НийгмийнЯРИЛЦЛАГА

Ц.Бархас: Бууж өгөх л хамгийн том алдаа

“The Apprentice” шоу монголчуудыг хоёр сарын турш ням гарагийн үдэш бүр телевизийнх нь өмнө уяж чадлаа. 14 залуу хоёр сарын турш гэр бүлийнхэнтэйгээ холбоо барилгүй боловсрол мэдлэг, ур чадвараараа ширүүхэн өрсөлдөж, “Таванбогд Хот Пот” ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Бархас ялагчаар тодорсон.

Түүнийг шоунд оролцохоор гэрээсээ гарахад бага хүү нь дөнгөж хоёрхон сартай, эхнэрийнх нь бие нь бүрэн тэнхрээгүй байжээ. Гэсэн ч түүний хүсэл, тэмүүлэл, зорилгыг хүндэтгэн хоёр талынх нь эцэг эхчүүд юунд ч санаа зоволтгүй нэвтрүүлэгтээ оролцохыг ятгажээ. Тэрбээр энэ тухайгаа “Гэр бүлийнхэн маань дэмжээгүй бол би энэ шоунд оролцохгүй байсан. Шоунд оролцохоор гэрээсээ гараад явж байхад эхнэрийн маань эгч над руу залгаж “бид хамт байх болохоор эхнэр, хүүхдэдээ  санаа зоволтгүй шүү. Зөвхөн шоундаа амжилттай оролцоорой” гэж хэлсэн. Тэр үг их хүч өгч юунд ч санаа чилээлгүй даалгавраа хийхэд минь тус болсон” хэмээн дурсав.

Ингээд бид “The Apprentice” шоуны ялагч болж Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн Гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй байгаа түүнтэй цөөн хором ярилцлаа.  

ЯЛАГЧ БОЛСОН ГЭДГЭЭ СОНСОХ МӨЧИД БАЯРЛАХ, БАХАРХАХ, ТАЛАРХАХ ГЭЭД ОЛОН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ДАВХАЦДАГ ЮМ БИЛЭЭ

-Юуны өмнө дэлхийн хэмжээний том шоунд орж, ялагч болсонд тань баяр хүргэе. Тус шоунд оролцох болсон шалтгаанаас тань ярилцлагаа эхэлье?

-Сурагч байхдаа үзсэн “Global CEO” реалити нэвтрүүлгийг би ер мартдаггүй юм. Өөртөө итгэлтэй, чадварлаг ах эгч нар даалгавар биелүүлж, том сорил давж буйг хараад ийм л болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан ч тэр мөрөөдлөө огт орхиогүй. Ийм нэвтрүүлэгт орж, өөрийгөө сориод үзэх юмсан гээд найзууддаа ярьдаг байсан. Гэтэл төд удалгүй “Аппрентис Монгол” шоу зарлагдсан. Ингээд л би багын мөрөөдлөө биелүүлж, багагүй зориг гарган, ихээхэн эрсдэл үүрч дэлхийн хэмжээний шоуг зорьсон юм.

Өөрийгөө ялагч болсон гэдгийг Boardroom рүү орохоосоо өмнө гадарлаж байв уу?

Нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө 100 хувь өөртөө итгэлтэй байсан уу гэвэл үгүй. 300 орчим хүнтэй томоохон компанийг хариуцан ажиллаж байсан тул менежмент, маркетинг, санхүү, хүний нөөц гээд байгууллагын бүхий л функцийг ойлгож, гадарладаг нь том давуу тал болно гэж тооцоолж байсан. Мөн тодорхой хэмжээний ажлын туршлагатай учраас аль ч талаас нь харсан өөрийгөө хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцож байсан.

Хамгийн сүүлийн даалгавар дээр багийнхаа гаргасан үр дүнг мэдэж байсан ч нөгөө багийн гаргасан үр дүнг мэдэхгүй тул хэн нь ялагч болсныг мэдэхгүй Boardroom рүү орсон. Харин ялагч болсон гэдгээ сонсох тэр мөчид баярлах, бахархах, талархах гээд олон сэтгэл хөдлөл давхацдаг юм билээ. Арван даалгаврын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дараах ялсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ямар ч байсан маш их догдолсон. Тэмцээний дүн тодорхой болсны дараа шууд л гэр рүүгээ яарсан. Хэлэхгүйгээр гэнэт очиж, намайг өчнөөн олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр, хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барьж, баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн дээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан.

