УРЛАГЯрилцлага

Венецийн биенналь: Монголыг дэлхийд амжилттай төлөөлсөн тэдний АЯНЫ БОГЦООС

Венецийн биенналийг урлагийн “олимп” гэх нь ч бий. 1895 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус наадмын үеэр Венец хот хөгжим, театр, дүрслэх урлагаар туж амьсгална. Дүрслэх урлагийн биенналь нь хамгийн алдартай бөгөөд тэнд дэлхийн олон орны контемпорари уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэдэг. Нийт үзэсгэлэн ойролцоогоор 7 мянган кв.метр талбайг эзлэх ба багадаа 75 орны уран бүтээлч оролцдог байна. Олон улсын шилдэг уран бүтээлчид "Алтан арслан" хүртээдэг.

Яг дүрслэх урлагийн биенналь нь хоёр жилд нэг удаа болдог учир хүлээлт үүсгэдэг. Дэлхийн хамгийн нөлөө бүхий урлаг судлаач, шүүмжлэгч, куратор болоод цуглуулагчид хэрэг болгон зорьж ирнэ. Урлагийн сэдвээр дагнаж бичдэг сэтгүүлчид энд бужигнана. Харин 59 дэх удаагийн Венецийн биеннальд, манай улсыг төлөөлж уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээрээ оролцсон. Биенналийн хаалт ирэх намар болох бөгөөд өдгөө Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар эх орондоо ирээд байгаа юм.

МОНГОЛ БА ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬ


2015 он - "OTHER HOME"

2015 онд анх монголчууд Венецийн биеннальд оролцсон. Уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар “OTHER HOME” үзэсгэлэнгээ дэлгэсэн. Куратороор урлаг судлаач Ц.Уранчимэг ажиллаж байв.

Куратор Ц.Уранчимэг

2017 он - "LOST IN TNGRI"

Үүний дараа, 2017 онд Монголын контемпорари урлагийн тулгын чулууг тавилцсан гэдэг Ё.Далх-Очир куратороор ажиллаж, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар хамтран “LOST IN TNGRI” үзэсгэлэнгээр Венецийн биеннальд оролцсон.

Куратор Ё.Далх-Очир

2019 он - "A TEMPORALITY"

Харин 2019 онд залуу уран бүтээлч Э.Жанцанхорол “A TEMPORALITY” үзэсгэлэнгээ Венецийн биеннальд дэлгэсэн ба куратороор урлаг судлаач Б.Гантуяа ажилласан юм.

2022 он - "A JOURNEY THROUGH VULNERABILITY"

Харин хамгийн сүүлд буюу 2022 онд ийн Ж.Мөнхцэцэг, Б.Гантуяа нар хамтран ажиллалаа. Өмнөх жилүүдэд Венецийн биеннальд оролцох зардлыг уран бүтээлчид өөрсдөө босгодог байв. Харин энэ жил Соёлын яам санхүүжүүлсэн онцлог бий.


Б.ГАНТУЯА: ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭГЛЭЖ ДУУССАН ДОРОО "БИД АЛТАН АРСЛАНГ АВЧИХЛАА" ГЭЖ ДУУ АЛДСАН

Венецийн биеннальд оролцох үзэсгэлэнд хоёр дахь удаагаа куратороор ажилласан Б.Гантуяатай ярилцлаа. Тэрбээр угтаа макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр ЗХУ-д бакалавр, АНУ-д магистрын зэрэг хамгаалсан.

Харин 2012 оноос эхлэн урлагийн салбарт ажилласан бөгөөд "Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо", "976 Art Gallery"-г үүсгэн байгуулсан. Өнөөг хүртэл урлагийн хөгжлийг дэмжих чиглэлд нийгмийн нөлөөлөлт ажлуудыг зохион байгуулж байна.

-Монголын павильон дахь уур амьсгал ямар байсан бэ?

-Венецийн биеннальд нэн орчин үеийн уран бүтээлүүд дэлгэгддэг онцлогтой. Энэ жил орж байгаа уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэнг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байгаа. “Зүрх сэтгэлд хүрч байна”, “Үнэхээр онцгой байна” гэдэг үгийг бараг ирсэн хүн бүр л хэлж байна. Лондонгийн “Тэйт Модерн” зэрэг том том музейн кураторууд ирж үзээд, Монголын дүрслэх урлаг хүчтэй байна, улам л анхаарал татаж байна, очиж судалмаар байна гэж ярьж байна. Манай павильоны хэмжээ өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй жижиг. Гэхдээ энэ бол гол асуудал биш.

-Шүүмжлэгчид, сэтгүүлчид хэр их ирж сонирхож байв?

-Биенналийн үеэр манай Монгол шиг нөлөө багатай, буурай орны үзэсгэлэн хэвлэл мэдээллийн хараанд өртөнө гэдэг амаргүй. Зэрэгцээд зуу гаруй үзэсгэлэн гардаг. Дэлхийд танигдсан нэртэй уран бүтээлчид хэдэн арваараа оролцдог. Хаа газрын сэтгүүлчдийн адил алдар нэртэй хүн, нөлөөтэй кураторуудаас ярилцлага авч сенсац үүсгэх сонирхолтой байдаг. Гэхдээ манай павильоныг зорьж ярилцлага авсан, сэтгүүлдээ онцолж нийтэлсэн хэвлэлүүд бий. Сэтгүүлчдээс илүүтэй шүүмжлэгчид, кураторуудын хэлэх үг чухал. Тэд ирээд юу ярих нь хамгийн сонирхолтой. Азаар манай павильон олон үзэсгэлэнгийн дунд шахагдаагүй, яг хүн төвлөрч, цаг зарж үзэх боломжтой тусдаа байрлалд байсан.

-Ер Венецийн биенналь ямар онцлогтой, яагаад чухал юм бэ?

-Ихэнх уран бүтээлчид элдэв тархи угаалтад өрдөггүй, ихэвчлэн нийгмийн нөлөөллөөс хол ажиллаж, амьдардаг. Иймд тэдний бүтээл нийгмийг, хүн төрөлхтнийг хөндлөнгөөс харах маягтай. Тэнд хувь хүн, байгаль, экологоос эхлээд гүн ухааны чанартай асуудлуудыг хөнддөг. Тэгэхээр Венецийн биенналь бол олон авьяаслаг уран бүтээлчдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь олгосон талбар гэх үү дээ. Дүрслэх урлагийн нөлөө маш хүчтэй байдаг учраас урлагийн салбарынхнаас гадна улс төрчид, бизнесменүүд Венецийн биенналь зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдийг зорьж ирдэг.

