Ярилцлага

Ж.Анунаран: Бид бодит бус ертөнцийн сэжмийг мэдрэхүйгээрээ хүртэж чадна

Уран бүтээлч Ж.Анунарангийн “Бурхны хүү” үзэсгэлэн өнөөдрөөс олон нийтэд нээлттэй дэлгэгдэж байна. Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галлерейд дэлгэгдэх энэ үзэсгэлэнд бодит ба бодит бус ертөнц огтлолцжээ.

Төрөхөөс үхэх хүртэлх амьдралаас гадуур, тэр нэг бодит бус ертөнцөд бурхны хүүхдүүд бий. Тэд тан руу цоо ширтэнэ. Бас буга, туулай, гөрөөс мэтийн савдгууд ч байгаа. Тэр ертөнц үүл шиг, манан шиг. Зөөлхөн бас хүйтэн.

Би энэ ярилцлагыг “Ж.АНУНАРАНГИЙН БАЛАНС” гэж нэрийдмээр байв.

“2019 ОНООС ХОЙШ АЖИГЛАХАД БИ ЦАГААН, ЦАЙВАР ӨНГӨНД ИХ ТАТАГДСАН”

-Үзэсгэлэнг үзээд таны анх ээж болсон мэдрэмжийг хамгийн түрүүнд асуумаар санагдлаа. Тэр анхны мэдрэмж нь хожим өөрчлөгддөг юм байна уу?

-Анх ээж болоод ерөөс хязгааргүй их хайрыг мэдэрсэн. Тодорхойлоход боломжгүй гэмээр их хайр. Зах хязгааргүй тийм зүйл.

Гэхдээ ээж болохоос өмнө ч уран бүтээл хийдэг байсан. Иймд уран бүтээлүүдэд маань ээж болсон гэхээсээ эмэгтэй хүний мэдрэмж илүү шингэсэн байдаг болов уу гэж хараад байгаа. Харин ээж болоход мэдэрсэн тэр анхны мэдрэмж дараа нь өөрчлөгдсөн үү гэвэл үгүй. Тэр их хайр байнга л “амьдарч” байдаг.

-Хүүхдүүдийн, тодруулбал энэ сүнснүүдийн төрлөө олохоосоо өмнө оршиж байсан тэр бодит бус ертөнцийг олж харах шиг санагдаж байна. Урлаг судлаач Ж.Ариунаа ч “Бодит ба бодит бусын зааг, амьдрал-үхлээс гадуурх” гэж тодорхойлсон байсан. Гэхдээ нэг л хүйт даасан, аниргүй байдлаар дүрсэлжээ?

-2020 онд би “Хайр” үзэсгэлэнгээ Эрхүү хотод гаргахдаа өргөжүүлж, есөн ажил нэмсэн. Тэдгээрийг монгол үзэгчид үзэж амжаагүй. Тийм болохоор энэ бүтээлүүдийг “Бурхны хүү”-дээ оруулсан. Энэ мэтээр харвал 2015 оноос хойш хийж байсан бүтээлүүд маань энд нийлбэр цогц болж буй.

Хүйтэн, хөндий санагдаж байж магадгүй. Харин миний хувьд тийм мэдрэмж төрдөггүй. 2019 онд гаргасан үзэсгэлэнгээсээ хойш анзаарахад би цагаан, цайвар өнгөнд маш их татагдсан юм билээ. Хиргүй, тунгалаг өнгө. Гэхдээ тэр дотор хар зүйл ч оршиж байгаа л даа. Ерөнхийдөө бол цагаан. Сайн ажиглах юм бол хүйтэн, хөндий гэхээсээ манан шиг, бүүр түүрхэн, зүүд нойрондоо байгаа мэт мэдрэмжүүд буух байх.

Амьдрал өөрөө далай шиг. Харин амьдралаас өмнөх, эсвэл дараах тэр бодит бус ертөнц гэхээр надад манан шиг буудаг. Тийм хөвсөлзсөн мэдрэмж.

-Удаан ширтэхэд энэ манан шиг ертөнц рүү гараа дүрж үзмээр, юм атгаж баримаар санагдаж байсан. Гэхдээ энэ бодит бус орчлуудыг амьтдаар дүүргэсэн нь их анхаарал татлаа?

