НИЙГЭМУРЛАГЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | БАЛДОРЖИЙН АЛТАНХУЯГ

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид анхны зочноороо сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуягийг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Хамгийн хүчтэй нөлөөлсөн ном гэвэл Г.Аюурзанын “Шинэ үеийн номын сан” цувралын 10 хар ном. Тэр дундаас “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”-ыг нэрлэнэ. Хэтэрхий нүсэр зузаан романд дургүй хүмүүс эл номыг сонгосон нь зөв болов уу. Тус номд Эртний Грек, Ромоос авахуулаад Дундад зууны үеийн хятад тууриуд, сонгодог жүжиг, зохиолуудын хамгийн сод бүтээлүүдийг товчилсон хувилбар, уран зохиолд үзүүлсэн чухал нөлөөг нь тодорхойлж бичсэн нь бий. Мэдээж зохиол бүтээлийг бүтэн эхээр нь уншиж байж л амт шимтийг бүрэн дүүрэн мэдэрч чадна. Гэвч уг анх хэвлэгдсэн 2002 онд бидний залуус яг ямар бүтээлийг сонгодог гэж үздэг, ямар бүтээл уншихаа сонгох соёл төдий л сайнгүй байсан. Тиймээс л сонголттой уншигч болоход уг номны нөлөө их байсан.

Ялангуяа анх уншихад Эсхилийн “Орестийн түүх”, Аполлоний “Аргонавтуудын түүх”, Овидийн “Хувирлууд”, Бомаршегийн “Солиотой өдөр буюу Фигаро гэрлэсэн нь”, Борхесийн “Зохиомол цадиг”, Воннегутын “Тав дахь нядалгааны цэг буюу балчир жаалуудын загалмайтны аян” зэрэг бүтээлүүд сонирхлыг маань ихэд татаж байсан. Одоо ч сөхөж харахад яг тэр хэвээрээ. Унших хүслийг улам бүр өдөөдөг тийм ном.

Өөр нэг зайлшгүй дурдах ёстой зохиол бол Эдгар Аллан Погийн “Шилмэл бүтээлийн чуулган”. Мэдээж өөрийн таашаалын дагуу уншиж, өөрт хамгийн хүчтэй нөлөөлсөн номын тухай ярьж буй учир Пог орхигдуулж болохгүй болов уу. Миний хувьд дахин дахин унших дуртай, хайртай зохиолч Борхес боловч хамгийн их нөлөө үзүүлсэн нь Эдгар По юм. Түүний өгүүллэгүүдийг би оршихуйн тухай хүнд бодолдоо түүртсэн суутнуудын амьдралын эссэ гэж тодорхойлмоор санагддаг. Пог дан ганц адал өгүүлэмжит, сэтгэлзүйн зохиолын загалмайлсан эцэгт тооцож болохгүй. Эдгар По бол үнэндээ өөрийн уран сэтгэмжийн чөтгөрүүдийг бүгдийг нь сэрээж, бидний ил гаргахаас эмээдэг Фройдын тодорхойлсон “ид”-ыг зохиолынхоо баатруудаар хамгийн гарамгай үзүүлдэг мастер.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-2007 онд учирсан. Одоогоос 13 жилийн өмнө ээжтэйгээ хамт Улсын Их дэлгүүрт явж байхдаа номын тасгаас авч байсан юм байна. Тухайн үед би долдугаар ангийн сурагч байлаа. Хэд хэдэн ном авсны дотор Г.Аюурзанын хар цувралуудаас энэ ном, Монтэний сонгомол эсээ хоёр байсан юм. Харин Погийн “Алтан цох” туужийг нэлээн хожуу буюу арван жилээ төгсөхийн үед Хэнтий аймгийн “Р.Чойномын нэрэмжит номын сан”-нд уншиж байсан. Түүнээс хойш оюутан болсон хойно “Улаан үхлийн баг” шилмэл өгүүллэгийн түүврийг нь олж авч байсан.

