бүтээл. “Тэнгэрийн андлал”-ын загвар олон нийтийн анхаарлыг татаж буй эл үестэй холбогдуулж, түүнтэй 2020 оны аравдугаар сард хийсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.


Саяхан Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан уран барималч А.Очирболдыг хүйтэн урланд нь барьж авлаа.

Түүнийг “Ухамсар”-ын барималч гэвэл илүү ононо. Гангаар хийгдсэн нэг хувь нь Нью-Йоркод, НҮБ-ын гадна бий. Тэр ган учир салхиар дуу гаргана, нарны тусгал бүрээр өөр, өөр өнгөнд хувирна гэж байгаа. “Ухамсар”-ыг харахад л тэр хэр зэрэг өвөрмөц, бас өөрийн гэсэн ертөнцтэй, шийдмэг уран бүтээлч вэ гэдэг нь ойлгогдоно.

“Ухамсар” бол эр, эм гэж үл ялгагдах, хөөрч, жингүйдээд ч байх шиг харагдах ХҮНий дүрсийг метал утсаар сүлжиж хийсэн баримал. Сүлжээс бүр нь дахин давтагдахгүй. Тэндээс ямар ч дүрсийг олж үзэж болно. Холоос ажихад энэ сүлжээс нь ирвэлзэн жирвэлзээд ч байх шиг харагдаж, нэг тийм амьд, сүнслэг, хүний мөн чанарыг суга татаж гаргаж ирээд өлгөчихсөн мэт ухаанд бууна.

Өнгөрсөн зун нэжгээд “Ухамсар”-ыг говьд тавьсан. Энэ констелляцийг харахад элчилгүй цаг хугацаанд хорвоогийн тоосыг буруу, зөв хөдөлгөж, хандах зүгтээ тийчигнэсээр яваа өнгө өнгийн хүмүүсийн төрх эрхгүй сэтгэлд танигдаж, хоолой зангирах ч шиг болж билээ.

Ноднин “Норд-Арт 2019” гэдэг дэлхийн үзэсгэлэнд түүний “Дэгрээ” багц бүтээл гран при болсон. Түүнд нь “Ухамсар”-ын өнөөх жирвэлзэгч хүмүүс нэг том хийлсэн гүзээнд оюун ухаанаа багтаачихсан зогсож байгаа. Тэр нүүдэлчин ахуйн онцлогийг бүтээлдээ иймэрхүү, шинэ содон хэлбэрээр тусгахыг зорьдог контемпорари барималч юм. Энэ мэтчилэн түүний амжилт, бүтээл, дэлхийн тавцанд бүтээсэн нэр хүндийг нь нэг бүрчлэн тоочвол маш олон үг, үсэг шаардлагатай.

Бид “НҮБ-ын гадна таны бүтээл байршихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?” гэдэг ярилцлага хийхийг хүссэнгүй. Чөлөөтэй, хурдтай асуултуудыг түргэн сэлгэж, хувь хүнийг нь илүү төнхөхийг хичээв. Яриа аахар, шаахар хүрээнд эргэцсээр дуусаж мэдэх ч нэг бүрчлэн уншвал тэр сонин өгүүлбэрүүдээр сонирхолтой хариултууд өгсөн билээ.

-ХҮН ӨӨРӨӨ ИХ МЭДРЭГ АМЬТАН ЮМ БИЛЭЭ-

-За, юу асуух билээ. Ноцтой, ноцтой юм асуух юм биш биз дээ /инээв/.

-Ямартай ч “Ухамсар”-аас эхлээд ярья. НҮБ-ын гадна нэгээрээ байгаа шүү дээ. Харин говийн элсэн дээр олон Ухамсар байрлуулсан. Энд ч, урлангийн гадна ч олуул байна. Нэгээс олон Ухамсар-ыг нэг дор харахаар илэрхийлэх санаанд нь өөрчлөлт орж байна уу?

-Арай сүртэй юм уу. Олон “Ухамсар” л болчихгүй юу /инээв/.

-Яагаад тонгойж байгаа юм бэ?

