НИЙГЭМЯрилцлага

Д.Ундраа: Он гарсаар 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон

Бид урьд урьдын нийтлэл, ярилцлагаараа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг Үжин 1,2 төвийн байрны асуудал хийгээд, тэдгээр хүүхдүүд эргээд үл хайхрагч, хүчирхийлэгч гэр бүлдээ очсон тухай асуудлуудыг хөндөж байв. Харин энэ удаа коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионд хоригдсон бяцхан үрсүүд цоожтой хаалганы цаана, гэр бүлийн болоод бэлгийн хүчирхийллийн хохирогч болсоор буй тухай Үжин төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраатай ярилцлаа.

Тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын 7-ноос эхлэн арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл Монгол орны таван аймаг, 20 гаруй сумдаар явж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийн үл тэвчих нийгмийн сэтгэл зүй, зан үйлийг бий болгох сургалт, хүүхэд хамгааллын нөхцөл байдалд нөлөөллийн судалгааг хийгээд иржээ.

-СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУРГУУЛИУД ХҮНД ЦАГ ҮЕД, ЭЦЭГ ЭХ БОЛООД СУРАГЧИДТАЙГАА УЯЛДААТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН-

-Таныг хөдөө орон нутгаар явж ирээд удаагүй байгаа гэж сонссон?

-Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон зарим сумдад хүүхэд хамгааллын чиглэлээр мөн байгууллагын албан хаагчдын гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулахад арга зүйн зөвлөгөө, чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байгаад ирлээ.

-Тэгэхэд бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчээр ахлуулсан хүүхэд хамгааллын баг ажиллаад эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэг бүрд захирлаар ахлуулсан, нийгмийн ажилтан, эмч, нарийн бичиг, анги удирдсан багш нарын бүрэлдэхүүнтэй, хүүхэд хамгааллын  бүрэлдэхүүн ажиллаж байгаа гэсэн үг. Уг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл гээд Ерөнхий сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны 03 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд, хэд хэдэн аймгаар эцэг эхийн зөвлөлүүдийн сургалтыг хийгээд ирлээ.

-Очоод ажиллахад нөхцөл байдал ямар байсан бэ?

-Сая ес болон аравдугаар сард боловсролын орчны хүүхэд хамгааллын сургалтыг амжиж авсан Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгуудад дээрх үйл ажиллагааны хэрэгжилт сайн, шуурхай ажиллаж байгаа харагдсан. Жишээ нь, анги удирдсан багш бүр эрсдэлт нөхцөлд амьдарч буй ангийн хүүхдүүдийнхээ судалгааг авч, цааш дамжуулснаар хүүхэд хамгааллын баг ямар хүүхдүүдэд тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тодорхойлж байна. Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний нэгдүгээр сургууль, Хүдэр, Ерөө, Жавхлант зэрэг сургуулиуд хүнд цаг үед, эцэг эх болоод сурагчидтайгаа уялдаатай ажиллаж байсан.

-Бид дээд газраас гаргасан гэр бүл, хүүхдийн эсрэг гаргасан хүчирхийллийг бууруулах чиглэлээр гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг анхан шатнаас нь бодит хөрсөн дээр нь хэрэгжүүлэхээр очсон. Тухайн сум, орон нутаг, сургуулийн хүүхдийн хичээл завсардсан эсэх, нийт хүүхдийн хэд нь эрсдэлд бүлэгт байгаа цаашлаад онол практик, хууль, эрх зүй хослуулсан арга зүйн сургалтыг өгөхөөр зорьсон. Ингэснээр үр дүн өөр гардаг. Тиймээс энэ жил миний хувьд 130 дахь суман дээрээ ажиллалаа. Энэ жил ковидын улмаас олон аймгийн сум тойрох ажил хойшлогдсон хэдий ч, Сэлэнгэ аймгийнхаа долоон сум, Дарханы Дархан суманд очиж ажиллалаа. Дархан суманд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажил ямар шатандаа явж байгаа бодит байдалтай танилцаад ирлээ.

-ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД 200 ГАРУЙ ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛЧИХООД БАЙНА-

-Ковидын үеэр явсан учир, сургалт болоод явсан зорилгод тань саад бэрхшээл, хүндрэл учрав уу?

-Коронавирусийн голомт харьцангуй гайгүй байх үеэр яваад ирсэн тул хүндрэл бага байлаа. Би арваннэгдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод орж ирсэн. Ингээд очсон аймгийн бүхий л төрийн байгууллагууд, ялангуяа Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад гарын ариун цэвэр сахих, зай барих, амны хаалт зүүх гээд стандарт, хэрэгжилт нь тун сайн байлаа.

-Коронавирусийн хөл хорионы хугацаанд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг аймаг болон сумдад ямар үзүүлэлттэй байгаа вэ?

-Монгол улс 3,338,700 гаруй хүн ам, 897.8 мянган гэр бүл, нийт хүн амын 36.8 хувийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байгаа ба хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийллийн 49.7 хувь нь гэр бүлийн орчинд, мөн гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдсээр байна. 2020 оны 10-р сарын байдлаар гэмт хэргийн улмаас 98 хүүхэд нас барж, 415 хүүхэд бэртэж, 1010 хүүхэд хохирчихоод байна. Дайнтай улс оронд ч хүүхэд ингэж хохирохгүй. Хүчирхийлэл ярьж УИХ-д гарсан гишүүд яагаад дуугарахгүй юу ч хийхгүй байна вэ.

2020 оны 10-р сарын 30-ны байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 7 хүртэлх насны 136, 8-13 насны 294, 14-17 насны 580 нийт 1010 хүүхэд гэмт хэргийн золиос болсон ба үүнээс сурагч 756, сургууль завсардсан 13 хүүхэд, гэмт хэргийн улмаас амь насаа алдсан 7 хүртэлх насны 61, 8-13 насны 20, 14-17 насны 17 хүүхэд нийт 98 хүүхэд, бэртэж гэмтсэн 7 хүртэлх насны 54, 8-13 насны 114, 14-17 насны 247 нийт 415 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтжээ. Бэлгийн хүчирхийллийг аваад үзье л даа. Өнгөрсөн жил 2010 онд, 152 байсан бол 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253 хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон байна. Гэтэл 2020 оны аравдугаар сарын байдлаар 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчхоод байна.

Ковидтой холбоотойгоор сургууль цэцэрлэгүүд өнгөрөгч гуравдугаар сараас хойш хичээлсэнгүй. Дахиад арваннэгдүгээр сараас онцгой дэглэм зарлаж цэцэрлэг, сургууль ажиллахгүй байна. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ олон хүүхдэд хамгаалах байр, дулаан гэр, халуун хоолтой байх, айх айдасгүй орчин нь болж байдаг. Гэтэл энэ цаг үед гэр бүлийн орчиндоо гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн тоог хараад үнэндээ хэлэх ч үг олдохгүй гашуудаж сууна.

-Хүүхэд хүчирхийллийн тоо баримт буурахгүй нэмэгдээд байгааг юу гэж харж байна вэ?

-2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253, 2020 оны 10-р сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 444, хүчиндэх гэмт хэрэг 360, үүнээс 200 орчим нь хүүхэд хохирогч байна.

-Илрээгүй нуугдмал хичнээн хэрэг байгаа бол охидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй. Цаашлаад тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуулинд заасан мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ мэдсэн мөртлөө мэдээлэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Охидын үр хөндөлтөнд хэн хяналт тавьж ажиллах вэ? гээд асуудал маш их байна. Эдгээр хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа бол?  Хохирогч хүүхдэд үзүүлсэн үйлчилгээг хангалттай, үр дүнтэй гэж хэлэхэд хэцүүхэн л байна.