-Тэнд жинхэнэ өрсөлдөөн өрнөж байна. Харин монгол уран бүтээлчдийн дотор ийм чансаа заасан өрсөлдөөн тэр бүр явагддаггүй. Өрсөлдөөн, шүүмж яагаад чухлыг та юу гэж хардаг вэ?

-Шүүмж байхад уран бүтээлч өөрийнхөө алдаа оноог, өөр нүдээр олж харна. Харин шүүмжийг хэн бичих нь чухал. Хэт хувийн өнцөг, ашиг сонирхолд хөтлөгдсөн шүүмж бол хэцүү. Уран бүтээлчийг хувь хүн талаас нь, мөн бүтээлийг нь сайн ойлгоогүй, хэлбэр, хийц талаас нь харсан шүүмж байснаас байгаагүй нь дээр ч байж магад. Монголд гарч байгаа үзэсгэлэнгүүдийн талаар уран бүтээлчид заримдаа хоорондоо шүүж ярьна. Шууд хэлчихдэг хүмүүс ч бий. Шүүмжийг хүлээж авч чаддаггүй хэсэг ч байгаа. Монгол уран бүтээлчдийн дунд яг “Тэд ирж үзээд юу гэх бол” гэж хүлээдэг тодорхой хүмүүс бий.

Миний бодлоор уран бүтээлчид өөр хүнтэй биш өөрөө өөртэйгөө л өрсөлдөх ёстой байх гэж боддог. Уран бүтээлч хүн дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэн, наадамд оролцож ирээд хэрхэн бүтээлээ үргэлжлүүлж хийх, хувь хүн нь яаж хувирч байгааг ажиглах сонирхолтой байдаг. Биеэ тоох, алдар нэрээр бизнес хийх юм заримдаа ажиглагдана. Зарим нь улам дуугүй, даруухан болж, бүр чангардаг. Аливаа амжилт, нэр төрийн дараа хэрхэн бууж ирж буй нь хувь уран бүтээлчийн ясыг таниулдаг гэж боддог.

Олон улсад ч, Монголд ч сенсац дагуулсан болгон сайн уран бүтээлч биш. Одоо хэний ч хөндөөгүй сэдэв, хэний ч ашиглаагүй материал, хэлбэр, дүрслэлийг чухалчлан хөөцөлдөж, өөрийн хэллэг болгон ашиглах гэж улайрах нь их болж. Энэ нь надад дэмий санагддаг. Гарын дүйтэй нэг уран бүтээлч ямар нэг гүн ухааны сэдвийг барьж аваад бүтээл хийгээд л, баахан том философи яриад байх нь хачин санагддаг. Тэр гүн ухаанаа үнэхээр гүн ойлгож чадсан эсэхэд нь эргэлздэг. Хэрэв ойлгож чадаагүй бол хэлбэр хөөсөн хүн л болж хувирна шүү дээ. Ер нь уран бүтээл, бүтээлч хоёр мөн чанараараа салшгүй холбоотой. Мундаг бүтээлүүд маш цул хэр нь ээ, олон өнцөгтэй, олон асуултыг хөндөж чадсан байдаг.

Ж.Мөнхцэцэг, Б.Гантуяа нар

Ер нь өрсөлдөөн гэхээс илүүтэй уран бүтээлчдэд судалгаа, ажиглалт маш чухал. Урлагийг өргөн цар хүрээнд судалж, уран бүтээлч хүн өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгоход гадаад хэл хэрэгтэй. Харин манайд гадаад хэлний мэдлэгтэй уран бүтээлч их цөөхөн. Хэлээ сайжруулж, дэлхий ертөнцөөр аялж өөр хүмүүс, өөр амьдралыг ажиглаж судалмаар санагддаг. Тэр нь заавал уран бүтээл байх албагүй.

-Таныхаар монгол уран бүтээлчид Венецийн биенналь шиг наадамд өрсөлдөх нөөц боломжтой юу?

-Монголын нэлээд олон уран бүтээлч тэнд гологдохооргүй чадалтай гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ бол эргэлзээгүй. Харин “тэд” хэрхэн хүлээж авах нь л анхаарал татдаг. Монголын эрин цагийн урлагт бидний уламжлалт ахуй, соёл, гүн ухаан бүхий хэллэгүүд байсаар л байдаг. Энэ нөлөө бидэнд хүчтэй хэвээр байгаа. Магадгүй мөнхөд хүчтэй байх боломжтой. Тэдгээрийг харин өөр ахуй, амьдрал соёлтой үзэгчид хүлээж авч чадах эсэх нь зарим талаасаа эргэлзээтэй. Гэхдээ бидэнд “бусдад өгөх” зүйл олон бий гэж боддог.

-Монгол уран бүтээлчдийн чансаа хаана ч гологдохгүй гэдэгт та эргэлздэггүй гэлээ. Гэтэл салбар өөрөө кураторууд, шүүмжлэгчид, галлерейнуудын хамт, цогцоороо хөгжих хэрэгтэй байна. Хөгжлийн тухай онцолж ярья?

-Сүүлийн үед шинээр олон сайхан үзэсгэлэнгүүд гарч байна. Үзэсгэлэнгийн орон зайд өрсөлдөөн үүсэх маяг орж ирлээ. Контемпорари урлагийг хүлээн зөвшөөрөөд ч эхэлчихлээ. Үзэгчдийн тоо маш их нэмэгдэж байна. Одоо манайд томоохон хэмжээний чанартай, эрийн цагийн урлагийн музей үнэхээр үгүйлэгдэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Соёлын яамнаас зохион байгуулсан Дүрслэх урлагийн долоо хоногийн үзэсгэлэн “Мишээл экспо” төвд гарахад маш олон уран бүтээлчид, галлерейнууд хамтран ажиллалаа. Тэр арга хэмжээг хоёрхон хоногийн өмнө зарлахад л өдөртөө мянга гаруй хүн ирж үзэж байсан нь хүмүүс, ялангуяа залуус урлагийн өлсгөлөнд байгаа нь мэдрэгдэж байлаа.