-Тонгойлоо гэвэл балансын хувьд зөрчилдөнө. Хүн бөгс, цээжний эсрэг хөдөлгөөнөөр алхдаг. Гүйхийн тулд тааз урагшаа, түүний харалдаа мөр арагшаа болж байх жишээтэй. Тэгэхээр энэ нөхөр тонгойж байгаа биш юм. Хүмүүс тонгойж байна, мэхийж, ёсолж байна гээд байгаа. Тийм биш. Нэг үгээр хэлбэл бясалгаж буй юм. Ингэхдээ хүний зогсох боломжгүй байрлалаар хэр нь ээ балансаа бариад л бясалгаж зогсоо хэрэг.

-Хагас газарт, хагас агаарт маягтай юу.

-Хүн ингэж зогсох гэж оролдвол ойчно. Тонгойгоогүй, мөртлөө баланстай.

-Мартсанаас та утсаар урлангаа зааж өгөхдөө, Гадаа нь хэдэн төмөр хүн  байж байгаа гэсэн. Ямар хүмүүс байгаа юм бол гээд иртэл Ухамсар-ууд тонгойж байв. Бүтээлээ хээв нэг төмөр хүн хэмээж, тэнцвэрийн асуудлыг ч юухан хээхэн маягтай тайлбарлаж байгаа тань их энгийн юм. Сүүлийн үед хүмүүс элдэв гоёл чимэггүй, минималист байя гэцгээх болсон. Энгийн байдлыг та юу гэж ойлгодог вэ?

-“Гадна нь “Ухамсар” байгаа” гээд хэлчихвэл нэг тийм, чиний хэлэх гээд байгаа шиг ихэрхүү гэмээр ч юм уу өнгө аястай болчихно. Би өөрөө их энгийн байх дуртай. Одоо ер нь уран бүтээлчид энгийн болчихсон шүү дээ. Урьд нь урлаг гоё ганган байсан. Харин цаг үе улирах хэрээр урлаг өөрөө гоёл, чимгээс татгалзаад байгаа. Гагцхүү “Бүтээлээр дамжуулж яг юуг хэлэх гээд байна вэ?” гэдэгтээ л анхаардаг болсон.

-Цаг үе ийм болж байгаа гээд түүнийг дагаж байна гэсэн үг үү. Эсвэл таны дотор ч бас энгийншил явагдсан уу?

-Даган дуурайж байна уу гэж үү. Хүн өөрөө маш мэдрэг амьтан юм билээ л дээ. Амьдарч буй цаг үе нь тэгж байгаа бол хүн өөрөө тийш явж л байдаг юм байна. Нэг үгээр энэ ер хүн төрөлхтний хөгжлийн явц дахь давтамжийн асуудал шиг. Аяндаа дараа, дараагийн хүсэлд автацгаадаг. Урьд нь минимал гэж ярьдаг байсан бол одоо бүр л минимал болоод байна. Би үүнийг даган дуурайх гэдэгтэй холбож бодохгүй байна. Хүний нэгэнлэг мэдрэмжтэй л холбоотой байх.

-“Ухамсар-ын санаа, дүрс хоёрын аль нь түрүүлж төрсөн бэ. Ихэнх хөгжмийн зохиолчид эхэлж дууныхаа шүлэг, илэрхийлэх утга санааг бодоод дотоодоо чагнадаг гэдэг. Үүнд бол концепцоо эхэнд нь тавьж байгаа юм.

-Ер нь манай дийлэнх уран бүтээлчид тодорхой хэмжээнд хувийн, өөрийн зүйлсээ уудалж, түүгээрээ юм хийдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө таньдаг юмаар. Ганцаардсан үедээ ганцаардлын тухай ая биччихдэг ч юм уу. Тэр нь “Энэ хүн өөрөө нэг өдөр их ганцаардаж дээ” гээд уншигдчихдаг. Би уншигдахад төвөгтэй, бүр уншигдахгүй байя гэж... Танил биш юм хийе л гэж бодсон.

