Завхан аймаг руу хүнс, шаардлагатай бараанаас бусад тээвэр хийлгэхгүй

Завхан аймгийн ачаа тээврийн жолооч С, Д нарыг Улаанбаатар хотод байх хугацаанд нь буюу 2021 оны энэ сарын 19-ний өдөр PCR шинжилгээний хариу нь эерэг гарч ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Жолооч С нь энэ сарын 12, Д нь 14-ний өдөр Улаанбаатар хотруу тээвэр хийсэн бөгөөд энэ сарын 17-ны өдөр өгсөн PCR шинжилгээний хариугаар халдвар авсан болох нь батлагдсан.
Иймд Завхан аймгийн мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, дээрх жолооч нар Завхан аймагт байх хугацаандаа харьцсан ойрын хавьтлын 53 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарлаа.
Мөн эдгээр 53 иргэнээс гадна Шилүүстэй сумаас 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө буюу 2021 оны 3-р сарын 21-ний өдрийн 09:30 цагийн үед Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү тээвэрлэлээ.
Шинжилгээний хариуг аль болох хурдан хугацаанд гаргаж өгөх хүсэлтийг тавиад байна. PCR шинжилгээний хариу гартал дээрх 53 иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
Цаашид ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний тээвэр болон зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Мөн ачаа тээврийг нэг цэгээс буюу Богдын гол багийн гүүрний хажууд байрлах бетонон хашаанаас түгээх бөгөөд тээвэр буулгах жолооч нар болон ачаа авах иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг онцгойлон анхааруулж байна.
Эрсдэл өндөртэй Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай гурван тохиолдлоор өдөрт 30 гаруй машин 100 орчим иргэн Завхан аймагт ирж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирсэн хүнтэй хавьтал болгохгүй байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүүхэдтэй өрхийн гэр бүлийн гишүүн нь голомт бүхий газруудаас ирж, тухайн иргэнийг тусад нь тусгаарлах боломжгүй нөхцөлд хүүхдээ хамт тусгаарлана уу. Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирж буй иргэн бүр өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа тул 7 хоногийн гэрийн тусгаарлалтаа чанд мөрдөх шаардлагатай.
Ийнхүү Завхан аймгийн ачаа тээврийн 2 жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд нарийвчилсэн тандалт судалгааг үргэлжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.