Үзэсгэлэн гаргаж буй байгууллага, зохион байгуулагчид, кураторууд урлагийн мөн чанар, амин сүнсийг дээдэлж ажиллах нь маш чухал. Үүний тулд уран бүтээлчээ маш сайн ойлгож ажиллах ёстой. Уран бүтээлчийг хувь хүн талаас нь ойлгохгүйгээр ямар ч боловсролтой куратор сайн бичвэр бичиж чадахгүй гэж би боддог.

-“Олон улсын хэллэг” гэх мэтээр ярихад уран бүтээлчээс амбиц нэхэж байх шиг сонсогдож байна. Уран бүтээлч зөвхөн өөртөө төвлөрч, ажиллаж чадвал интуицээрээ хөгждөг гэсэн ойлголт байлаа шүү дээ?

-Манайд өөр дээрээ сайн төвлөрч төлөвшсөн уран бүтээлчид бий. Гэхдээ ихэнх нь барууны орнууд руу явж, өөр орны уран бүтээлчид кураторуудтай ямар нэг байдлаар хамтран ажилласан байдаг. Ингэж явахдаа өөрсдийгөө илүү нээж, бас бусдыг ойлгож, илүү задарсан болов уу гэж боддог. Ер нь уран бүтээлч өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болох, өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдэх, ертөнцийг илүү өргөн цар хүрээтэйгээр харж ойлгохын тулд тодорхой хэмжээнд аялж, судлах, ажиглалт хийх хэрэгтэй л байх. Гадаадын олон уран бүтээлч шинжлэх ухааныг ч судалж байна: Хими, физик, математик гэхчлэн. Байгаль экологи, эдийн засгийн ч мэдлэгтэй байна.

Өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, өөрийн үзэл бодлоор амьдардаг уран бүтээлч миний бодлоор нэг их агуулга, хэлбэр хөөдөггүй. Хамгийн энгийн, хамгийн ойр байгаа зүйлийг л барьж авдаг. Тэндээсээ хамгийн гүн мөн чанарыг олж харах чадвартай байдаг санагддаг.

-Тодорхой хэмжээний мэдлэгшлийн асуудал яригдаж байна л даа. Би хувьдаа уран бүтээлчдээс “Та хэр их уншдаг вэ?” гэж асуух дуртай. 

-Мэдлэгшлийн эх үүсвэр нь юу ч байж болох юм л даа. Ашиг тус нь уран бүтээлчийг одоо буйгаас нь илүү зүйлс ухааруулж чадаж байхад л орших байх. Уран бүтээлчийн эрэл хайгуул, судалгаа нь олон ном уншихдаа биш, зүгээр л ажиглалтууд дээр ч тулгуурлах боломжтой.

-Тодорхой хэмжээнд Монголоос хальж хардаг болох, нөгөө талдаа дотоодтойгоо сайн ажиллах хоёр зүйл яригдаж байгаа ч угтаа нэг гэж бодогдож байна?

-Өөрөө өөртэйгөө ажилладаг уран бүтээлчээс сайн, цул бүтээл гардаг гэж боддог. Ажиллахын тулд өөрийн ертөнц нь бас баян байх хэрэгтэй байх даа. Түүний тулд хорвоо ертөнцийг судалж ажигласан, бас өөрийн бодолтой, нэлээд нарийн өнцгүүдтэй байх хэрэгтэй шиг. Зарим уран бүтээлчдийн хувьд олон улсын хэмжээнд болж буй дүрслэх урлагийн арга хэмжээнүүд, үзэсгэлэнгүүд, хэвлэл мэдээллээр яригдаж буй зүйлсийн чансаа, мөн чанарыг илүү ойлгохын тулд жаахан унших, судлах хэрэг байх шиг л санагддаг.

-Мөн хийж дадсан арга барилдаа ханана гэдэг уран бүтээлчийн энэ хөгжлийг зогсоодог шиг санагддаг?

-Ер нь орчлон ертөнц, бас хүн өөрөө цаг үргэлж, бага багаар хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Тэгэхээр нэг арга барилаа давтаад байх нь мөн чанартаа бусдыг хуулаад буйгаас ялгаагүй гэмээр. Гэхдээ ийм хүмүүсийг нэг их гоочилмооргүй байна. Чадвал бүх л уран бүтээлчдийг байгаагаар нь ойлгож, хүлээн зөвшөөрөхийг хичээж явна. Урлагийн салбарт ажиллаж байгаа хүн бүхэн адил, нэг л тогоонд чанагдаж, нэг л бүтэн ертөнцийг хамтдаа бий болгож байгаа гэж боддог. Уран бүтээлч хүн бүрд өөрийн гэсэн фэн, шүтэгч, үзэгч байдаг. Тэгэхээр өөрт таалагдах эсэхээс хамааран үгүйсгэх боломжгүй. Хэдий тэгж бодсон ч хэт их шоу хийдэг, сүнсээ мөнгөөр худалдчихсан уран бүтээлчдийг ёстой хүлээн зөвшөөрч чаддаггүй.

-Кураторын хувьд асуухад, яагаад Ж.Мөнхцэцэг гэж?

-“Өнөө жилийн Венецийн биеннальд Мөөгий явжээ” гэхэд хэн ч гайхахгүй. Тэр үнэхээр нууцлаг, анхаарал татмаар хүн. Уран бүтээлч хийгээд урлагийн нүдтэй хүмүүсийн хайрыг татсан нэгэн. Түүнээс гадна Венецийн биенналийн энэ жилийн сэдэвтэй Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн санаа нь их төстэй. Энэ жил “Зүүдний охь” гэсэн ерөнхий нэр дор бүх үзэсгэлэн гарсан. Ерөнхийдөө хүний бодол, төсөөлөл бодит ертөнцөд хэрхэн хувьсал, өөрчлөлт авчирч байна вэ, байгаль дэлхий ба хүн хоорондын шүтэлцээ, хүний энэ ертөнц дээр хүлээсэн үүрэг юу вэ гэхчлэн асуултуудыг хөндсөн юм.

