Ярилцлага

АМЬДРАЛЫН НОМ | ЖАМЪЯНСҮРЭНГИЙН БАТБААТАР

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа доктор, профессор, сэтгүүлч, яруу найрагч Жамъянсүрэнгийн Батбаатарыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

Эрхэлдэг ажил: МУБИС, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал

Сошиал хуудаснууд: Batbaatar Jamiyansuren (Фэйсбүүк)

ОЛОН ЮМ УНШСАН Ч ЭНЭ НОМ ШИГ ГҮН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН НЬ ҮГҮЙ. ТУУРВИЛЗҮЙ, УРЛАХУЙН ГАЙХАМШИГТАЙ ЖИШЭЭ...

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Хүн амьдралдаа олон хүнтэй уулзаж учирдаг. Тэд нь янз бүрийн хүчтэй сэтгэгдэл төрүүлж, ул мөрөө үлдээдэгтэй адил нэг л номыг шууд нэрлэчих боломжгүй юм. Ер нь хүний нас, амьдралын мөчлөг, тухайн цаг үеэс хамаараад үзэл бодол, үнэлэмж, мэдрэмж хувьсан өөрчлөгдөж байдгийн илэрхийлэл нь номын сонголтоос харагддаг. Тухайлбал, 1990-ээд оны үе, 20-иад насанд Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” “Далайн хөвөөний алаг хав толгой” “Жамиль” зохиолууд сэтгэлд илүү ойр байсан.

Тухайн үед уран сайхны ертөнц дэх гэгээлэг баатрууд нь содон, сонирхолтой байж, соронз мэт татаж байсан. Тэгээд ч түүний зохиолуудад нэг тийм нууцлаг, хөгжимлөг чанар үргэлж агуулагддаг. Харин дараа нь “Өвгөн тэнгис хоёр”-оос эхлээд Эрнест Хэмингуэйд шимтэж, ганц хоёр өгүүллэгийг нь орчуулж байлаа. Дараа нь бүхний тухай хийгээд юуны ч тухай биш ганцаардал, хов хоосны тухай эсвэл учир утгатай хийгээд учир утгагүйн тухай өгүүлэх Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг уншсан юм. Энэ ном миний оюун санааны амьдралд их нөлөө үзүүлсэн дээ.  

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн энэ номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? 

-Амьд сонгодог хэмээн алдаршиж байсан Чингиз Айтматовын шинэ гарч буй зохиолуудыг номын хорхойтнуудын адилаар эрэл сурал болж байж олж уншдаг байсан. Харин “Өвгөн тэнгис хоёр”-ын орчуулгыг тулган уншиж, улмаар Эрнест Хэмингуэйн өгүүллэгийн түүврээс “Цагаан заан шиг толгод”-ыг орчуулж, тухайн үеийн “Билгүүн судар” урлаг, уран зохиолын сонинд зохиолч Г.Аюурзана тайлбар бичин хэвлүүлж байсан санагдана. “Зуун жилийн ганцаардал”-ыг бол оюутан ахуйдаа хичээл дээрээ анх судалж байлаа. Одоо надад хамгийн анхны хэвлэл нь байдаг юм.

Хүнд яая даа гэсэн цаг үе байдаг шүү дээ. Тэр үедээ л барьж аваад суучихдаг.

Ер нь аливаа мөнхийн бүтээл гэдэг дуулиан шуугиан, хошуурал магтаалаас ангид сэтгэл оюунд оршсоор байдаг шүү дээ.

-Энэ ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Макондо тосгоныхны үе үеийн түүхээр дамжуулан хүний амьдралын мөн чанар, уйтгар, ганцаардал, мөхөл сүйрлийн тухай бодож, эргэцүүлэх боломж, ухаарлыг өгсөн юм. Олон юм уншсан ч энэ ном шиг гүн сэтгэгдэл төрүүлсэн нь үгүй. Туурвилзүй, урлахуйн гайхамшигтай жишээ.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Эргэн харж, эргэцүүлэн бодох бүрийд санаж сэрээсэн сайхан хэсэг, үг эшлэлийн алийг тэр гэх вэ. “Зуун жилийн ганцаардал”-ын Урсулагийн “Цаг хугацаа хэзээ ч урагшаа явдаггүй. Харин тойрог хэлбэрээр эргэж байдаг” гэсэн үг амьдрал цаг хугацааны тухай дахин эргэцүүлэхэд хүргэсэн. Мөн “Цагаан заан шиг толгод”-ын бүсгүй “Удаан хүлээсэн бүгдээс чихэр амтагддаг” гэж хэлдэг. Эдгээр үг хүн хүнд өөрөөр ойлгогдох учир өөрт төрсөн мэдрэмжээ хэлбэл илүүц биз ээ.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Үндэсний Номын сангийн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоогийн амьдралын ном нь ямар ном байгаа бол гэдэг уншигчдад их сонирхолтой байна байх. Хэдийгээр яруу найрагчийнх нь хувьд уншигчид түүнийг мэддэг ч амьдралыг нь өөрчилсөн ном болон номын тухай бодол санааг нь сонсох сонин сайхан байна гэдэгт эргэлзэхгүй байна аа.


ӨМНӨХ КОНТЕНТ: Б.ГАНЧИМЭГ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Daja
Daja
2021-01-09 08:52

Зуун жилийн ганцаардлыг дахин унших хэрэгтэй юм байна.
Үзэл бодол, хандлага, байгаа байд�##�, бүх л зүйл нь үлгэр дуурайл�##� болдог хайрт багш минь. Тандаа энх тунх байж, урт нас�##�ж удаан жаргахыг ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button