УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томиллоо

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо. Тодруулбал, чуулганд оролцсон гишүүдийн 64 гишүүн оролцсоноос 48 гишүүн дэмжиж 76 хувийн саналаар дэмжлээ. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

ТББ-ын байнгын хорооны даргад нэр дэвшиж байгааг дэмжиж байна. Гол байнгын хорооны даргаар томилогдож байгаа учраас хэдэн зүйл асууя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон урт хугацааны бодлогын бичиг баримтад тусгагдсан төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай холбоотой асуудал байна.

УИХ-ын Ёс зүйн дүрмийг яаралтай батлуулах шаардлага байна. Мөн Засгийн газраас өргөн барих ёстой Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал. Төрийн өндөр албан тушаалтай улсууд эхнэр нөхөр, үр хүүхдээ төрийн албанд томилдог. Энэ асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Эрдэнэтийн 49,51 хувь. Сү.Батболдтой холбоотой асуудал байна. Шалгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ёс зүйн дүрмийг батлуулах асуудал хүлээгдэж байгаа. Яаралтай батлуулах ёстой. УИХ анхаарал тавих ёстой. Нийгэмд янз янзын асуудал үүсэж байна. Төрд очиж ажиллахаараа дандаа эрх ярьдаг. Ард түмэндээ үйлчлэх үүргээ умартаад байдаг тал бий. Тиймээс сахилга хариуцлагатай, жудаг зарчимтай, хууль дээдэлдэг байх ёстой. Тиймээс хуулийг сахиулах асуудлыг ТББХ цаашид үйл ажиллагааны зарчим болгож ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ж.Мөнхбат гишүүнийг дэмжиж байгаа. Ж.Мөнхбат гишүүн Засгийн газар огцроод, шинэ Засгийн газар байгуулагдах үед сайдын нэрд дэвшүүлэхэд татгалзсан гэх мэдээлэл байдаг. ТББХ бол бодлого тодорхойлох байнгын хороо. Олон хуулиуд хүлээгдэж байгаа. Сонгуулийн, Улс төрийн намуудын тухай хууль. Төрийн дээр нам гарсан асуудлыг цэгцлэх үү гэдгийг та шийднэ. Маш хариуцлагатай хандахыг хүсэж байна. Сонгууль болохоор улс төрждөг асуудал УИХ руу орж ирлээ. Нийгэмд болж байгаа асуудал шийдэхийн оронд сонгуульд зориулсан хийрхэлүүд дэгдээж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ТББХ-ын даргад Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Нэг л үг хэлье. Ардын хувьсгал ялаад 100 жил, ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж байна. Нэг нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа оруулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулна гэж. Гэтэл Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна. Тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид чинь хүний эрхийг ноцтой зөрчдөг боллоо. Эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулдаг боллоо. Хэлмэгдүүлдэг боллоо. Бизнес болон бусад зүйлийг нь дээрэмддэг боллоо. Шударгаар ажиллаж байгаа хууль хяналтынхан мэдээж байгаа. Тэр дунд завхруулж байгаа хүмүүсийг төрийн албанаас зайлуулж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Хүний эрхийн асуудлын төлөө бага санаа тавьдаг болжээ. Энэ 30 жилд Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг асуудлыг анхааралдаа авах ёстой. Өөрт оногдсон эрх мэдэл боломжоо хэтрүүлж, Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаатай цаашид хатуу хариуцлага тооцож ажиллах ёстой гэж бодож байна. УИХ түр хороо байгуулж хяналт шалгалт хийх эрх нээгдсэн. Тиймээс төрийн байгууллагуудын асуудлуудыг авч хэлэлцэх шаардлага байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Байнгын хорооны даргаар хэнийгээ тавих нь сонин биш. Хэн ч тавигдсан юу хийх нь сонин байна. Төрийн байгуулалтын асуудал сүүлийн үед Монголд биш болж байна шүү. Өнгөрсөн онд баталсан нэг л хууль хэлье. Монгол Улсын Үндсэн хуульд дүүрэг, хороонд хуваагдана гэдэг. Гэтэл 62 хүн хүч түрж байгаад Нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагдана. Хэсэгтэй байж болно гэж байгаа юм. Үндсэн хуулийг зөрчиж, төрийн байгууллыг эвдлэн сүйтгэж байна. Цаад зорилго нь ойрын үед болох сонгуулиудад албан бус сонгуулийн бүс үүсгэж хуулийн дагуу мөнгө төгрөг өгөх гэж байгаа юм.

Монгол Улсын төрийн байгуулал эвдрэн сүйдэж байна. Миний нүдэн дээр ҮАБЗ-ын гурван гишүүн энд орж ирээд олон улсын хэмжээнд хэрүүл зодоон хийж байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд асар том аюул занал учирч байгаа хэрэг. Нөгөө талаас 62 хүнтэй энэ том нам арай л их аархаж, хүч түрж, бярдаж байна. 100 хувь монголчуудын саналыг аваагүй шүү дээ. Арай хэтэрч байна. Нэлээд оодорч байна. Буруу шүү. Санаж яваарай. Сонгуулийн хууль чинь мөнгөний хууль болсон. Ухуулагчийн цалинжуулна гэдгээс эхлээд монгол төрийг мөнгөөр болгох уралдаан тэмцээн хийж байна. Засаж залруулж өгөөрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button