-Үзэсгэлэнд куратороор ажилласан урлаг судлаач Ж.Ариунаа зарим бүтээлүүдийг маань Танка зургийн элемент шингэсэн гэж дурдсан байсан. Танка зургийг энгийнээр ойлгоход бурхны, торгон зургууд гэсэн үг шүү дээ. Гараараа оёж ажилладаг. Мөн буддын Танка зургуудад амьтдын дүрслэл их орж ирдэг. Шувууд, морьд, буга, гөрөөс гэх мэт.

Миний хувьд тэр нэг бурхны гэж нэрийдэж болох ертөнцийг илэрхийлэхийн тулд эдгээр амьтдын дүрслэлийг ашигламаар санагдсан хэрэг л дээ. Тухайн үзэгч шашны итгэл үнэмшилтэй эсэхээс үл хамааран энэ амьтад бурхны ертөнцийн мэдрэмжийг өгч чадах санагдсан.

Буга, гөрөөс бурхны шашиндаа бүх амьд төрөлтнийг төлөөлдөг юм байна. Энэ үүднээс тэд маань бүх хүн төрөлхтөн, бүх амьтдыг илэрхийлж байгаа гэсэн үг. Гэхдээ хэдхэн төрлийн амьтан байгаа биз, олон биш.

-Амьтад нэг тийм савдаг мэт сэтгэгдэл төрүүлэхээр дүрслэгджээ. Зүүд нойрондоо үзэж байсан дүрслэлүүдээ шингээсэн удаатай юу?

-Тийм удаа байгаа. Нэг зүүдээ олонтой давтаж зүүдлээд л байх тохиолдол байдаг шүү дээ. Тийм зүүдэндээ үзсэн элементүүдээ ч шингээсэн нь бий.

“ШАШИН ШҮТЛЭГЭЭС ЭС ХАМААРАН “БУРХАН” ГЭДЭГ ҮГ БИДНИЙГ ТЭР ЕРТӨНЦ РҮҮ ХӨТӨЛДӨГ”

-Зарим уран бүтээлчид реал, бүр хэт реал чиглэлийн уран бүтээл хийх болж. Хуучин шүдний сойзоо тавьчихдаг ч юм уу. “Ready-Made” урсгалын ийм бүтээлүүд өнөө цагийн үзэгчдэд илүү хүчтэй нөлөөлж байна. Харин та бодит бусыг биежүүлэх гэж оролдож. Анхнаасаа ийм оролдлогуудыг хийдэг байсан уу?

-Миний бодлоор анх уран бүтээл хийж эхлэхэд маань л энэ оролдлого хийгдэж байсан байх. 2011 оноос хойш бүтээлүүд дээр ажиллахдаа дотоод ба гадаад, ил ба далд чанаруудын ялгааг гаргах гэж оролдож байсан. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам элемент, арга ажиллагаа, туршилтын хувьд шинэчлэгдэж, баяжаад л яваа байх.

-Ер нь бодит гэдэг ойлголтыг та юу гэж ойлгодог юм. Бодит зүйлс хязгаартай, үүнээс цааш бидний үл мэдэрч чадах өөр хэмжээст ертөнц бий гэх ойлголтын тухайд...Бодит ертөнцдөө та хэр өндөр ач холбогдол өгдөг вэ?

-Бодит, бодит бус хоёрын балансыг барих л илүү чухал асуудал юм шиг санагдсан. Үнэндээ зааг, хязгаарыг нь тогтоож мэдэхгүй. Гэхдээ бодит бус ертөнцийн сэжмийг мэдрэхүйгээрээ хүртэх боломжтой гэж боддог. Бас бодит зүйлд хэт их утга учир өгвөл өрөөсгөл. Хоорондынх нь энэ холбоо бас тэнцвэрийг аль болох ойлгох, мэдрэх нь л чухал юм болов уу.

Ер нь яагаад энэ үзэсгэлэнд бодит ба бодит бусын ойлголтыг тусгасан юм бэ. Яагаад “Бурхны хүү” гэж нэр өгсөн юм бэ гэвэл, бид амьдралдаа ямар нэгэн байдлаар “Бурхан” гэдэг үгтэй холбогддог юм шиг санагддаг. Шашин шүтдэг ч, эс шүтдэг ч. Бурханд итгэдэггүй ч бид хүүхэд мэндлэхэд “Бурхнаас ирлээ”, “Ээжийн бурхан” гэх мэтээр нэрлэдэг. Энэ ертөнцөөс явагсдыг ч “Бурхан боллоо” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл шашин, шүтлэгээс эс хамааран бид тэр нэгэн бодит бус ертөнцийг “Бурхан” гэдэг үгээр илэрхийлдэг, тэр ертөнцтэй энэ үгээр холбогддог юм шиг. Бид хаанаас ирэв, дараа нь хаашаа явах юм гэдэг ойлголтын талаар бодоход сэтгэхүй нь өөрөө бурхан руу хөтөлдөг гэх үү.

