Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд “байцаагдав”


Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар буцаж улс төрд орохын тулд АН-ыг ашиглаж байна гэв
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.
Энэ үеэр талбай дээр “Нэг намын дарангуйлал үүслээ” хэмээн өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүдийн талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Зөвхөн АН гэсэн нэр, МАН гэдэг нэрнээс болж тухайн хүн ардчилсан үзэл баримтлалтай байх уу, үгүй юу гэдэгт эргэлздэг. Өнгөрсөн 12 жил бид ардчилсан тодотголтой Ерөнхийлөгчтэй байсан. Энэ үед Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүнийг 3,4-т байсан саналаар шүүхээр “мэс засал” хийлгэсэн тохиолдол Ц.Элбэгдоржийн үед болсон. Олон хүн шоронд орсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал байна. Ардчилсан улсад мөрдөн байцаагч, прокурор, анхан, давах, хяналтын шатны шүүх нэг дохиураар ажиллаж хоёр хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдэг байдаар яллачихсан. Энэ нь одоо эрүүдэн шүүсэн гэдэг нь илэрч, шүүхээр шийдэгдээд прокурор ээргүүцэл бичээд явж байна. Тэд хүний амь нас хөнөөгөөгүй байсан бол яах вэ. Энэ ардчилал мөн үү. Сүүлийн дөрвөн жил Х.Баттулга гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байна. Б.Баасанцогт, А.Гансүх нартай холбоотой асуудалд эмзэглэсэн. Ц.Элбэгдоржоос юугаараа ялгаатай байгаа юм бэ. Яахаараа шүүгч нар луу мөнгө шилжүүлдэг юм бэ. Яахаар шүүгч нар нэг байранд бөөнөөрөө архи уугаад, ял төлөвлөөд байж байдаг юм бэ. Яахаараа банк булааж авах гээд хуулийнхан оролцоод явж байдаг юм бэ. Яахаараа зарим прокурорууд тэдэнтэй нийлээд явж байдаг юм бэ. Яахаараа Аюулгүйн зөвлөлийн нарийн бичиг дарга гэдэг хүн шүүхэд чиглэл өгөөд явж байдаг юм бэ. Энэ ардчилсан үйлдэл мөн үү. Тиймээс наанатай цаанатай харах ёстой.
Н.Энхбаяр, Н.Багабанди нарын үед ийм зүйл болж байсныг санахгүй байна. Тэр хүмүүс МАН-аас сонгогдсон гээд ардчилсан бус үзэлтэй гэвэл санал нийлэхгүй.
Гадна болж байгаа энэ асуудал бол шулуухан хэлэхэд Ц.Элбэгдорж намын дарга болж тамгаа авах уу, Х.Баттулга гэж хүн намын дарга болж тамгаа авах уу. Аль аль нь экс Ерөнхийлөгч. Буцаж улс төрд орохын тул АН-ыг ашиглах уу гэдэг улс төрийн үйлдэл. Үүнд МАН ямар ч хамаа байхгүй. Хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч шүүх дээр байгаа эрх мэдлийнхээ тоогоор өрсөлдөж байгаа. 12 жилийн хугацаанд МАН-аас шүүхийн нэг ч томилгоонд оролцох боломж байхгүй” гэв.
Наадам тэмдэглэхийн тулд иргэн бүрийн хичээл зүтгэл чухал гэв

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “100 жилийн ой, сайхан наадмаа хийхийн төлөө ажиллаж байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэхийн тулд иргэн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү” гэв.
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар гэм буруугүй бол гишүүнээсээ түдгэлзээд, шалгуулаад ороод ир

Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авч байна. Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл ёс зүйд нийцнэ. Би энэ талаар хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа уламжилсан” гэв.
Л.Оюун-Эрдэнэ: Шилдэг менежерүүд төрд урилгаар ажиллаж болдог байгаасай

