Д.Номинчимэг: Анандыг эрүүл саруул болоод эх орондоо ирэхээр нь“Хүннү мото” клубийн залуус маань тосож авна

Хорт хавдартай тэмцэж буй найман настай Анандад монголчууд халуун сэтгэлээр туслаж, хандивын гараа сунгасаар буй. Тэдний нэг бол Даваацэрэнгийн Номинчимэг. Өдгөө БНСУ-д суралцаж буй тэрбээр Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулан Мотоциклоо хандивласан билээ. Бид түүнтэй холбогдлоо.
Тэрбээр “Сая зарсан мотоциклыг би 2020 онд 6 сая 350 мянгаар авч байсан. Харин Ананд хүүгийн тухай мэдээллийг цахим хуудаснаас олж хараад мотоциклоо зарж, эмчилгээнийх нь зардалд нэмэр болохыг хүссэн. Тэгээд шууд зар оруулсан. Тухайн зарыг олж хараад гэр бүлийнхэн болон “Хүннү мото” клубийн залуус маань маш их дэмжсэн. Улмаар сугалаа явуулж, хоёр өдрийн дотор 20 сая төгрөг цуглуулж чадсан. Сугалааны тохирол тавдугаар сарын 8-нд болж, азтан мотоциклоо авсан юм билээ. Харин цугларсан 20 сая төгрөгийг өчигдөр “Хүннү мото” клубийн залуус маань Ананд хүүгийн ар гэрийнхэнд өгсөн. Сайхан сэтгэлт монголчууд болон клубийнхээ хамт олноор маш их бахархаж байна. Та бүхэндээ баярлалаа. Та бүхний халуун сэтгэлийн дэмээр Ананд дүү маань удахгүй эрүүл саруул болно гэдэг итгэж байна. Эмчилгээндээ ороод эх орондоо ирэхээр нь манай клубийн залуус онгоцны буудал дээр тосож авна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.