Одоо энд байгаа зохиол бүтээлийнх нь чуулганыг их сургууль төгсөхөд ээж минь надад бэлэглэсэн. Манай нэг найз “amazon”-оос захиж авсан тус номоо нэлээд үнэтэй худалдаж байсан юм л даа. Ээжид хэлтэл “Хонхны баярынх нь бэлэг болгоё” гээд авч өгсөн.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Эдгээр номыг уншаад уран зохиолд улам их шимтэн дурласан даа. “Уран зохиолын 85 сод туурвил” бол хүн төрөлхтний дунд бичигдсэн сод туурвилуудын тухай ойлголтын зах зухаас өгсөн. Уран зохиолтой ойр байх нь миний сонгож болох хамгийн зөв зам юм гэх итгэл үнэмшлийг тус ном надад өгсөн. Ганц надад ч биш 1980-1990-ээд он болон түүнээс хойш төрсөн олон олон залуусын оюун санааны ертөнцөд энэ ном томоохон хөрөнгө оруулалт болсон гэж боддог.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Мэдээж зохиолын тухай болохоос зохиол нь яг эхээрээ биш тул эшлэхэд жаахан хэцүү л дээ. Гэхдээ Г.Аюурзаны өөрийнх нь уран бүтээлд хандах хандлага, дүгнэлтүүд нь их сонирхолтой байдаг. Жишээ нь “Илионы түүх”-ийн тухай өгүүлэхдээ Ахилл дээр хүү Гекторынхоо шарилыг авахаар Тройн хаан Приам ирдэг хэсэг бий. Энэ тухайд “Эн тэнцүү уй гашуу дайснуудыг эвлэрүүлдэг” хэмээсэн нь сонирхолтой. Мөн Эврипидийн “Медея” жүжгийн тухайд эх домгийг нь өгүүлээд “Ясоны хүүхдүүдийг коринфынхон биш, харин Медея өөрөө алсан гэж жүжигт үзүүлэхийг Афины яруу найрагч Эврипидээс хүсч л дээ. Итгэмээргүй аймшигт түүх зохиох хэрэг гарсан нь лавтай. Гэвч Эврипидийн авьяас билиг коринфчуудыг үүрд цагаатгасан юм” гэж өгүүлсэн байдаг. Өөрийн уран бүтээл, цадиг онгодын авьяасаар бүхэл бүтэн үндэстэнд өршөөл үзүүлнэ гэдэг чинь гайхалтай хэрэг биз дээ. Бас номонд бий “Эдип хаан” жүжгийн төгсгөлийн найрал дууны үгс их таалагддаг. Тэр нь энэ:

“...Бэрх хэцүү оньсогыг таагч, хүчирхэг хаан,
Бид бүгдээрээ л түүнийг атаархан харж байсан биш үү?
Амьдралынх нь төгсгөл ирээгүй байгаа хүнийг, тэгэхээр
Аз жаргалтай хэмээн дүгнэж болохгүй нь байна шүү
!

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-“МОНЦАМЭ” агентлагийн захирал, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг эгчийг санал болгож байна. Сэтгүүлч Б.Ганчимэг сонгодогуудыг нэлээд сайн уншсан, түүнээс өөрт таалагдсанаа дахин дахин сөхөж харах зуршилтай хүн. Мөн хаана л ямар шинэ зохиол бүтээл, сайхан хөрөг нийтлэлийн номууд хэвлэгдсэн байна, тэр бүгдийг эрж хайж байгаад олоод авчихдаг. Тийнхүү шинэ номуудаа бүгдийг нь өрж тавьж байгаад л эхнээс нь уншдаг хүн дээ. Номын үнэнч хорхойтныг нь мэдэхийн хувьд Б.Ганчимэг эгчийн “Амьдралын ном” нь аль хүний ямар бүтээл болохыг, тэрхүү номынхоо талаар хэрхэн дурсамжаа хөврүүлэхийг нь уншмаар байна.  


ДАРААГИЙН КОНТЕНТ: Б.ГАНЧИМЭГ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөх Толбот
Хөх Толбот
2020-12-03 09:45

САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНА . АЮУРЫН ШИНЭ ҮЕИЙН НОМЫН САН ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГ ШҮҮ.

Баасансүрэн
Баасансүрэн
2020-12-05 19:15

Эн тэнцүү уй гашуу дайснуудыг эвлэрүүлдэг. Өнөөдөр тэр хэсгийг заав�##� нээж олж уншъя байз.

Зочин
Зочин
2020-12-09 12:06

Ямар муухай царайтайн

Холбоотой мэдээ

Back to top button