Аймаг, дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан гэмт хэргийн хохирогч хүүхэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах ёстой дан дарга нараас бүрдсэн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үнэндээ ажлаа хийхгүй байна, тэнд сэтгэлтэй дарга нар ч цөөхөн байна. Тэр нялх жаахан хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчихоод байхад дарга гэдэг бодлоо хаяад эх хүн, эцэг хүний үүднээс хандаад сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байгааг үнэндээ ойлгох ухаан  алга. 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлдэг ба хүүхдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбодийн хохирлыг тооцох, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа явуулдаггүй, хохирогч хэвээр нь үлдээж байгаа нь одоо ч үргэлжилсээр байна.

Ялангуяа хүчингийн гэмт хэрэг илэрсэн даруйд хохирогч хүүхдийг буруутгах, доромжлох, дээрэлхэх зэргээр нөлөөлөх хүчин зүйлс гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхны зүгээс олон гарч ирдэг. Иймд хүүхдийг байгаа орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, хамгаалалтанд байгаа гэдгийг итгүүлэн, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх нь чухал. Мөн энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн хямралаас гаргах үйлчилгээ, дам хохирогч болсон нутаг дэвсгэрийн хүн амд нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чадавхийг бэхжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.

-Таны хувьд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэх, цаашлаад хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн хамгаалах вэ?

-Зунжингаа сонгуульдсаар байгаад дарга, цэрэг нь солигдоно гээд төрийн ажил явагдсангүй. Одоо яаралтай сум, хорооны Засаг дарга нараа томилоод гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, архины хамааралтай, дагавар, тавиул, хараа хяналт сул  эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн судалгааг гаргах, хүчирхийллийн эрсдэл байгаа эсэхийг судалснаар далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн  хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөөг өгч, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээг үзүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь гэмт хэрэг үйлдэгдсэн орчноос нь тусгаарлах, тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох өөр орчинд хүүхдийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хэрэг шийдэгдтэл хүүхдийг түр хамгаалах байр, нөхөн сэргээх төвүүдэд байрлуулах нь чухал. Энэ хугацаанд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн, бие махбод, сэтгэл санааны хохиролыг заавал барагдуулдаг механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

-МОНГОЛЫН ТӨР ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ РҮҮ ТӨДИЙЛӨН АНХААРЧ ЧАДААГҮЙН ГАЙГ ОДОО 20 ЖИЛИЙН ДАРАА ҮҮРЧ ЯВНА-

-Хүчирхийллийг бууруулахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-1990 оноос хойш Монголын төр гэр бүл, хүн, хүүхдийн хөгжил рүү төдийлөн анхаарч чадаагүйн гайг одоо 2020 онд бид мэдэрсээр байна. Гэмт хэрэг, архидалт, ажилгүйдэл, ядуурал, ажил хийх дургүй, бэлэнчлэх сэтгэлтэй залуусын арми бий болчихлоо. Эдгээр залууст буруу байхгүй л дээ. Бид энэ цаг үедээ хүүхдийг хайр, халамж, хоол хүнс, орон байр, хувцас, чанаргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал гээд олон зүйлийг анхаарахгүй бол 2040 онд ч энэ асуудалтайгаа нүүр тулсан хэвээр үүнээс бүр дордсон байх болно гэдгийг хэлмээр байна. Тиймээс л хүүхдийн төлөвшил, хөгжлийг энэ цаг үед нь анхаараад, бодлоготойгоор хөгжүүлэхгүй бол өнгөрсөн алдаагаа давтах болно.

2021 оны улсын төсвийг  харахад яг хүүхэд рүү чиглэсэн, ямар ажлууд хийгдэх нь төдийлөн харагдахгүй байна. Ордон, байшин мянга бариад тэрэн дотор ажиллах хүнээ бэлтгээгүй цагт хөгжил дэвшил яриад хэрэггүй л болов уу.

Зарим сумдаар яваад үнэндээ хэлэх үг олдохгүй байна. Сумын дотуур байранд хамрагдах боломжтой 70 хүүхэд байхад 150 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьсан байх жишээтэй. Дотуур байрны тал нь хоосон дулаан, цахилгаан гээд үргүй зардал гарч байна. Тиймээс төсвөөс санхүүжилт гаргаад барьж байгаа байшин барилга, сургууль цэцэрлэг, дотуур байрыг бариулахдаа тооцоо судалгаа сайн хийж байгаач ээ.