Ухамсартай энэ хорвоогийн бүх зүйл холбоотой. Тиймээс нэг үгээр “Ухамсар” гэж нэрлэснээрээ бүх сэдвийг ийш нь өгчихсөн. Дүрслэлийн хувьд яавал өшөө энгийн байж болох вэ гэдэг тал дээр нь анхаарсан. Бясалгаж байгаа гээд хэлэхээр завилчихсан эсвэл нүд мүдээ аньчихсан дүрслэл бууна шүү дээ. Харин ингээд /Баримал руу заав, Сурв/ бясалгаж байна гэвэл их сонин. Тэгэхээр хувийн, өөрийн сэдвээс, ахуйгаас холдуулж илүү нийтийн, сүнслэг сэдэв рүү ойртуулж хийхийг хүссэн гэсэн үг. Дүрс, концепц аль нь эхэлж төрснийг мэдэхгүй. Зэрэг байх.

-Цоо шинэ зүйл гэж урлагт байдаггүй. Гэхдээ энэ хүний дүрс яг цэвэр таны дотроос төрөв үү, эсвэл сурвалж нь юу вэ?

-Дотроо бодсон юм аа. “Хүний мөн чанар хаана, юунд байна аа?” гээд л бодоод суучихсан. Гэтэл хүн гэдэг чинь ухамсартай. Энэ л хариулт нь юм шиг. Тэгэхээр санаагаа хүнээс /хэн нэг хүн бус, ерөнхий хүн гэдэг ойлголт, Сурв/ авсан байгаа биз. Ойлгомжтой, энэ бол хүний фигур. Хүнээс л бүх юмаа авсан. Тэгээд хийсэн бүтээл болж таарч байна.

-“Хүний мөн чанар юу юм бэ?” гэх бодолд эхэлж ээрэгджээ?

-Тийм.

-Яагаад тэгж бодох болов. Үүнийг бодох ямар шаардлага байгаа юм бэ?

-Шаардлага байлгүй яах вэ. Гэхдээ би саянаас хойш нийт хүмүүст биш, дандаа уран бүтээлчдэд холбоотой зүйлс ярьж байгаа шүү. Монгол уран бүтээлчид их энгийн зүйл хийдэг. Зураачид нь гэхэд ихэвчлэн морь зурна. Минийх харин арай өөр байх хэрэгтэй. Нийтлэг биш, мэдээжийн биш. Мөн чанар луу орох гээд л зүтгээд байгаа юм. Уран бүтээлчид өөрт нь байгаа, өөрийн дотоод ертөнц дэх зүйлээр л хийгээд байдаг. Харин нийт массын тухай сэдвийг барьж авдаг хүн цөөн юм уу л гэж боддог. Энэ зүгээр миний л бодол л доо.

-Биежсэний нь дараа хараад та өөрөө Ухамсар-аас цоо шинэ зүйл олж харсан уу?

-Цоо шинэ гэснээс, энэ чинь уг нь эхэлж хийгдэхдээ, урд нь бас нэг хүний хөлийн мөртэй байгаа юм. Чи тэрийг харсан уу?

-Хараагүй.

-Түүнд гол учир нь бий дээ. НҮБ-ын өмнө байгаа хувилбар гэхэд ганц хүн биш хоёр хүн байгаа юм. Нэг хүн нь орон зай хэлбэрээр байгаа гэсэн үг. Тэр хүний орон зайн дор хөлийн мөр нь хонхойж харагдаж байгаа. /Зурж үзүүлэв, Сурв/. Ингээд харахаар бас их өөр болчихно.

-НЭГ Л ӨДӨР БИ ГҮЗЭЭ ХИЙЛСЭН-

-Дан “Ухамсар”-ын тухай ярьсаар таарвал харамсалтай. Гэхдээ энэ ер нь таны нэрийн хуудас болсон бүтээл мөн үү?

-Надаар, өөрөөр нь дүгнүүлэх гээд байгаа чинь их сонин байна. Үүнийг дүгнэдэг, шүүдэг хүмүүс нь тусдаа шүү дээ. “Энэ бол миний нэрийн хуудас болсон бүтээл мөөн” гээд сууж байх бас л...