Мөн бид охин хүүхдийг ч “Хүү” гэж ярих нь олонтой шүү дээ. Монгол хэлний маань онцлог. Иймд “Бурхны хүү” гэдэг нэрийн цаана зөвхөн хөвгүүд биш, охид ч бий гэдгийг хэлмээр байгаа юм.

-Хүүхдийн харц гэнэн, тунгалаг байдаг. Харин энэ нөхдүүд хэдий нь үнэн учрыг тайлчихсан мэт, “насгүй” харцтай юм. Нөгөө талаар таны харцтай ч төстэй юм шиг. Хувь хүнийхээ махан биеийн дүрслэлүүдийг та хэр уран бүтээлдээ хэсэг бусгаар нь шингээдэг вэ?

-Яах вэ, хувь хүнийхээ элементийг уран бүтээлдээ ямар нэг хэмжээгээр тусгадаггүй уран бүтээлч гэж байдаггүй гэж би боддог л доо. Хэрэв чамд тэдний харц минийх шиг санагдсан бол үнэн ч байж магадгүй.

-Тэгвэл бодит ертөнцийн юунаас нь кайф, таашаал авдаг?

-Ихэвчлэн үү?

-Тийм, ихэвчлэн.

-Байгалаас авдаг. Тэгээд урландаа юмаа хийгээд сууж байхдаа.

Уран бүтээл бол бодит, биет материалаар хийдэг зүйл шүү дээ. Материаллаг ажиллагаа. Энэ материаллаг ажиллагаанаас кайф авдаг нь бодит ертөнцөөс авдаг таашаал.

Ер нь авдаг таашаал олон. Яагаад гэвэл бодит ертөнцөөс авдаг таашаалууд бидний амьдралыг утга учиртай, аз жаргалтай болгодог.

-Арга, техникийн хувьд та өөртөө хэр шинэчлэл хийсэн бэ. Уран бүтээлчид яаж ч юм яг юу хийх ёстойгоо ухамсарлачихаад, түүнийхээ төлөө улайран зүтгэсээр байгаад биежүүлчихдэг. Энэ хугацаандаа олон туршилтыг өөрийн мэдэлгүй амжилттай хийсэн байдаг. Та тэгж ажиллав уу?

-Миний ажлын онцлог ер туршилтуудад суурилдагтаа байдаг байх. Тэр нь өөрт минь маш сонирхолтой, маш гоё. Ялангуяа холимог техник ашиглаж уран бүтээл хийх үед.

Харин энэ үзэсгэлэнд өмнө нь хийж байсан өөр, өөр туршилтууд маань нийлсэн байгаа. Ашигласан бүх арга барилууд маань сонирхолтой байсан. Харин эднийг яаж нэг үзэсгэлэнд, нэгэнлэг болгох вэ гэдэг дээр илүү ажилласан юм уу даа.

-“Бурхны хүү” гэдэг нэрийг хэзээ бодож олов?

-Нэлээд дээхэн үед олчихсон байсан юм аа. 2017, 2018 онд байх шүү. Түүнээс хойш яг энэ нэрээр үзэсгэлэн гаргана гээд л бодоод яваад байсан.

Түрүүн асуудагчлан, энэ миний хувь хүнийхээ хувьд мэдэрсэн нэг мэдрэмжээс эхтэй юм. Ямар нэгэн байдлаар үүнийг хийх ёстой юм байна гэсэн дохиог аваад, дотроо боловсруулаад л яваад байсан.

“ЭРГЭЭД ДҮҮРЭХ ЁСТОЙ УЧРААС ҮЗЭГЧДЭД ХҮЛЭЭЛТ ҮҮСДЭГ”

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид зоригтой үзэсгэлэнгээ дэлгэж, түүнийг нь залуу үе ихэвчлэн зорьж үзэж байгаа нь их олзуурхууштай. Монголчууд урлагийг өөрөөр хүртэж, мэдэрдэг болох ийм шилжилтийн үед та туурвиж байна. Тэгэхээр, үзэгчдийнхээ мэдрэмжийн өөрчлөлтийг хэрхэн харж байна. Магадгүй тэдний хүлээлт, шаардлагыг давах уран бүтээлч байж чадаж байна уу?

