ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжсэнээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон юм.
Тэгвэл ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлснийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлгээс завсарлага хүсч, УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өгсөн. Улмаар чуулганы хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, гишүүд, асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр АН-д өгсөн хоёр цагийн завсарлага дууссан учраас МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргав. Тэрбээр Засгийн газрын мэдээллийн цагаа түр завсарлуулаад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх горимын санал гаргасан юм. Улмаар гишүүдийн 66.7 хувийн саналаар горимын санал дэмжигдлээ.
Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай завсарлагыг ажил төрөл хийх боломжгүй цаг хугацаагаар өгч байна. Тиймээс завсарлагыг сунгах санал гаргаж байна” гэлээ. Харин маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл эхлэх учраас завсарлага өгөх боломжгүй гэж УИХ-ын дарга хэллээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэх байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувийн саналаар байнгын хороодын санал дэмжигдлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.