НИЙГЭМНийгэм мэдээ

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

Айраг нуурын цогцолбор дурсгал нь Завхан аймгийн Сонгино сумын нутаг Айраг нуурын зүүнтээ оршдог. Тус цогцолбор нь том хүрээтэй хиргисүүр, түрэгийн үеийн уран нарийн хийцтэй хүн чулуун хөшөөтөй хоёр тахилын онгон, нуурын өмнө талд орших хас тэмдэг сийлсэн буган чулуун хөшөө зэрэг дурсгалуудаас бүрддэг.

Хиргисүүр бол Монгол орны баруун болон төвийн бүс, хөрш зэргэлдээ Өвөрбайгал, Тува, Шинжаанд тархсан хүрлийн үеийн үндсэн дурсгал юм. Хиргисүүр нь төв хэсэгтээ чулуугуур үйлдсэн овоолго, түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Айраг нуурын хиргисүүр нь дугуй хүрээтэй бөгөөд хүрээний голч нь 300м (хүрээний өргөн 16 м), голын овоолгын голч 32м, өндөр 1.5 м хэмжээтэй. Энэ нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм. Айраг нуурын өмнө талд нэгэн содон дүрслэл сийлсэн буган чулуун хөшөө орших бөгөөд тус хөшөөний арын хэсэгт дөрвөн адууны толгойг эвлүүлэн эргүүлж хас хэлбэрт оруулсан дүрслэлийг сийлжээ.

Манай улсын нутагт илрүүлэн олж бүртгэсэн 1200 гаруй буган чулуун хөшөөдийн дотор үүнээс өөр ийм дүрслэлтэй хөшөө одоо хир тэмдэглэгдээгүй байна. Айраг нуурын зүүн талд хүн чулуун хөшөөтэй хоёр тахилын байгуулмж бий. Эхний тахилын байгууламжын хүн чулуун хөшөө 1.35 х 33 х 16 см, дараагийн тахилын байгууламжын хүн чулуун хөшөө 1.75 х 22 х 14 см хэмжээтэй. Зүүн өмнө зүг чиглэсэн хоёр эгнээ зэл чулуутай. Энэ хоёр хүн чулуун хөшөөд нь хийц дүрслэл уран нарийн бөгөөд бүрэн бүтэн байдалтай юм. Хийц маягийн хувьд дээрх хоёр хүн чулууд хөшөөд нь түрэгийн үед хамаарах юм.

Өдгөө манай улсын нутаг дэвсгэрээс 620 гаруй түрэгийн үеийн хүн чулуун хөшөөдийг илрүүлэн олж бүртгээд байна.Тус цогцолбор дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

GEHDEE ARAI DEER HASHAA BARIAD HAMGAALJ BOLOH UU? YASAN GUILAGCHINGIIN HASHAA BE?

Холбоотой мэдээ

Back to top button