-Магадгүй залуу насандаа бүтээсэн, нэг их алдаршаагүй ч өөрт тань Ухамсар-аас илүү үнэтэй бүтээл байдаг уу гэсэн асуулт юм л даа.

-Тэнд хонины гүзээ хийлчихсэн байгаа биз. Үүндээ бол би хайртай, хайртай. Харин нэрийн хуудас мөн эсэхийг монголчууд дүгнэх байх.

-Үүгээр дандаа контемпорари инстолляцууд харагдаж байна. Хорин хэдтэй залуу уран бүтээлч байхдаа реалист юм хийдэг байсан уу. Ийм оролдлогууд хийдэг байв уу?

-Дөнгөж сургууль төгсчихсөн залуу чинь аргагүй шүү дээ. Би монументалистаар төгссөн. Тэгэхээр хурдан контемпорари болохгүй. Сургалтаас дөнгөж салаад, хэдэн жил реализмаар зайлшгүй явсан хэрэг. Ингэж миний, хувь уран бүтээлчийн боловсрол, хөгжил явагдсан. Төрийн ордоны өмнөх таван баримлыг хийх багт орж ажиллалаа. Сүхбаатарын хөшөөг хүрэл болгоод л тавьсан. Реалистууд ч гэсэн тэд гэхдээ орчин үеийн баримал мөн байсан юм билээ. Тэгж явсаар нэг өдөр л би гүзээ хийлсэн. Нүүдэлчин гэдгээ илэрхийлэх ийм боломж олдсон.

-Гүзээнээс эхэлсэн гэсэн үг үү?

-Гүзээнээс өмнө “Ухамсар”-аа хийчихсэн байсан. Би “Ухамсар”-ыг аль дээр үед хийсэн юм.

-Хэдэн оны үе яригдаж байгаа билээ?

-2012 байна уу 2013 онд М.Халиунбатын компанийн оффист анх тавигдсан. Өнөөдрийг хүртэл хийсэн, туршсан юм их л дээ. “Улаан хуй” гэдэг том морь минийх. Загвар нь 2009 он хавьцаа гарсан ч хийгдсээр 2014 онд олны нүдэн дээр байршсан. Тэр яг реалист морь уу гэвэл бас биш. Сүүл нь босоод л. “Ган” үзэсгэлэн маань ч гарсан. Эд явсан, “Ухамсар” гарсан, гүзээ ч хийлсэн. Ер нь бол маш их хувьссан, янз бүрээр л оролдож байсан. Видео арт ч хийж байлаа.

Тэнд дээр нь морь тавьчихсан тэрэг харагдаж байгаа биз. Тэр тэргэн дотор хуушуур хийчхээд хүмүүст тараагаад ч явж байлаа. “Хуушуур идээрэй, цай уугаарай” гэхээр хүмүүс их сонин, сонин болдог. Уг нь би үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг хэр нь ээ хуушуур идэж байгаа хүмүүс өөрсдөө тэнд үзүүлбэр байсан. Зарим нь дахиад идэхийг хүссэн, зарим нь үгүй гээд цаашаа явсан. Маш олон өнгө төрхийг олж харсан. Энэ бүгд намайг цаашаа уран бүтээл хийхэд маш их нөлөөлсөн. “Аа, хуушуур идээрэй” гээд л. Надад аягүй гоё байсаан.

-Хуушуур хийчхээд, ийм тэргээр хүмүүст тараагаад явах танд ямар ашигтай байв даа?

-Ашигтай байлгүй яах вэ. Би маш олон хүний хувьслыг олж харсан байхгүй юу. Намайг хэдэн хүн тойрч, суугаад хуушуур идэж байсан гэж бодно. Маш олон төрлийн сэтгэл зүй. Ямар ч жүжиг дээр гардгаас илүү. Тийм сэтгэл зүйн үзүүлбэрийг би үзсэн байхгүй юу.