-Өөртөө мэргэжлийн уран бүтээлч байх гэж их өндөр шаардлага тавьдаг. “Энэ удаад өмнөх үзэсгэлэнгээсээ давж л ажиллах ёстой” гэдэг ч юм уу. Гэхдээ өөрийгөө үргэлж мэргэжлийн байлгах гэж чангалах нэг өөр. Бас дотроо мэдэрч байгаа зүйлсийг гаргаад тавих гэдэг бас нэг өөр. Аль, алиных нь балансыг алдахгүй л бариад явмаар.

Би залуу уран бүтээлч. Урлагт хайртай, урлагийг ойлгодог дараа, дараагийн үеийг бэлдэх нь миний нийгэмд хүлээсэн үүрэг. Энэ үүднээс бэлдэх их ажилд гар бие оролцож байгаа гэж боддог.

Дүрслэх урлагийг их энэрэнгүй урлаг гэж хардаг л даа. Улаанбаатарт 10 гаруй галлерей ажиллаж байна, тэдний алинд ч яваад очсон такс нь үнэгүй, эсвэл хямдхан. Харин театр, дэлгэцийн урлагийг үзэхэд мөнгө төлөх болдог. Үүгээр нь би энэрэнгүй урлаг гэж боддог юм.

Цар тахлын үеийн өдрүүд уран бүтээлчдэд ч их хүнд туслаа. Биднийг урландаа суугаад л, чимээгүй зургаа зурдаг гэж ойлгодог. Гэвч ялгаагүй, бидний сэтгэлд ч энэ хямрал ирсэн. Тийм болохоор хөл хорионы ард тэсрэлт болж байгаа мэт олон, олон үзэсгэлэн зэрэгцэн гарч байна. Уран бүтээлчид ч энэ чиглэлд өөрсдийгөө их түлхлээ.

-Үзэсгэлэн саунд ажиллагаатай байгаа шүү дээ. Саунд артисттайгаа анх, хэрхэн учрав гэдэг нь сонирхол татаж байна?

-Энэ хүн бол ӨМӨЗО-ны “Radio Horse” гэж хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч. Манай хүн урагшаа явахдаа түүнтэй найзалж, нөхөрлөсөн. Нөхөр маань түүний хөгжмийг сонсох үед би дагаж сонссоор, сүүлдээ дагаж аялдаг болчихсон байсан. Тэгж дам утгаар таньдаг болсон юм.

Би тохиол хэмээх зүйлийг их анхаарч, мэдрэхийг оролддог л доо. Яг энэ үзэсгэлэн дээр саунд оруулж ирэх талаар бодож байтал энэ хүн орж ирсэн. “Яг энэ хүн л байна даа” гэж бодогдсон. Бид биечлэн нэг ч удаа уулзаж үзээгүй улс. Цахимаар холбогдож үзэсгэлэнгийнхээ концепцыг танилцуулсан.

Цахимаар энэ бүтээлүүдийг харж, мэдэрнэ гэдэг амаргүй. Гэтэл зөвхөн гэрэл зургаар дамжуулж үзсэн мөртлөө тэр миний хүлээлтийг давсан хөгжим бүтээсэн. Дахиад л мэдрэмжийн асуудал юм даа. Миний концепцыг маш сайн ойлгосон байсан. Энэ бол цахимаар холбогдсон гэдгээс илүү, өөр нэгэн огтлолцол.

Ингэж үзэсгэлэн маань саунд уран бүтээлтэйгээр үзэгчдэд хүрэх болсон.

-Яг тан шиг эмэгтэй хүний зөөлөн, нандин чанарыг үүл шиг, хөвөн шиг биежүүлдэг уран бүтээлч өөр байхгүй. Минийхээр л дээ. Тохиол гэснээс, энэ бас таны хүлээсэн нэг үүрэг ч юм шиг. Яагаад яг ийм концепцыг барьж аваад байдаг юм бол гэж бодож үзсэн үү?

-Үүнд маш олон зүйл нөлөөлнө л дөө.

-Зарим нь ухамсаргүйгээр...

-Тийм, ухамсаргүй нөлөөллүүд ч бий. Нэлээд дийлэнх хэсгийг нь ч эзэлж байж магадгүй. Харин дараа нь түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь чухал асуудал л даа.