Мөөгийгийн бүтээлүүдийг үзээд заримдаа хүмүүс сэртхийдэг л дээ. Яг угтаа урлаг хүнд ямарваа нэг үнэн мөн чанарыг мэдрүүлэх ёстой гэж боддог. Ж.Мөнхцэцэг бол бүтээлийнхээ сэдвээр өөрийн сэтгэлийг эмзэглүүлдэг асуудлуудыг сонгон авч, тэдгээрийн мөн чанарыг ойлгох гэж эрэлхийлж, бодож, тунгааж, өөрийн дотоод мэдрэмжтэй тулж ажилладаг. Бодит үнэнтэй нүүр тулахааас, мэдэхээс ч айдаг хүмүүс байдаг ш дээ. Харин Мөөгий бол эсрэгээрээ, бүтээлээ хийсээр, эцэстээ өөрөө ч сэтгэл нь илааршдаг гэлтэй. Буддын гүн ухаан түүний бүтээлд нэлээд шингэсэн байдаг. Магадгүй нэгэн нөлөөтэй, өндөр хөгжилтэй орны павильонд Мөөгийгийн үзэсгэлэн дэлгэгдсэн бол сенсац дэгдээх л хэмжээний. Би хувьдаа тийм л чадалтай уран бүтээлч гэж үнэлдэг. Олон улсын кураторууд ирж үзээд ч үүнийг хэлж байна.

-Түүнтэй хамтран ажиллахад сэтгэлд тань юу хамгийн их үлдсэн бэ?

-Эхнээсээ дуустал бид хоёр маш нягт хамтран ажилласан. Олон зүйлсийг хамтдаа шийдэж ирсэн. Нэлээд ачаалалтай ажиллаж, нээлт болохоос хоёр өдрийн өмнө бид үзэсгэлэнгээ дэглэж дууссан. Яг тэр мөчид би “За, бүгдээрээ Алтан арслангаа авчихлаа, яг энэ мөчид л авчихлаа. Бид шагнал авахгүй ч байж болно. Нээлтэн дээр хэдхэн хүн ирж, ямар ч сэтгүүлч юу ч бичихгүй байж болно. Энэ бол хоёрдогч асуудал” гэж. Хамгийн оргил мэдрэмж, сэтгэл ханамж яг үзэсгэлэн дэглээд дуусахад л ирсэн. Миний хувьд уран бүтээлчтэйгээ хамтран ажиллах нь хамгийн таашаалтай мөч байдаг. Хэвлэл мэдээлэл, зохион байгуулалтын ажилдаа би нэг их дуртай биш. Салбартаа хэрэгтэй юмыг заавал мэдүүлэх, ойлгуулах шаардлагатай гэж бодсоны үүднээс ярих шаардлага гардаг. Бусдаар бол хэдэн удаа телевиз, сонин, сэтгүүлээр гарав гэдгээр Мөөгий эсвэл Гантуяа гэдэг хүн өөрчлөгдчихгүй. Тэр их завгүй, стресстэй өдрүүдэд Мөөгий дэргэд байгаа нь намайг тайвшруулж, бодлыг минь цэгцэлж байлаа. Мөөгий тийм л хүн. Надад түүнтэй хамтарч ажиллах нь ховорхон заяах аз завшаан байсан гэж хэлж болно.

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг.

-Энэ жилийн Венецийн биенналийн дараа бусдадаа хэлж, түгээмээр ямар бодолтой үлдсэн бэ?

-Венецийн биеннальд оролцох санхүүжилтийг анх удаа Соёлын яам гаргалаа. Энэ ёстой мөрөөдөөд биелэхгүй мэт санагдаж байсан нь саяхан юм. Өмнө нь манай байгууллага Венецийн биеннальд монголчуудыг гурван удаа оролцуулах ажлыг нэлээд төвөгтэй нөхцөлд зохион байгуулж ирсэн. Тэр үед энэ ажлыг гардан хийхийг хүссэн дүрслэх урлагийн байгууллага хайгаад ч байдаггүй байлаа. Харин одоо улсаас санхүүжилт ороод ирэхэд энэ ажлыг хийхийг хүссэн хүн, байгууллага зөндөө л гарч ирнэ. Яг үүн дээр л санаа зовж байна.

Хамгийн гол нь манай байгууллага үргэлжлүүлэн хийхдээ биш, харин хэн хэрхэн хийх вэ гэдэг дээр л санаа зовж байна. Ер нь санхүүжилтийг зөв зүйлдээ зарцуулж чадахгүй бол мөнгө зараагүй нь дээр байдаг. Үүнийг төв Азийн нилээд орнуудын жишээн дээр нүдээрээ харж, чихээрээ сонсож л байлаа. Зүйрлүүлж хэлбэл, усаар хогийн ургамал услах уу, үржил шимтэй мод услах уу гэдэгтэй адил. Хогийн ургамал үржүүлэхээр бол усалсны хэрэггүй. Тэд өөрсдөө ургах, амьдрах аргаа хэзээд олдог. Энэ дэмжлэг буруу замаар явбал дэмжих ёстой алт шиг хүмүүсээ гундаана, мохооно.

Дүрслэх урлагийн салбар дотроо эв найртай байж, салбарын асуудлаа ухаалгаар зөв шийдэж явах нь чухал байх. Наад зах нь маш сайн дүрэм журмыг боловсруулсан, тэр нь аль ч цаг үед асуудлыг зөв шийдээд аваад явахад тус болдог байвал зүгээр. Ийм л юм бодож байна. 


"ГҮНЭЭС ГҮНД"

Ж.Мөнхцэцэг нь баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илааршихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг. Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбодь, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол, эсрэгцлийг торгон мэдрэмжтэй илэрхийлдэг билээ. Хийсвэр мэт боловч бодит мэдрэмжийг төрүүлэх, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг юм.

Монголын уламжлалт анагаах ухааны дом, бариа заслын талаар шимтэн судалдаг түүний бүтээлээ туурвих явц шашны зан үйлийг санагдуулам ба зөн билгийн шинжтэй. Анагаахуй, асран хамгаалахуйн бэлгэ тэмдэг болсон элементүүдийн эсрэгцэл, тэдгээрт агуулагдсан мөн чанаруудаар үзэл санаагаа илэрхийлэн гаргахдаа өөрийн сэтгэл түгшил, илаарших үйл явцаа бясалган аждаг. Тастсан, тайрсан, эвлүүлсэн оёсон бүхэн нь шаналал, айдас, итгэл, түгшил, тэвчлийг бэлгэдэж, дотоод мэдрэмж, үзэл санаагаа илэрхийлэн илчлэн гаргах онцгой хэлийг нь бүтээж өгчээ. Бүтээлүүд дэх шувууд нь зүрхний лугшилт, ураг бүрэлдэхүй, илааршил, авран хамгаалахуйг бэлгэдэх бол дотоод эрчмээ олж авах гэсэн мөнхийн эрэл хайгуул, "нэгдмэл нэгэн цул" болох хүслээ эмэгтэй хүний бие махбодоор илэрхийлдэг байна. Дахин төрөхүй бол уран бүтээлчийн эрлийнх нь цөм билээ.

Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд Монгол Улс "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр дөрөв дэх удаагаа оролцож буй. Павильоны гурван өрөөнд тарах байрших зөөлөн баримлууд, зүймэл зураг, видео сэлт нь эмэгтэй хүн болон амьтдын өөр өөр түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгох юм. Үзэсгэлэнгийн эхний танхим болох "Зээрийн зүүд" нэртэй сарайг санагдуулам орон зайд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон дээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна. Ж.Мөнхцэцэгийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүх л ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий "самсара"-гаас улбаатай санаагаа "Сансрын бие" хэмээн нэрлэсэн нь "Судасны чимээ" нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс ч нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн хайбрид баримлуудаа "Сансрын биес" бус "Сансрын бие" гэжээ.

Танхим дахь баримлууд оршин тогтнохын төлөөх хувьслын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, заримыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж. Сүүлчийн, "Дутуу төрөлт" хэмээх хавчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн "Умай хамгаалагч шувуу" нэртэй бүтээлийг байршуулсан юм. Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илааршлын тухай өгүүлнэ.

Үзэсгэлэнтэй хоршин тоглогдох дуу авиан бүтээлийн минимал, абстракт шинж чанар нь үзэгчдийн орон зайн болоод сүнслэг мэдрэмжийг эрчлэх болно. Үзэсгэлэн дэх саунд хэсэг, шаагих борооны нургилах дуун, хил хуурын цуурайлах нь зуурдын сүнстэй холбоо тогтоох зан үйлийг санагдуулах юм.

Куратор Б.Гантуяа


Ж.МӨНХЦЭЦЭГ: УРАН БҮТЭЭЛ ЯГ Л УРИЛГА ШИГ

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь дүрслэх урлагийн салбарт 30 орчим жил ажиллаж байна. Беларусийн Минск хотын Дүрслэх урлагийн академид суралцсан.

Түүний бүтээлүүдэд Буддизм, ардын дом эмчилгээ, домог үлгэрийн хэв шинж тусдаг нь анхаарал татам. Зотон, тосоор зурж эхэлсэн тэр өдгөө зөөлөн баримал оёх, цаасан коллаж хийх зэргээр олон төрлөөр ажилладаг. Түүнтэй ярилцлаа.

Тэр намуухан дуугаар ярина. Тун даруу, товч хариулттай. Тийм ч учраас ярилцлага блиц асуултын хэлбэрээр хурдтай өрнөсөн юм.

-Энэ жилийн Венецийн биеннальд оролцох болсноо хэрхэн хүлээж авсан бэ?

-Сэдэв минийхтэй их ойролцоо таарч байсан. Мөн нэгэнт намайг сонгосон талаараа мэдэгдсэн тул нэг их татгалзах шалтгаан байгаагүй гэмээр юм уу даа. Санамсаргүй ч гэмээр байж байгаад, урсаад л орчихсон. Мэргэжлийн үзэсгэлэн наадам, төсөлд сонгогдох, оролцох хэзээд сонирхолтой байдаг.

-Ямар ач холбогдолтой санагддаг вэ?

-Уран бүтээлчийнхээ хувьд шахагдаж ажиллах боломж гардаг гэж хариулъя. Хэрэв баримал маань цөөн байсан бол олшруулах, санааг нь илүү томруулах ч юм уу. Бас дэлхийн урлаг сонирхогчдод нэг дор бүтээлээ үзүүлэх боломж гардаг нь сайн.

-Биеннальд оролцсон бүтээл таны хувьд юугаараа шинэлэг байсан бэ?

-Баримлын шинжтэйгээр цаасан зураг хийсэн нь миний хувьд шинэлэг. Өмнө нь цаасан зураг дээр ажилладаг байсан ч энэ удаад гурван хэмжээст байдлаар хийсэн.  

Би буддизмд сонирхолтой. “Сансрын бие” хэмээх бүтээлийн тухайд ярихад, бид ганц ганцаараа оршин тогтнож чадахгүй, бүгд нэг нэгэнтэйгээ хамааралтай гэсэн санааг илэрхийлэхийг хичээсэн. Өөрөөр хэлбэл “Самсара” гэсэн санскрит үг, үүний ойлголт.

-Бүтээлээ дэлгээд, павильондоо өнгөрүүлсэн өдрүүд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Том зааланд, том бүтээл дэлгэсэн уран бүтээлч цөөнгүй байсан. Манай павильон жижиг ч гэлээ бүтээлдээ яг тохирсон хэмжээтэй. Бараан, гүн уур амьсгалтай. Хүмүүс байнга орж гараад л, ер хоосон байхгүй байсан. Яг тэнд нэг их том тусдаа орон зай үүсчихсэн ч юм шиг санагдуулсан.

-Сүүлийн үед уран бүтээлчид аливааг субъектив өнцгөөр дүгнэхийг буруушаасан агуулга дээр ажиллаж байх шиг санагдсан. Энэ санаа танд хэрхэн буудаг вэ?

-Бүх зүйл хувирдаг. Ядаж тал нь хувирдаг. Энэ бол зайлшгүй шүү дээ.

Өмнө нь нэг гадаадын хэвлэлд ярилцлага өгөх үеэр “Чиний бүтээлүүдэд феминизм их тусаж байна” гэж асуусан л даа. Миний хувьд феминизм Европоос гаралтай, монголчуудын хувьд энэ их өөр сэдэв тул эмэгтэй хүн олонтой дүрсэлдгийг маань шууд феминизмийг дэмждэг гэж тайлбарлахад учир дутагдалтай. Энэ талаас нь хариултал “Феминизмийг дэмждэггүй” гэж ойлгогдохоор буулгасан байсан. Дараа нь Хятадын урлаг судлаачтай ярилцахад мөн үүнийг асуусан. Би тэгэхэд арай өөрөөр, дэлгэрэнгүй хариулсан. Үүнээс юмс хувирч өөрчлөгддөг ертөнцөд субъектив дүгнэлт учир утга багатайг харж болох шиг.