-УРАН БАРИМЛЫН УРЛАГ 2 МЕТРЭЭС ЦААШ Л БОЛ БАГИЙН ТОГЛОЛТ-

-Уран баримал урлагийн бусад төрлийг бодвол чулуу шиг тэвчээр шаарддаг юм байна. Дээрээс нь том хэмжээний баримал дээр олуулаа ажиллах болдог нь их сонин онцлог юм байна шүү дээ?

-Ганцаараа төмөр бариад гагнана гэвэл худлаа шүү дээ. Нэг хүн нь барьж өгнө, нөгөө нь гагнана. Ерөөсөө баримлын урлаг гэдэг 2 метрээс цааш багийн тоглолт.

-Танаас өөр, ондоо хүмүүс нийлж хийгээд, санасан зүйл чинь гарч ирэхгүй байвал яах вэ?

-Гаргаж ирэхийн төлөө л ажиллана даа. Хүн юм байна, хүмүүсийн тархийг уншина шүү дээ. Манай эд бол бүгд мэргэжлийн барималчид. Сургуулийг нь төгсчихсөн. Би ч ах нарын урланд ингээд л сууж байдаг байсан. Дараа нь өөр, өөрсдийнхөө замналаар явдаг байхгүй юу. Миний “Улаан хуй” морь, 10 метр өндөртэй. Түүн дээр хэдэн хүн ажилласан гэж бодно. Хятадаас 30, Монголоос 14 орчим хүн ажилласан санагдаж байна. Тэгж байж бүтэн жилийн дотор босгосон шүү. Нэг хүний хийх ажил биш байгаа биз.

-Энэ багийнхнаа цалинжуулна, эд материалд их хөрөнгө орно.

-Санхүүгээ хаанаас босгодог юм гэж үү?

-Нэг үгээр эргээд ашиг олохгүй, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхгүй бол таг зогсох л ажил, тийм үү?

-Тийм ш дээ, ерөөсөө л тийм.

-Танд таг зогсож байсан удаа бий юу?

-Байхгүй шүү.

-Яг тэгж хэлж байна уу?

-Тийм ээ. Миний “Ган” үзэсгэлэн гоё болсон. Үзэсгэлэн буухаас өмнө хүмүүс бүгдийг нь худалдаад авчихсан, жишээ нь. Түүнийг би урлагтаа зарцуулсан. Гадагшаа нисэх онгоц, тээврийн зардалдаа зарцуулсан. Гадагшаа, дотогшоо байнга явах болоход би хэнээс ч гуйж, спонсорлооч гэж хандаж үзээгүй.

-Одоо ч тэгээд хүмүүс тан руу өөрсдөө хандаж байгаа биз дээ?

-Ханддаггүй. Хандаасай ч гэж бодохгүй байна. Яг энэ зарчмаараа л дуустлаа явмаар байна. Хүмүүс миний “Ухамсар”-ыг авдаг юм. Нэгийг зараад, тэр мөнгөөрөө гурав болгоод хийчихдэг юм. Тэгээд энэ хэддээ хувааж өгнө, урлангийн түрээсийг төлнө. Өөрөө жаахныг нь авна.

-УЛС ОРНЫ БАХАРХАЛ БОЛЖ ҮЛДСЭН БҮТЭЭЛИЙГ Л ОРГИЛ БҮТЭЭЛ ГЭХ БАЙХ-

-“Зүгээргүй гэж хүлээн зөвшөөрөгдөх уран барималч бүрд тохиохгүй тавилан байх. Үүнд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Би өмнөө зорилго тавьсан, түүндээ тууштай зүтгэсэнд л бий байх. Амьдралдаа ер өөр зүйл хөөж, өөр ажил хийж үзээгүй. Барималдаа үнэнч, өглөө босоод л барималтайгаа ноцолдсоор ирсэн.

-Авьяас нөлөөлсөн үү?

-Авьяас байна. Гэхдээ мянган авьяас байгаад юм хийхгүй байвал яах вэ. Авьяасаас гадна хувь тавилан чухал, дээрээс нь хөдөлмөр хэрэгтэй.