ХЭРЭВ Ч.ГАНХУЯГ ЗАХИРЛЫН ОРОНД БАЙСАН БОЛ О.АМАРБОЛДЫГ Л СОНГОХ БАЙСАН

Хэрэв та Ч.Ганхуяг захирлын оронд байсан бол шоуны оролцогчдоос хэнийг нь сонгох байсан бэ?

-Би О.Амарболдыг л сонгох байсан. Түүнийг сонгох олон шалтгаан бий. Бид хоёрын давуу, сул талууд өөр өөр. Зан төлөв ч тэс ондоо. Тэгсэн хэрнээ нэг баг болж нэгдэхээрээ нэгнээ нөхөж чаддаг, маш хурдан ойлголцдог. Бид хоёр нийлэхээр бодит үр дүнг гаргаж чаддаг. Одоо Ард Санхүүгийн Нэгдэлд хамтдаа хүчин зүтгэх болсондоо маш их баяртай байгаа.

Шоуны үеэр Ч.Ганхуяг захирал оролцогчдод зөвлөгөө өгч, хурцалдаг. Түүнээс авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөөгөө бидэнд хуваалцаач?

-Манай багийг ялагдахад Ч.Ганхуяг захирал “Зорилготой, зоригтой, зогсолтгүй бай” гэж хэлсэн нь шууд л санаанд буугаад үлдчихсэн. Би “Гурван 3-гийн зарчим” гэж нэр өгөөд цээжилчихсэн. Бас утсан дээгүүр алхах буюу аливаад эрсдэл гаргаж зоригтой зүтгэх ёстой гэсэн зөвлөгөө хамгийн үнэ цэнэтэй санагдсан шүү.

О.ЭНХЖИН, О. АМАРБОЛД, Н.ГАНСҮХ ГУРВЫГ ИХ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙСАН

-Та сүүлийн даалгавар дээр багийн гишүүдээ өөрөө сонгож, бүрдүүлсэн. Хэнийг багтаа багтааж чадсандаа баярласан бэ?

-Сүүлийн даалгавар дээр яг л өөрийнхөө бодож байснаар багаа бүрдүүлж чадсан. Тиймдээ ч багтаа 100 хувь итгэлтэй байсан. Зүтгэж чаддаг, ажиллаж чаддагийг нь мэдэж байсан болохоор л Амарболдыг багтаа хамгийн эхэнд нэрлэсэн. Бид хоёр эхний гурван даалгавар дээр баг болж ажилласан юм. Тэгэхэд бид маш сайн гар нийлж ажиллаж байсан. Яг үнэндээ гуравдугаар даалгавар дээр О.Амарболдыг хасагдчихна гэж бодоогүй, их гайхсан. Хол явна гэж харж байсан. Түүнийг багтаа авсан нь маш зөв сонголт болсон болов уу.

-О.Амарболдыг хол явах оролцогч гэж харж байж. Өөр хүчтэй оролцогчдыг анзаарсан л байх. Хамгийн хүчтэй оролцогч хэн байв?

-Шоунд оролцсон 14 оролцогчид бүгд л өөрсдийн гэсэн давуу тал, сул талтай, хүчтэй залуучууд байсан. Гэхдээ О.Энхжин, О.Амарболд, Н.Гансүх гурвыг их хүчтэй өрсөлдөгчид байна, их ч хол явах байх гэж харж байсан. 

-Өрсөлдөөнөө нэвтрүүлэг дууссан хойно үзэж, өөрийгөө хөндлөнгөөс харах үед ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр бүх үйл явдлын дунд өөрөө байсан хэрнээ нэвтрүүлэг болсон хойно нь хөндлөнгөөс харахад сонин мэдрэмж төрдөг юм билээ. Нэвтрүүлгээ тайван суугаад үзэж чаддаггүй. Зурагтынхаа дууг хамгийн чанга дээр нь тавьж байгаад босоод зогсчихдог. “Одоо яах бол…” гээд л цаанаасаа сэтгэл догдолно, дахиад сандарна. Бас нэг сонирхолтой зүйл нь, нөгөө багаа даалгавар дээр яаж ажилласныг бид сайн мэдэхгүй болохоор нэвтрүүлгээ хараад үзэгчидтэйгээ адилхан гайхах үе зөндөө гарсан. Тэгээд үг алдалгүй сонсож, өөрийнхөө талаар мэддэггүй олон зүйлсийг хөндлөнгөөс харж, мэдэж авсан. Бас алдаа, оноогоо олж харж, өөртөө дүгнэлт хийдэг юм билээ.