-Уран бүтээлчид хоорондоо ярилцаж тохироогүй мөртлөө зөнгөөрөө ч юм шиг нэг сэдэв рүү тэмүүлэх боломжтой юу?

-Тийм зүйл байдаг байх. Саяын биенналийг үзээд явж байхад хэдий нь танил зүйлтэй цөөнгүй таарч байх жишээтэй.

-Сайн уран бүтээл гэж ямар бүтээлийг хэлэх вэ?

-Үзэл бодолтой. Үзэл бодлоо илэрхийлж буй арга техник нь өнөө цагийн шаардлагыг хангасан, энэ хоёр нь хоорондоо сайн нэгдэж чадсан байвал сайн уран бүтээл болов уу.

-Бусдын бүтээлийг хэр шүүмжлэлт нүдээр хардаг бол?

-Хувийн бодлын үүднээс хийсэн шүүмжийг шүүмж биш гэж боддог. Хэлбэр талаас нь харсан, “Тэрийг нь ингэчихсэн бол, үүнийг нь тэгчихгүй дээ” гэх мэтийн.

Бүх зүйл ямар нэгэн байдлаар оршдог нь үнэн. Иймд нэг их шүүмжлээд байх сонирхол байдаггүй. Хараад л өнгөрөх нь элбэг. Харин үнэхээр хүний сэтгэлд хүрч чадсан бүтээлийг үзэх сонирхолтой. Хүчтэй сэтгэсэн байдал, хүчтэй концепцыг хардаг. Харин дутуу гүйцэтгэлийг өөлөх гэх мэтэд ач холбогдол өгдөггүй.

-Цоо шинийг бүтээнэ гэж байдаг уу?

-Чиг хандлагыг тодорхойлж болдог гэж судлаачид үзэж байна. Орчин үеийн том, том уран бүтээлчид үүгээрээ үнэлэгдэж байна. Яг судлаад үзвэл тэд амьдралаас суралцсан байх нь элбэг. Түүнийг шинэ гэх үү. Эсвэл байж байсан зүйлийг өөр өнцгөөс гаргаж ирсэн гэх үү. Янз бүрээр тайлбарлаж болох.

-Урлагийн хөгжилд уран бүтээлчид ямар үүрэг хүлээх вэ?

-Уран бүтээлч хүн уран бүтээлээ үнэнчээр хийж байвал үүргээ биелүүлж буй хэрэг. Монголчууд цөөхүүл. Тэр хэрээр шүүмжлэгч, кураторууд цөөн байна. Гэхдээ ар араасаа төрөн гарна. Би үүнийг жамаараа яваа гэж боддог. Нэгэнт уран бүтээлчид туурвиж байгаа цагт шүүмжлэгчид нь, кураторууд нь гарч ирэх шаардлага аяндаа бий болсоор байна шүү дээ.

-Ер нь уран бүтээлч хүн үүрэг хүлээх ёстой юу?

-Бичигдээгүй хууль гэдэг шиг, хүлээх ёстой гэж хариулъя. Миний хувьд өөрийгөө дараа дараагийн шалгуурт оруулж, бүтээлээ хийж яваа. Энэ үйл явцаа өөртөө цэгцэлж, өөрөө өөрийгөө бүрдүүлэх гээд л. Энэ бол урлагийн өмнө хүлээсэн миний үүрэг байх боломжтой.

-Нийгэм рүү хандсан хашгираан бий юу?

-Байлгүй яах вэ. Урлаг олон талсттай чулуу шиг. Зарим нь мөнхийн сэдвийг хөндөж, нөгөө хэсэг нь тухайн цаг үеийн онцлох сэдвийг барьж авч болно. Бүх уран бүтээлч өнөөдрийг харуулж, хашгична гэж байхгүй. Урлаг бол хүнийг хүмүүжүүлдэг хэрэгсэл биш. Лоозон шиг байдаг үзэл суртлын үеэ манай улс өнгөрөөчихсөн шүү дээ.

Миний хувьд биеийг хэрхэн илэрхийлэх вэ гэдэг дээр эхнээсээ л анхаарсан. Яв явсаар энэ нь амьтадтай холбогдоод л ирэх. Жишээлбэл, экологийн тэнцвэр хадгалахад чухал үүрэгтэй зээр гэдэг амьтан аюулгүй амьдрах газаргүй болж байна. Үүнийг бүтээлээрээ илэрхийлсэн. Хүний бүтээн байгуулалтаас, төмөр зам дагуух хашаанаас болж зээр олноор үхдэг. Амьдралд байж л байгаа, бүр асуудал болчихсон сэдэв боловч хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Амьтад бол хүний зөн совин нь. Амьтанд аюул учирна гэдэг бидний зөн совинд аюул учирч буйтай агаар нэг.

-Таны бүтээлүүд эхнээсээ өдийг хүртэл ерөнхийдөө “Бие” гэдэг концепцод зангидагддаг гэлээ. Биеийн нөгөө талд сүнс заавал яригдах байх. Энэ утгаараа тэнцвэр хадгалж хийх талдаа амаргүй ч сэдэв шиг. Та биеийн тухай ярихгүй юу?

-Ихэнхдээ зүйрлэл ашиглана. Бас зүүдийг их сонирхдог. Тэр дундаа амьдын бардо. Амьд байгаа хэр нь ээ ухамсаргүй байгаа хэлбэр. Нөгөө талд, амьгүй ч амьд байгаа мэтээр зүүдэлж буй хэлбэр. Үүгээр бол үнэхээр болоод өнгөрсөн, эсвэл зүүдэлсэн хоёр ялгаагүй болдог. Энэ огтолцол дунд бие байгаа.

Мөн үлгэр домог миний анхаарлыг их татдаг. Хэзээ, хэрхэн болсон нь үл мэдэгдэх ч нэг л домгийг бид төсөөлж, тээж, цааш ярих бүрдээ тэр домгийг хуваалцагч, дамжуулагч болж байдаг. Үүн шиг би өөрийнхөө нэгэн бичил домгийг үүсгэх гээд явж байгаа. Маш жижигхэн. Энэ нь эргээд том том домог руугаа нийлж чадах. Эдгээрийг би биеэр дамжуулж илэрхийлдэг.

