ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжсэн. Тодруулбал эл дүгнэлтийг хүлээж авснаар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон юм.
Тэгвэл ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлснийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Байнгын хороодын санал дүгнэлтийг яг одоо Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өнөөдөр энэ хоригийг хүлээн авахгүй тал руу явах юм байна. Монголын ардчилалд аюул учирлаа. Энэ бол цаанаасаа зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан гэдэг нь тодорхой байна. Хууль тогтоох байгууллага маань өөрийнхөө баталсан хуульд тавьсан дүгнэлтийг өндөр хувьтай хүлээн авч байгаа нь нөхцөл байдал хаашаа явж байгааг харуулж байна. Өнөөгийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхэд болон ардчиллын суурь зарчимд бүдүүлгээр халдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Муухан найруулагчийн ядмагхан найруулсан жүжгүүд хаана хүрээд зогсохыг мэдэхгүй байна. Эцсийн цэгийг ард түмэн тавьж өгөх л үлдээд байх шиг байна. Ерөнхийлөгч бол аль нэг нам бус, эв нэгдлийг илэрхийлэгч хүн л дээ. Бодвол та нарыг тулхтай 100 жил болох гэж байгаа хүчин гэж бодоод хамтарч ажилласан байх. Итгэл найдвар нь биелсэнгүй. Шударга ёс олигтой сахигдсангүй. Үйл явдлыг өрнөл шог гараа шиг юмнууд явж байна. МАН, МАХН нэгдлээ. Нөгөө муу С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эрхтэй болоод ороод ирсэн. Гэтэл түүнийг нь байхгүй болголоо. 11 гишүүнтэй АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг байхгүй болгож байна. Хүүхдүүдээ гадаадад татвар төлөгчийн мөнгөө сургаж байна. Удахгүй ирээд шууд ажилд орох гэж байна. Үүнд МАН-ын шударга гишүүд дургүй байгаа байх. Тиймээс хуулийн дагуу АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя” гэлээ.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, нэр дэвшигчдийн бүртгэл эхлэх гэж байгаа учраас цаг байхгүй хэмээн УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН өөрсдийнхөө дотоод дайныхаа учрыг олчихоод өөр намынхан руу үг хэл дээ. Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж, өрөөлийн толгой дээрх үсийг харав гэдэг л болж байна шүү АН-ынхаан.