Засгийн газар: Нас барсан иргэдийнхээ гэр бүлд эмгэнэл илэрхийлье

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ.
С.Амарсайхан: Манай улсад мутацид орсон вирус илэрлээ
Шадар сайд С.Амарсайхан “Халдварын тархалт нэмэгдэж байна. Хаврын улиралд халдварт өвчин ид тархдаг цаг үетэй зэрэгцэн эрчимтэй цар хүрээгээ нэмж байна. Тиймээс хатуу хөл хориог үргэлжлүүлж, тархалтыг багасгах зайлшгүй шаардлага байна.
Хоёрдугаарт мутацийн төрөл манай улсад урьдчилсан байдлаар лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Турк улсаас ирсэн иргэнээс илэрсэн байна” гэлээ.
Л.Баттөр: Мутацид орсон вируст вакцин үр дүнгүй гэх судалгаа байхгүй
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдварын тоог багасгах зорилго байсан ч харамсалтай нь тэр тоондоо хүргэж чадсангүй. Хөл хорионы эрчим төдийлөн буурсангүй. Хөл хорио зарлаагүй бол өдрөөс 3000-4000 хүн өвчлөх эрсдлээс сэргийлж чадсан.
Мутацлагдсан хэлбэрийн хувьд албан ёсоор тодорхойлж зарлах ёстой. Манай гурван эмч Япон улс руу 20 орчим сорьц явуулж судалгаа хийж байгаа. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс PCR шинжилгээнд суурилсан мутаци илрүүлэх шинжилгээ хийж үзсэн. 33 сорьц хамруулснаас Турк улсаас ирсэн гурван иргэнээс Их британи хувилбар байна гэсэн урьдчилсан судалгааны үр дүн гарсан.
Энэ хүмүүс Турк улсаас ирээд ХӨСҮТ-д 10 орчим хоног эмчлүүлж байгаа. Мөн олон нийт дундаас хүнд мутац хэлбэр гарсан. Бусад хүмүүс нийтлэг хэлбэрүүд илэрсэн. Тиймээс хүн амын дунд өргөн тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирж эцсийн баталгаатай хариуг хэлнэ.
Баримтлах эмчилгээ, халдвар хамгааллын дэглэм яг адилхан. Вакцин үр дүнгүй гэсэн судалгаа байхгүй. Жил гаруй хугацаанд 20 мянга орчим мутацлагдсан хэлбэр гарсан. Нас баралтыг бууруулахад эрт оношлогооны арга хэрэглэх ёстой. Одоо шинж тэмдэгт суурилж, тусламж үйлчилгээ үзүүлэх стратеги рүү орсон. Мөн ХӨСҮТ, ЦТЭ, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр тусламж үзүүлдэг байсан бол сүүлийн өдрүүдэд хувийн эмнэлгүүдийг татан оролцуулж байна.
Уушигны аппарат 800 орчим байдаг. Бүгд ашиглаад нөөцгүй болсон зүйл байхгүй. Экмо аппарат нэг л байгаа. Энэ аппаратанд хүн бүр орох заалт байхгүй” гэв.
С.Энхболд: Халдвар авсан хүмүүс богино хугацаанд эрчимт эмчилгээнд орж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сүүлийн сар гаруй хугацаанд халдвар авсан иргэд хүндэрч байна. Нас баралт огцом нэмэгдсэн нь хөл хориог сунгах үндэслэл болсон. 65-аас дээш настай иргэд хүндэрч байсан бол нас залуужиж байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж байна.
Халдварын тархалт эрчимтэй үед вакцинжуулалтын үр дүн багасна. Тиймээс хөл хорио тогтоож байж үр дүн өгнө.
Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсан. Өдөрт батлагдаж байгаа тохиолдол 1000-ас дээш гараад байгаа нь ойрын хавьтлуудаас илэрч байгаа. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар гарч байгаа тархалтыг хумьдаг. Нас баралтууд нэлээд гарч байна. Нас барсан иргэдийнхээ гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Дийлэнх нь суурь өвчтэй, даралт ихсэх, чихрийн шижин өвчтэй байсан.
Нийт батлагдсан тохиолдлын тавны нэг буюу 5408 хүүхэд халдвар авсан. 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Хөдөө орон нутагт тусгаарлах байрны хомсдол үүссэнээс болж хөнжил байхгүй гэх асуудал гарсан. Аймгийн ОК, эрүүл мэндийн газрын дарга нарт тогтмол зөвлөмж заавар өгч байна.
Батлагдсан тохиолдлуудаас өдөрт 2-3 удаа асуумж авч, биеийн байдлыг үнэлж байгаа. Хэрэв эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол PCR шинжилгээ хүлээх хэрэггүй. Амт үнэр мэдрэхгүй, халуурч байгаа бол шууд өрхийн болон дүүргийн эмнэлэгт ханд” хэмээсэн юм.
Ж.Амгалан: Зөвшөөрсөн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана
УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан “Хөл хорионы үед улаан түвшинд шилжиж ажиллаж байгаа. Улаан үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг нэлээд олон байгууллага байгаа юм. Тэр байгууллагуудын тээврийн хэрэгслийн, түүнийг дагасан явган хүний хөдөлгөөн маш их байна. Тиймээс халдвар хумигдахгүй байна.
Тиймээс улаан зэрэг дээр хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийнэ. Боловсруулаад дуусч байна. Тодорхой хязгаар тогтоохгүй бол болохгүй байна. Зуугаад мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Халдвар аваад халдвар түгээгээд яваад байна” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автобусаа явуулахаа болиоч. Хүмүүс автобусаар их зорчиж байна шүү дээ амгалаан.
Доромжлоод ханахгүй п...даа юм даа