-Уран бүтээлч хүнтэй ярилцах бүр авьяасын тухай ярьж таардаг. Ингээд авьяас чухал уу, хөдөлмөр чухал уу гэдэг дээр хэсэг эргэцдэг дээ.

-Хөдөлмөрөөс ч гадна олон зүйл бий гэж боддог шүү. Сая хэлснээр хувь тавилан, өөрийн хүсэл, мятаршгүй зүтгэл. Дээр нь ар гэр ойлгох хэрэгтэй. Би коронавирус гараагүй байхад жилийн тал хугацаанд нь гадаадад амьдардаг байсан, уран бүтээлийн ажлаар. Ар гэрээ орхиод л явдаг, харин намайг явуулж л байдаг миний ар гэр их мундаг байгаа биз. Эцэст нь явж явж уран бүтээлчийн өөрийн сэтгэл их чухал л даа. Сэтгэлээ гаргах сэтгэл зүй чухал.

Дүрслэх урлагт оргил байдаггүй. Ямар нэг оргилоор хэзээ ч хязгаарлагддаггүй. Тэр нь ч амар байгаа юм. Спортод бол дэлхийн аварга, олимпийн аварга гэдэг оргил байна. Түүнээс дээших оргил гэвэл хошой дэлхийн аварга биз, хошой олимпийн аварга биз. Дүрслэх урлагт тийм оргил гэж байхгүй. Урлаг, шинжлэх ухаан хоёроос бусад нь оргилд хүрээд зогсдог. Тэгэхээр надад шал дэмий, шальдар булдар зүйл бодох хэрэгцээ байдаггүй.

-Гэхдээ хувь уран бүтээлчийн амьдралд уран бүтээлийн оргил гэж байх уу?

-Тэр бол цаг хугацааны л шүүлтүүр юм даа. Амьдралдаа тэр оргилоо амссан нь ч бий байх, амсаагүй нь ч бий байх. Улс орны бахархал болж үлдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг л оргил бүтээл гэх байх. Харин хувь уран бүтээлч өөрөө үнэлж, цоллоод бол ямар ч нэмэргүй.

-Та УГЗ цол тэмдгээр шагнуулаад удаагүй байна. Үүнийг өөртөө яаж үнэлсэн бэ?

-Монгол Улс намайг тийм цол тэмдгээр шагналаа гэж байхад авахгүй гэлтэй биш, очоод л авсан. Өглөө сэрсэн чинь “Та УГЗ болсон, маргааш ирж аваарай” гэсэн. Дэлгүүр орж нэг костюм худалдаж авсан, тэгээд л. Яаж хүлээж авсан бэ? Үгүй яах вэ, миний гавьяаг үнэлсэн байх. Өөр юу хэлэх вэ дээ. Түүнийг авлаа гээд миний амьдралын хэмнэл, сэтгэл зүйд ямар ч өөрчлөлт орохгүй. Төмрөө өргөөд л, шороотой урлан дотроо л сууж байгаа биз дээ.

-НАМАЙГ ДҮГНЭДЭГ ГАЗАР НЬ ДҮГНЭЧХЭЭД БАЙХАД САНАА ЗОВМООРГҮЙ БАЙНА-

-Та өөрөө ийм гоё байгаа ч хүн тойрсон элдэв яриа тасардаггүй. Авьяастай төрсөн, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн зайлшгүй туулдаг зам шиг байгаа юм. Таныг нэг барималчийн санааг байнга хулгайлдаг, эхнэрээ зодож уйлуулдаг гэхчлэн яриа их юм билээ.  

-/Огцом цочиж инээв, Сурв/. Би тэрийг чинь ёстой уншаагүй юм байна. Уншихыг ч хүсээгүй юм даа. Аан, за за. Би эхнэрээ ер зодож байгаагүй ээ. Жингийн цуваа явж байна. Замын нохой хуцаж байна. Тэр надад хамаагүй ээ.

