АМЬДРАЛЫН НОМЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ| Бадамдоржийн Ганчимэг: Тэвчээр дүүрэн итгэлийг урлаж гаргасан номуудынхаа нэгийг тэвэрч аваад хэвтэх сайхан

2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд сэтгүүлч, яруу найрагч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагыг сэргээн нийтлэв.

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа сэтгүүлч, яруу найрагч Бадамдоржийн Ганчимэгийг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

ЭДГЭЭР ЗОХИОЛУУДЫГ УНШИХ БҮРД ЗАРИМДАА ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨЖ, БАСХҮҮ ХАЙРЛАМААР БОЛДОГ

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Ганцхан ном нэрлэх боломжгүй юм л даа. Жишээ нь, Лев Толстойн “Анна Каренина”, Гюстав Флоберын “Бовари хатагтай”, Теодор Драйзерийн “Керри эгч” , Ги де Мопассаны “Хонгор найз” зэрэг зохиолуудаар дамжиж илүү сэтгэл хөдлөлтэйгөөр уран зохиолд татагдсан байдаг юм. Жишээ нь, “Хонгор найз” бол Мопассаныг дээш нь өргөөд шидчихсэн зохиол л доо. Магадгүй би эмэгтэй хүн учраас эдгээр бүтээлүүдэд тэгтлээ их татагдсан байх. Эмма Бовари шиг амьдралын өөдөөс тэрсэлж явснаа эцэст нь цөхрөн унах тавилан эмэгтэй хүний хувьд хамгийн танил өвдөлт байх. Үгүй гэж үү? Магадгүй Керри эгч ч үүн дээр нэмэгдэнэ. Тэгээд л Нью-Йорк хотын аж үйлдвэрийн эхлэл, иргэншилд хөл тавих мөч, хайр дурлалын сүлэлдээн гээд дүрслэл, бичлэгийн уран тансаг, бишрэм сайхныг хэлэх юм биш. Би нэг зэвүүн эшлэл хэлэх үү. “Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ” гэж манай Г.Аюурзана нэг удаа бичиж байсан шиг санана. Бас “Энэ эмэгтэй бол би өөрөө” гэж Флобер хэлсэн удаатай. Галзуу үг. 

“Анна Каренина”-г бол Л.Толстойн зохиолуудаас “Оргил бүтээл” нь гэж үздэгээ би олон удаа ярьж байсан байх. Зохиол бүхэлдээ зөвхөн Аннагийн тухай биш. Левин, Кити хоёрын удаан үргэлжлэх ч аж жаргалтайгаар төгсөх харилцаа нь Анна, Вронский хоёрын хоромхон зуурын гал халуун дурлалын эсрэгцэл хэлбэрээр өгүүлэгддэг. Тийм л агшин зуурын боловч амттай мэдрэмж, ахин дахин унаж өвдөхийн шаналал, түүндээ дарлуулалгүй босож ирэхийн амт шимтийг тус зохиолоос үргэлж мэдэрч уншдаг даа.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-Анх Анна, Эмма Бовари гээд гайхамшигт эмэгтэйчүүдтэй учрахаасаа өмнө олон хог новш уншиж тархиа дүүргэснээ бодохоор ёстой л нэг бие арзасхийх шиг болдог. Өөрийнхөө бичиж эхлэх цэг, номыг илүү их таашааж уншдаг болсон үедээ л амьдралын туршид үүргэвчинд минь хадгалаастай явдаг эдгээр номуудтай учирсан.

Заримдаа хүнд хэлчхэж болохгүй, дотроос өндийж ирээд байдаг ганцаардалд дөрлүүлэх бүрийдээ чимээгүйхэн эдгээр романуудыг тэврээд хэвтчихдэг. Цас, бороотой бүрхэг өдрүүдийн гүнд эмэгтэй хүний эрмэг чанарыг товойлгож, зөөлөн сэтгэлийг хөлбөрүүлж, тэвчээр дүүрэн итгэлийг урлаж гаргасан ийм номуудынхаа нэгийг тэвэрч аваад хэвтэх сайхан л даа.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Би ганц л өгүүлбэрээр хариулчихъя. Надад эмэгтэй хүний ертөнцийг уншиж, мэдрэх чадвар олгосон. Эмэгтэй зочидтой би сэтгүүлчийн хувьд ховор ярилцдаг ч мэргэжлийнхээ ажилд хэрэгтэй чадварыг олж авсан шүү. Хүйтэн л хариулт сонсогдож байгаа байх.  