Ер амьдралаас олон зүйлийг түүж аваад, цогц болгохоор л хичээж яваа. Хамаг амьдрал, цаг хугацаагаа зөвхөн үүнд зориулж буй учраас маш олон зүйл нийлэх болдог. Хэрэв сайн найруулж чадвал гайгүй юм гарч магадгүй.

-Хүчтэй уран бүтээлчдийн нөлөөнд хэр автаж, өөртөө тусгаж авдаг хүн бэ?

-Үүнийг ухамсартай болон ухамсаргүй талаас нь ярьж болох болов уу. Хэн ч хэн нэгний хуулбар болж явахыг хүсэхгүй. Гэхдээ урам авч, өдөөгдөх нь гарцаагүй. Бусдаас суралцах хүн хүний арга барил ондоо. Үүнийг түрүүчийн шүүмж шиг, өөр зүйлтэй хольж ойлгож магадгүй л юм.

-Өдөөлтүүд залуу насанд их байсан уу. Одоо та юунаас хамгийн их өдөөлт авч байна?

-Анх уран бүтээл хийж эхэлж байх үеийн өдөөлтүүд арай өөр. Одоо ч би өдөөгдөж байгаа. Уламжлалт, ардын эмчилгээний сэдвийг би их сонирхдог. “Ийм өвчнийг ингэж анагаана” гэж бичиж үлдээсэн өгүүлбэрүүд, дүрслэл зургуудаас л би өдөөгдчихдөг. Ер бүтээл маш олон зүйлийн уулзвар дээр бий болдог. Энэ тухайд яг “Ингэдэг, тэгдэг” гэж тодорхой ярих амаргүй.

-Нийгэм, улс оронд өрнөж буй үйл явдалд хэр их анхаарал тавьдаг вэ. Өөрийгөө тусгаарлаж чаддаг уу?

-Мэдээ үзэхэд л сэтгэл түгшмээр олон зүйлтэй таардаг. Улс орон гэдэг жижиг хувилбараараа хүний амьдралтай адилхан санагддаг. Мөн л өөрийн карматай, хувь тавилантай шиг. Тэгж сэтгэлээ тайвшруулдаг.

-Нийгмээс ангид уран бүтээлч байх боломжтой юу?

-Амьдрал баялаг юм чинь байгаа л байх /Инээв, Сурв/.

-Туршлагатай уран бүтээлч болох тусмаа сэтгэлийн долгислуудаа нэг шугаманд барьж чаддаг болдог шиг санагддаг. Огцмын тэсрэлтүүд, төлөвлөөгүй үйлдлүүдгүй.

-Би харьцангуй тогтвортой гэж өөрийгөө хэлж чадна, одоо бол. Ерөнхийд нь яривал, уран бүтээлчид өөрсдийнхөө хэлбэр дүрсийг цаг хугацааны туршид бүрдүүлж буй. Тэр бол үүний нэг хэсэг. Би өөрийгөө юугаар баяжуулж болохыг хараад л байж байдаг.

-Өмнө нь сэтгэлийн хүнд асуудлуудтай тулж байсан уу гэж асууя л даа?

-Хэцүү үе тааралгүй яах вэ. Бие өвдөх ч юм уу. Толгой өвдөөд эхэлбэл хүлэгдээд, юу ч хийж чадахгүй болно. Тийм үед яаж толгойны өвчнийг илэрхийлж болох вэ гэж хүртэл бодож байсан. Мууг сайн руу хувиргах буддизмын философи ч юм шиг. Энэ үзэл бодол надад бас нөлөөлж байдаг. Гэхдээ энэ асуултад “Үгүй” л гэж хариулъя.

-Бүр уран бүтээлээ хийж чадахгүй гацах үед тааралдаж байгаагүй гэж үү?

-Би түрүүнд хэлсэн дээ. Өөрийнхөө хэв загварыг босгоод л явж байгаа. Учиргүй төөрчхөөгүй яваа юм болов уу. Хүн “Яах вэ” гэсэн асуултын өмнө очдог. Үүнийгээ ухамсартайгаар шийдэж, давж болдог. Гэхдээ би нэг ч удаа зогсож байгаагүй. Өөр, өөр төрлөөр ажилладаг маань нэг нэгийгээ нөхдөг юм болов уу гэж боддог. Зөөлөн баримал оёж, цаасан коллаж хийх гэх мэт. Зотон, тос бол миний үндэс л дээ.

-Уран бүтээлчийн хувьд өөрөө өөрийгөө бүтээх замналын анхны цэг гэмээр зүйл нь хэзээ орж ирсэн бол?

-Хоёр янзаар хэлж болохоор ч юм шиг. Нэг бодлын урлагийн сургууль төгссөний дараа. Эсвэл хүүхэд байхад ч миний дотор үргэлжилж байсан зүйл байж мэднэ. Би үснээс л эхэлсэн гэж бодож байгаа. Миний анхны цэг. Үс зурж эхэлсэн.

-Хэдэн настайдаа?

-Миний л мэдэхийн багадаа.

-Хамгийн анх зурсан зүйл үс гэж ойлгож болох уу?

-Тийм, маш урт үс зурж байсан. Охин зураад л, үс нь биеэсээ арай урт байгаад байх жишээтэй. Суралцаад явсны дараа эргээд би дахиад л үс зурахыг хүссэн байхгүй юу.

-Хожим эргээд бодоход яагаад үсэнд ингэж татагдсан юм бол?

-Ер бүгдийг ухамсартайгаар тайлбарлах боломж бага. Далд ухамсартай холбоотой зүйл цөөнгүй бий. Тэр тусмаа уран бүтээлчдэд. Би яагаад зурдаг болсноо ухаж бодоод ч олохгүй байж мэднэ. Гэхдээ үсэнд одоо утга учир оруулаад би бүтээл хийж байгаа. Үс бол биеийн нэг л эрхтэн. Бүр хамгаалах эрхтэн. Шинжлэх ухааны талаас ингэж олон тайлбар гаргаж ирж болно. Харин түүнийг яаж бүтээл болгох нь л миний сонирхох зүйл. 