ШОУНЫ ТУРШИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЗУРГИЙГ ӨӨРӨӨСӨӨ САЛГААГҮЙ. ЭНГЭРТЭЭ ХИЙЧХЭЭД Л НАНДИГНААД БАЙСАН

-Ур чадвараа шалгуулахын хажуугаар оролцогчид зэрэгцэн сууж бие биенийхээ сул тал болон давуу талыг хэлж, сэтгэл зүйн хүчтэй тулаан өрнүүлсэн. Таныг өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг, өөрийгөө илэрхийлж чаддаг байсан болохоор сэтгэл зүйн тулаануудад ялагдалгүй давж чадлаа гэж хувь үзэгчийн зүгээс харсан…

-Сэтгэл зүйн сорилтууд бол даалгаврын хажуугаар давхар шалгагдаж байгаа үнэхээр чанга даваа байсан. Ялангуяа даатгалын бүтээгдэхүүн борлуулдаг есдүгээр даалгаврын дараа дээр бид зэрэгцэж суугаад бие биеийнхээ сул болон давуу талыг хайр найргүй хэлцгээсэн. Тэр өрөөнд сэтгэл зүйн маш хүнд тулаан өрнөсөн. Зурагтаар тэр хэсгийн халуухан мэдрэмж тийм ч сайн мэдрэгдээгүй байх. Гэхдээ л аль алинд нь амаргүй байсан. Би тэр дугаарын дараа нэг хэсэг жижиг “шок”-нд орсон. Одоо бид тэр тухайгаа яриад инээлдэцгээдэг. Бид зарим талаараа бие биеийнхээ тухай бараг өөрсдөөс нь ч илүү мэддэг болсон доо.

Миний хувьд шоуны туршид хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Энгэртээ хийчхээд л нандигнаад байсан. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө ахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан даа.

 АНДУУРЧ ТААРСАН ТЭР НОМЫГ УНШСАН НЬ АМЬДРАЛД ХЭРЭГ БОЛНО ГЭЖ ЯАЖ МЭДЭХ БИЛЭЭ

Таныг анзаарах нь ээ бусад оролцогчдоос харилцааны ур чадвараараа ялгарч байсан. Их нээлттэй хүн шиг санагдсан?

-Яг үнэндээ би тийм ч нээлттэй хүн биш, интроверт талдаа зан төлөвтэй хүн. Үүнийгээ даван туулахын тулд харилцааны болон илтгэх ур чадварын талаар сонирхож ирсэн. Гэхдээ бүр дурлаж шимтсэн хөгжилтэй түүх бий. Би багадаа өөрөөсөө илүү хүмүүсийг дуурайх гэж оролддог хүүхэд байлаа. Дунд сургуулийн онц сурдаг найз маань Дейл Карнеги гээд зохиогчтой янзын гоё ном зуны амралтаараа олж уншлаа гэдэг юм байна. Гэртээ харингуутаа нагац эгчдээ номоо захьчихсан. Хэд хоногийн дараа эгч Дэйл Карнегийн гурван боть ном аваад ирлээ, их шахуу тексттэй зузаан номыг бараг өвөлжин уншсан даа /инээв/. Ингэж л харилцааны болон илтгэх урлагийн талаар ойлголттой болсон. Бодит жишээ татсан учраас уншихад маш ойлгомжтой, сонирхолтой. АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольны түүхүүд сэтгэлд маш тод үлджээ. Номоо дуусгаад өнөөх найздаа Дэйл Карнегийн номыг уншчихлаа гэсэн чинь “Миний зөвлөсөн ном өөр зохиогчтой юм билээ, би чамд хэлэхээ мартчихаж” гэдэг юм даа. Бид хоёр баахан инээлдээд л өнгөрсөн. Андуурч таарсан тэр номыг уншсан нь амьдралд хэрэг болно гэж яаж мэдэх билээ. Сохорсон биш завшив гэдэг л болсон. Дараа нь өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд МҮОНРТ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ч ажиллаж үзэж байлаа.

“Аппрентис Монгол” шоу таны амьдралд, Ц.Бархас гэдэг хүнд яг юу өгөв?

-Энэ шоунд оролцохдоо өөрийгөө нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдэгт итгэлтэй байсан. Гэсэн ч даалгавар гүйцэтгээд эхлэхэд хамт оролцсон залуусыгаа ямар мундаг, ур чадвартай юм бэ гэдгийг олж харсан. Нэвтрүүлэгт бид хэд нэлээд тэмцэлдэж, өрсөлдөж байгаа харагдаж болох ч бизнесийн салбарт ажиллаж байгаа нас биед хүрсэн хүмүүс учир өрсөлдөөн, даалгавар, бодит амьдралыг хооронд нь ялгаж салгана. Бид энэ нэвтрүүлгийн туршид нэгэндээ маш их дассан, амьдралын сайн найзууд, андууд болцгоосон. Энэ шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан. Энэ бол нөхөрлөл. Бас итгэл найдвар байлаа. Мөн хүн хөдөлмөрлөж, хичээж зүтгэвэл заавал үр дүн гардаг, амьдралаа өөрчлөх маш том боломж хүн бүрд ирдэг юм байна гэдэгт улам их итгэх болсон. 