Ер нь бол туулаад яваа амьдрал гэдэг энэ зүйл дээрээ нүүр тулж мэдэрдэггүй, донсолгоо авахаа больчихсон, тийм нэг хэрэгтэй чимээг хүнд ном л өгдөг. Чимээ, чичиргээг өгдөг. Өөрөөр хэлбэл амьдралын буулганаас сугарч, сэтгэлийн чинад дахь нөөц орон зайгаараа ганцаараа, зөвхөн өөрөө өөртэйгөө хамт, эрх чөлөөтэй алхах боломжийг ном, зохиол өгдөг л дөө. “Анна Каренина” бол сонгодог зохиол болохоос сонгодог амьдралын тухай ном биш. Ерөөс сонгодог амьдрал ч гэж байдаггүй. Амьдрал, түүний доторх хувийн харилцаанууд, мөн элдэв асуудлуудын тухай л өгүүлсэн. Энэ утгаараа бол эргэн тойрон дүүрэн Анна алхаж явдаг шүү дээ. Тийм болохоор л сонирхолтой. Хүмүүс бүр цаанаасаа, байгалийн шинжээрээ бусдын асуудлуудыг сонирхож байдаг. Худлаа гэж үү. Энэ л юм. 

- Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Анна Каренина” романаас бол бичил тууж хэмжээний эшлэл сонгоод авчих дайны юм болох байх. Гэхдээ “Хайр сэтгэлгүй амьдрал амар боловч утгагүй. Надад хайртай бүх зүйл маань байхгүй. Гэхдээ би байгаа бүх зүйлдээ хайртай” гэсэн өгүүлбэр сэтгэлд одоо ч тод байдаг.

Харин “Бовари хатагтай”-гаас сайхан өгүүлбэр сонгоод авчихад хэцүү биш л дээ. Жишээ нь, “Миний зол жаргалгүй амьдарч байгаад хэн буруутай юм бэ” гэж Эмма Бовари өөрөөсөө асуудаг. Энэ өгүүлбэрийг л бусдад уншуулмаар байдаг юм. Нээрэн бид аз жаргалгүй амьдарч байвал түүнд чухамдаа хэн буруутай вэ? Магадгүй хүн бүр өөрөөсөө нэг асуугаад үзэх хэрэгтэй болов уу. Ялангуяа эмэгтэй хүмүүс.

Ер нь тэгээд дээр нэрлэсэн эдгээр зохиолуудыг унших бүрд заримдаа өөрийгөө өрөвдөж, басхүү хайрламаар болдог. Яагаад гэвэл хүн учраас. Эцэст нь Жорж Орвэлийн хэлсэн шиг би хэн нэгэнд хайрлагдахаас илүү ойлгогдох гэж эмэгтэй хүн болж төрсөн байх гэдэг бодолдоо улам их үнэмшдэг дээ.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Би өөрийн багш,  Жамъянсүрэнгийн Батбаатарыг урьж байна. Энэ хүний тухай илүү тодорхойлолт хэрэггүй. Зүгээр л “Хангалттайгаас давсан” сонирхолтой яриа уншуулна гэдэгт итгэлтэй байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Б.АЛТАНХУЯГ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-09-15 08:41

Энэ нэг авгай МОНЦАМЭ г унагаж байна байна даа

Ярилцлага үзсэн
Ярилцлага үзсэн
2021-09-15 17:00

Нилээд хэд хоногийн өмнө МОНЦАМЭ-ийн ойн баярын т�##�аар ярилцлагыг үзсэн. Ёстой бүдүүлэг яриатай, их дээрэнгүй, БИ гэсэн үзэлтэй хүн байна лээ дээ. Энэ хүн ирээгүй бол өдийд тэр агентлаг �##�ь хэдийн байхгүй болчих байлаа гэсэн юм яриад байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button