СпортСПОРТ

Хоёр аварга, таван арслангаас "Чингис хаан цом"-ын эзэн тодрох уу

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааны баруун, зүүн талыг Дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар магнайлан барилдана. Өнгөрсөн жилээс Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож эхэлсэн. Тэгвэл энэ жил хоёр аварга, таван арслан, долоон заан барилдах бөгөөд чансаатай аймаг цэргийн арслангууд цолны эрэмбээр багтаж чадалгүй хасагдсан.

Чансаагаараа Улсын наадам, Цагаан сарын бөхийн барилдаануудын дараа орох тус барилдааны өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын харцага Э.Даш барилдахаар бүртгүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн үзүүр бөх улсын заан С.Сүхбат дутуугаа гүйцээхээр барилдана.

Бөх сонирхогчдын тааварт зүй ёсоор нэрлэгдэх бөхчүүд бол Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар. Б.Орхонбаярын тухайд энэ жилийн барилдаанд бүртгүүлээгүй юм. Тэрбээр Монгол, Солонгос улсын "Соёлын элч" болж, фенүүдтэйгээ уулзахаар БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл байна. Харин Э.Батмагнайн хувьд бөхийн өргөөнд болсон "Алтан цом"-ын төлөөх барилдаан 10 барилдаж 10 даваа аваад буй. Ер нь унах тун дургүй байгаа юм. Залуу арслангийн хувьд өнгөрсөн жил тус барилдааны хоёрын даваанд Увс аймгийн арслан Б.Нямсамбууд өвдөг шороодсон байдаг. Энэ жил түрүүлэх өндөр магадлалтай гэж бөх сонирхогчид харж байгаа аж.

Мэдээж том барилдаанд том цолтнууд үлддэг. Яахын араггүй дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар түрүү бөхийн тааварт яригдана. Мөн заанууд дээшээ барилдах нь тодорхой. Түүнчлэн Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл болон залуу заан С.Сүхбат нар тааварт зүй ёсоор нэрлэгдэж байна. Харцагуудаас Б.Зоригтбаатар бүртгүүлээгүй бөгөөд Н.Золбоо, Т.Баасанхүү тэргүүтэй 12 харцага цолтон барилдана. Улсын начин цолтой 21 бөх хүч үзнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Түгжил
Түгжил

Бөх баялаг бүтээгч биш. Зүгээр л түмэн олноо цэнгүүлэгчид. Юу одон модон.

Холбоотой мэдээ

Back to top button