НАДАД ХҮЛЭЭЛГЭСЭН ЭНЭ ИХ ИТГЭЛИЙГ ДААХААС ГАДНА АВСНААСАА ИЛҮҮ ИХ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ ӨГӨХ ЮМСАН ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ БАЙНА

-Та ялагч болж, Ард Санхүүгийн Нэгдэлд 200 сая төгрөгийн цалин урамшуулалтай албыг хашиж байна. Ажлаа амжилттай гүйцэтгэхэд ямар гол чадвар танд туслах бол?

-Албаа дөнгөж хүлээн аваад байна. Надад хүлээлгэсэн энэ их итгэлийг даахаас гадна авснаасаа илүү их зүйлийг хийж бүтээж өгөх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл надад бий. Түүнийхээ төлөө ч их хичээж ажиллана гэж бодож байгаа.

Мөн би борлуулалт, маркетинг суурьтай, тоо, баримттай ажиллах дуртай. Ямар нэгэн зүйлийг ерөнхийлж биш, бодит тоон үзүүлэлтээр хэмжихийг чухалчилдаг. Энэ чадвар маань хэрэг болох байх.  

-“Ард”-тай холбогдсоноор хөрөнгийн зах зээлтэй нэгэнт холбогдлоо. Цаашид хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хэт цөөхөн тоглогчтой, зарим хувьцаат компанийн маш бага хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн дийлэнх хувь нь хэдхэн хүний гарт байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нөхцөл байдал дээрдэж байна. Компаниуд IPO хийж нээлттэй болж байна, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ч нэмэгдсэн. Нэмээд банкнууд хувьцаа гаргаж, тэтгэврийн сан үүсэж хөрөнгийн зах зээл рүү ороод ирвэл эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ өснө. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд Ард Санхүүгийн Нэгдлийнхэн хүчтэй манлайлал үзүүлж уриалан оролцож байгаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооё гэдэг нь одоо болохгүй байгаа зүйлсийг шинэчилж, үр дүнд нь хүн бүр хөрөнгө оруулагч болъё гэсэн л зорилго. Эхнээсээ үр дүн гараад эхэлчихлээ. Хүмүүсийн санхүүгийн боловсрол ч илт нэмэгдэж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжааны дүнгээс үүнийг харж болно. Цаашид иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болчихвол тоглогч олон болно, тэр хэрээрээ хөрөнгийн зах зээл тэлнэ гэж харж байна. 

-Хувьцаа авахаар зэхэж буй хүмүүст юу гэж захих вэ?

-Хүмүүс тэр компанийн хувьцааг авчихгүй яав даа, хэд дахин өсчихсөн байна гэж бүр сүүлд нь амаа барих тохиолдол зөндөө. Эсвэл бооцоотой тоглоом тоглож байгаа юм шиг өндөр дүнтэй мөнгө хийж азаа үзээд богино хугацаанд гэнэт их ашиг хийх сонирхолтой байх шиг ажиглагддаг. Энэ бол покер биш, харин хөрөнгө оруулалт. Иймд богино биш урт хугацаагаар харах нь зүйтэй. Аваад дар гээд байгаа шүү дээ.

ШАЛТАГ ТООЧИХГҮЙ, ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДДАГ, АЖЛЫН АРД ЗААВАЛ ГАРНА ГЭСЭН ХАНДЛАГАТАЙ ХҮНИЙГ Л ОЛЖ АВАХ ЧУХАЛ

-Та захирал хүн. Цаашид ажилтан авахдаа ямар шалгуурыг чухалчлах вэ?

-Хувь хүний хандлага, ур чадвар, ажлын ард гарна гэсэн эрмэлзэл гурав хамгийн чухал гэж боддог. Эрмэлзэл буюу дотроосоо шатах чадвар нь хүнд хэцүү үед бууж өгөхгүй байх тэвчээрийг, мөн зогсолтгүй урагш тэмүүлэх сэдлийг хүнд өгдөг. Ажлын арга барилаа олж, ур чадвараа хөгжүүлсэн хүн бусдаасаа ялгарна. Гэвч хэчнээн мундаг ур чадвартай, эрмэлзэлтэй байлаа гээд хандлага буруу бол бүх л зүйл буруу болчихдог. Шалтаг тоочихгүй, үр дүнд хүрч чаддаг, ажлын ард заавал гарна гэсэн хандлагатай хүнийг л олж авах чухал гэж боддог.