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс манай Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам асуулт асуулаа.
-2050 он хүртэл гээд он яриад байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хугацаанд яг ямар ажлууд нь амжих юм бэ. Тодорхой хугацаа хэлээч. Оюутолгойн гэрээний хувьд “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд захирал ирээд хэдэн хаалттай уулазлт хийж манайхыг тандчихаад явж байхад манайх зөвлөх үйлчилгээ хандиваар авах зүйл яриад сууж байна. У.Хүрэлсүхийн үед ч хоёр тал ашигтай ажиллах ёстой гээд яриад сууж байсан шүү дээ?
-Уртаар ярих нь зөв. Гэхдээ урт хугацаанд богино хугацааны зорилт байх ёстой. Ойрын хугацаанд Оюутолгойн гэрээ сайжирна. Далд уурхайн бүтээн байгулалтын ажлыг эхлүүлнэ. Цахим шилжилт хийгдэж дуусна. Хоёр төмөр зам баригдаж дуусна. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам. Богдхаан төмөр замын ажил эхэлнэ. Дарханы зам дуусна. Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалтад орж, бүтээн байгуулалт эхэлнэ. Хоёр боловсруулах үйлдвэр эхэлнэ. Тавантолгой цахилгаан станц дуусна. Гэхдээ энэ том төслүүдтэй холбоотой асуудалд хугацаа ордог учраас явуулж байх нь зөв гэдэг хатуу байр сууринд зогсоно. Гэнэт нэг өдөр үр дүн гарахгүй.
-Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэгд шударга ёс гэж орж ирсэн байна. Тэгчхээд коронавирусийн үед сонгон шалгаруулалтгүйгээр төрийн удирдах ажилтан, төрийн өмчит компани, агентлагийн дарга нарыг томилж болдог хууль баталчихсан. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, идэж уусан нь олонд ил болчихсон хүмүүс томилогдоод байна. Энэ хүмүүсээс болж олон нийтийн төрд итгэх итгэл сулраад байна. УИХ-аас баталсан хууль л даа. Төрд чадавхитай хүмүүс нь ажилладаг байдлаар энэ хуулиа өөрчилж болдоггүй юм уу?
-Томилгоо, төрийн албатай холбоотой хуулийг эргэж харахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийнхөнтэй уулзсан. Шалгууртай холбоотой эргэж харах асуудал байна. Дахин шалгалт авах уу, аддистатчлах уу гэдгийг ярьж байна. Чадвартай төрийн албан хаагч байх, шатлан дэвших ёстой гэдгийг аль алийг дэмжиж байгаа. Төрийн алба цонхтой, шилдэг залуу менежерүүд урилгаар ажиллаж болдог байгаасай гэж бодож байна. Энэ агуулгаар хуулийн төсөл боловсруулж дуусна. Би өөрөө бодлого гаргаж, олон олон залуусыг урьж ажиллуулж байгаа. Шүүмжилж байгаа. Гэхдээ би итгэж байна. Шаардлагатай мэргэжилтнүүдийг урьж, төрд чадвартай хүмүүс байж ажиллах ёстой. Давуулан ашиглаж, зөвхөн өөрийнхөө танил талыг оруулдаг байдал руу оруулж болохгүй. Энэ эрхзүйн орчныг тодорхой болгоно.
Л.Оюун-Эрдэнэ: Нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шат шатандаа хариуцлага тооцдог механизм руу явах ёстой. Өмнөх Засгийн газрын асуудал шууд Шадар сайдын асуудал байсан гэж боддоггүй. Өргөө амаржих газар, тухайн салбарын менежерийн асуудал. Хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ наанатай цаанатай хандаж явах ёстой гэсэн хувийн байр суурьтай. Цэргийн амь нас эрсдэж байгаа нь маш хүнд зүйл мөн. Гэхдээ нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрт Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байхгүй. Ийм тогтолцоо руу орж, Засгийн газар хөнгөхөн, сайд нар нь хөнгөхөн, үлээхэд хийсээд уначих байдалд хэт автаж болохгүй” гэв.
Хүүхдийн мөнгө, цахилгаан дулааны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал сунгахаар урьдчилан төлөвлөжээ

Долдугаар сарын нэгнээс аж ахуй нэгжүүдийн татвар, ус дулаан, тогны мөнгөө төлж эхэлнэ. Хүүхдийн мөнгө хасагдана. Тэгвэл энэ хэцүү цагт эдгээр шийдвэрээ үргэлжлүүлж болох эсэхийг сэтгүүлч асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа “Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол он дуустал сунгана гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Төсөвт асар их эрсдэл учруулж болзошгүй. Вакцинжуулалт хурдан хийгээд, эдийн засаг эргэж сэргээд, үзүүлэлтүүд сайжирвал энэ халамжуудаас татгалзана. Гэхдээ шууд татгалзахгүй. Үе шаттай хийнэ” гэв.
Монгол Улс 17 удаагийн нислэгээр 3.5 сая тун вакцин татаж авчээ

Вакцинжуулалттай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр хүртэл 17 удаагийн татан авалтаар 3.5 сая тун вакцин татаж авсан байна. Хүн амын 77.2 хувийг нэгдүгээр тун, 30.2 хувийг хоёрдугаар тунд хамруулсан байдалтай байна. Нийслэлийн 94.1 хувь нэгдүгээр тун, 50.1 хувь хоёрдугаар тунд хамрагдсан байна” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Дотооддоо 10 сар цар тахал алдаагүй нь вакцинтай золгох цаг хугацаа хожсон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Би томилогдсоныхоо дараа хэвлэлийнхэнтэйгээ нээлттэй ярилцана, аливаа асуудлыг илүү ойлгох, материалуудыг өгч, шийдлүүдийг хамтран ярилцана гэж амлаж байсан. Тиймээс 100 хоногт хүрсэн үр дүн, алдаа онооны талаар ярилцах нь зүйтэй гэж үзсэн.
Засгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Дэлхийн хүн төрөлхтөн өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа шаардсан. Монгол Улс дотооддоо 10 сар цар тахал алдаагүй барьж чадсан нь вакцинтай золгох цаг хугацаа хожсон.
Цар тахал эдийн засагтай урвуу хамааралтай. Хөдөлгөөн хорих тусам эдийн засаг агшиж, цар тахал хумигддаг. Энэ хоёрын заагаар яаж явах вэ гэдэг дэлхий дахинд асуудал байсан.
Зах зээлд бэлэн мөнгөний хомсдол үүсч, 67 мянган ажлын байр байхгүй болсон цаг үед шинэ Засгийн газар нүүр тулсан. Энэ цаг үед өөрийн стратегитай явахгүй бол болохгүй байсан. Гадна талбай дээр жагсаал болж байсан. Тухайн үед бас өлсгөлөн зарласан байсан. Хөл хориог нийгмийн сэтгэлүй хүлээж авахгүй болсон нөхцөл байдал хүлээж авч байлаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгүүлчид ээ в�##�ютийн ханш энэ хэвээр өсөөд байх уу асуугаач
MANAN hongiliig nuraaya geed baisan poopchin gar odoo MAN mafiin daranguilagchdiin gar hul bolchihson tanigdahiin argagui 2 nuurten zalihai hujaa bjee gej.