-Намайг асуухад л та энэ тухай бодов уу. Өмнө нь ер асуудал болж байгаагүй юу?

-Үгүй ээ, би бодохыг ч хүсдэггүй. Яагаад гэвэл тэр аягүй садаатай. Намайг дүгнэдэг газар нь дүгнэчихсэн байхад би санаа зовмооргүй байна. Миний хар талыг сэргээгээд, тэнцвэржүүлж хамгаалаад л явж байг. Ярьж байх тусмаа сайн даа.

-Та шашин шүтдэг үү?

-Шүтнэ.

-Ямар шашин шүтдэг вэ?

-Шарын шашин.

-Тийм үү?

-Тийм.

-Одоо уран бүтээлчид ер нь шашинд үнэмшихээ байж байгаа юм биш үү?

-Шашин бол хувь хүний итгэл үнэмшлийн л асуудал.

-Тийм л дээ. Гэхдээ эхэнд энгийн байдал руу нийтээрээ явж байна гэдэг шиг, шашнаас татгалзах нэгэнлэг мэдрэмж дэлхийн уран бүтээлчдэд байна гэж харсан.

-Тэр хувь хүний л зүйл байх аа.

-Хүний мөн чанарын талаар та бодсон гэсэн. Түүнд бол жишээ нь шарын шашин шууд хариулт өгнө шүү дээ.

-Өгнө.

-Шашин таны ихэнх уран бүтээлийн эрэлч, философилог асуултуудад хариулт өгчихнө. Тэгэхээр та бүтээлээ хийж чаддаг гэж үү, шашин шууд хариулт өгөөд байхад?

-Ганцхан шашны итгэл үнэмшилдээ дулдуйдаж уран бүтээл хийнэ гэж байхгүй шүү дээ. Аль алинаас нь авна.

-ГҮЗЭЭ ХИЙЛЭЭД ХАТААЖ БАЙХЫГ НҮДЭЭРЭЭ ХАРЖ ӨССӨН-

-Уран бүтээлчдэд юм хийх гэхээр санаа гарч өгөхгүй, таг зогсдог үе байдаг. Тийм мэдрэмжийг хэр олонтой мэдэрч байсан бэ?

-Тэр нэг гацаатай заваан юм чинь захиалгын ажлаас л үүсдэг юм даа. Харин миний хувийн орон зайд ер хамаарахгүй. Би юу дуртайгаа хийнэ, тэнд. Яаж ч солиорвол солиорно. Захиалгын юм гэдэг чинь тэр нэг өрөөл хүний хувийн орон зайгаар гүйцэтгэл хийж өгөх гээд байна аа даа. Өөрөө уран бүтээлээ хийж байх явцад бол тийм асуудал үүсдэггүй.

-Таны уран бүтээлүүдэд Монгол агуулга яаж шингэдэг вэ?

-Ер нь би яг энэ концепцоороо л явна. Өөрчлөх шаардлага байхгүй гэж харж байна. Хэлбэр дүрс, хэрэглэх материалын хувьд өөрчлөгдөх зүйл гарч магад л даа. Миний хийгээд буй бүтээлүүд дандаа манай үндэсний, нүүдэлчин гэсэн концепц дээр тулгуурлаж явдаг байхгүй юу. “Ухамсар” гэхээр материаллаг амьдралаа тэвчиж амьдрах ухамсрыг онож байгаа. Манай монголчууд малаа хүртэл өсгөхдөө тоог нь барьдаг байсан ард түмэн. Мянгат малчин гээд л хаагиад байвал өвс нь байхгүй болчихно. Гүзээ, шар тос энэ тэр бүгд үүнтэй холбоотой. Нүүдэлчин гэхээр манайхан нөгөө л нэг хийдэг, бие биелгээ, уртын дуугаа дуулах маягаар хандсаар байх шиг санагддаг. Харин би шинэ маягаар үзүүлэх гэж л хичээгээд байгаа юм.