Хүчирхийллийн хохирогчыг хамгаалах 14 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв байгаа боловч эдгээр хамгаалах байранд ажиллах хүний нөөц, цалин, хоол хүнс гээд санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөөгүй дийлэнх нь Цагдаа, Эрүүл мэнд, ГБХЗХГ-ын дэргэд хохирогчид үзүүлж байгаа үйлчилгээ, хүний нөөц нь тогтворжихгүй байна.

-Аймгуудаар сургалт хийгээд явахад, хамгийн хэцүү асуудалтай аймаг нь ямар аймаг байв?

-Өнгөрсөн онд 15 аймгийн 172 сум энэ жилийн хувьд 14 аймаг, 130 суманд ажиллалаа. Бүгдэд нь яг адилхан тулгамдсан асуудал, бэрхшээл байна. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл зарим газар нэмэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийн зан үйлийг засах, архины хамаарлаас гаргах, эмчлэх зэрэг ажлууд нь огт хийхгүйгээр аян өрнүүлээд хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийгээд эсвэл хоол хүнс, түлээ түлш хангаж өгөөд үр дүнгүй л дээ.

Монгол улсын засгийн газар Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэн ажиллаж байна гэж байгаа боловч хөрсөндөө буухгүй байгаа нь хэдхэн жишээнээс л харагдана. Архины хамааралтай зорилтот өрхөд амьдардаг хүүхдийн асуудлыг нэг куртик, цүнх өгөөд шийдэхгүй харин ажилгүй байгаа ээжийг нь ажилтай болгох, архи уугаад байгаа аавыг архинаас гаргаж эргэн нийгэмшүүлэх, ажилтай, орлоготой өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлснээр тэр гэр бүлд байгаа хүүхдүүдийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

Аймгуудын эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гол ажил бол нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл зан үйл, дадал хэвшил бий болгох, ард иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажил гэж би хардаг. Гэтэл өвдсөний дараа үзээд эм бичдэг, эмнэлэгт хэвтүүлдэг байж болохгүй. Жишээ нь: Тэмбүүгүй, бэлгийн замын халдварт өвчин тусаагүй, тураалгүй хүүхэд нэг ч сум, баг, хороонд алга. Сум бүрд 30-60 гаруй архины гүн хамааралтай иргэд, нийт ард иргэдийн 75-85% нь шүдний цоорол, 53-60% нь таргалттай, хүүхдүүдийн 60-80% шүдний цооролтой, нүдний хараа, сонсголын бэрхшээл, газ үнэрлэх, тамхи татах, дэлгэцийн донтолтонд хүүхдүүд өртсөөр байна.

Үүнд сум, хорооны өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд анхаарал хандуулан ажиллах ёстой ч энэ ажил руугаа төдийлөн сайн орохгүй байгаа нь ажиглагдсан. Мөн эмч үзлэгийн явцад зодуулсан цохиулсан, бэртэл гэмтлийн шархтай, өсвөр насны хүүхэд жирэмсэн ирсэн тохиолдолд хуулиараа цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтан ХТУ-108 утсанд мэдээлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлдэг анхан шатанд эмч, эмнэлгийн байгууллага ажилтан бага байгаад үнэхээр харамсаж байна.

-Эсэргээрээ хүүхэд хамгааллын чиглэлээр хамгийн сайн уялдаа холбоотой, сайн ажиллаж буй аймаг нь аль байв?

