Top StoriesУЛС ТӨР

Тойм: Хоосон танхим, эзэнгүй кноп

126 гишүүнтэй парламентийн өмнө бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын ирээдүй, эдийн засаг, нийгэмд тал бүрээр өгөөжөө өгч чадах хуулиудыг хэлэлцүүлэн батлуулах өндөр босго бий.

Энэ босгыг одоогийн бүрэн бүрэлдэхүүнээрээ давж чадах уу үгүй юу гэдэг сорилт Д.Амарбаясгалангийн тэргүүлж буй УИХ-ын өмнө хүлээж байгаа. Алаг сөөлжир, өөр өөр үзэл баримтлалтай намуудын дундаас ашиг сонирхол цухалзах бүрт эдгээрийг хэрхэн эмхэлж, зангидан нэгтгэх вэ гэдэг өөрөө парламентийн чадамжид тавих эхний дүн.

Хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байсан хуулиудын дундуур “яаралтай” горимоор орж ирж буй хууль, хэлэлцээрүүд эхнээсээ асуудал дагуулж нэг талдаа манай улсын Засгийн газрын байгаа царайг ч ил тод харуулав.

“Чингис хаан” нисэх буудалд онгоцны түлш цэнэглэх цогцолборыг Оросын болон манай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр оруулж ирэхээр болсон нь хүндхэн сорилт болж буй нь үнэн. Оросын монополь компанийн бүрэн эрхийг улсдаа баталгаажуулж өгөх төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан барьж оруулж ирсний ард Ерөнхий сайдын гарын үсэгтэй. Засгийн газрын эрх парламентаас давах болов.

Нөгөө талд АН-ын дарга Л.Гантөмөр мөн л Оросын эдийн засгийг дэмжин тэтгэх ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг хөөцөлдсөөр ирэх сард эцсийн байдлаар үзэглэхээр болсон. Харин АН-ын хууччуулын нэг З.Энхболд өнгөрсөн 3-р сард Оросын Эрчим хүчний сайдтай “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дайруулах төслийн бүтээн байгуулалтын асуудлаар уулзаж, хэлэлцэж явааг тус улсын дотоод хэвлэлүүдэд бичсэн байв.

Уг нь АН хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа ч сөрөг хүчин гэдэг тодорхойлолтоо бүрэн арилгасан, магадгүй мартсан гэхэд болно. Засгийн газар АН-д Оростой холбоотой томоохон агуулгуудаа өгч, цэгцлүүлж байна гэхээсээ өөрсдийнх нь ашиг сонирхол ч энд явж байгааг үгүйсгэх аргагүй. Өнөөдөртөө Монголын эрх ашгийн төлөө мэт харагдавч, хожмоо нь нэг улсын нөлөөллийн занганаас гарч чадахгүй нөхцөл үүсвэл бурууг нь хэнд тохох вэ. Хамтарсан нэр рүү юу Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар руу юу.

Олон нийтийн хэлэлцүүлэг болсон уг хуулийн ардуур “Антре Ресурс”-ын хоёр талбайн ашиглалтын лиценз мөн л Засгийн газрын шүдний өвчин болоодхов. Манай улсыг “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг хийж, бужигнуулахаас өмнө “Туркоиз Хилл Ресурс” болон “Антре Ресурс” хоорондоо хамтран ажиллах гэрээ, ашиг хуваах гэрээгээр зохицуулаад авчихсан асуудлыг цаг хугацааны хувьд хөөн хэлэлцэж, одоогийн хөрөнгө оруулалтын хуульд оруулж зохицуулах уу шинэ хөрөнгө оруулалтын хууль оруулж ирж шийдвэрлэх үү гэдэг асуудал үүсэхийн хажуугаар Засгийн газрын 34 хувийг хэрхэх агуулга ч энд хөндөгдөөд байгаа. Энэ үеийн Засгийн газар, УИХ-ын олж анзаараагүй гэх үү, гээгдүүлж үлдээсэн чадамжгүй байдлыг өнөөдөр засах уу эсвэл 126 С.Баярцогт болох уу гэдэг нөхцөл үүсчихээд байна.

Нүүрс Монголыг тэжээсэн 2024 он ард үлдэж, экспорт нь нэмэгдсэн ч орлого нь нэмэгддэггүй 2025 онтой золгосноор Сангийн яам Улсын төсвийн тасарсан орлогыг хэрхэх гэдэг нэг асуудалтай нүүр туллаа. Зэрэгцүүлээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг оруулж ирэхдээ одоогийн хүчин төгөлдөр хуулиасаа дордуулж, алдарт алдахын тамтай оффтейк гэрээний заалт бүхий нэмэлт өөрчлөлтүүд оруулж ирэв. Хятадын “Чайна Энержи” анхнаасаа манай биржийн үнээр нүүрс авахгүй гэдэг гэдийлт дээр ийн Чалкогийн гашуун түүхийг Ц.Туваан давтах гэж байна уу гэх нэг хардлага эндээс үүснэ. Урт хугацааны гэрээний сул тал нь ерөөсөө л үнэ өсөхөд дагаж нэмэгддэггүй. Гэтэл одоо оффтейк гэрээний нөхцлийг хуульдаа тусгаад үнэ хямд үед гэрээлчихээд дараа нь үнэ өссөний дараа цаг үеийн нөхцөл байдал руу “чихэх” гэж оролдоод ч нэмэргүй болно. Нэгэнт хийгдсэн гэрээний араас дундаж үнэ өссөн гэдэг бидний шаардлагыг гэрээлэгч тал хүлээж авахгүй л болов уу.

Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан голлох асуудлууд хэлэлцэгдэлгүй дундуур нь яаралтай горимоор шавдуулж байгаа хуулийн төслүүдэд Д.Амарбаясгалан ч тэсгэлгүй чуулганы танхимаас үг дайж харагдсан. Уг нь өөрөө УИХ-ын дарга.

АН өөрсдийн ашиг сонирхол дээрээ л  хэдэн гишүүнээрээ кноп даруулах, МАН өөрсдийн барьж оруулсан хуулиа бүлгээрээ зүтгүүлэх зэрэг нь өөрөө ард түмний төлөөлөл болгон сонгогдсон 126 гишүүн чуулганы танхимын хоосон ширээн дээрх нэрийн пайз төдий болсныг илтгэнэ.

Намуудын амбиц ханхалсан хуулийн төслүүд чүү ай санал өгч байгаа гишүүдийн 50 хувийг давж, дийлэнхдээ чуулган хоосон үзэгдэж байхад кнопуудыг нь өмнөөс нь дарж хууль батлаад байгаа нь парламент үнэгүйдэж буй хэлбэр мөн.

Яг энэ мөн чанараараа 2028 оны сонгууль руу зүтгэвэл олон нийт сонголтоо бүрэн шинэчлэх сонголт тэдний урд бий гэдгийн мартаж болохгүй биз.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
4 сар 20, 2025 15:08

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач

СүрэнПаран
СүрэнПаран
4 сар 20, 2025 18:25
Reply to  Бат

Ухаарахгүй ээ, цаашдаа сөнөлт маань улам даамжирна гэж мэд.

Зочин
Зочин
4 сар 20, 2025 17:03

Энэ 126 бүтэхгүйнээ

УИХ ийг татан буулгая
УИХ ийг татан буулгая
4 сар 21, 2025 15:43

Байхгүй бгаа бүх гишүүд энд тэнд гишүүн нэрийн доор хулгайгаа хийгээд хур�##�аа мартсан
УИХ ииг 2 танхимтай болгож дахин сонгууль явуулья

Холбоотой мэдээ

Back to top button