Гүзээ гэхэд их сонин. Өнөөдөр айхавтар өвчний үед бэлчээрийн мал аж ахуйгаараа л бид эрүүл саруул явж байна. Тийм магадлал өндөр. Мэдээж монгол хүн коронавирус тусахгүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ манай ард түмэн гуравхан сая мөртлөө байгаад л байгаа байхгүй юу. Ийм эрс тэс уур амьсгалтай нөхцөлд, төдийгөөс өдий хүртэл. Үүнийг бидний эко, мал аж ахуйн амьдралтай л холбоотой гэж би хардаг.

-Та өөрөө хотынх үү, хөдөөгийнх үү?

-Би хөдөөгийнх. Бүр яг хөдөө, мал дээр өссөн. Багадаа гүзээ хийлээд хатааж байхыг нүдээрээ харж өссөн. Тийм болохоор энэ урлаг юм байна гэдгийг олж харсан. Тэнд байгаа материалыг ашиглаж Монголоо гайхуулж байгаа байхгүй юу. Өөр хэн ч гүзээн дотор шар тос хадгалдаггүй. Хадгалаад, түүгээрээ онд мэнд ордог. Онд мэнд орсны баяраа хийхдээ, тэр шар тосоо идээнийхээ оройд залдаг гэдэг. Ахуйн мөртлөө маш том сэдэв, хүнсний соёл байдаг шүү дээ, Монгол гэдэг. Хүн ер нь нас ахих тусмаа үндэс угсаа руугаа, өөрийнхөө гарал үүсэл рүү явдаг. Би улам л гүзээтэй шар тос руугаа явж байгаа.


Тэрбээр ширээн дээр хэвтэж байсан зэвэрсэн хавтанг бариад, "Энэ зэвэрсэн төмөр, ямар гоё өнгөтэй байна аа. Цэнхэр өнгө харагдаж байгаа биз. Ер нь энийг нүүрэн дээрээ барьчихъя. Ингээд л нэг уран бүтээл хийчихлээ” гээд энэ зургийг дарууллаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мээр
Мээр
2020-10-22 08:51

Өглөө эрт ёстой сайхан яриа уншлаа. Энэ их гажуу харагдах ч гоё хүн бэ тэ шагн�##� ав гэхээр нь нэг пиджак өмсөж очоод авцан гэнэ ээ ха хх

zochin
zochin
2020-10-22 10:17

ajil ruugaa tugjreed yavjaahdaa avtusand unshlaa.tugjreeg ch martaj.kk.oloon jiliin daraa harj bhad chi yag l heveeree..amjilt

Bolortuvshin
Bolortuvshin
2020-10-25 12:15

Survaljilagch sain bailaa uran buteelee sudalj urlagiin talaar arai deer medlegtei uhamsartai bas shudraga asuulttai sonirholtoi yarilclaga hiijee.Uran buteelchiin huvid unheer hiilsen guzee hataah bol urlag gej uzej bgaad n bayr hurgiee.Mongoliin hamgiin bodit yarilclaga baila saihan documentar boljee.

чичальц
чичальц
2020-10-30 23:52
Reply to  Bolortuvshin

Английн Антонио гормлей наад ухамсар ч гэнүү юу ч гэнэ үү хийчихсэн.Дандаа хүний бүтээл хуулж завшсан луйварчин л хүн дээ. цааш нь бичвэл олон барим�##�чид олон хулгайг нь хэлж чадна

Bolortuvshin
Bolortuvshin
2020-10-25 12:17

Survaljilagch sain bailaa uran buteelchee sudalj urlagiin talaar arai deer medlegtei uhamsartai bas shudraga asuulttai sonirholtoi yarilclaga hiijee.Uran buteelchiin huvid unheer hiilsen guzee hataah bol urlag gej uzej bgaad n bayr hurgiee.Mongoliin hamgiin bodit yarilclaga baila saihan documentar boljee.

Зочин
Зочин
2021-09-24 15:54
Reply to  Bolortuvshin

Яг тэгж бодож уншлаа Ёстой л жижүүрийн биш, урамтай суд�##�гаатай шударга ярилцжээ

Back to top button