Уран бүтээлч хүн ухамсаргүйгээр туршилт явуулчихаад, дараа нь түүнийгээ ухамсартайгаар ойлгох хэрэг гардаг. Зарим уран бүтээлч эхнээсээ ухамсартайгаар хандаж, хийдэг. Миний хувьд процесс чухал. Процессын явцад би их суралцдаг. Үзэсгэлэнд бэлдэж байгаа тэр жил хагасын хугацаа маш үнэ цэнтэй.

-Уран бүтээлч хүн ингэж өөрөө, өөртэйгөө л ажиллаж бүтээдэг мөртлөө түүнийгээ сүүлд нь бусдад дэлгэж үзүүлэх болчихдог. Сонин тавилан. Өөртэйгээ л хийдэг мөртлөө заавал хэн нэгэнтэй хуваалцаж дуусдаг нь сонин. Үүнийг та яаж хардаг вэ?

-Би бас үүнийг бодож байсан. Анх өөрөө өөртөө л хийгээд байна гэж боддог байлаа. Гэтэл бас бусдад үзүүлэх, хуваалцах гэсэн сэтгэлээс энэ анхнаасаа үүдэлтэй байдаг юм байна.

Уран бүтээлч хүн ийм учраас доторх юмаа гаргаад тавьдаг, хоосолдог. Харин эргээд дүүрэх ёстой учраас үзэгчдэд хүлээлт үүсдэг. Ингээд харахаад бид салшгүй холбоотой. Өөртөө л хийх тухай асуудал огт биш болчихож байгаа юм.

-Тэгвэл яг нэг эцсийн ханасан мэдрэмж авч, тайтгарах нь хэзээ вэ?

-Энэ үзэсгэлэнгийн хувьд магадгүй өнөөдөр л байх. Үзэсгэлэн дэлгэгдсэний дараа их сонирхолтой мэдрэмжүүд авдаг л даа. Бүтээлүүд бүгд өөрийн гэсэн халдашгүй оршихуйтай болчихсон. Хүрэх эрхгүй мэт.

“БИД МАШ ИХ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ч БАЙЖ МАГАДГҮЙ”

-Үзэгчдэд бас “Та энэ үзэсгэлэнгээс ийм юм мэдрэх ёстой шүү” гэж хэлэх нь буруу. Гэтэл орчин үед контемпорари урлаг өөрийн концепцтой, түүнийгээ ил илэрхийлж байх ёстой гэдэг дээр олонх нь санал нэгддэг. Энэ балансыг яаж барих вэ?

-Үүнийг бичвэрээр шийдэж болох юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчийн концепцыг ойлгохыг хүссэн хүмүүс нь бичвэр уншина. Харин өөрийн мэдрэмжээр хүртье гэсэн хүмүүс ондоо.

Бид эргээд үзэгчдээсээ ч суралцдаг. Миний хувьд энэ нөгөө л процесс. Үзэсгэлэнгээ гаргаад тавилаа ч процесс дуусахгүй үргэлжлэх боломжтой гэсэн үг юм даа. Үзэгч миний санааг илүү мөчирлүүлж, салбарлуулж мэдрэхийг үгүйсгэхгүй.

Ямартай ч үзэсгэлэн үзсэн хүн нэг шинэ сэдэл авах л чухал. Энэ бүгд хэний ч, хэзээ ч хөндөөгүй сэдэв биш шүү дээ. Тэгсэн мөртлөө үзэсгэлэнг үзээд “Нээрэн энэ чинь...” гэх санах, сэрэх мэдрэмж авч байвал тэр чухал мэт. Тэр мэдрэмж хэр хүчтэй орж ирж байгаагаар нь урлагийн үнэ цэнийг хэмждэг байх.

-Зарим уран бүтээлч уншиж, боловсрохоос илүү мэдрэмжээ чагнадаг даа. Гэтэл мэдлэггүй хүнээс бас л дорвитой уран бүтээл төрөхгүй. Та алин дээр нь анхаардаг вэ?

-Бас л балансын асуудал байх. Хэт мэдлэг талдаа анхаарвал мэдрэмжээ алдчих гээд байдаг. Дан мэдрэмжээ барья гэхээр хэтийдсэн хий хоосон, хийсгэлэн явчих гээд...

-Хоёул яагаад ч юм балансын тухай их ярилаа. “Балансаа барьчихлаа даа” гэх бодол тэгээд хаа нэг төрөх юм уу?

