Ковидын түр хороо гуравдугаар сарын 31-нээс хойш өнөөдөр нэг хуралдах нь
Өнөөдөр УИХ-аас байгуулагдсан ковидын түр хороо 11.00 цагаас хуралдах товтой байна. Энэ түр хорооны үүргийг албанаар үгчилбэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах гэж буудаг.
Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонсох юм байна.
Онцлоход, өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр С.Одонтуяа гишүүн уг түр хороог "Халдварын нөхцөл байдал хүндрээд байхад гуравдугаар сарын 30-наас хойш хуралдаагүй байна. Ингэж ажиллах юм бол татан буулгах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл хэлж байсан юм.
Албан мэдээлэл харвал түр хороо гуравдугаар сарын 31-нд хуралдсан бөгөөд үндсэн үүрэгт сард нэг удаа хуралдана гэж заасан байдаг юм байна. Гэсэн ч дөрөвдүгээр сарын эхэн, дундуур коронавируст халдварын тохиолдол өдөр бүр 1000 даван бүртгэгдэж, Засгийн газар уяладаагүй ажиллаж байхад шуурхай хурал зарлан хуралдах нь хариуцлагын асуудал юм.
Уг түр хорооны бүрэлдэхүүнд М.Оюунчимэг, Б.Баттөр, Н.Алтанхуяг нарын УИХ-ын гишүүд багтдаг.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.