-Далд ухамсарт үлдсэн зүйлсээ эргэж бодох, тайлах оролдлого ер бага хийдэг гэж үү?

-Зарим юмыг яримааргүй ч юм шиг санагдаж байна. Би далд, чимээгүй л байхыг хүсдэг. Надад хүүхэд насныхаа бодлыг ч ашиглаж, бүтээл хийх нь бий. Би дотоодтойгоо сайн холбогдож чаддаг. Үүнийг шууд нэг ярилцлаган дээр эмх замбараагүй дэлгэх болчхоод байна.

-Монголын урлагийн хөгжлийн агуулгаар энэ контентыг бүтээж буй. Иймд эх орон гэж зүйлийг хэрхэн хардгийг тань асууя?

-Ер нь хүн өөрөө өөрийгөө тодорхойлох гэж явсаар насыг бардаг шиг. Үүний тулд, яах аргагүй эргээд л эх орондоо “ирдэг”.  Анх хаана төрсөн, тэндээ л эргэж ирнэ. Энэ бол бидний ухамсар, оюун санааг бүрдүүлж ирсэн, үндэс болсон чухал зүйл. Ялангуяа урлагаас үүнийг шууд мэдэрч болно гэж боддог. Хэрэв уг үндсээ хайж, тэмтэрч уран бүтээл хийвэл залуус шууд л энэ агуулгыг мэдэрнэ. Ухамсаргүйгээр ч.

Хүн өөрийгөө хайх эрэл хайгуулын явцад уран бүтээлээр дамжуулж, нэгэн шинэ хаалгыг татаж байдаг. Янз бүр байдлаар урьдын дурсамжууд руугаа ордог. Уран бүтээл яг л урилга шиг. Хүн тэр хаалгыг татаад, өөрийнхөө нэг хэсэг рүү орж байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 09:31

Гайх�##�тай ертөнцтэй бүсгүй шүү

Зочин
Зочин
2022-06-15 09:32

Уран бүтээлийн амжилт хүсий сайхан бүсгүй минь

Зочин
Зочин
2022-06-15 09:49

Амжилт амжилт

Зочин
Зочин
2022-06-15 10:19

Дэлхийн хамгийн нөлөө бүхий урлаг судлаач, шүүмжлэгч, куратор болоод цуглуулагчид хэрэг болгон зорьж ирдэг энэ үзэсгэлэнд гүнээсээ гүн бүтээлэээрээ оролцсон таниар үнэхээр их бахархаж байна. Таньд ажлын томоос том амжилт хүсий

Зочин
Зочин
2022-06-15 14:14

Сайхан ярилцлага уншлаа

raagiin batochir
raagiin batochir
2022-06-15 22:48

syraach monhstest ni olon ylciin aldartai biennali ysecgelend yran byteeleeleeree amjilttai orolstoj mongoliin ih coeliin arvin can byuyu ylamjlaliin cyrgyyliig ooriin ih hodolmor aviuasaaraa har
iin ysegch mymend gaihyylcan ajgyy
ter ylmaar yran barim#liin torliig congoj styvralyydaa byteecen ni tyynii aviayc bilig chadvariig iltgehed myn chyhal congolt boljee er ni yran barim#l oron sain yrlag ychiraac syraachid bolon ysegchidiin sadlan cetgeh oilgohod hamgiin orgon bolomj tygeedeg onstlogtoi

syraach bycgyi maani acar ih yr chadvariin noosf tyrshlagtai hymyyn gedgee haryylj chadjee amjilt xycie

Зочин
Зочин
2022-06-16 01:26

Арай өөр юм сэтгээч нүүдэлчин ,Эртний Монгол гэсэн зүйлүүдээ орчин үктэй хослуулах хэрэгтэй онцлог л тэр.Оролцсон сүгшүд чинь дэлхийгээр нэг бна.Худлаа өөрсдийгөө дөвийлгөсөн ж�##�гын одууд

уншигч
уншигч
2022-11-08 16:53
Reply to  Зочин

olon ulsiin setguuluud mongoliin uzesgelengiin tuhai mash ih bichsen blee, shuu muulahiinhaa umnu yadahad neg google-deed harchihdag bol ug ni

зочин
зочин
2022-06-16 13:26

Улс Орны оролцоо бол зүгээр л нэг мөнгө хэн төлсөн нь дураараа ордог ангил�##� гэдгийг тодруулж бичмээр юм. Тэр олимп гэж хэлээд буй үндсэн наадамд Монголоос хэн ч орж үзээгүй, сэтгүүлч хүн байж тодорхой нарийн суд�##�ж байж нийтлэл хиймээрсэн.

Зочин
Зочин
2022-06-24 15:56
Reply to  зочин

Венецийн биенн�##�ийн �##�бан ёсны кат�##�огт бүтээлүүдийн зураг тавигдаж, уран бүтээлч болон кураторын нэрс нь бичигдсэн байн�##�ээ, бас �##�бан ёсны бүх сайт дээр нь байсан. Сайн суд�##�ж байгаарай.

raagiin batochir
raagiin batochir
2022-06-16 22:11

monhstesteg ni ih hodilmorch bycgyi gedgiig meregjiliin nohod andahgyyi
edyygee ter dyrclleh yrlagiin byh morold en chastrr aviac bilgee corij baigaa ajgyy
yran barim#l bol oron sain yrlag ychiraas ysegch syraachiin sadlan cetgeh bolomjiig hyasgaargyi telj ogdog agyy onstlogtoi
tyynii staashdiin yran byteeliin amidrald amjilt hyvis

raagiin batochir
raagiin batochir
2022-06-16 22:18

mohhsteateg ni mash hodolmorch bycgyi gedgiig meregjiliin nohod andahgyi edyygee myynii olon ylciin yecgelend delgecen byteelyyd ni myynii dyrcleh yrlagiin ali ch torol syild aviyc bilgee corih mash tyrshlagtai ovormosf yran caihnii cetgelgee agyylamjtai hovor nandin dyryyd bocgocniig iltgejee
yran byteeiin ih amjilt hycie

Зочин
Зочин
2022-11-27 22:31

Urlag bidend sain saihniig avchirah bolno shu. Het haranhui ataa chutuu, har muuhai uimand dund amidarch bna da bid.

Холбоотой мэдээ

Back to top button