-Тийм зүйл байхгүй л дээ. Уран бүтээл гэлтгүй өдөр тутмын амьдрал дээр ч баланс барих амаргүй байдаг шүү дээ. Нэг мэдэхэд л аль нэг тал руугаа хэлбийчихсэн байдаг. Амьдралынхаа туршид л ингэж явах ёстой юм шиг байна. Эрмэлзэж байна, хичээж байна. Оролддог. Гэхдээ бүтэлгүйтдэг, дахиад оролддог.

-Цуцашгүй энэ тэмүүллээ алдаж байсан удаа бий юу?

-Байгаа.

-Тэр хэзээ вэ?

-Таван жилийн өмнө.

-Маш саяхан юм. Яагаад тийм зүйл тохиолдох болов?

-Нэг тийм, үүссэн хүлээлтэд би хүрэхгүй байгаа юм шиг... Эсвэл ядрал байсан. Ингээд л, уран бүтээл хийгээд яваад л байсан чинь...

Гэхдээ ийм зүйл заавал тохиолдох ёстой гэж би боддог юм. Тэгж байж, энэ үеэ давж гарч байж дараагийн шат руу гишгэж чадна. Ер нь амьдрал яг л давлагаа шиг шүү дээ. Нугачаа тааралдахгүй бол утгагүй, уйтгартай.

-Та энэ бүхнээс утга учир хайдаг уу?

-Байнга утга учир хайх нь ч хаашаа юм бэ. Харин аль болох зөвөөр харах гэж л хичээдэг. Зөвөөр тайлж ойлгох, тэгээд дараагийн удаад аль болох засах. Бас илүү хаттай байх ч юм уу. Уран бүтээлч хүний амьдрал их сонин. Бид маш их сэтгэлийн хаттай байх хэрэгтэй ч байж магадгүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 09:03

мундаг авяастай охин юмаа ажилд нь илүү их амжилт

Зочин
Зочин
2021-12-03 09:03

ugluu yostoi goy yriltslaga unshlaa goy zochin baina

Зочин
Зочин
2021-12-03 10:05

Бурхан минь ямар хүмүүст нь ийм төгс төгөлдөр авъяас заяагаад ямар хүмүүст нь заяадаггүй юм бэ? үнэхээр гайхамшигтай

Зочин
Зочин
2021-12-03 10:48

урлагийн хүмүүс тэр тусмаа уран зургийн хүмүүс цаанаа л нэг үзэсгэлэнтэй харагдаад байдаг юм тэр хүмүүсийн дотоод ертөнц хичнээн гайхамшигтай гээч

Зочин
Зочин
2021-12-03 10:49

миний хүслийн жагса�##�танд найз з�##�уутайгаа уран зургийн үзэсгэлэн үзэх энэ гайхамшигтай бүтээлийг үзэж тэр яруу тансаг нууцлаг мэдрэмжийг мэдэрмээр байна.

Зочин
Зочин
2021-12-03 10:56

Bi nasa, uran zurag 2g adilhan hyzgaargui nuutslag yrtonts bvhii medremj gj boddog, busad zuraachdiin buteelees hamaagui iluu ylgarch humuusiin setgeliig tataj chadaj bn

Зочин
Зочин
2021-12-03 10:57

Хүмүүс �##�и хошин хэнд ч хэрэггүй эмэгтэйчүүдийг шоголсон хошин шог үзэж байхаар ийм жинхэн урлагийн бүтээлийг үзэж баймаар юм. о

Зочин
Зочин
2021-12-03 11:05

BI HENTEI CH HAMAAGUI ENIIG VZENGEE BOLZMOOR BN NOWSH GJ

Зочин
Зочин
2021-12-03 11:08

ENE GEHDEEE YMAR GOY YM BE ENE ZURAACH EMEGTEIN OOROO HURTEL NEG L GOY SAHIUS#AN TENGER SHG

Picasso
Picasso
2021-12-04 08:41

Хог... Нэртэйгээр нь дэлхийг б�##�ансжуулаач.. Элий юм ярих юм. Бүтээлийг нь харахаар цаанаа л нэг үхмэл өнгө согочихсон. Нэг л хүйтэн магад үгүй доторхи хүн нь өөрөө уйтгарын д�##�ай. Уйтгарын д�##�ай гэвэл үнэнд илүү ойр. Хөлдүү хүүхэн.

Холбоотой мэдээ

Back to top button