Нийгмийн

У.Хүрэлсүхийн цуцалсан “Алтайголд” ХХК-ийн лицензийг шүүхээс сэргээлээ

2019 оны наймдугаар сарын 21-нд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ зарлаж байв. Энэ нь угтаа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн сүх далайлтаар доодчуул нь хууль бусаар “хүч түрэмгийлэн” хийсэн ажил. Бүр тодруулбал тухайн цаг үедээ олон нийтэд таалагдаж, оноо авах гэсэн хийрхэл байсан нь цаг хугацааны эрхэнд ил болж байна.

Учир нь хууль, эрх зүйн хувьд илт хууль зөрчиж, хүч түрсэн байдлаар компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн шүүхийн байгууллага эхнээс нь тогтоож эхлээд байна. Бүр тодруулж хэлбэл дээрх цуцлагдсан 23 тусгай зөвшөөрлийн зургаагийнх нь эрхийг одоогийн байдлаар гурван шатны шүүхээс сэргээгээд байна. Энэ тоо цаашид ч үргэлжилнэ. 23-аас хэд нь сэргэхийг бид үргэлжлүүлэн мэдээлсээр байх болно.

-23 ЛИЦЕНЗЭЭС ОДООГООР ЗУРГАА НЬ СЭРГЭЭД БАЙНА-

Хамгийн сүүлд гэхэд “Алтайголд” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр суманд эзэмшиж байсан MV-012470 дугаартай лицензийг сэргээлээ. Тус лицензийг 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхийн эхийн хилийн заагаас чөлөөлж “Алтайголд” ХХК-д олгож байсан. Улмаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн байдаг. Тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг 2006 онд тогтоож нийт В+С зэргээр хими цэврээр 806.20 кг алтны нөөц байна гэж тогтоосон байна.

Өнгөрсөн 2019 оны наймдугаар сард Засгийн газраас тусгай зөвшөөрлүүдийг цуцалсантай холбогдуулан нутгийн иргэд тус талбай руу дайран орсон  тохиолдол гарсан. Улмаар тус компанийн угаасан алтыг авч зугтаж, ажилчдыг хөх няц болтол зодсон хэмээж байв.

Өмнө сэргэсэн таван лицензийг дурдъя. Тодруулбал нэгэн цагт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уучлалаар 35 тэрбумын татварын өрөөс чөлөөлөгдөж байсан түүхтэй алдарт Жастин Каплагийн эзэмшилд явсан “Саусгоби сэнд” ХХК-ийн гурван тусгай зөвшөөрлийг буцаагаад сэргээх шүүхийн шийдвэр гарсан.

Дараа нь “Улз групп” ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сум, “Өлийн гол 1” хэмээх газарт орших MV-020442 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг мөн сэргээх шийдвэр гарсан. Түүнчлэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан “Голден хаммер” ХХК-ийн MV00004780 тоот, 738 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргэчихсэн. Өөрөөр хэлбэл дээрх лицензүүдийг хүчингүй болгосон БОАЖЯ, АМГТГ буруутан болсон гэсэн үг.

–БОАЖЯ, АМГТГ ШҮҮХЭД ЯЛАГДСАНЫ ШАЛТГААН НЬ ӨӨРСДӨӨ-

БОАЖЯ, АМГТГ яагаад шүүх дээр буруутан болсоор байна вэ. Уг нь дээрх лицензүүдийг цуцалсан нь нутгийн байгаль орчин хийгээд зон олны зоог тэнийлгэм сайхан шийдвэр байсан. Учир нь Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг болсон гэх. Орхон багийн нутагт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол”, “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлосоор өдийг хүрсэн байдаг.

Гэвч эцэстээ БОАЖЯ, АМГТГ шүүх дээр ялагдах болсон шалтгаан нь ердөө л өөрсдөө олгочихсон тусгай зөвшөөрөл учраас тэр. Өөрөөр хэлбэл БОАЖЯ, АМГТГ-аас албан ёсоор лиценз эзэмшүүлчихээд нэг л өдөр албан хүчээр, Ерөнхий сайдын тушаалаар шахуу цуцалчихаар тэр нь шүүх дээр очихоороо хууль бус болчхоод байгаа юм. Шүүгч нар хэргийг шийдэхдээ хуулийн заалтаа барихаас биш хүн ард, байгаль орчинд ямар хор хохирол учруулсан нь огтхон ч сонин биш. Ийнхүү алтны компаниудын хөлд нэрвэгдэж, уух ус ч үгүй болж байгаа орон нутгийн малчид, хөдөлмөрчдийг баярлуулан гомдоох нь энэ. Дээрх компаниуд шүүхийн шийдвэрүүд албажингууд олборлолтоо эхлэнэ.

Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа хэмээсэн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг шүүхээс ээлж дараалан сэргээсээр байна. Бид энэ талаар цувралаар мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-03-02 12:56

Шүүх шүүх л гэнэ. Нутгийн иргэд шүүх биш гэж үү. Тэд л шүүх байх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button