КОМПАНИ БАЙГУУЛЖ ТОГЛОСОН. ГЭХДЭЭ ИХ ЗҮЙЛ СУРСАН.

-Өнөөдрийн Ц.Бархас гэдэг хүн, өөрийгөө бүтээхийн тулд  олон, олон алдаа, бүтэлгүйтэлтэй нүүр тулсан байх. Хамгийн их юм заасан, хичээх ёстой гэсэн урам өгсөн алдаанаасаа хуваалцаж, залууст урам өгөөч?

-СЭЗДС-ийн оюутан байхдаа хоёр найзтайгаа консалтинг, зөвлөх үйлчилгээ, сургалтын төв байгуулах гэж оролдоод бүтэлгүйтэж байлаа. Хөрөнгө оруулалт шаардахгүй, толгой ажиллуулах ажил учраас энэ чиглэлийг сонгосон юм. Нэг биш нэлээд хэдэн удаа шүү. Тухайн үед үзсэн менежерийн эдийн засаг гэдэг хичээл их таалагдаад, амьдрал дээр ашиглаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд найзуудтайгаа оффисоо олчихлоо, өрөөгөө тохижуулах ширээ сандал авахдаа аль болох хямдыг нь бодоод Эрээн рүү явдаг юм байна. Мөнгө хэрэг болохоор нь нөүтбүүкээ зарчихлаа, аав ээжээсээ ч бас багахан мөнгө авсан. Хоёр найз маань ч бас мөнгө гаргасан. Бид хэд Эрээн явахдаа мөнгөө хэмнэх гээд вагоны билет авахгүй, “туулайчилсан”. Залууст ярьж болох сайхан жишээ биш л дээ /инээв/. Урдаас билет шалгагч ирэхээр хойшоо яваад, хойноос ирэхээр нь урагшаа гүйгээд л. Ингэж Эрээний хил даваад очингуутаа амьдралдаа анх удаа харсан наймаачинд гурвуулаа бүх мөнгөө өгөөд тавилгаа захиалчихлаа. Араас тавилга ирнэ гээд хүлээгээд байдаг, ирдэггүй ээ. Бөөн юм болж байж тавилгаа хүлээж автал хагас дутуу, бас эвдрэлтэй тавилга явуулчихсан байж билээ. Бид хэд аргалаад янзалсан. Сургалт, консалтингийн бизнес маань удаагүй ээ, дампуурсан. Үндсэндээ туршлагагүй хэдэн хүүхдүүд компани байгуулж тоглосон хэрэг. Гэхдээ их зүйл сурсан

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд та залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ажлын явцад том, жижиг алдааны аль нь ч гарч болно. Харин түүнийг шийдэлгүй орхих юм уу, бууж өгөх нь өөрөө хамгийн том алдаа. Асуудал хэзээ ч дуусахгүй, түүнийг шийдээд л урагшил гэж хуучин удирдлага маань хэлдэг байлаа. Үүнтэй санал нийлдэг, тойрч суугаад асуудлаа хэлэлцэхэд ямар ч асуудалд шийдэл заавал байдаг. Тэгээд л асуудлаа шийдээд урагшил, өөр яах билээ. Уйлж, дуулж, эморлоо гээд юу ч шийдэгдэхгүй. Би энэ зарчмыг л баримталдаг.

Нэг гоё үг байдаг даа, “Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд л “Аппрентис Монгол” шоуны ялагч болсон юм шиг харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр өмнө нь олон жил ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй шүү гэж залууст захья.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. маш гоё ярилцлага байна Ухаантай чадвартай хичээнгүй хүүд амжилт хүсье Ард түмэндээ хэрэгтэй их зүйл хийгээрэй

  2. Бархас 10 жилд сурч байхаасаа л маш сайн сурдаг , хариуцлага сахилга баттай сурагч байсан.

  3. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдгийг энэ ярилцлага харуулжээ. Ийм сайхан з####уучууд олон болж байна шүү.Шоунд оролцсон14 з####уучууд бүгд мундаг байсан шүү.

  4. Uuu ger bvltei baisimuu gachin pizdruu chin, business n hurdan dampuurch bogino naslaarai gej haraaya daaa xaxaxa liaz liaz muu sahalt oork min gyah gyah gyah

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button