СПОРТ

ТАНИЛЦ: “Токио-2020” олимп, паралимпийн эрх аваад буй монгол тамирчид

Токиогийн олимп, паралимпийн наадам болох мөч өдрөөс өдөрт ойртсоор. Цар тахалтай, Япон улс гаднаас жуулчид хүлээж авахгүйгээр зохион байгуулахаар болсон тус наадамд онцлох зүйл олон. 1964 онд Япон улсын Токио хотод зохион байгуулсан олимпод Монгол Улс анх удаа оролцсон түүхтэй. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн улсад тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болох гэж буйгаараа онцлогтой.

Монголын тамирчид спортын ямар төрөлд олимп, паралимпийн эрх аваад буйг сонирхуулъя.

БОКС

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын болон Азийн аварга ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР

ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпод оролцох болзол хангасан өнгөрсөн сард албан ёсоор баталгаажсан.

Архангай аймгийн Чулуут сумын харьяат түүний 2017-2020 гаргасан амжилтыг нь үндэслэн, Токиогийн олимпод хүч сорих эрх олгосон юм. Ингэснээр Э.Цэндбаатар олимпийн дэвжээнд хоёр дахиа өрсөлдөхөөр болов. Тэрбээр Риогийн олимпод анх оролцохдоо хүрэл медалийн төлөөх тоглолтод дийлдэн, V байрт шалгарсан юм.

Э.Цэндбаатартай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ

2020 оны гуравдугаар сард Йордан улсын Амман хотод олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээнээс Б.Чинзориг хүрэл медаль хүртэн, олимпын эрх авсан. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий мөнгөн медальт тэрбээр эрэгтэйчүүдийн 63 кг-д хүрэл медаль хүртэн, олимпын дэвжээнд хоёр дахь удаагаа өрсөлдөх болзол хангасан юм.

Б.Чинзориг хүрэл медалийн төлөөх тоглолтод Энэтхэгийн Каушик Манишийг ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Узбекистаны Е.Абдураймовт 3:2-оор дийлдсэн. Ингэснээр Монголын боксчдоос Токиогийн олимпын анхны эрхийг аваад байгаа юм.

Олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй боксчин МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ

Монголын боксын холбоо төдийгүй Монгол Улс эмэгтэй ширэн бээлийтнээрээ олимпийн эрх авахуулах нь гол зорилгынх нь нэг байсаар ирсэн. Тэгвэл энэ зорилгодоо өнгөрсөн сард хүртсэн юм.

Монгол Улсын эмэгтэй боксчдын түүхэнд олимпийн анхны эрхийг эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Ширэн бээлий” клубийн тамирчин Мөнхбатын Мягмаржаргал хүртсэн.

Түүхэн амжилтын эзэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ЧӨЛӨӨТ БӨХ

BATTSETSEG

Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Токиогийн дэвжээнд зодоглох эрх авсан юм.

Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын шавь тэрбээр мөн 2019 онд ДАШТ-д V байрт шалгарч, Токиогийн олимпийн эрх хүртсэн юм.

Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. С.Батцэцэгийг өнгөрсөн жил УАШТ-д түрүүлснийх нь дараа олимпод сойхоор болсноо МЧБХ-ноос албан ёсоор мэдэгдсэн. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга олимпын эрх авсан ч түүнийг “Токио-2020”-д зодоглуулах эсэхийг МЧБХ, үндэсний шигээ багийнхан шийднэ. Сонирхуулахад, өнгөрсөн жил УАШТ-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран Т.Тулгыг 4:3-аар ялсан юм.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор өчигдөр Казахстан улсыг зорьсон юм.

БУУДЛАГА

Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ОТРЯДЫН ГҮНДЭГМАА.

Тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Улмаар долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь давтахад бэрх амжилт. Олимпийн наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин үгүй.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ.

Буудлагын спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр 2019 онд БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд V байрт шалгарч, олимпийн эрх авсан.

Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн Э.Даваахүү оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Тэгэхдээ төрсөн ах Э.Бадамгарав болон О.Төгөлдөрийн хамт хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метр, сонгомол гар бууны 50 метрийн дасгалд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 

23 настай ЦОЛМОНБААТАРЫН АНУДАРЬ.

2019 жил БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн.

Улмаар ОУХМ цолны болзол хангахын сацуу “Токио-2020”-д онч сорих болзол хангасан юм. Ц.Анударь Токиогийн олимпийн эрх авсан Монголын анхны тамирчин.

Азийн АШТ-ий мөнгөн медальт ОЮУНБАТЫН ЕСҮГЭН.

21 настай, дасгалжуулагч Ж.Ганхуягийн шавь тэрбээр хоёр жилийн өмнө Азийн дэд аварга болохдоо Токиогийн олимпийн эрх авсан юм.

Хөнгөн атлетик (марафон):

Монгол Улсын гавьяат тамирчин БАТ-ОЧИРЫН СЭР-ОД

Б.Сэр-Од гавьяат 2021 оны хоёрдугаар сард Японд болсон хөнгөн атлетикийн 76 дахь удаагийн тэмцээнд 33 дугаар байрт орон, улмаар олимпийн эрхийн болзол хангасан. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анхны тодотголт олон амжилтын эзэн тэрбээр тав дахь олимпдоо оролцохоор болсон юм.

Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ БАЯРЦОГТЫН МӨНХЗАЯА.

Бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийн, тэмцээнд оролцдог тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Улмаар дараа нь Австралид, хэдхэн хоногийн өмнө Японд болсон тэмцээнд оролцохдоо хоёуланд нь олимпийн эрхийн болзол биелүүлсэн юм.

Монголын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БЯМБАЖАВ.

Азийн АШТ-ий хүрэл медальт, “Рио-2016”-д хурд сорьсон туршлагатай тэрбээр өнгөрсөн жил Японд болсон олон улсын тэмцээнд V байрт шалгарахдаа “Токио-2020” олимпод оролцох болзол хангасан юм.

Уншигч та бүхэн олимпийн эрх авлаа бус болзол хангалаа гэж тодотгосныг анзаарсан биз ээ. Учир нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) олимпод оролцуулах тамирчаа албан ёсоор зарладаг учиртай. Тэр үед л тамирчдын олимпийн эрх албан ёсоор баталгаажна.

БАЙТ ХАРВАА

2019 онд Тайландад болсон байт харвааны олимпийн эрх олгох Азийн АШТ-ий ганцаарчилсан төрөлд “Токио-2020”-д оролцох эрх авсан БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД.

Тэрбээр улсын хошой аварга, дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

САГСАН БӨМБӨГ (3х3):

Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар.

Манай эмэгтэй тамирчид дэлхийд чансаагаараа эхний дөрөвт багтан, ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгчидтэй хамт олимпийн эрх авсан. Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид уг нь чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн, “Токио-2020”-д оролцох болзол хангачихсан байсан. Гэтэл манайхны ард V-т бичигдсэн япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн, цагаан хуудсаар эрэгтэй тамирчдаа сойх болсноор тэд мултарсан юм. Гэхдээ бүх зүйл ингээд дуусаагүй. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр ч тэмцээнээс “Токио-2020”-д оролцох эрх авах боломжтой.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Өнгөрсөн сард болсон ширээний теннисний дэлхийн болон Азийн бүсийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин олимпийн эрх авсан нь яах аргагүй түүхэн үйл явдал байлаа. Эл анхдагч амжилтын эзэд бол улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн, 2018 оны улсын аварга, 18 настай Б.Болор-Эрдэнэ нар юм.

Монголын ширээний теннисчид 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байсан түүхтэй.  Ийнхүү 60 жилийн дараа түүхэндээ анх удаа олимпод оролцох эрх өвөртөллөө.

“Токио-2020” паралимпийн эрх авсан монгол тамирчид:

ПАРА ПАУЭРЛИФТИНГ

Нийслэл хотын хүндэт иргэн, паралимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ.

Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.

Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

ПАРА ТАЕКВОНДО

Дэлхийн дөрвөн удаагийн аварга ГАНБАТЫН БОЛОР-ЭРДЭНЭ.

Тэрбээр 2019 онд ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 61 кг-д паралимпийн эрх авсан юм. Дэлхийн чансааг тэргүүлдэг Г.Болор-Эрдэнэ Азийн АШТ-ий гурвантүрүү, нэг хүрэл медальтай.

Дэлхийн хошой аварга Х.ЭНХТУЯА.

Пара таэквондогийн төрөлд дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин тэрбээр 2019 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд оролцох болзол хангасан. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг Х.Энхтуяа Азийн АШТ-ий дөрвөн түрүүтэй.

ПАРА БУУДЛАГА

Пара буудлагаар хичээллэдэг Монголын хуруу дарам тамирчдын нэг нь ОУХМ ЗАНДРААГИЙН ГАНБААТАР.

38 настай тэрбээр 2019 онд АНЭУ-д болсон пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд оролцохдоо 542 оноогоор шигшээд шалгарчээ. Улмаар эл амжилтаар “Токио-2020” паралимпийн наадамд оролцох эрх авсан юм.

Ховд аймгийн харьяат тэрбээр “Дубай-2011” дэлхийн наадмын мөнгө, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медальт, таван жилийн өмнө ДАШТ-д долдугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай З.Ганбаатар “Рио-2016”-д өрсөлдсөн туршлагатай.

ПАРА БАЙТ ХАРВАА

Пара байт харвааны тамирчин Н.МӨНХБААТАР.

Спорт мастер цолтой тэрбээр 2019 онд Тайландад болсон Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд онч сорих болзол хангасан юм.

Одоогоор Монгол Улс олимпийн 16, паралимпийн таван эрх аваад байна. Цаашид монголчууд спортын олон төрөлд Токиогийн олимп болон паралимпийн эрх авах боломжтой. Жүдо, хүндийг өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондогийн төрлөөр олимпийн эрх нэжгээдийг нэмж өвөртлөх нь ойлгомжтой.

Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд манай эрэгтэй тамирчид Токиог зорих “тийз”-ээ захиалах магадлал тун өндөр. Үүний сацуу пара жүдо, хөнгөн атлетик, байт харваа зэрэг цөөнгүй төрөлд паралимпын эрх нэмж авах бүрэн боломж бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button