-Ихэнх аймгуудад салбар хоорондын уялдаа тааруу цаашлаад ГБХЗХГ-т хүүхэд, гэр бүл, залуучуудтай холбоотой статистик тоон мэдээллийг сар, улирал тутам өгдөггүй чирэгдэл ихтэй байдал ажиглагдсан. Харин Дархан-Уул аймгийн хувьд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа, нэгдсэн удирдлагаар хангагдсан байдал нь сайн туршлага болохуйц байсан. Мөн түүнчлэн ГБХЗХГ, “Хамтарсан баг”, “Хүүхэд хамгааллын баг”-ууд онцгой үед сайн ажиллаж байгаад баяртай байна. Жишээ нь Сэлэнгэ аймгийн 1-р сургууль, 3-р цэцэрлэг, Хүдэр, Ерөө, Жавхлант сумд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС, Уулбаян сумын цэцэрлэг, Сүхбаатар аймгийн БСУГ-ын Л.Байгалмаа дарга, Дорнод аймгийн А. Нансалмаа даргатай БСУГ, Дархан-Уул аймгийн А.Амгалан даргатай ГБХЗХГ, Дорнод аймгийн Е.Жавхлан даргатай ГБХЗХГ, Өмнөговь аймгйин Эрдэнэцэцэг даргатай ГБХЗХГ, Баянзүрх дүүргийн Ц.Батжаргал даргатай ГБХЗХХ, Хан-уул дүүргийн О.Мягмарсүрэн даргатай ГБХЗХХ, Өлзийчимэг даргатай “Өнөр бүл” асрамжийн төв гээд олон байгууллагууд “Гамшиг онцгой байдлын үе дэх хүүхдийн хамгаалал”-ын төлөвлөгөөтөй байнгын ажиллагаатай шуурхай баг ажиллуулан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, тусламж дэмжлэг шаардлагатай өрхүүдэд хүрч ажиллаж байгаад баяртай байна.

-ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ТЭГШ ЭРХТЭЙ ГЭДГИЙГ БАГААС НЬ ХЭЛЖ, ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Хөл хорионы үеэр хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэслээ гэлээ. Шалтгаан нь юу вэ?

-Хүчирхийлэл нь ерөөсөө л гэр бүлийн орчинд, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байдагтай холбоотой. Хөл хорионы хугацаанд архи, согтууруулах ундааг худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэтэл эргээд л ахуйн хүрээний архидалт нэмэгдчихсэн, гэр бүлийн хүчирхийллийн тоо буурах бус нэмэгдээд байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байна.

-Юуны өмнө хүчирхийлэл гэдэг нь хэн нэгэн өөрийн давуу байдлыг л бусдад мэдрүүлэх гэсэн санаатай үйлдлийн хэлбэр. Гэтэл зарим хүмүүс, архи уусан учраас л чамайг цохьчихлоо гээд өөрийгөө өмгөөлөх маягтай байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тэгш эрхтэй гэдгийг багаас нь хэлж ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Хуучинсаг хэв маягийг халах цаг ирсэн. Хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийж, хогоо асгадаг болсон цагт л хүчирхийлэл буурна.

Мөн эрэгтэй хүүхдүүдийг багаас нь анхаарч, гэр бүл зохиох хүртэл нь дэмжих хэрэгтэй. Эс бөгөөс гэр бүл зохиож амжаагүй эрчүүд биологийн хэрэгцээгээ хангахын тулд хүсээгүй хүнтэй гэр бүл болох, эгчмэд бүсгүйтэй амьдралаас нь салгаж нийлэх, архидан согтуурсан үедээ хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэх зэргээр хохироод байгаа юм. Тиймээс хүчирхийлэл, хүүхэд хохирох гэмт хэргийг бууруулахын тулд өрх бүр, гэр бүл бүрийн зөв бодлого, төрийн уялдаа хэрэгтэй байна гэж харж байна.

-Хөдөө орон нутгаар явах үед, хүүхэд хараа хяналтгүй орхигдсон байх, хоол тэжээл, дулааны хомстолд орсон байхтай таарсан уу?

-Манайхан нэг хэсэг хорио дэглэм суларч байгаад, ковид-19-ыг дотооддоо алдсан хэмээх шалтгаанаар хэсэг үймэлдлээ шүү дээ. Гэнэт л хөл хорио тогтоож, хяналтаа чангарууллаа. Үүний нөлөөлөл нь өдрийн орлогоороо гол зогоодог хүмүүс, хувиараа бизнес эрхлэгчид, зах дээр тэрэг түрдэг, такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүст хүнд туслаа. Олон ч аж ахуй нэгжүүд, түрээслэгч нар хаалгаа барилаа. Аргагүйн эрхэнд олон хоногоор самарт явах, орон нутагт худалдаа наймаа хийхээр яваад гацах зэргээр олон хүндрэлүүд гарах шиг боллоо.

Үүний ард хүүхдүүд олон хоногоор хараа хяналтгүй гэртээ үлдсэн тохиолдол гарч аймаг, дүүргийн ГБХЗХГ-ынхан  24 цаг ар гэр, үр хүүхдээ хаян ажиллаж шөнө оройгүй эрсдлийг бага гаргахын төлөө ажиллаж байгаа харагдсан. Иймд төрөөс бодлого шийдвэр гаргахдаа судалгаа, нотолгоонд үндэслэсэн шинжлэх ухаанч байхгүй бол эргэж буцсан шийдвэрүүд ард иргэдийг бухимдуулан нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

-ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ, ХҮНД ХҮҮХЭД ИРВЭЛ АВАХАД БЭЛЭН БАЙХЫН ТУЛД ХОТЫН ТӨВД ЗУРГААН ОРТОЙ, ӨРӨӨГ БЭЛДСЭН-

-Үжин төвийн үйл ажиллагаа ямар байна вэ. Шинэ байрандаа орж байгаа гэх мэдээлэл байсан?

-Байр асуудалтай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн байрлах байрыг өгөх гэлээ гээд хэл ам болсон. Ажлын хэсэг нь найман сард гарсан ч, одоог хүртэл шийдвэр нь гараагүй байна. Тиймээс нэг төв дээрээ үйл ажиллагаагаа явуулаад, сая ковид-19 дэлгэрэхийн өмнө үлдсэн найман хүүхдээ гэр бүлд нь эргэн нэгтгээд, ажилчдадаа цалинг нь өгөөд амраасан. Одоогоор өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа учир хүүхэд аваагүй байгаа. Гэвч манайд өмгөөллийн болон бусад үйлчилгээ үзүүлж байгаа 16 кэйс байгаа. Том охидтойгоо цахим сүлжээгээр холбогдоод, байнгын харилцаатай байдаг. Мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа гэр бүлүүдэд алсаас хүнсний тусламж үзүүлэх замаар, үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Энэ хугацаанд өндөр эрсдэлтэй, хүнд хүүхэд ирвэл авахад бэлэн байхын тулд хотын төвд зургаан ортой, өрөөг бэлдсэн байгаа.

-Таны цаашдын зорилго, зорилтыг бас асуумаар байна?

-Нэг сайхан мэдээ бий. Цаг нь болохоор удахгүй зарлана. Ярилцлагын төгсгөлд аминчлан хэлэхэд, аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхэд гэмт хэрэгт өртөх явдлыг бууруулахын тулд гэр бүл рүү чиглэсэн төрийн зөв бодлого, хүүхдийг бага наснаас нь эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгох, эрх зүйн боловсрол олгох, мэргэжлээ зөв сонгох зэрэг цогц бодлогыг бий болгох шаардлагатай гэж харж байна. Хүүхэд болгон математик ч болохгүй хүүхэд болгон эцэг, эх болно гэдгийг л санах хэрэгтэй.

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал. Иймд хүүхдийнхээ дэргэд хэрэлддэггүй, архидан согтуурдаггүй, үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэдэг эцэг эхчүүд олон болоосой гэж боддог. Миний хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөөгүй болоо гэж боддог аминч үзлээ хаях хэрэгтэй. Ирээдүйн хүргэн бэр чинь ямар амьдралд ямар орчинд өсөж торниж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор хүн бүр л хүүдийн асуудалд чин сэтгэлээсээ хандах цаг ирээд байна. ӨНГӨРСӨН БОРООНЫ АРААС ЦУВ НӨМРӨХ БИШ ШҮХЭР ЗАРЧИМ БУЮУ ЭРСДЭЛД ОРОХООС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН ХҮҮХДҮҮД ЭЭ ХАМГААЛАХ НЬ БИД БҮГДИЙН ҮҮРЭГ.

-Бидэнтэй цаг, зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button